Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1818

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 103/ШШ2019/00327 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Т-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.У-, Н.П-нарт холбогдох

 

зээлийн гэрээний үүргийн биелэлт 22 244 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Т- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Э.У-, Н.П, багш Д.Э-, Б.М-нар надтай ирж уулзаж цалингийн зээл 2 хоногийн дараа авахаар баримт материалаа бүрдүүлж өгсөн, яаралтай хоногийн хүүтэй мөнгө зээлдүүлээч гэсэн. Учир нь Н.П-нь Д.Э-тэй хамт ажилладаг, Д.Э- нь миний сайн танил, хуурай дүү юм. Д.Э- энэ 3 хүнийг дагуулж ирсэн ба эдгээр хүмүүс нь найдвартай, Э.У- болон Б.М-хоёр нь уурхайд хамт ажилладаг бөгөөд цалингийн зээл авах бүх нөхцөл бүрдсэн гэх зэргээр миний итгэлийг төрүүлж ятгаж гуйсан. Ингээд цалингийн зээлийг хааж хоногийн 1,5 хувийн хүүтэйгээр 21 400 000 төгрөгийг Б.Т- би Э.У-, Н.П-нарт өгөхөөр тохирсон ба тухайн үед надад 13 400 000 төгрөг байсан. Тэгээд 8 000 000 төгрөг дутсан тул би өөрийн сайн танилаас уг мөнгийг гуйж 2 хоногийн 1.5 хувийн хүүтэйгээр буцааж төлөхөөр амалж эдгээр 4 хүний дэргэд гуйж дансаар шилжүүлж аваад нийт 21 400 000 төгрөгийг Э.У-ын Хаан банкны дансанд шилжүүлж өгсөн. Гэтэл 2 хоногийн дараа байтугай 10 хоног өнгөрөхөд авсан мөнгөө төлөөгүй ба Д.Э- бид хоёр олон удаа утасдаж, хөөцөлдөж нэхсээр эцэст нь яаралтай хүнээс авсан 8 000 000 төгрөгийг Э.У-аас авсан. Би өөрөөсөө 700 000 төгрөгийг зээлийн хүүнд найздаа өгч түүний мөнгийг дуусгавар болгосон. Ингээд би өөрөөсөө өгсөн 13 400 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр эргэн төлөхөөр 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж харилцан тохиролцсон. Ингэж зээлийн хүүг буулгаж дахин гэрээ байгуулахад Д.Э- мөн л намайг гуйж зуучилсан тул би арга буюу зөвшөөрсөн болно. Үүнээс хойш одоог хүртэл Э.У-, Н.П-нар нь нэг ч төгрөг өгөөгүй ба элдэв шалтаг дурдан хүнээс мөнгө авахаар болсон, хөөцөлдөж байна, удахгүй бөөнд нь өгнө гэх зэрэг амлалт өгсөөр өнөөг хүрлээ. Мөн М- найз маань Иргэний шүүхээр орсон, шүүхийн хариу гарахад танд бөөнд нь өгнө, энэ хугацаанд нэг ч төгрөг гаргаж болохгүй гэх зэрэг шалтгаан дурдаж байсан болно. Иймд зээлийн гэрээний заалтыг биелүүлээгүй тул Э.У-аас дараах 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаагаар хүү тооцон 2 144 000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 100 хоногийн алданги 6 700 000 төгрөг, үндсэн зээл 13 400 000 төгрөг нийт 22 244 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Э.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Т- нь М-т мөнгө зээлүүлэхээр тохиролцож М-той зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Тухайн үед М-ын дансны зарлагыг Хаан банк хаасан байсан тул М-т өгч байгаа мөнгөө нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч Э.У-ын дансанд шилжүүлсэн байдаг. Э.У- нь Б.Т-гаас шилжүүлсэн мөнгийг М-т өгсөн. Нэхэмжлэгч Э.У-ын дансанд мөнгөө хийсэн болохоо ойлгож улмаар Э.У-ыг шахаж шаардан загнаж байж 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг нөхөж байгуулсан. Энэ нь зээлийн гэрээнд бичигдсэн мөнгөн дүн болон дансны хуулгаар нотлогдож байгаа. Мөн энэхүү зээлийн гэрээ гэх баримт нь Э.У-ыг гарын үсэг зурах үед зээлийн дүн, хүү гэх мэт бичвэр буюу өөрөөр хэлбэл гараар бичсэн зүйлүүд нь бичигдээгүй нөхөж бичих зориулалттай гэрээний бланк байсан байна. Гараар нөхөж бичсэн бичвэрүүдийг зээлдүүлэгч Б.Т- нь Э.У-аар гарын үсэг зуруулсны дараа бичсэн байна. Хариуцагч Э.У- нь нэхэмжлэгч Б.Т-гаас шилжүүлсэн мөнгийг өөрөө авч хэрэглээгүй ба зөвхөн өөрийн дансаар дамжуулан авч зээлдэгч этгээдэд шилжүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, 22 244 000 төгрөгийг төлөхгүй гэжээ.

 

Хариуцагч Н.Пагамдуламын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Т- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...22 244 000 төгрөгийг Э.У-, Н.П-нараас гаргуулж өгнө үү гэжээ. Н.П-нь Б.Т-гаас мөнгө зээлээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Э.У-аас үндсэн зээл 13 400 000 төгрөг, зээлийн хүү 2 144 000 төгрөг, алданги 6 700 000 төгрөг нийт 22 244 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгон, хариуцагч Н.П-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Э.У-аас 269 170 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх хариуцагч Э.У-аас зээлийн хүү 2 144 000 төгрөг, алданги 6 700 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан гэх зээлийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бус 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш байгуулсан гэдэг нь хэрэгт байх дансны хуулгаар болон энэ талаар хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэгчийн тайлбар мөн хариуцагчийн тайлбараар нотлогдож байгаа. Гэтэл зээлийн хүү, алдангийг зээлийн гэрээний худал огноогоор буюу 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс тооцож шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн "... зээлийн хүү 2 144 000 төгрөг, алданги 6 700 000 төгрөг" гэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй байна.

Хариуцагч Э.У-, Н.П-нарт холбогдуулан нэхэмжлэгч Б.Т- нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 22 244 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 13, 45 дугаар тал/

 

Хэрэгт нэхэмжлэгч Б.Т-, хариуцагч Э.У- нарын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр огноологдсон зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр 13 400 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Э.У-ын данс руу 21 400 000 төгрөгийг шилжүүлж, үүнээс 8 000 000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн депозит дансны хуулга, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хэргийн 5-7, 21-26 дугаар тал/

 

Иймээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч Э.У- нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “Б.Т-гаас зээлсэн мөнгийг Б.М-т өгсөн” гэж тайлбарлаж байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан Б.М-ын “Э.У- надаас энэ мөнгөө нэхэмжлээд нийт 28 000 000 төгрөг төлөхөөр шүүхийн шийдвэр гаргуулаад, одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгээд миний цалингаас суутгагдаад явж байгаа” гэх мэдүүлэг, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон 103/ШШ2019/00069 дүгээр шүүгчийн захирамж, зохигчдын тайлбараар хариуцагч Э.У- нь Б.М-нарын хооронд тусдаа зээлийн гэрээ байгуулагдаж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрийг барагдуулах ажиллагаа явагдаж байгаа нь тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч Э.У-аас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Мөн анхан шатны шүүхээс зээлийн гэрээний оролцогч буюу зээлдэгч биш учраас хариуцагч Н.Пагамдуламд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

Талууд гэрээгээр зээл төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон тул шүүхээс хариуцагч Э.У-аас алдангид 6 700 000 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

Харин шүүхээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүүг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаагаар тооцож 2 144 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь буруу болжээ. Учир нь дээрх зээлийн гэрээг нөхөж 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бичгээр байгуулсан талаар хариуцагчийн гаргасан тайлбар давж заалдах гомдлыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 сар 19 хоногийн хүү /1 хоногийн хүү 35 733 төгрөг/ нийт 1 750 927 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Э.У-аас нийт 21 850 927 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 103/ШШ2019/00327 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.У-аас 21 850 927 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 393 073 төгрөг, хариуцагч Н.П-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “269 170” гэснийг “267 204.6” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 156 454 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                                 ШҮҮГЧИД                                    Т.ТУЯА

 

                                             С.ЭНХТӨР