Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 85

 

 

 

 

Н.Сүлдмөнхөд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Х.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлоор ялтан Н.Сүлдмөнхөд холбогдох 2016 2502 1684 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Нямгаравын Сүлдмөнх, 1990 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, геологич мэргэжилтэй, ам бүл 3, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар багийн Зүүн булаг 3 дугаар гудамжны 1 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч, ах, эгчийн хамтаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Шинэ дөл цогцолбор” хорооллын 99б байрны 703 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:УД90100812/;

Н.Сүлдмөнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо “Смайл” баарны гадна иргэн Х.Ганзоригийг ямар нэгэн шалтгаангүйгээр зодож биед нь “тархи доргилт, уруулын язарсан шарх, дух баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Сүлдмөнхөд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Нямгаравын Сүлдмөнхийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Нямгаравын Сүлдмөнхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Н.Сүлдмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Н.Сүлдмөнхөд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хариуцуулж шийдвэрлэжээ.

Хохирогч Х.Ганзориг гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр бусдад зодуулж, дээд, доод уруулаа сэт цохиулж, тархиа хагалуулж мөн дух, хөлөндөө гэмтэл авсан. Эдгээр нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон. Уг гэмт хэргийг үйлдсэн Н.Сүлдмөнх болон өмгөөлөгч нар нь шүүх хуралдаан болохоос өмнө “...2016 оны 12 дугаар сарын 20-ний дотор хохирлыг бүрэн барагдуулна, одоо шүүх хуралдаанд гомдолгүй гээд хэлээд өгчих. Залуу хүнд нэг удаа боломж олгоно уу...” гэхэд нь би энэ хүнд итгээд анхан шатны шүүх хуралдаанд “гомдол саналгүй” гээд хэлсэн юм. Гэтэл энэ залуу хийсэн хэрэгтээ гэмшихгүй, хохирол төлбөрөө барагдуулалгүй утасаа хаагаад алга болсон. Иймд уг хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Н.Сүлдмөнхийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай тогтоогдсон анхан шатны шүүхээс түүний үлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол төлсөн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Хохирогч анхан шатны шүүх хуралдаанд гомдолгүй, хохиролгүй гэсэн хүсэлтийг факсаар илгээсэн гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д зааснаар хэргийн талаар нотолбол зохих асуудлуудаас гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй, мөрдөн байцаалтыг гүйцэд биш хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байх тул дээрх үндэслэлээр шүүгдэгч Н.Сүлдмөнхөд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

Хохирогч Х.Ганзориг шүүгдэгч Н.Сүлдмөнхийн үйлдлийн улмаас хөнгөн зэргийн гэмтлийг авсны дараа тэрээр хэзээ, хаана, хэрхэн эмчлүүлсэн эсэх, эмчилгээнд хэдий хэмжээний зардал гарсныг мөрдөн байцаалтаар баримтжуулан тогтоогоогүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “...хэргийн байдлыг бүх талаас нь, бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй.” гэсэн заалтад нийцээгүй.

Тухайлбал, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Ганзоригоос: “...би дээд доод урууландаа 50.000 төгрөгөөр оёдол тавиулсан, толгойн томографын зураг 150.000 төгрөгөөр, шарх сорвиндоо эмчилгээ хийлгэхэд нийт 500.000 төгрөгийн зардал гарсан...” /хх-64/ хэмээн гэмт хэргийн улмаас гарсан зардал, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр хүсэлт гаргасан байхад түүнд холбогдох эмчилгээний зардлын баримтуудыг гаргуулаагүй, хүсэлтийг огт  шийдвэрлээгүй орхигдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “ … мөрдөн байцаагч, прокурор … нь  тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтыг бүх талаас нь, бодит байдлаар хянаж үзэх үүрэгтэй.”, 105 дугаар зүйлийн 105.1-т “Хүсэлт нь хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор тогтоох, оролцогч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалахад ач холбогдолтой бол түүнийг хангах ба бусад тохиолдолд хэрэгсэхгүй болгоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Х.Ганзоригийн “...хийсэн хэрэгтээ гэмшихгүй, хохирол төлбөрөө барагдуулалгүй утасаа хаагаад алга болсон. Иймд уг хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэж гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь хуулийн үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр, хохирогч Х.Ганзориг анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй ба “Н.Сүлдмөнхөд гомдолгүй болох талаар” 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн эсэх талаар огт дурдаагүй байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “…хохирогч Х.Ганзориг нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд … нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.Сүлдмөнхийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, түүнд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн … гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн … тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж … хянан харгалзахаар тогтоож болно.” гэсэн заалтыг буруу хэрэглэснийг тэмдэглэх нь зүйтэй.