Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 1831

 

МАГАДЛАЛ

 

2019.10.25                                                Дугаар 1831                             

Х.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01475 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Б-д холбогдох,

Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын төлбөрт 2 158 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Х.Б

Хариуцагч: Э.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цэргийн төв эмнэлэгийн урд замд өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн **-** УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад иргэн Э.Б замын хөдөлгөөний дүрэм зөрчиж миний эд хөрөнгө болон зорчиж явсан Н.Н-ийн биед хохирол учруулсан. Түүний буруутай үйлдэл нь хэргийн газрын үзлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Э.Б нь надад болон Н.Н-д учруулсан хохирлоо сайн дураараа барагдуулаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл холбоо барихгүй байна. Миний бие авто машины мэргэжлийн үнэлгээчнээр хохирлын үнэлгээ гаргуулсан бөгөөд хохирлын үнэлгээ нийт 1 799 000 төгрөг гарсан. Мөн эмнэлэгт үзүүлж толгойн зураг авахуулахад 120 000 төгрөг, үнэлгээний 75 000 төгрөг, тээврийн хэрэгслийн оношилгооны 88 000 төгрөг, журмын хашааны 76 000 төгрөг, нийт 2 158 000 төгрөгийн хохирол учирсан. Иймд надад учирсан нийт хохирол болох 2 158 000 төгрөгийг хариуцагч Э.Б-с гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Х.Б нь өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн 69-58 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр авто замын 1 дүгээр эгнээгээр маш хурдтай орж ирэн хурдаа сааруулах ямар ч арга хэмжээ авалгүй 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.10 дахь хэсэгт заасныг зөрчиж миний тээврийн хэрэгслийн баруун талаас мөргөж ноцтой хохирол учруулсан. Цэргийн госпиталийн хойд талын уг зам 3 эгнээ бөгөөд 2 дугаар эгнээнд явж байсан приус-20, 3 дугаар эгнээнд явж байсан приус 11 маркийн тээврийн хэрэгслүүд хурдаа сааруулж зам тавьж өгсөн (миний тээврийн хэрэгсэл Т1-С-200 маркийнх бөгөөд 2, 3 дугаар эгнээний машинуудын дээгүүр Х.Б маш тод харагдаж байсан) тул би 2, 3 дугаар эгнээг нэвтэрч 1 дүгээр эгнээний дундаас цааш гарсан байсан. Энэ талаар мэдүүлэг дээр тодорхой мэдүүлсэн. Би өөрийн тээврийн хэрэгслийн хохирлын хэмжээг мэргэжлийн үнэлгээний байгууллагаар хийлгэхэд 2 900 400 төгрөг гэж гарсан бөгөөд “ЭБСӨҮ” ХХК-ийн дэргэдэх вьетнам засварын газраар засвар хийлгэхэд бодит зардал 1 100 000 төгрөг болсон. Мөн тухайн өдөр шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд Х.Б шинжилгээ өгч гэмтлийн зэргээ тогтоолгоход хөнгөн гэсэн дүгнэлт гарсан. Би өөрийн тээврийн хэрэгслийн оношилгоо 88 000 төгрөг, үнэлгээ 78 000 төгрөг, журмын хашааны төлбөр 25 000 төгрөг, нийт 191 000 төгрөгийг холбогдох газруудад төлсөн. Иймд миний гаргасан тайлбарыг хүлээн авч нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож үнэн зөв шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Э.Б-с 2 082 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б-д олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 76 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-с 48 262 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.10 дахь хэсгийг зөрчиж миний тээврийн хэрэгслийн баруун талаас мөргөж ноцтой хохирол учруулсан. Гэтэл Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн яг ижил хүчин чадал бүхий заалт байсаар байтал зөвхөн нэг талыг барьж 15 дугаар зүйлийн 15.10 дахь хэсгээр намайг буруутгасан. Хэрвээ Х.Б дүрмийн заалт зөрчиж нэгдүгээр эгнээгээр яваагүй байсан бол энэ осол гарахгүй байсан. Мөн өөрийн тээврийн хэрэгслийн хохирлын хэмжээг мэргэжлийн үнэлгээний байгууллагаар хийлгэхэд 2 900 400 төгрөг гэж гарсан боловч “ЭБСӨҮ” ХХК-ийн дэргэдэх вьетнам засварын газраар засвар хийлгэхэд бодит зардал 1 100 000 төгрөг болсон. Гэтэл анхан шатны шүүх энэ нотлох баримтыг харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Э.Б-д холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын төлбөрт 2 158 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч, уг зам тээврийн ослын үеэр нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 6958 УНА улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийг, хариуцагч өөрийн өмчлөлийн 5858 УБҮ улсын дугаартай, тоёота ланд-200 маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байсан үйл баримт тогтоогдсон байна.

Түүнчлэн, тээврийн прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 529 дүгээр прокурорын тогтоолоор тоёота ланд-200 маркийн 5858 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.10-т заасныг зөрчсөний улмаас дээрх осол гарсан, мөн гэм бутуутай болох нь тогтоогдсон байна. Хариуцагч нь Монгол Улсын замын хөдөлгөөний холбогдох заалтыг зөрчсөн үйлдэлээ эс зөвшөөрсөн тохиолдолд дээрх тогтоолыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор Тээврийн хэрэгслийн прокурорын газарт гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Тухайн тээврийн хэрэгслийг унаж явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай этгээд болох жолоочийн хүлээх хариуцлагын хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хорыг хариуцагч нь хариуцан арилгах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийг унаж явсан жолооч өөрийн хууль зөрчсөн шууд буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол түүнийгээ нөхөн төлөх үүрэгтэй.

Тодруулбал, нотлох баримт болох “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгийн өмчлөлийн автомашиныг засварлахад шаардагдах зардлын хэмжээг            1 799 000 төгрөгөөр тогтоосон бөгөөд хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Хэдийгээр хариуцагч нь “замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн яг ижил хүчин чадал бүхий заалт байсаар байтал зөвхөн нэг талыг барьж 15 дугаар зүйлийн 15.10 дахь хэсгээр намайг буруутгасан” гэж давж заалдах гомдол гаргасан бөгөөд уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэгдсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01475 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 262 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

                ШҮҮГЧИД                                          А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                           М.НАРАНЦЭЦЭГ