Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2019/00327

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .... дугаар хороо, ... дугаар байрны .. тоотод оршин суух, Ц- овогт Б-ын Т-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн .. дүгээр хороо,.. дугаар байрны .. тоотод оршин суух, Ж- овогт Э-ын У-, У- овогт Н-Т-гийн П- нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 22.244.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т-, хариуцагч Э.У-, Н.П- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл  нар оролцов.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Э.У-, Н.П-, багш Д.Э-, Б.М- нар  надтай ирж уулзаж цалингийн зээл 2 хоногийн дараа авахаар баримт материалаа бүрдүүлж өгсөн, яаралтай хоногийн хүүтэй мөнгө зээлдүүлээч гэсэн. Учир нь  Н.П- нь Д.Э-тэй хамт ажилладаг, Д.Э- нь миний сайн танил, хуурай дүү юм. Д.Э- энэ 3 хүнийг дагуулж ирсэн ба эдгээр хүмүүс нь найдвартай, Э.У- болон Б.М- хоёр нь уурхайд хамт ажилладаг бөгөөд цалингийн зээл авах бүх нөхцөл бүрдсэн гэх зэргээр миний итгэлийг төрүүлж ятгаж гуйсан. Ингээд цалингийн зээлийг хааж хоногийн 1,5 хувийн хүүтэйгээр 21.400.000 төгрөгийг Б.Т- би Э.У-, Н.П- нарт өгөхөөр тохирсон ба тухайн үед надад 13.400.000 төгрөг байсан. Тэгээд 8.000.000 төгрөг дутсан тул би өөрийн сайн танилаас уг мөнгийг гуйж 2 хоногийн 1.5 хувийн хүүтэйгээр буцааж төлөхөөр амалж эдгээр 4 хүний дэргэд гуйж дансаар шилжүүлж аваад нийт 21.400.000 төгрөгийг У-ын Хаан банкны дансанд шилжүүлж өгсөн. Гэтэл 2 хоногийн дараа байтугай 10 хоног өнгөрөхөд авсан мөнгөө төлөөгүй ба Д.Э- бид хоёр олон удаа утасдаж, хөөцөлдөж нэхсээр эцэст нь яаралтай хүнээс авсан 8.000.000 төгрөгийг Э.У-аас авсан. Би өөрөөсөө 700.000 төгрөгийг зээлийн хүүнд найздаа өгч түүний мөнгийг дуусгавар болгосон. Ингээд би өөрөөсөө өгсөн 13.400.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр эргэн төлөхөөр 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж харилцан тохиролцсон. Ингэж зээлийн хүүг буулгаж дахин гэрээ байгуулахад Д.Э- мөн л намайг гуйж зуучилсан тул би арга буюу зөвшөөрсөн болно. Үүнээс хойш одоог хүртэл Э.У-, Н.П- нар нь нэг ч төгрөг өгөөгүй ба элдэв шалтаг дурдан хүнээс мөнгө авахаар болсон, хөөцөлдөж байна, удахгүй бөөнд нь өгнө гэх зэрэг амлалт өгсөөр өнөөг хүрлээ. Мөн М- найз маань Иргэний шүүхээр орсон, шүүхийн хариу гарахад танд бөөнд нь өгнө, энэ хугацаанд нэг ч төгрөг гаргаж болохгүй гэх зэрэг шалтгаан дурдаж байсан болно. Иймд зээлийн гэрээний заалтыг биелүүлээгүй тул Э.У-аас дараах 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаагаар хүү тооцон 2.144.000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 100 хоногийн алданги 6.700.000 төгрөг, үндсэн зээл 13.400.000 төгрөг нийт 22.24.4000 төгрөгийг  нэхэмжилж байна гэжээ.   

Нэхэмжлэгч Б.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би болсон бүх зүйлийг нэхэмжлэлдээ тодорхой бичсэн байгаа. Зээл болон 2 сарын хүү зэргийг зээлийн гэрээний дагуу тооцсон бөгөөд алданги нийлээд 22.244.000 төгрөгийг нэхэмжилж байна. 2018.12.15-ны өдөр Э.У-, түүний эхнэр Н.П- нар нь хамт ажилладаг багш Д.Э-, Б.М- нарыг дагуулж над дээр ирсэн. Би Д.Э- багшийг сайн таньдаг, дотно харилцаатай бөгөөд үүнийг мэдэж судлаад ирсэн байсан. Эхлээд би 21.400.000 төгрөгийг Э.У-ын дансанд хийсэн. Тухайн үедээ зээлийн гэрээ хийх гэсэн чинь 68-р зээлийн төв хаах гээд байна, тэнд нэг хүн ажилгүй болох гээд байна гээд сандраад гуйгаад байхаар нь би  хүнээс 8 сая төгрөг аваад өөрт байсан 13.400.000 төгрөгийг нэмээд өөртөө нэг ч төгрөг үлдээхгүй бүгдийг нь Э.У-ын данс руу шилжүүлсэн. Н.П- нь миний таньдаг хүнээр зуучлуулж ирсэн, Э.У-ын дансанд мөнгө шилжүүлсэн учраас энэ хоёр хүн зээлийг хоёулаа хариуцна гэж бодож байна. Би мөнгөө дансанд нь хийсэн хүнтэй гэрээ байгуулна гэж хэлсэн. Би 21.400.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 13 цагийн үед АТМ-ээс болон мобайлаар шилжүүлсэн. Би тэр хүмүүст итгэсэн, өөрсдөө яараад гүйгээд яваад өгсөн учраас гэрээ байгуулаагүй. Зуучилж ирсэн хүн нь найдвартай хүмүүс гэсэн учраас тухайн үедээ би энэ хүмүүст итгэсэн. 2018.12.15-ны өдөр хагас сайн өдөр байсан бөгөөд бид нар нэг дэх өдөр нь буюу 2018.12.17-ны өдөр дахин уулзсан. Банкны  зээл  чинь юу болж байна вэ гэхэд тэр өдрөө арай бүтээгүй гэсэн учир би Э.У-тай гэрээ хийнэ гээд хамт явахад Н.П-, Д.Э- хоёр Голомт банкнаас зээл авна гээд үлдсэн. Э.У- бид хоёр гэрээгээ хийх гээд 7 дугаар байранд очиход Э.У- хүүхдээ аваад ирье гээд цэцэрлэг явсан. Э.У- хүүхдээ аваад буцаж ирсэн. Тэгсэн чинь хүүхэд нь гаръя, оръё гээд тогтохгүй гүйгээд, уйлаад  байхаар нь дараа нь ийм зүйл болно гэж бодсонгүй миний дүү авсан мөнгөө мэдэж байгаа юм чинь хүүхэд чинь уйлаад хэцүү байх шиг байна гээд 21.400.000 төгрөг зээлсэн гэсэн  хоосон бланкан дээр гарын үсэг зуруулаад авч үлдсэн юм. Гэтэл дараа нь өөр хүнтэй гэрээ байгуулах гээд нэг бланк байхаар нь аваад нөхөж бичиж байгаад нөгөө хүнээрээ гарын үсэг зуруулах гэтэл  Э.У-ын гарын үсэгтэй бланк  байсан. Тэр үедээ өө яанаа болохгүй юм хийчлээ гээд өнгөрсөн. Тэр гэрээ одоо байхгүй ээ.  Маргааш нь мөнгө зээлсэн найз маань мөнгөө нэхээд байхаар нь би Э.У- луу утсаар яриад чи надад ямар ч байсан 8 сая төгрөг олж гэсэн чинь надад мөнгө олж өгсөн. Би өөрөөсөө 700.000 төгрөгийн хүүг нь нэмээд нөгөө хүндээ 8.700.000 төгрөг өгсөн. У-ын авсан мөнгөнөөс 8 сая төгрөгийг хасаад миний 13.400.000 төгрөг үлдсэн. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа гэрээний он сар мөн байх 12 дугаар сарын сүүлээр дахин гэрээ хийсэн. Өмнө нь хоосон бланкан дээр гарын үсэг зуруулсан хүн чинь дахиж гэрээ хийхдээ юу гэж хоосон бланк дээр гарын үсэг зуруулах вэ дээ. Дахин гэрээ байгуулахад Э.У- бид хоёр өгсөн 8 сая төгрөгөө хасаад гэрээгээ мөнгө зээлсэн өдрөөсөө буюу 12 дугаар сарын 15-ны өдрөөс хийе гээд ярилцаад гэрээгээ байгуулаад уншиж танилцаад гарын үсэг зурсан. Доор нь 8 сая төгрөгний  хүү 700.000 төгрөгийг Э.У- надад өгөхөөр нэмж бичсэн. Энэ  мөнгө бол зөвхөн 8 сая төгрөгний хүү бөгөөд миний мөнгөний хүү үүнд ороогүй. Би эхлээд зээлсэн 21.500.000 төгрөгийн хүүгээ өдрийн 1.5 хувиар бодож байснаа 10 хувь болгоё гэсэн чинь Д.Э-ийг гуйгаад байхаар нь сарын 8 хувийн хүүтэй байхаар ярилцаж тохиролцсон. Энэ гэрээг би хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхгүй байна. Э.У- өөрөө ч сайн мэдэж байгаа, энэ хүний зээл бүтэхгүй болохоор нь  2 тал ярилцаад л энэ хүүг тогтоосон. Миний  13.400.000 төгрөгийн  хүү ерөөсөө өгөөгүй учир анх мөнгө өгсөн өдөр буюу 2018.08.15-ны өдрөөр гэрээгээ байгуулсан. Гэрээ байгуулсан хугацаандаа би хүүхдүүд рүүгээ гадаад явсан бөгөөд хүүгээ өгөхгүй, зээлсэн ч мөнгөө өгөхгүй байхаар нь утсаар удаа дараа ярьсан. Дараа нь би өөрөө сургууль дээр нь очоод Н.П-, Д.Э- хоёртой уулзаад 4 дүгээр сард мөнгөө төлнө гэсэн сая шүүхэд өгсөн бичиг хийлгүүлж авсан. Би энэ зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй байна. Ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй, хүчээр гэрээ хийсэн зүйл байхгүй. Сүүлийн байгуулсан гэрээг Э.У- мэдэхийн дээдээр мэдэж, уншиж танилцаж, ярилцаж байж гарын үсэг зурсан. Анх хоосон бланк дээр гарын үсэг зурсан гээд байгаа гэрээ нь одоо хэрэгт байгаа гэрээ  биш шүү дээ гэв.

Хариуцагч Э.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Т- нь М-т мөнгө зээлүүлэхээр тохиролцож М-той зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Тухайн үед М-ын дансны зарлагыг Хаан банк хаасан байсан тул М-т өгч байгаа мөнгөө нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч Э.У-ын дансанд шилжүүлсэн байдаг. Э.У- нь Б.Т-гаас шилжүүлсэн мөнгийг М-т өгсөн. Нэхэмжлэгч Э.У-ын  дансанд мөнгөө хийсэн болохоо ойлгож улмаар Э.У-ыг шахаж шаардан загнаж байж 2018.12.15-ны өдрийн зээлийн гэрээг нөхөж байгуулсан. Энэ нь зээлийн гэрээнд бичигдсэн мөнгөн дүн болон дансны хуулгаар нотлогдож байгаа. Мөн энэхүү зээлийн гэрээ гэх баримт нь Э.У-ыг гарын үсэг зурах үед зээлийн дүн, хүү гэх мэт бичвэр буюу өөрөөр хэлбэл гараар бичсэн зүйлүүд нь бичигдээгүй нөхөж бичих зориулалттай гэрээний бланк байсан байна. Гараар нөхөж бичсэн бичвэрүүдийг зээлдүүлэгч Б.Т- нь Э.У-аар гарын үсэг зуруулсны дараа бичсэн байна. Хариуцагч Э.У- нь нэхэмжлэгч Б.Т-гаас шилжүүлсэн мөнгийг өөрөө авч хэрэглээгүй ба зөвхөн өөрийн дансаар дамжуулан авч зээлдэгч этгээдэд шилжүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, 22.24.400 төгрөгийг төлөхгүй гэжээ.

Хариуцагч Н.П-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Т- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...22.244.000 төгрөгийг Э.У-, Н.П- нараас гаргуулж өгнө үү” гэжээ. Н.П- нь  Б.Т-гаас мөнгө зээлээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Би хариуцагч нарыг төлөөлж шүүх хуралд оролцож байгаа бөгөөд хариуцагч Н.П- нь би Б.Т- гэдэг хүнээс мөнгө зээлээгүй учраас, хариуцагч Э.У-ын хувьд хүчин төгөлдөр гэрээ биш гэж үзэж байгаа учраас тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.У-ын дансанд 21.400.000 төгрөг орсон нь үнэн, энэ мөнгийг Б.М-т өгсөн. Энэ талаар гэрч Б.М- мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн. Хариуцагч Э.У- нь энэ мөнгийг Б.М-оос нэхэмжилсэн бөгөөд шүүхийн шийдвэр гарсан ч Э.У- нь мөнгөө авч чадаагүй байгаа юм. Шүүхэд нотлох баримт болгож өгчөөд байгаа  гэрээнд гараар нөхөж бичсэн зүйл нь Э.У-ыг гарын үсэг зурахад бичигдээгүй, хоосон гэрээний бланкад гарын үсэг зурсан гэж хэлдэг.  Шүүхэд өгсөн нэхэмжлэлийн үндэс болсон 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үнийн дүн  13.400.000 төгрөг гэсэн байдаг. Гэтэл гэрч Б.М-ын мэдүүлэг, хариуцагч Э.У-ын тайлбар, болон дансны хуулга, нэхэмжлэгчийн өөрийнх гаргасан тайлбар дээр  13.400.000 төгрөгийг  биш 21.400.000 төгрөгийг 2018.12.15-ны өдөр шилжүүлсэн байгаа нь харагддаг. Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар 8.000.000 төгрөгийг буцааж нэхэмжлэгчид өгсөн,  үлдэгдэл 13.400.000 болсон нь харагдаж байна. Тийм учраас 13.400.000 төгрөгийг өгсөн гэх он сар нь 2018.12.15-ны өдөр биш болох нь дансны хуулгаас харагддаг. Хариуцагч Э.У- нь 2018.12.26-ны өдөр 5 сая төгрөг, дараа нь 2018.12.27-ны өдөр 3 сая төгрөгийг буцааж хийсэн байдаг. Үүнээс харахад 8 сая төгрөгийг өгчөөд үүнээс хойш хэд хоногийн дараа 13.400.000 төгрөгийг нэхэмжлээд байгаа зээлийн гэрээг үйлдсэн байж болохоор харагдаж байна. Тийм учраас тухайн үед хоосон бланкан дээр гарын үсэг зуруулчихсан, бичвэр нээгдсэн гэрээг үндэслээд хүүгээ 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүү  2.144.000 төгрөг, алданги 6.700.000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч Э.У-, Н.П- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 22.244.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

  Хариуцагч Н.П- “би Т- гэдэг хүнээс мөнгө зээлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй”, хариуцагч Э.У- нь “Б.Т- хоосон бланкан дээр гарын үсэг зуруулсан бөгөөд хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус маргаж  байна. 

    Шүүх  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж  үзэв.   

Хариуцагч Э.У-, Н.П- нар нь 2018.12.15-ны өдөр Д.Э-, Б.М- нарын хамт очин Б.Т-гаас 21.400.000 төгрөгийг өдрийн 1,5 хувийн хүүтэй 2 өдрийн хугацаатай зээлж, 2018.12.26-ны өдөр  5 сая төгрөг, 2018.12.27-ны өдөр 3 сая төгрөг нийт 8 сая төгрөгийг хариуцагч Э.У- буцааж төлсөн, улмаар 2018.12.27, 28-ны үед үлдэх 13.400.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор   2018.12.15-ны өдрийн огноотой нөхөж дахин гэрээ байгуулсан болох нь  нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар, Б.Т-гийн депозит  дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Б.М-ын шүүхэд өгсөн “ 2018 оны 12 сарын дундуур У-, түүний эхнэр Н.П-, Н.П-тай цуг ажилладаг  Д.Э- эгч бид дөрөв Б.Т- эгч дээр очсон. Миний нэр дээр зээл авъя гээд ярилцсан. Тэр үед 21.400.000 төгрөгний зээл авсан. Би энэ мөнгийг өөр дээрээ нэг ч төгрөг аваагүй, эхлээд 8 сая төгрөгийг интернет банкаар Э.У-ын данс руу шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг АТМ дээрээс Э.У-ын данс руу шилжүүлсэн. 21.400.000 төгрөг бүгд У-ын данс руу шилжсэн. Би  тухайн үед ажилтай үедээ ажлаа хийгээд ажилгүй үедээ мөнгө хайгаад  явдаг байсан. Тэр үед банкин дээр очоод зээл судална гэж явж байсан боловч миний хувьд зээл бүтэхээргүй байсан. Э.У- намайг  нэг хүнээс зээл авах гээд байна, чи миний зээл нэг дэх өдөр гарна, өөр юм  хэлж болохгүй шүү гэж хэлсэн. Тийм учраас би  Б.Т- эгч дээр ороод юу ч хэлээгүй юм. Э.У- надаас  энэ мөнгөө нэхэмжлээд нийт 28 сая орчим төгрөг төлөхөөр шүүхийн шийдвэр гаргуулаад одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгээд миний цалингаас суутгагдаад явж байгаа” гэх мэдүүлэг, гэрч Д.Э-ийн шүүхэд өгсөн “ Н.П- надтай хамт ажилладаг. Хагас сайн өдөр тантай уулзая , мөнгө хэрэгтэй байна, нэг хүнийг ажилгүй болгох гээд байна гээд 20 орчим сая төгрөг хэрэгтэй байна. Өнөөдөр шалгалт ирэх гээд байна Хадгаламж зээлийн хоршооны Байгалаа гэсэн хүнийг ажилгүй болгох гээд байна гэсэн. Тэгэхээр нь Б.Т- эгч рүү залгаад уулзах хэрэг байна гэсэн. Би Н.П-д итгээд Б.Т- эгч дээр дагуулж ирсэн. Нэг дэх өдөр Голомт банкнаас өөрөө зээл аваад яс төлнө гэж Э.У- ам өчгөө өгсөн. Тэгээд Б.Т- эгч дээр ирээд миний нүдэн дээр Э.У-ын данс руу хэдэн төгрөг хийгээд үлдсэн мөнгийг АТМ рүү очиж хийсэн. Мөн өөрийнх нь мөнгө хүрэхгүй байсан учир хүнээс мөнгө зээлж нийт 21.400.000 төгрөг өгсөн. Гэтэл Э.У-, Н.П- нар зээлээ төлөөгүй. Хамгийн гол нь би Н.П-д итгэсэн, Б.Т- эгч надад итгэж л ийм зүйл болсон. Тэр үед 1 дэх өдөр төлнө гэсэн болохоор аль аль нь гэрээ байгуулах талаар яриагүй. Яаруулаад мөнгөө аваад гарсан. Юу ч хэлсэн зөвшөөрөөд байсан залуучууд. Загнаж байсан зүйл байхгүй. Хамгийн гол нь дараа нь Э.У-тай гэрээ хийх гээд над руу залгасан. Тэгээд Голомт банкинд бид дөрөв уулзсан. Э.У-, Б.Т- эгч хоёр гэрээ хийх гээд явсан. Араас нь Н.П- бид хоёр очиход Б.Т- эгч Э.У-ын хүүхэд нь уйлаад байхаар нь явуулчихлаа гэж хэлж байсан. Очиход Б.Т- эгч уурласан, бухимдсан зүйл ажиглагдаагүй. Э.У- 8 сая төгрөг өгөөд Н.П- хүүгээ бууруулаад өгөөч гээд гуйгаад байхаар нь сарын хүүг 8 хувь болгож бууруулсан. Би 13.400.000 төгрөг дээр гэрээ хийснийг мэдсэн, гэхдээ гарын үсэг зурахад нь дэргэд байгаагүй. Тэр үед Э.У-, Н.П- нартай утсаар ярихад надад гэрээгээ байгуулж байна гэдгээ хэлж байсан. Дараа нь Н.П-аас яагаад намайг ийм байдалд оруулж байгаа юм бэ гэхэд “би мөнгө зээлэх хүн судлахад Байгалаа надад хорин хэдэн сая төгрөг гаргах ганцхан хүн Багануурт байдаг, тэр нь Б-ын Т- гэж гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь  Т-г таньдаг хүн нь намайг гэж судлаад над дээр ирсэн юм юмуу гэхэд  Н.П- тиймээ гэж хэлсэн. Анхнаасаа ийм зорилготой надаар дамжуулж Б.Т- эгчээс зээл авахуулсан байгаа юм” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

/хх-5-7, 21-26 дугаар хуудас/

Хариуцагч Э.У-, Н.П- нар нь шүүхэд “2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.М-, Э.У-, Н.П- нар хамтдаа Б.Т- гэдэг хүнтэй уулзаж Б.М- нь Б.Т-гаас 21.400.000 төгрөгийг өдрийн 1.5 хувийн хүүтэй, 3 хоногийн хугацаатай зээлсэн. Тухайн үед Б.М-ын дансанд банкнаас барилт хийсэн байсан болохоор мөнгийг Э.У-ын данс руу шилжүүлсэн. Ингээд Б.М-ын “Их мөнх наран” компанид төлөх байсан 22.814.000 төгрөгийн зээлд зээлсэн 21.400.000 төгрөгөө төлж, үлдэх 1.414.000 төгрөгийг нэхэмжлэгч нар өөрсдийн мөнгөөрөө төлсөн. Б.М- нь Б.Т-гаас зээлсэн мөнгөө хугацаандаа төлөөгүй болохоор ... Б.М-ын зээлсэн 21.400.000 төгрөгөөс 8.000.000 төгрөгийг  Б.Т-д төлсөн. Гэтэл Б.Т- нь үлдэх 13.400.000 төгрөгийг Э.У-аар төлүүлэхээр сарын 8 хувийн хүү, алдангийн заалттай, 2 сарын хугацаатай зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан, мөн төлсөн 8.000.000 төгрөгийнх нь хүүнд 700.000 төгрөг төлүүлэхээр хүлээн зөвшөөрүүлж гэрээний төгсгөл хэсэгт бичвэр үйлдэж гарын үсэг зуруулсан байдаг. Иймд нэхэмжлэгч Э.У-ын Б.Т-тай байгуулсан зээлийн гэрээний 2 сарын хүү 3.424.000 төгрөг, зээлийн дүн 13.400.000 төгрөг, “Их мөнх наран” компанид төлсөн зөрүү болох 1.414.000 төгрөг, мөн Б.Т-д төлсөн 8.000.000 төгрөг, энэ мөнгөний хүүд тооцож Б.Т-гаас Э.У-аар төлүүлэхээр гарын үсэг зуруулсан 700.000 төгрөг, 8.000.000 төгрөгийг бүрдүүлэх зорилгоор эд зүйлсээ ломбардсан зээлийн хүүд 72.000 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 1.000.000 төгрөг нийт 28.010.000 төгрөгийг хариуцагч Б.М-, М.Отгончимэг нараас гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2019.01.23-ны өдөр шүүхэд гаргаж  2019.02.22-ны өдрийн 69 дугаартай шүүхийн шийдвэрээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн байна. /хх-34-35/

  Иймд хариуцагч Э.У- нь Б.Т-гаас зээлсэн мөнгийг Б.М-т өгсөн гэж тайлбарлаж байгаа хэдий ч өөрөө нэхэмжлэл гаргаж Б.М-оос  шүүхийн журмаар гаргуулсан, хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул уг мөнгийг төлөх үүрэгтэй байна. 

   Зохигчид 13.400.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээг  2018.12.27, 28-ны үед 2018.12.15-ны өдрийн огноотой нөхөж байгуулсан хэдий ч уг гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд  нийцсэн, талуудын хүсэл зориг тусгагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус  хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “ Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Э.У-ын данс руу 21.400.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд 2 сарын хугацаанд 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх талаар  Б.Т-, Э.У- нар тохиролцож гарын үсэг зурсан байх тул зээлийн гэрээний үүргийн биелэлт 2018 оны 12 дугаар сарын     15-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 2 сарын хугацааны  хүү  2.144.000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 100 хоногийн алданги 6.700.000 төгрөг, нийт 22.24.4000 төгрөгийг  хариуцагч Э.У- төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл эс үйлдэхүйг хэлцэл гэнэ”, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, 42.2 дахь хэсэгт “энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл  нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус зааснаар зээлийн гэрээнд  хариуцагч Н.П- гарын үсэг зураагүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

   Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 269.170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Э.У-аас  269.170 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Э.У-аас үндсэн зээл 13.400.000 төгрөг, зээлийн хүү 2.144.000 төгрөг, алданги 6.700.000 төгрөг нийт 22.244.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгон, хариуцагч Н.П-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн                                       269.170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Э.У-аас 269.170 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.Туяа