Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 291

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

          улсын яллагч П.Бямбасүрэн,                                                                     

          шүүгдэгч Б.Мөнхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Буян овогт Баярмагнайгийн Мөнхтүвшинг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 170900560003 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Хэнтий аймагт 1998 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр  төрсөн, 19 настай, эрэгтэй,  халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мандах бүртгэл дээд сургуулийн банкны эдийн засгийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл-3, эцэг, эхийн  хамт Дорнод аймаг Хэрлэн сум 9-р баг 14-9 тоотод оршин суух бүртгэлтэй Улаанбаатар хотод Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо 2 дугаар байрны 50 тоотод түр оршин суух хаягтай,  ял шийтгэлгүй, Буян овогт Баярмагнайгийн Мөнхтүвшин /регистрийн дугаар СУ 98040216/,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Мөнхтүвшин нь 2017 оны 06 дугаар сарын 29-ноос 06 дугаар сарын 30-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 19 дүгээр байрны гадна иргэн С.Одончимэгийн “ай поне 7 плас” загварын хар өнгийн гар утсыг “утсаар чинь ярьчхаад өгье” гээд хүч хэрэглэхгүйгээр илээр хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

         

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхтүвшин мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

 

          Хохирогч С.Одончимэг мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…2017 оны 06 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны гадаа гэрийнхээ хажууд сууж байхад нэг залуу миний хажууд ирээд гар утсаар чинь ганц яриад өгье гээд би тэг тэг гээд утсаа өгөөд яриулсан, удалгүй дахиад нэг яриад өгье гээд бас авч яриад дахин нэг яриад өгье гээд гараас шүүрээд аваад гүйгээд яваад өгсөн, гар утсаа Америкийн Нэгдсэн Улсаас 2017 оны 04 дүгээр сард худалдаж авсан, өөрийн гар утасны мөнгөө гаргуулан авсан, одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/,

         

          Гэрч Б.Тамирын “...Б.Мөнхтүвшин гарахдаа хялбар аргаар мөнгө олмоор байна гэж хэлээд гадуур гарсан, гараад цаг гаран болж байгаад Скайтелийн дугаараас залгаад ойлгомжгүй юм яриад байсан тэгээд намайг мөнгө аваад гараад ир би нэг эгчтэй хамт байна гэж хэлчхээд тасалчхаад дахиад удалгүй залгаад ахын дүү чи яачих ваа гэж хэлээд тасалсан, би гадаа байгаа юм болов уу гэж бодоод гараад хартал байхгүй байсан, тэгээд удалгүй амьсгаадсан байдалтай орж ирээд хамт гадагшаа гаръя би утас булаацсан гэж хэлсэн, тэгээд гадагшаа гараад Улаанбаатар их дэлгүүрийн хойно байх ПИС молл гэдэг интернэт тоглоомын газар очиж хоноод маргааш өглөө 10 цагийн үед Сансарын түнель дээр байх гар утас засварын газрын хүнд 350.000 төгрөгөөр гар утсыг зарсан…” гэсэн мэдүүлэг /хх 20-21/,  

 

   Гэрч Ө.Ганжаргалын “...2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сансарын тунель дээр байх ажил дээрээ байтал 13 цагийн орчим гаднаас 2 залуу орж ирээд “ай поне гар утасны код тайлах уу” гэж асуусан, би “ай поне утасны ID код тайлах боломжгүй” гэхэд “ахаа сэлбэгт авдаг уу” гэхээр нь “би сэлбэгт авч болно” гээд “350.000 төгрөгт авна гэхэд за за өг чий” гээд надад зарсан. Би мөнгөө өгөхөөсөө өмнө “хаанаас авсан утас юм” гэхэд “2 хоног ахынхаа машинд халтуур хийсэн юм. Тэгээд нэг хүн мартаад үлдээсэн гар утас” гэсэн тэгээд би гар утсыг аваад өөр дээрээ 2 хоног хадгалж байгаад байрны түрээс нэхэгдээд байхаар нь Тэди төв дээр улаан малгайтай ах зогсож байхаар нь “та утас авах уу” гэхэд ямар утас юм гээд үзүүлтэл “380.000 төгрөгөөр авъя” гэхээр нь би “байрны түрээс өгөх ёстой юм. Та 400.000 төгрөгөөр аваач” гэхэд за гээд авсан. Би мөнгөө аваад гараад явсан, гар утас засдаг ажил хийдэг болохоор сэлбэгт л ашиглах санаатай авсан, хулгайн утас гэж мэдээгүй, тэр хоёр хүүхэд хулгай хийхээр хүүхдүүд шиг харагдаагүй, би сайн лавлаж асуусан, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх 27-28, 30-31/,  

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-13/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-47/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-54-75/, хохирлын баримт /хх-35-38/, эд зүйлийн үнэлгээ /хх-83/, хохирол төлсөн баримт /хх-84/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-86, 88/ зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнхтүвшинг 2017 оны 06 дугаар сарын 29-ноос 06 дугаар сарын 30-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 19 дүгээр байрны гадна иргэн С.Одончимэгийн “ай поне 7 плас” загварын хар өнгийн гар утсыг “утсаар чинь ярьчхаад өгье” гээд хүч хэрэглэхгүйгээр булаасны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч Б.Мөнхтүвшинд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Мөнхтүвшинг бусдын эд эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Мөнхтүвшинг дээрх гэмт хэргийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 2.200.000 төгрөгийн хохирол учирсан, үүнийг шүүгдэгч нь хохирогчид нөхөн төлсөн байх ба хохирогч нь “санал гомдол байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Мөнхтүвшингийн дээрх үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

Шүүх шүүгдэгч Б.Мөнхтүвшинд торгох ял шийтгэл оногдуулахдаа түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Мөнхтүвшин нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Буян овогт Баярмагнайгийн Мөнхтүвшинг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 гэмт хэр‎‎гийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхтүвшинг 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхтүвшин нь 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор төлөхийг тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Мөнхтүвшин нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг болохыг тайлбарласугай.

 

5.Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Мөнхтүвшин нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурьдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мөнхтүвшинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                       

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР