Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 0019

 

 

 

 

 

 

 

 

Л.Шд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                  Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч                                    Л.Ш

Нарийн бичгийн дарга           Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадасын даргалсан шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Ш болон хохирогч Э.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Л.Шд холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Л-н Ш,

 

Л.Ш нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр        аймгийн       сумын     багийн         тоот гэртээ эхнэр Э.Бгийн нүүр, толгойн тус газарт цохих, өшиглөх, үсдэх, маажих, хутгаар гарын шуунд нь хатгах зэргээр биед нь өвдөлт, зовиур үүсгэн, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас Л.Ш-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

 

Шүүгдэгч Б овгийн Л-н Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ш-г 6 сарын хугацаагаар      аймгийн     сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Шд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Ш давж заалдах гомдолдоо:

... Миний бие 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан. Миний бие нь “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт спорт цогцолборын туялзуур сэлэмний дасгалжуулагч ажилтай, 2022 онд гадаад, дотоод тэмцээний хуваарь батлагдчихсан, бэлтгэл сургуулилт эхэлсэн. Миний энэ байдлаас болж олон тамирчдын эрх ашиг хөндөгдөж, хохирч магадгүй болчихоод байгаа учраас шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг торгуулийн дээд хэмжээгээр торгох ялаар сольж өгнө үү” гэжээ.

 

Хохирогч Э.Б давж заалдах гомдолдоо:

...Миний нөхөр Л.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдсэн. Бид хоёр эвлэрч хамт амьдарч байгаа. Надад Л.Шас дахин нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй тул зорчих эрх хязгаарлах ялыг торгуулийн доод хэмжээгээр сольж, торгох ялаар сольж өгнө үү... “ гэжээ.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.Ш тайлбартаа: ... Зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү ... гэв.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Шд холбогдох хэргийг шүүгдэгч болон хохирогчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүх хуралдаанаар хэлэлцээд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч  Л.Ш нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр     аймгийн     сумын        багийн     тоот гэртээ эхнэр Э.Бгийн нүүр, толгойн тус газарт цохих, өшиглөх, үсдэх, маажих, хутгаар гарын шуунд нь хатгах зэргээр биед нь өвдөлт, зовиур үүсгэн, онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн  хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч Л.Ш-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид шүүх ял оногдуулахдаа хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулдаг.

 

Анхан шатны шүүх дээрх зарчмуудыг үндэслэн шүүгдэгч Л.Ш-н үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан ялуудаас зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд заасан Шударга ёсны  зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Л.Ш болон хохирогч Э.Б нарын  ... зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болон өөрчилж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа ялтан хүндэтгэн үзэх шалтгаанаар өөр орон нутагт зорчих шаардлага бий болсон тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.1.7-д заасны дагуу ялын биелэлтэд хяналт тавьж буй байгууллага, албан тушаалтанд хүсэлт гаргаж эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр өөрийн зорчих эрхэд тогтоосон хориглолт, хязгаарлалтыг тодорхой хугацаагаар түр өөрчлүүлэх боломжтой юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч, хохирогч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ш болон хохирогч Э.Б нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.УРАНЧИМЭГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА