Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 145

 

Т.Д-гийн нэхэмжлэлтэй,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Г.Банзрагч

                                                  Д.Мөнхтуяа

                                                 Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                        Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:           Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Y-2205040301 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг (С.Батбаатар)-ын нэр дээр бүртгэснийг хүчингүй болгуулж, ХХБны зээлийн барьцаанд тавьсан барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0779 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0061 дүгээр магадлал,

Хэргийн оролцогчид,

Нэхэмжлэгч Т.Д-, түүний өмгөөлөгч П.Цэрэн-Очир,

Гуравдагч этгээд “ХХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир,  

Нэхэмжлэгч Т.Д- хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25ы өдрийн 128/ШШ2017/0779 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг тус тус баримтлан “Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Y-2205040301 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг С.Батбаатарын нэр дээр бүртгэсэн бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулах, ХХБны зээлийн барьцаанд тавьсан барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий Т.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0061 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0779 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Т.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 779 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 61 дүгээр магадлалаар Д.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

4. Захиргааны хэрэг хянан шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас үзвэл эрхээс гадна ашиг сонирхлоо хамгаалуулахаар, мөн зөрчигдсөн хойно нь биш харин түүнийг зөрчигдөхөөс өмнө урьдчилан хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болох эрхийг хуульчилсан байна. Нэхэмжлэгч Т.Д нь дээрх заалтын дагуу “Икслэнд констракшн” ХХК-иас эд хөрөнгө, мөнгө гаргуулан авах эрхтэй, түүнийг шүүхээс нэхэмжлэл хангагдсан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй болж болзошгүй, энэ тохиолдолд төлбөр гаргуулах хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй гэж үзэн захиргааны журмаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх хэт нэг талыг барьж нэхэмжлэлийг эрх зөрчигдөөгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулиар хууль ёсны ашиг сонирхол түүнийг зөрчигдөхөөс өмнө хамгаалахаар зохицуулсан хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

5. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д "Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа, энэ хуульд бүртгэхээр заасан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж заасан хуулийн зохицуулалтаас үзвэл өмчлөх эрх олгож байгаа бус гагцхүү түүнийг эрхээ хуульд заасан арга хэрэгслээр шударгаар олж авсан, түүнийгээ бүртгүүлэхдээ хуульд заасан журмын дагуу мэдүүлэг гаргасан тохиолдолд уг эрхийг баталгаажуулах явдлыг хуулийн зорилт болгосон байна Тэгвэл С.Батбаатарын өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 119 дүгээр байрны 06-н тоот 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай хэсгийг Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар битүүмжилсэн хойно улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэж, 000155158 тоот гэрчилгээг олгосныг болон ХХБны зээлийн барьцааг бүртгэснийг анхан болон давж заалдах шатны шүүх зөвтгөсөн нь бүртгэл хийх үндэслэл байхгүй байсан үйл баримт байсаар байхад түүнийг зохих ёсоор үнэлээгүй гэж үзэх буюу шийдвэр, магадлал хууль ёсны, үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

6. Анхан шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэгчийн эрх хэзээ үүссэн, тус хөрөнгөнд хамаарах эрх зүйн үр дагавар бий болгосон эрх бүхий байгууллагын шийдвэр захирамж болон үйл явдлууд хэзээ болсон цаг хугацааны дэс дараалал, хамаарлыг огт анхаарахгүйгээр зөвхөн бүртгүүлэх болон барьцаалбарыг бүртгүүлэх үед Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3891 тоот захирамж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргэгдээгүй, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлээгүй байсан тул хууль зөрчөөгүй байна гэсэн нь хууль зөрчсөн байна.

7. Шүүхийн шийдвэр гарах үед хэрэгт авагдсан нотлох баримтаар уг үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэхээс өмнө битүүмжилсэн захирамж гарсан байгаа нь нотлогдож байхад бүртгэлийг үнэн зөв гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Улсын комиссын 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 154/2011 тоот “Барилга байгууламжийг Ашиглалтад хүлээн авах акт" гарснаас хойш “Иксланд Констракшн" ХХК-ийн дэд захирал гэх С.Баттулга, иргэн С.Батбаатар нарын хооронд байгуулсан “Үйлчилгээний байр бариулах гэрээ” нь дээрх Улсын комиссын актаас хожим буюу 2 сар гарны дараа хийгдсэн байна. Хэрэв “Үйлчилгээний байр бариулах гэрээ”-г Барилгын ажил гүйцэтгэх гэрээ гэж үзвэл барилга байгууламжийг ашиглалтад авахаас өмнө талууд байгуулсан байх нь зүйд нийцнэ. Эсвэл барилга байгууламжийг ашиглалтад авсны дараа гэрээ байгуулсан гэж үзвэл энэхүү гэрээ нь “Үйлчилгээний байр бариулах гэрээ” биш харин “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байх ёстой. Нэгэнт бүртгэлийн үндэслэл болсон баримтууд нь зөрүүтэй, хуурамч баримт байх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.1.2-д зааснаар “бүртгэл үнэн зөв байх” шаардлагыг хангахгүй болох нь илэрхий байна.

8. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн, улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”, 5 дугаар зүйлийн 5.1-д "Эрхийн улсын бүртгэл дараах зарчимд үндэслэгдэнэ”, 5.1.2-т "бүртгэл үнэн зөв байх”, 9 дүгээр зүйлийн 9.1-т "Энэ хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан тэмдэгтийн хураамж төлнө”, 9.3-т "Энэ хуулийн 9.1, 9.2-т заасан тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсийг давхардуулан авч болохгүй” гэж заасан. Тэгвэл улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг “Икслэнд констракшн” ХХК-иас бусдад шилжүүлэхийг шүүгчийн захирамжаар хориглосныг С.Батбаатар нь мэдэж байсан. Гэвч үүргээ зөрчин үндэслэлгүйгээр бүртгэл хийлгэхдээ төрөөс үйлчилгээ авсны төлөө төлөх улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад, зөрчилтэй баримтуудыг хүлээн авахаас татгалзах ёстой байсан бүртгэлийн албаны үйлдлийг хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь илт хууль бус, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

9. Мөн өмчлөх эрхээ бүртгүүлэхээр хүсэлт гаргасан С.Батбаатар нь үйлчилгээний хураамж буюу улсын тэмдэгтийн хураамжийг өөрөө төлөөгүй, харин хүсэлт гаргахаасаа 14 хоногийн өмнө өөр хүний төлбөрийн баримтыг ашигласан байдаг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 9.3-т “Энэ хуулийн 9.1, 9.2-т заасан тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсийг давхардуулан авч болохгүй” гэж заасныг зөрчсөн.

10. Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн туслах тус шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3891 тоот захирамжийг шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлэх үүргээ биелүүлээгүйгээс Улсын бүртгэлийн алба алдаатай бүртгэл хийх үндэслэл болсон байна. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар тогтоолоор баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний стандарт”-ын Гурвын 3.1.6-д “шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай захирамжийг гаргасан тохиолдолд шүүгчийн туслах түүнийг Шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлж, энэ тухай албан бичгийн хувийг хэрэгт хавсаргана” гэж заажээ. Үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлд бүртгэх болон барьцаалбарыг бүртгэх үед шүүгчийн захирамж гарсныг бүртгэлийн алба мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэх шалтгаанаар эрхийн анхны бүртгэл болон барьцаалбарыг бүртгэснийг хууль ёсны гэж үзэх үндэслэл болохгүй.

11. Иймд, улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг уг хууль бус бүртгэлийн үндсэн дээр бүртгэгдсэн ХХБны барьцаалбарын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Иргэн Т.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

13. Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 119 дүгээр байрны 06 тоот үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр С.Батбаатарыг бүртгэж гэрчилгээ олгосон болон 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан зээлийн гэрээг бүртгэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол ...улсын бүртгэлд бүртгэж...”, 28 дугаар зүйлийн 28.1-д “.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /цаашид “ипотек” гэх/-г бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах ба ...захиргааны байгууллага ...улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасантай нийцсэн, хууль ёсны байна.

14. Т.Д-гийн нэхэмжлэлтэй “Икслэнд констракшн” ХХК-д холбогдох 300.000 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийн баталгаажуулах тухай” 3891 дүгээр захирамж болон уг захирамжид үг, үсэг, тооны алдааг зөвтгөн өөрчлөлт оруулсан 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн нэхэмжлэгч нь дээрх бүртгэлүүдийг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

15. Тодруулбал, “...битүүмжилсэн шүүгчийн захирамж гарсан байхад тухайн хөрөнгийг С.Батбаатарын нэр дээр бүртгэсэн, банкнаас зээл авахад барьцаалсан зэргээр хууль зөрчсөн...” гэж нэхэмжлэгч иргэн Т.Д- захиргааны байгууллагыг буруутгасан байна.

16. Дээр дурдсан шүүгчийн захирамжаар “Икслэнд констракшн” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилж, дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоохоор шийдвэрлэжээ.

17. Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 03 дугаар сарын 13-ны 2/2811, 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2/8383 дугаар албан бичгүүдээр Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 1638 дугаар захирамжийг үндэслэн “Икслэнд констракшн” ХХК-ийн нэр дээрх эд хөрөнгө болон хувьчлагдсан газар бүртгэлтэй эсэхийг тодруулж, бүртгэгдсэн тохиолдолд нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр түдгэлзүүлэн хариу ирүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт мэдэгджээ.

18. Үүний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Икслэнд констракшн” ХХК-ийн өмчлөлд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 119 дүгээр байрны 11 авто зогсоол, 117 дугаар хаяг бүхий 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үйлчилгээний орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байгааг, эдгээр хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тухай 2012 оны 03 дугаар сарын 27-ны 6/2644, 2012 оны 08 дугаар сарын 15-ны 5/7141, 2012 оны 10 дугаар сарын 02-ны 5/8473 дугаар албан бичгүүдийг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн байна.

19. Мөн Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас анхан шатны шүүхэд ирүүлсэн 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/11767 дугаар албан бичигт “...119 дүгээр байранд байрлах 11 автомашины зогсоол, компанийн үүсгэн байгуулагч С.Батбаатарын өмчлөлийн 200 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийг тус тус 2012 оны 182/1 дүгээр “эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолоор битүүмжлэн, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн...” тухай дурджээ.

20. Харин хэрэгт авагдсан “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2012 оны өдрийн 182/1 дүгээр тогтоолоос үзвэл “11 ширхэг авто зогсоол”-оос өөр хөрөнгө буюу “маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө” уг тогтоолд заагдаагүй байна.

21. Үүнээс гадна нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлээ болгон тайлбарлаж байгаа иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжид маргаан бүхий бүртгэлүүдэд хамаарах үл хөдлөх эд хөрөнгийг тухайлан нэр зааж бичигдээгүй учир үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хуульд заасан журам зөрчсөн гэж буруутгах боломжгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй юм. 

22. Т.Д-гийн нэхэмжлэлтэй “Икслэнд констракшн” ХХК-д холбогдох иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 1638 дугаар захирамжид үндэслэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчинтэй байгаа тухай Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 3/109 дүгээр албан бичиг хэрэгт авагдсан тул “... бүртгэлийн улмаас надад ирэх ёстой хөрөнгө байхгүй болсон..., ...эрх ашиг зөрчигдсөн..., ...шүүхийн шийдвэрийн биелэлтэд нөлөөлнө...” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

23. Түүнчлэн “... улсын тэмдэгтийн хураамж өөрөө төлөөгүй...” гэх үндэслэлээр бүртгэлийг хүчингүй болгох боломжгүйг давж заалдах шатны шүүхийн магадлалд зөв дүгнэжээ.

24. Дээрх бүгдийг нэгтгэж, “...үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхээс өмнө битүүмжилсэн захирамж гарсан байгаа нь нотлогдож байхад шүүх бүртгэлийг үнэн зөв гэж байгааг зөвшөөрөхгүй...” гэх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

25. Шүүхүүд хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, маргааны үйл баримтыг зөв үнэлж дүгнэсэн, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0779 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2018/0061 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/Ш32017/1393 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг  дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                     Л.АТАРЦЭЦЭГ