Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2019/01649

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаяг оршин суух, /регистрийн дугаар / овогт Г.Эгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, хороо, давхарт байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /,  П ХХК-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт 3,868,633 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Я, хариуцагчийн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Э шүүхэд болон төлөөлөгч С.Я шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ; 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкны тавьсан хүсэлтийн дагуу 8 хувийн орон сууцны зээл дээрээ зээлдэгчийн эрсдэлийн даатгалын 40514002391 тоот гэрээг П ХХК дээр хийлгүүлж, даатгалын хураамж  төлсөн. Даатгалын гэрээний дагуу хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсан нөхцөлд даатгалын тохиолдолд тооцож, даатгалын нөхөн төлбөрийг олгохоор заасан байсан. Дархан-Уул аймаг дахь нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0181708 дугаартай актаар Г.Эг өвчний жагсаалтын 1-3-2-2 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 12 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн. Үүнээс өмнө хэзээ групп тогтоолгосон болохыг мэдэхгүй байна. Ийнхүү даатгалын тохиолдол бүрдсэн. П ХХК-д даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Санхүүгийн зохицуулах хороонд зохих гомдлыг гаргасан бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 9/1951 тоот Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичгээр даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байдаг. Г.Эгийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тогтоож өгсөн тул Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан зээлийн үлдэгдэл 9,153,102 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт тооцон, алданги 1,556,027 төгрөг нийт 10,709,129 төгрөгийг хариуцагч П ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч П ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Г.Э нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкаар дамжуулан орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан. Энэ гэрээг даатгалын зуучлагч болох Хаан банк нь иргэдтэй байгуулахыг хориглосон нөхцөлтэй буюу бүх төрлийн өвчлөлөөс хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлийг даатгалд хамруулсан гэрээ байгуулжээ. Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 2.2-т “Даатгагч нь зээлдэгчийн амь нас эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдэлийг даатгана” гээд 2.2.1 дэх хэсэгт “ердийн даатгагчийн хувьд гэнэтийн ослын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах” гэж заасан. Өөрөөр хэлбэл зөвхөн гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлийг даатгалд хамруулах ёстой байсан. Иймд дээрх гэрээ нь Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор баталсан, ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Даатгалын үндсэн зорилго бол ирээдүйд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж даатгадаг бөгөөд нэгэнт бий болсон эрсдэлийг даатгах тухай ойлголт байхгүй. Г.Э нь гэрээ байгуулахаас өмнө хөдөлмөрийн чадвараа алдсан болох нь Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 88088 тоот шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар тогтоосноос харагдаж байх ба нөхөн төлбөрийн материал бүрдүүлж ирэх үед нь мэдсэн. Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0181708 дугаар актаар 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ердийн өвчний жагсаалтын 1-3-2-2 хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоож, 12 сарын хугацаагаар сунгасныг даатгалын тохиолдол гэж үзэх боломжгүй. Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-т зааснаар Г.Э нь даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал буюу өөрийн хөдөлмөрийн чадвар алдалтын талаар мэдээлэх үүрэгтэй байх боловч даатгагчид энэ талаар мэдээлэлгүй санаатайгаар нуун дарагдуулсан байна. Даатгуулагч Г.Этай байгуулсан Орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхийг завдсан, шаардлагатай мэдээллийг нуун дарагдуулсан” бол нөхөн төлбөр олгохгүй гэж заасан. Г.Эгийн дээрх үйлдэлтэй холбоотойгоор Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.3-т зааснаар даатгагчид тус гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч П ХХК-нд холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 3,868,633 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад даатгалын нөхөн төлбөрт 5,284,469 төгрөг, алданги 1,556,027 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Хариуцагч П ХХК нь даатгалын гэрээ байгуулахаас өмнө эрсдэл бий болсон талаар мэдээлэх үүргээ биелүүлээгүй, даатгалын зуучлагч болох Хаан банк  журам зөрчиж байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул нөхөн төлбөр олгохгүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Г.Э нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц авах зориулалтаар 34,000,000 төгрөгийн, жилийн 8 хувийн хүүтэй зээл авч, 2016 оны 06 дүгээр сарын 24-ний өдөр дахин санхүүжилтийн гэрээ буюу нэмэлт өөрчлөлт оруулах /Орон сууцны ипотекийн зээлд шилжүүлэх/ гэрээ байгуулсан болох нь Зээлийн болон барьцааны гэрээ, Эргэн төлөлтийн хуваарь, /хх-ийн 95-98 тал/ зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч П ХХК нь “Даатгуулагч Г.Э 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкаар дамжуулан Орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан. Даатгалын зуучлагч болох Хаан банк нь  иргэдтэй байгуулахыг хориглосон нөхцөлтэй буюу бүх төрлийн өвчлөлөөс хөдөлмөрийн чадвар алдах эрсдэлийг даатгалд хамааруулсан гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл зөвхөн гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлийг даатгалд хамруулах байтал журам зөрчсөн” гэж мэтгэлцэж байна.

 

Даатгуулагч Г.Э нь даатгалын зуучлагч Хаан банкаар дамжуулан П ХХК-тай  Орон сууц зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээг 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай байгуулж, даатгалын хураамжид 12,801.36 төгрөгийг төлсөн байх тул хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Даатгуулагч Г.Э нь даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.1.1.Зээлдэгч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн хувьд гэнэтийн ослын улмаас амь насаа алдсан, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан үед даатгалын хохирлын хэмжээ үндсэн зээлийн үлдэгдэл дүн байна. Мөн гэрээний 12.1.3.Даатгалын тохиолдол болж даатгагч нь нөхөн төлбөрийн материал хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0,1 алданги тооцно гэж тохирсон тул Зээлийн гэрээний Эргэн төлөлтийн хуваарьт заасан зээлийн үлдэгдэл төлбөрийг даатгалын нөхөн төлбөрт тооцон, алдангийн хамт шаардах эрхтэй байна.

 

Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу даатгуулагч Г.Э нь Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан байх ба Санхүүгийн зохицуулах хороо 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 9/1951 тоот албан бичгээр “...Даатгалын зуучлагч Хаан банк ХХК-иар дамжуулан танай компанитай Орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан нь эрх зүйн хувьд бүрэн баталгаажсан байна. Даатгагч болон даатгалын зуучлагч хоорондын хамтын ажиллагаа холбогдох гэрээний дагуу зохицуулагдах бөгөөд энэхүү гэрээг зөрчсөн, эсхүл гэрээний гүйцэтгэлийг шалгаж нягтлах үүргээ хэрэгжүүлээгүй мэргэжлийн байгууллагын албан тушаалтны буруутай буюу хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж даатгуулагчийн эрх ашиг зөрчигдөх учиргүй. Даатгалын гэрээ байгуулахаас өмнө эрсдэл бий болсон тухайд даатгуулагч нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1 дэх хэсэгт заасныг биелүүлээгүйгээс уг даатгалын гэрээг цуцалж болох нөхцөл байдал үүсэж болно”...Дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д заасны дагуу гэрээний маргааныг иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой” гэж /хх-ийн 7-8 тал/ шийдвэрлэжээ

 

Гэвч даатгуулагч Г.Э нь хөдөлмөрийн чадвараа алдаж, групп тогтоолгон эмчлүүлж байсан болох нь түүний “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт”-нд бичигдсэн тэмдэглэлээр, Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 02  дугаар сарын 08-ны өдрийн “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0088088 дугаартай актаар үндсэн онош /Анхдагч даралт ихсэх/ өвчин, Хавсарсан онош ердийн өвчин, Г.Эг өвчний жагсаалтын 1-3-2-1 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 12 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн /хх-111 тал/ байна.

 

Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1.Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй” гэж заасныг даатгуулагч Г.Э биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

Мөн Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 03  дугаар сарын 14-ний өдрийн “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0181708 дугаартай актаар үндсэн онош /Анхдагч даралт ихсэх/ өвчин, Хавсарсан онош ердийн өвчин, Г.Эг өвчний жагсаалтын 1-3-2-2 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 12 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн /хх-ийн 20 тал/ байх ба хариуцагч П ХХК-ийн төлөөлөгч Б.Амарбаясгалангийн гаргасан “Даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.шаардлагатай мэдээллийг нуун дарагдуулсан” гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч П ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 9,153,102 төгрөг, алданги 1,556,027 төгрөг нийт 10,709,129 төгрөг гаргуулах нэхэмжлэгч  Г.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул  хариуцагч П ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 9,153,102 төгрөг, алданги 1,556,027 төгрөг нийт 10,709,129 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Г.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,300 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.НАРАНГЭРЭЛ