Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 111/ШШ2023/0155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Моксан” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Хариуцагч: *******

Хариуцагч: *******

Хамтран хариуцагч: “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газраас “Хөдөө аж ахуйн кластер төслийн газар тариалан, малын тэжээлийн дэд төсөл” 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэх ХХААХҮЯ/202212017 тоот тендерийн үнэлгээний хороо

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Хишигбаатар, Б.Анухатан

Гуравдагч этгээд: “Елбата” ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Баярмаа нарын хоорондын “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газраас “Хөдөө аж ахуйн кластер төслийн газар тариалан, малын тэжээлийн дэд төсөл” 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэх ХХААХҮЯ/202212017 тоот тендер, “Елбата” ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр болон “Элбата” ХХК-тай байгуулан гэрээг  тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий тендерийн маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,  хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анухатан, Т.Хишигбаатар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч  “Моксан” ХХК нь *******, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, тендерийн үнэлгээний хороо нарт холбогдуулан  “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газраас “Хөдөө аж ахуйн кластер төслийн газар тариалан, малын тэжээлийн дэд төсөл” 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэх ХХААХҮЯ/202212017 тоот тендер, “Елбата” ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр болон “Элбата” ХХК-тай байгуулан гэрээг  тус тус хүчингүй болгуулах” –аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч  “Моксан” ХХК нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, Орон нутгийн өмчийн газраас зохион байгуулсан  “Хөдөө аж ахуйн кластер төслийн газар тариалан, малын тэжээлийн дэд төсөл” 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэх ХХААХҮЯ/202212017 тоот тендерт оролцсон бөгөөд Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2/962 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгохоос татгалзжээ. Үүнийг эс зөвшөөрч Сангийн яаманд хандсан боловч Сангийн яамны 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03/4620, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 03/4976 дугаар албан бичгүүдээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариу өгч, улмаар 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, Орон нутгийн өмчийн газраас “Хөдөө аж ахуйн кластер төслийн газар тариалан, малын тэжээлийн дэд төсөл” /Баянхонгор, багц-6/ 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилгын ажил/ гэх сонгон шалгаруулалт 2023 он гарсаар 3 дахь удаагаа зарласан билээ.

Анхны сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуй нэгж байхгүй гэсэн үндэслэлээр дахин зарласан байдаг.

Ингээд дахин зарласнаар 2 дахь удаагийн сонгон шалгаруулалтын дүнгээр “МОКСАН“ гэх ХХК /РД2891719/ шалгарсан тул гэрээ байгуулах эрх олголоо гэсэн шийдвэр гаргасан.

Гэтэл “Елбата“ ХХК нь Монгол Улсын Сангийн Яамны Хууль эрх зүй, худалдан авах ажиллагааны хяналтын хэлтэст гомдол гаргаснаар тухайн тендер сонгон шалгаруулалт хүчингүй болж дахин зарлагдсан байдаг.

Дээд байгууллагаас тухайн тендер сонгон шалгаруулалтын шаардлагыг оролцогчид хангаагүй тул дахин зарлахыг зөвлөсөн.

Иймээс 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дахин зарласан. Энэ тендер сонгон шалгаруулалтын үйл явц, цахимд байршуулсан аж ахуй нэгжүүдийн тендер сонгон шалгаруулалтын баримт бичгүүдийг нягтлан үзэхэд, залилан болон гэмт хэргийн шинжтэй үйлдэл, үүнээс үндэслэн авлига хээл хахууль гарах үндэслэлтэй байгаа тул залилангийн үйлдлийг таслан зогсоохоор гомдол үүсгэж, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэл гаргаж буй Моксан ХХК нь энэхүү нэхэмжлэлийг дараах үндэслэлээр гаргаж байна. 

1. “Елбата” ХХК захирал нь иргэн х.Бадамцэцэг нь хуурамч бичиг хийн залилан хийсэн үйлдэл нь дараахь баримтуудаар нотлогдож байна.

а/. 9887 БНХ улсын дугаар бүхий иргэн Б.Э-ийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг “Елбата” ХХК-ийн эзэмшлийн Sinotruck Howo маркийн өөрөө буулгагч болгон хуурамчаар үйлдсэн, 6768ГЧ улсын дугаартай М гэх аж ахуй нэгжийн нэр дээр бүртгэлтэй чиргүүлийн гэрчилгээг мөн тус компанийх мэтээр хуурамчаар үйлдэж илт санаатайгаар залилан мэхлэх үйлдэл хийсэн. Энэ үйлдэл нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14.1.6-г илт зөрчсөн, энэ нь эрүүгийн хэрэг болох үндэслэлтэй.

б/. Мөн тус компани нь 2022-2023 онд БЗДХААА/202301082/01/01 дугаартай “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дээврийн засварын ажил” (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо), БЗДХААА/202211170/02/01 дугаартай “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 48 дугаар сургуулийн зүүн талд тохижилтын ажил”, БЗДХААА/202210146/01/01 дугаартай “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 112, 114 дүгээр байрны зүүн талын талбайн тохижилтын ажил”-д тус тус шалгарсан гэх боловч тендер шалгаруулалтын журмын дагуу дээрх ажлуудын гүйцэтгэлийн талаарх ямар нэгэн мэдээлэл байхгүй.

в/. Өмнөх сонгон шалгаруулалтад ижил төстэй ажлын шалгуур хангаагүй гэх үндэслэлээр хасагдаж байсан боловч энэ удаагийн шалгаруулалтад тэнцсэн нь “Мөнх Ногоон Тал” ХХК-тай хийсэн хүлэмж барих гэрээг мөн хуурамчаар үйлдсэн байж болзошгүй.

г/. Мөн түрүүчийн сонгон шалгаруулалтад өөр аж ахуй нэгж байгууллагыг шалгаруулсан боловч, түүнийг Сангийн яамны хууль эрх зүй худалдан авах ажиллагааны хяналтын хэлтэс хүчингүй болгож, дахин зарлуулсан үйлдэлд “Елбата” ХХК-ний захирал х.Бадамцэцэгийн төрсөн эгчийн хүү н.Дагвадорж тус яамны төрийн сангийн хэлтэст ажилладаг тул энэ үйлдэлд нөлөөлсөн байж болзошгүй гэсэн хардлага байгааг нэмж дурдья.

Энэ үйлдэл зөвхөн энэ удаагийн биш өөр олон тендерүүдэд энэхүү зөрчил гарч байгаа боловч энэ удаад нотлох баримтыг тендер сонгон шалгаруулалтын цахим сайтаас авсан буюу дахин CD-ээс хуулбарлан авах боломжтой.

Иймд 1.Тендер сонгон шалгаруулалтад хуурамч бичиг баримт бүрдүүлэн оролцсон “Елбата” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргасныг хүчингүй болгож өгөх

2.Гэрээ байгуулах эрх олгосны дагуу “Елбата” ХХК-тай гэрээ байгуулсныг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анухатан шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянагдаж байгаа “Моксан” ХХК-ний нэхэмжлэлтэй танилцаж “Хөдөө аж ахуйн кластер төслийн газар тариалан, малын тэжээлийн дэд төсөл” /Баянхонгор, багц-6/ 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг  өвлийн хүлэмжийн барилгын ХХААХҮЯ/202212017 дугаартай ажлын тендер шалгаруулалтын талаарх дараах тайлбарыг хүргүүлж байна. Тус тендерийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 02 дугаар 01-ний хооронд тендер шалгаруулалтын онцгой журмын дагуу зарласан боловч шаардлага хангасан аж ахуйн нэгж ирээгүй тул гэрээ байгуулах эрх олгоогүй дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн. Дахин тендерийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 16-ны хооронд зарласан. Тус тендерийг нээх гэсэн боловч Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд гэмтэл гарч тус системийг засагдаж дуустал тендерийн материалыг татаж авч болохгүй байгаад 2023 оны 04 дүгээр сар гаргаад цахим систем ашиглалтад орж тендерийн материал татагдсан. /Төрийн худалдан авах ажиллагааны газраас гэмтэл гарсан хугацаанд нээгдсэн тендерүүдийн хүчинтэй хугацааг автоматаар сунгасан./ байдаг.

Тус тендер “Бриджконстракшн” ХХК, “Елбата” ХХК, “Моксан” ХХК гэсэн 3 аж

ахуй нэгж материал ирүүлсэн. Үнэлгээний хороо 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж “Моксан” ХХК-ийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2/688 тоот албан бичгээр шалгаруулсан боловч өрсөлдөгч “Елбата” ХХК сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас 2023 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 03/3149  дугаартай гомдол хянасан тухай албан бичгээр тус тендерт шалгарсан “Моксан” ХХК болон гомдол гаргасан “Елбата” ХХК-уудын материал нь шаардлага хангахгүй байна. Иймд захиалагчийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2/688 тоот шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн хүчингүй болгож байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хуулийн 55  дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн үүгээр мэдэгдье гэсний дагуу Үнэлгээний хороо 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдөр дахин хуралдаж тус тендер шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэн оролцогч аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж өмнөх гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон. Ингээд тус тендерийг 2023 оны 05 дугаар сарын 26-наас 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд дахин зарласан. Тус тендерийг нээхэд  “Бриджконстракшн” ХХК, “Елбата” ХХК, “Моксан” ХХК гэсэн 3 аж ахуйн нэгжүүд материалаа ирүүлсэн байна.

Тус нэхэмжлэлийн шаардлагын а-д заасан: “Елбата” ХХК-ний тендерийн материалын машин механизм, тоног төхөөрөмжийн жагсаалтад өөрийн болон түрээсийн 5 автомашины мэдээлэл ирүүлсэн байсан. Бид тухайн тендерт автокран 1 ширхэг, ачааны машин 2 ширхэгийг шаардсан байсны дагуу шаардлагатай авто машиныхаа дугаарыг тэмдэглэж авахад 2168 БНН улсын дугаартай автокран, 6229 БНА улсын дугаартай ачааны машин, 80-66 БНХ улсын дугаартай  ачааны машины эзэн Ц.Мөнхдоржтой хийсэн түрээсийн гэрээ, 9887 БНХ улсын дугаартай ачааны автомашин гэсэн 4 машиныг тэмдэглэн авч Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн тоног төхөөрөмж цэснээс улсын дугаараар шалгаж үзэхэд 9887 БНХ улсын дугаартай автомашины мэдээлэл гарч ирээгүй. Бусад 3 автомашины мэдээлэл буюу 2168 БНН улсын дугаартай автокран, 6229 БНА улсын дугаартай ачааны машин эзэмшигч нь “Елбата” ХХК-ний нэр дээр, 80-66 БНХ улсын дугаартай ачааны машины эзэмшигч нь Ц.Мөнхдорж гэж гарч ирсэн.  тендерийн материалд заасан  3 автомашины 60 ба түүнээс дээш хувь нь өөрийн эзэмшлийнх байна гэсэн шаардлагыг хангасан гэж үзэж шалгаруулсан байдаг.

2. Тус нэхэмжлэлийн шаардлагын б-д заасан:Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6-д Ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэгдсэн  байвал зохих жилийн тоо: 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй, барилга угсралтын болон өвлийн хүлэмжийн ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх. /Ажил гүйцэтгэсэн гэрээ, комисс хүлээж авсан акт, дүгнэлтийн эхээс хийсэн хуулбар (Комиссын дүгнэлт нь Засгийн газрын 2021 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 212 дугаар тогтоолын дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан баталгаажуулсан байна.)Тухайн ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ гэж заасны дагуу ижил төстэй ажлыг хянан үзсэн.

3. Тус нэхэмжлэлийн шаардлагын 3-д заасан: “Елбата” ХХК нь тендерийн материалдаа “Мөнх ногоон амьдрал” ТББ-ын захиалгаар 800 сая төгрөгийн Өвлийн хүлэмж барьсан гэрээ, акт, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлсэн байсан. Үнэлгээний хороо хуралдаад 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 6/61 дугаартай албан бичгээр тодруулга авах тухай албан бичиг өгсөн. Тус албан бичигт танай материалыг хянан үзэхэд 2022 оны ижил төстэй ажилд тооцуулахаар ирүүлсэн “Мөнх ногоон амьдрал” ТББ-тай байгуулсан өвлийн хүлэмжийг барьсан гэрээний гүйцэтгэлийг нотлох баримтаар тулгах шаардлагатай байгаа тул гүйцэтгэгч болон захиалагчийн хооронд хийгдсэн ажил гүйцэтгэсэн төлбөрийн гүйлгээний баримтыг ирүүлэхийг шаардахад “Елбата” ХХК 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01/28 дугаартай албан бичгээр тодруулгын хариуг ирүүлсэн.

Хувь аж ахуйн нэгжүүд хоорондоо ямар нөхцөлөөр гэрээ байгуулахыг бид үгүйсгэх аргагүй учир ирүүлсэн гэрээ, акт, захиалагчийн тодорхойлолт, тооцоо нийлсэн акт зэргийг үндэслэн шаардлага хангаж байна гэж үзсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хамран хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хишигбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Моксан” ХХК-ний нэхэмжлэлтэй танилцаж тайлбар хүргүүлж байна.

1.Тус тендерийг анх 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 06-ны хооронд 6 багцтай нээлттэй тендер зарласан. Багц 6 буюу Өвлийн хүлэмж барих багцад Бианконэроконстракшн ХХК, Мандал өргөө голомт ХХК, “Нью бест хаус”  ХХК, “Ноёнзиндаа” ХХК, Сүдэрконстракшн ХХК гэсэн 5 аж ахуйн нэгж оролцож “Бианконэроконстракшн” ХХК шаардлага хангасан тул гэрээ байгуулах эрх олгосон боловч тус аж ахуйн нэгж нь тендерийн хүчинтэй хугацаанд багтааж гэрээ байгуулаагүй учир захиалагч дахин нээлттэй тендер зарлах хүсэлт өгсөн. Дахин тендерийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 08-ны хооронд зарласан.  Тус тендерийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 12 цаг 10 минутад нээхэд “Нью бест хаус” ХХК ганцаараа үнийн санал болон холбогдох материалыг ирүүлсэн боловч шаардлага хангаагүй тул гэрээ байгуулах эрх олгохоос татгалзсан. Ингээд үнэлгээний хороо хуралдаад захиалагчид 2 удаа нээлттэй тендер зарлаад шаардлага хангасан аж ахуйн нэгж ирээгүй тул шууд гэрээ байгуулах зөвлөмж өгсөн.

Захиалагч буюу аймгийн Засаг дарга тус тендерийг тендер шалгаруулалтын онцгой журмын дагуу шууд гэрээ байгуулах аргаар Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр тухай тендерийн багц 6 буюу Өвлийн хүлэмжийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн зарлахаар шийдвэрлэсэн.

Тус тендерийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ны хооронд 7 хоногийн хугацаатай зарласан. Тухайн тендерийг нээхэд “Елбата ХХК, “Моксан” ХХК, “Бриджконстракшн” ХХК-уудын үнийн санал болон холбогдох материалаа ирүүлсэн боловч шаардлага хангасан аж ахуйн нэгж байхгүй байсан тул гэрээ байгуулах эрх олгохоос бүх оролцогчдоос татгалзсан.  2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 16-ны хооронд урьдын адил тендер шалгаруулалтын онцгой журмын гэрээ шууд байгуулах аргаар дахин зарласан. Тухайн тендерийг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 10 минутад нээхэд “Моксан” ХХК, Бриджконстракшн ХХК, Елбата ХХК гэсэн 3 аж ахуйн нэгж материалаа ирүүлсэн.

Үнэлгээний хороо 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж “Моксан" ХХК-ийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2/688 тоот албан бичгээр шалгаруулсан боловч өрсөлдөгч “Елбата” ХХК сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас 2023 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 03/3149 дугаартай гомдол хянасан тухай албан бичгээр тус тендерт шалгарсан “Моксан ХХК болон гомдол гаргасан “Елбата” ХХК-уудын материал нь шаардлага хангахгүй байна. Иймд захиалагчийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2/688 тоот шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн хүчингүй болгож байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн үүгээр мэдэгдье гэсний дагуу үнэлгээний хороо 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дахин хуралдаж тус тендер шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэн оролцогч аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж өмнөх гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон.

Ингээд тус тендерийг 2023 оны 05 дугаар сарын 26-наас 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд дахин зарласан. Тус тендерийг нээхэд “Бриджконстракшн” ХХК, “Елбата” ХХК, “Моксан” ХХК гэсэн 3 аж ахуйн нэгжүүд дахин материалаа ирүүлсэн байсан.

Багц 6 буюу Өвлийн хүлэмжийн барилга угсралтын ажлын тендерийг нийт 5 удаа Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлахад хамгийн эхэнд “Бианконэроконстракшн” ХХК 1 удаа шалгарсан. 4 дэхь зарлалтад Моксан ХХК 1 удаа  шалгарсан. 5 дах зарлалтад “Елбата” ХХК 1 удаа шалгарсан бусад зарлалтуудад  шаардлага хангасан аж ахуйн нэгж ирээгүй тул татгалзсан.

2. “Елбата” ХХК-ний тендерийн материалын машин механизм, тоног төхөөрөмжийн жагсаалтад өөрийн болон түрээсийн гэсэн 5 автомашины мэдээлэл ирүүлсэн байсан. Бид тухайн тендерийн бичиг баримтад автокран 1 ширхэг, ачааны машин 2 ширхгийг шаардсан байсны дагуу шаардлагатай авто машиныхаа дугаарыг тэмдэглэж авахад 2168 БНН улсын дугаартай автокран, 6229 БНА улсын дугаартай ачааны машин, 80-66 БНХ улсын дугаартай ачааны машины эзэн Ц. Мөнхдоржтой хийсэн түрээсийн гэрээ, 9887 БНХ улсын дугаартай ачааны автомашин гэсэн 4 машиныг тэмдэглэн авч Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн тоног төхөөрөмж цэснээс улсын дугаараар шалган үзэхэд 9887 БНХ улсын дугаартай автомашины мэдээлэл хоосон гарч ирээгүй. Бусад 3 автомашины мэдээлэл буюу 2168 БНН улсын дугаартай автокран, 6229 БНА улсын дугаартай ачааны машин эзэмшигч нь “Елбата” ХХК-ний нэр дээр, 80-66 БНХ улсын дугаартай ачааны машины эзэмшигч нь Ц.Мөнхдорж гэж гарч ирсэн./цаасаар хавсаргав/ Бид тендерийн материалд заасан 3 автомашины 60 ба түүнээс дээш хувь нь өөрийн эзэмшлийнх байна гэсэн шаардлагыг хангаж байсан тул шалгаруулсан. Үнэлгээний хороо 67-68ГЧ улсын дугаартай чиргүүлийн мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр шалгаж үзээгүй. Учир нь бид шаардсан автомашиныхаа мэдээллийг үзсэн болно.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Моксан” ХХК-ийн зүгээс Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Энхжаргал, Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нарт холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газраас “Хөдөө аж ахуйн кластер төслийн газар тариалан, малын тэжээлийн дэд төсөл” /Баянхонгор, багц-6/ 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэх ХХААХҮЯ/202212017 тоот тендерт оролцож гэрээ байгуулах эрх авсан Баянхонгор аймгийн “Елбата” ХХК нь хуурамч баримт бичиг үйлдсэнийг баримтаар нотолж буй тул гэрээ байгуулах эрх болон уг тендерийг хүчингүй болгуулах.” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна.

Тус тендер нь удаа дараа зарлагдсан бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн урилгын дагуу тухай бүр материалыг хүргүүлж тендерт оролцсоор ирсэн. Тухайн тендерт оролцсон компаниудаас тухай бүр шаардлага хангаж байсан нь манай компани байсан ч гэрээ байгуулах эрх олгохгүй удаа дараа цуцалж, 1 удаа гэрээ байгуулах эрх олгосон ч түүнийг үл мэдэгдэх шалтгаанаар цуцалж байсан удаа бий.

Манай компанийн зүгээс тендерт оролцохдоо ямар ч хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд хуурамч баримт бүрдүүлсэн зүйл огт байхгүй. Худалдан авах ажиллагааны дүрэм журам горим нарийн байдаг бөгөөд баримт бүрийг шалгах аргачлалтай үүний дагуу шалгасан байхад ямар ч үндэслэлгүйгээр хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          1. “Моксан” ХХК-иас *******, аймгийн Засаг даргын тамгын газар, тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газраас “Хөдөө аж ахуйн кластер төслийн газар тариалан, малын тэжээлийн дэд төсөл” 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэх ХХААХҮЯ/202212017 тоот тендер, “Елбата” ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр болон “Элбата” ХХК-тай байгуулан гэрээг  тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2. Нэхэмжлэгчийн  “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газраас “Хөдөө аж ахуйн кластер төслийн газар тариалан, малын тэжээлийн дэд төсөл” 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэх ХХААХҮЯ/202212017 тоот тендерийг хүчингүй  болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1.1-д  “тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг хэлнэ гэж заасан байх бөгөөд дээрх шаардлага нь захиргааны байгууллага албан тушаалтнаас гаргасан  захиргааны акт биш тендерт оролцогч этгээдийн  гаргах санал байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүлйийн 54.1.1.захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.Нэхэмжлэгчийн ”Елбата” ХХК -д эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:  

 Нэхэмжлэгч “Моксан” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тендерт оролцож ялалт байгуулсан Елбата” ХХК  нь  /гурувдагч этгээд/ 98-87 БНХ дугаартай toyoto приус маркийн автомашины бичиг баримтыг ногоон өнгийн HOWO маркийн ачааны машинд зүүж зургийг даруулан мөн машины бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, 6768 ГЧ  гэсэн чиргүүлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж өөрийн эзэмшлийн машин тоног төхөөрөмж гэж тендерт ирүүлсэн нь хууль бус байхад тендерийн хороо ялагчаар шалгаруулсан нь буруу юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.1.6-д “… илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон..” гэж зааснаар  хуурамч бичиг баримт үйлдсэн байхад шалгаруулсан гэж тайлбар гаргажээ.

 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбартаа “..Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хуурамч бичиг баримт үйлдсэнийг улсын байцаагч  тогтоох ёстой. Гэтэл хавтаст хэрэгт улсын байцаагч хуурамч бичиг баримт бүрдүүлснийг тогтоосон баримт байхгүй. Тийм учраас гуравдагч этгээд буюу “Елбата” ХХК-ийг  ерөнхий шаардлага хангаагүй гэж үзэх боломжгүй...” гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.1.6-д “… илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон..” гэж заасан байх бөгөөд улсын байцаагч тогтоогоогүй гэдэгт хэргийн оролцогч нар  маргаагүй учир тендер оролцогч гуравдагч этгээдийг ерөнхий нөхцөл хангаагүй байжээ гэж үзэх боломжгүй байна.

4. Хуурамч бичиг баримт үйлдсэнийг улсын байцагч тогтоогоогүй боловч тендерт оролцож, ялалт байгуулсан “Елбата” ХХК  нь  /гуравдагч этгээд/ 98-87 БНХ дугаартай toyoto приус маркийн автомашины бичиг баримтыг, мөн 6768 ГЧ  гэсэн чиргүүлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, өөрийн эзэмшлийн машин , чиргүүл гэж  тендерт ирүүлсэн нь   Баянхонгор аймгийн авто тээврийн газраас ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн лавлагаагаар тогтоогдож байгаа бөгөөд шүүх хуралдаанд  хэргийн оролцогч нар маргаагүй болно.

5. Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд  “Елбата” ХХК  нь  9887 БНХ “HOWO маркийн автомашин 6788 ГЧ чиргүүлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн бөгөөд “Елбата” ХХК-ийн машин, тоног төхөөрөмж  нь  тендерийн өгөгдлийн хүснэгт гэх /ТӨХ/ баримт бичгийн машин, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шаардах хэсэг буюу 17.6.3 -д заасан шаардлагыг хангахгүй  байгаа гэж маргаж байгаа тухайд:

Тендерийн өгөгдлийн хүснэгт гэх /ТӨХ/ баримт бичгийн машин, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шаардах хэсэг буюу 17.6.3-д тендерт оролцогч нь автокран 1 ширхэг , ачааны машин 2 бөгөөд нийт 3 машинтай байх шаардлагыг заасан байх бөгөөд  аль нэг 1 машиныг түрээсээр хэрэглэж болох талаар заасан байна. Гуравдагч этгээд “Елбата” ХХК нь 2168 БНН дугаартай автокран 1 ширхэг, 6229 БНА ачааны машин 1 ширхэг,  8066 БНХ дугаартай ачааны машин эзэмшигч н.Мөрдоржтой  түрээсийн гэрээ  байгуулсан байх бөгөөд түрээсийн гэрээний ачааны машины хамт нийт 3 машинтай байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  16 дугаар зүйлийн 16.1.-д зааснаар Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно:, 16.1.4-т тендерт оролцогчийн багаж, техник хэрэгслийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийн жагсаалтыг шаардана..” гэж заасныг болон тендер шалгаруулалтын зааварчилгааг /ТШЗ/ үндэслэн  хийсэн ТӨХ-ийн баримт бичгийн, машин, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шаардах хэсэг буюу 17.6.3-д заасныг зөрчөөгүй байна. Хэдийгээр тендерт 9887 БНХ гэсэн ачааны машины бичиг баримтыг  хуурамчаар бүрдүүлж оролцсон боловч  ТӨХ-ийн баримт бичгийн, машин,  тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шаардах хэсэг буюу ТШЗ-ийн 17.6.3-д заасан шаардлагад хамааралгүй байна. Учир нь хуурамч бичиг баримт бүрдүүлж оролцсон машинаас гадна шаардлага хангасан 3 машин байна гэж үзсэн.

Нэхэмжлэгч тендерийн үнэлгээний хороо хуурамч бичиг баримт үйлдсэн гэдгийг мэдэж байсан гэж маргаж байгаа боловч тендерийн үнэлгээний хороо цахим хэлбэрээр 9887 БНХ шалгаж үзээд хоосон маягт 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 21 цаг 47 минутад гарч ирснийг тендерийн материалд хавсаргасан байсан байна. Тендерийн үнэлгээний хороо тендерийг нээх цаг хугацаанд toyoto приус маркийн машины бичиг баримтыг ачааны машины бичиг баримт болгон хуурамчаар үйлдсэн байна гэдгийг мэдэх боломжгүй байсныг дурьдах нь зүйтэй.

 

6.Нэхэмжлэгч тайлбартаа “ Гуравдагч этгээд нь  9887 БНХ “HOWO маркийн автомашин, 6788 ГЧ чиргүүлийн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж өгсний  гол шалтгаан нь гуравдагч этгээд  өөрийн компанийг  олон ачааны машинтай гээд тендерийн үнээ хөнгөлүүлэх зорилготой байсан юм гэж тайлбар гаргасан. Харин хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нар үүнтэй холбоотой  тайлбар гаргаагүй  болно.

 Гуравдагч этгээд нь 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн орон нутгийн өмчийн газарт “манай компани өөрийн ачааны машинаар тээвэрлэлт хийх тул 160.014.225 төгрөгийн  үнийн хөнгөлөлт эдлэхийг хүсэж” албан бичиг хүргүүлсэн байна. Үүнийг үндэслэн тендерийн үнэлгээний хороо гуравдагч этгээдийн хүсэлтийг хангаж тендерт 1.678.000.000. төгрөгийн саналтайгаар оруулсан байна. Энэ нь тендер шалгаруулалтын зааварчилгааг /ТШЗ/ үндэслэн  хийсэн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 17.6.5.7 дугаарт “арифметик алдаанаас бусад тохиолдлоор зөрсөн эсвэл үнийн хөнгөлөлт үзүүлж буй тохиолдолд үндэслэл шалтгааныг дурдсан мэдэгдлийг шаардлагатай нотлох баримтын хамт ирүүлнэ. Үндэслэлгүй тооцсон үнийн хөнгөлөлт бүхий тендерээс татгалзана” заасныг зөрчиж ялагчаар шалгаруулсан байна гэж үзлээ.

 Учир нь гуравдагч этгээдийн 9887 БНХ дугаартай ачааны машин, 6788 ГЧ чиргүүлийн гэрчилгээг Авто тээврийн үндэсний төвийн цахим сайтаас гаргахад хоосон байсан, мөн тендерт оролцогч гуравдагч этгээдийн 1 ачааны машин түрээсийн гэрээтэй буюу гуравдагч этгээдийн эзэмшлийн машин биш байхад тендерийн үнэлгээний хороо  өөрийн машинаар тээвэрлэлт хийнэ гэж хөнгөлөлт эдлүүлсэн байна. Энэ эсрэгээрээ тендерээс татгалзах үндэслэл болсон байхад хамгийн сайн тендер гэж шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ.” гэсэн хуулийн заалтыг зөрчжээ.

  7. Нэхэмжлэгч “Моксан” ХХК нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим сайтаас ирүүлэх ёстой архивын лавлагааг цахимаар ирүүлээгүй, энэ нь тендерээс татгалзах үндэслэл болсон гэх тухайд:

Хариуцагч тайлбартаа энэ тендер нь 2022 онд 3 удаа, 2023 онд 3 удаа нийт 6 удаа зарлагдаж байгаа тендер юм. Нэхэмжлэгч нь ТӨХ-ийн баримт бичгийн ТШЗ-ийн 17.2.5.5-д зааснаар Шүүхийн тусгай архивын лавлагааг цахим хэлбэрээр ирүүлэх ёстой байтал цахимаар ирүүлээгүй, энэ нь тендерээс татгалзах үндэслэл болсон гэжээ. Нэхэмжлэгч тайлбартаа энэ баримтыг цахимаар өгөөгүй нь үнэн гэхдээ бид Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн төрөлжсөн архиваас 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 17216 дугаар  албан бичгийг тендерийн үнэлгээний хороонд өгсөн. Энэ тендер олон удаа зарлагдсан их ойрхон хугацаатай зарлагдаж байсан  учраас амралтын өдөр таараад цахим хэлбэрээр хүргүүлж чадаагүй, өмнөх  тендерүүдэд манай компани дандаа цахимаар өгч байсан. Өмнө нь зарлагдсан тендерүүдэд хариуцагч Т.Хишигбаатар бүгдэд нь орсон манай энэ баримт байнга цахимаар ирж байсныг мэдэж байсан. Энэ баримтыг албан бичгээр өгсөн, хуурамч бичиг биш гэдгийг мэдэж байсан хүн юм гэв. ТӨХ-ийн баримт бичгийн ТШЗ-ийн 17.2.5.5-д  шүүхийн тусгай архивын лавлагаа баримт бичгийг цахимаар ирүүлээгүй нь тендерээс татгалзах үндэслэл болох талаар заагаагүй байх тул  энэ үндэслэлээр тендерийн үнэлгээний хороо нь нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь буруу байна. 

8. Хариуцагч тайлбартаа “..тендерийн нийт үнэ 1.886.909.095 төгрөг. Үүний 40 хувь нь 754.763.638 төгрөг болж байгаа. Нэхэмжлэгчийн ТӨХ-ийн баримт бичгийн ТШЗ-ийн 17.6-д заасан ижил төстэй ажил тендерийн үнийн дүнгийн 40 хувьд хүрээгүй байсан нь тендерээс татгалзах үндэслэл болсон..” гэж байгаа тухайд:

Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгч нь “Тэргүүн жинст” ХХК-тай  410.000.000 төгрөгийн, “Эндээхөгжил” төрийн бус байгууллагатай 350.000.000 төгрөгийн гэрээ байгуулж өвлийн хүлэмж барьсан гэсэн гэрээг аж ахуйн нэгжүүдийн буюу захиалагчийн   тодорхойлолтыг  хамт ирүүлсэн, энэ нь нийт 760.000.000  төгрөг буюу тендерийн үнийн дүнгийн 40 хувьд хүрч байсан, үүнтэй санал нийлж байна. Энэ талаар маргаагүй боловч ажил хийж дуусгасан гэх актыг ирүүлээгүй учраас үнийн дүнгийн 40 хувьд хүрсэн гэж үзээгүй тендерээс татгалзсан.

Нэхэмжлэгч тайлбартаа манайх  нийт 760.000.000 төгрөгийн гэрээгээ 2 захиалагчийн тодорхойлолтын хамт ирүүлсэн, нэг компаниас акт ирүүлсэн нэг компаниас акт ирүүлээгүй нь үнэн гэх тайлбаруудыг гаргасан.

Нэхэмжлэгч нь “Тэргүүн жинст” ХХК-тай  410.000.000 төгрөгийн, “Эндээхөгжил” төрийн бус байгууллагатай 350.000.000 төгрөгийн гэрээ байгуулж өвлийн хүлэмж барьсан гэсэн гэрээг аж ахуйн нэгжүүдийн буюу захиалагчийн   тодорхойлолтыг  хамт ирүүлсэн нь шалгаруулалтын дугаар ХХААХҮЯ/202212017 Багц-6 буюу өвлийн хүлэмж барих ажлыг хянан үзсэн хүснэгтийн 7 дугаарт бичигдсэнээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь ТӨХ-ийн баримт бичгийн ТШЗ-ийн 17.6-д “ажил гүйцэтгэсэн гэрээ комисс хүлээн авсан акт, дүгнэлтийн эхээс хийсэн хуулбар /Комиссын дүгнэлт нь Засгийн газрын 2021 оны “Дүрэм шинэчлэн батлах” 212 дугаар тогтоолын дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах эрх бүхий байгууллага албан тушаалтан баталгаажуулсан байна/, тухайн ажлын цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ гэж зааснаар  ижил төстэй ажил болох  дээрх 2 хуулийн этгээдтэй хийсэн ажил гүйцэтгэх гэрээ ажил дуусгасан гэсэн захиалагчийн тодорхойлолт болох  албан бичгүүдийг ирүүлсэн байна. Ажил хүлээлцсэн акт болон захиалагчийн тодорхойлолтыг хавсарган ирүүлэх шаардлагын агуулга нь уг ажлыг хийж гүйцэтгэхдээ энэ компани  гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн эсэхийг нотлох баримт юм гэж дүгнээд хувийн компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд бүрэн гүйцэтгэсэн эсэхийг захиалагчийн тодорхойлолтоор нотлох боломжтой гэж үзлээ.

 Нэхэмжлэгч нь “Тэргүүн жинст” ХХК-тай  410.000.000 төгрөгийн,                 “Эндээхөгжил” төрийн бус байгууллагатай 350.000.000 төгрөгийн гэрээ байгуулж өвлийн хүлэмж барьсан гэсэн гэрээг аж ахуйн нэгжүүдийн буюу захиалагчийн   тодорхойлолтыг  хамт ирүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д зааснаар “тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно:, 16.1.2.сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолтыг ирүүлнэ.” гэж заасныг  зөрчөөгүй байна.  

 Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хуулийн этгээдүүдтэй ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэсэн байгууламж болох өвлийн хүлэмж нь Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж” мөн бөгөөд Засгийн газрын 2021 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 212 дугаар тогтоолын 1.3-д Барилгын тухай хуулийн    10.1.1-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулахад энэ дүрэм хамаарахгүй” гэж зааснаар ажил хүлээлцэх комиссын акт шаардахгүй. Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоол нь “Дүрэм шинэчлэн батлах тухай” гэсэн нэртэй биш, харин Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм гэх нэртэй байсныг дурьдах нь зүйтэй.

  Иймд нэхэмжлэгчийн тендерээс ижил төстэй ажил нь тендерийн үнийн дүнгийн  40 хувьд хүрээгүй гэж татгалзах үндэслэлгүй байжээ гэж үзлээ.

9. Тендерийн хороо нь гуравдагч этгээдийн ТӨХ-ийн баримт бичгийн ТШЗ-ийн 17.6-д заасан ижил төстэй ажил  тендерийн  үнийн дүнгийн 40 хувьд хүрсэн гэж үзсэн тухайд:

Хариуцагч гуравдагч этгээд нь иргэн Ж.Энхжаргалтай өвлийн хүлэмж барих гэрээ байгуулж хийж гүйцэтгэсэн болох нь ажил хүлээлцсэн актаар тогтоогдож байгаа учраас 560.000.000 төгрөгийг ажил хийсэн гэж үзсэн. Мөн “Мөнх ногоон тал” төрийн бус байгууллагатай 800.000.000 төгрөгийн өвлийн хүлэмж барих ажил гүйцэтгэх гэрээг, хийж гүйцэтгэсэн актыг ирүүлсэн байдаг. Иймд ижил төстэй ажлын 40 хувьд хүрч байгаа учраас шаардлага хангасан гэж үзэж байна гэв.

“Елбата” ХХК-ийн ерөнхий захирал нь Ч.Ерөөлт гэх хүн байх  бөгөөд иргэн Ж.Энхжаргалтай өвлийн хүлэмж барих гэрээ байгуулсан этгээд нь гуравдагч этгээд болох “Елбата” ХХК боловч  гүйцэтгэх захирал Бадамцэцэг гэх хүн гарын үсэг зурсан байна. Баянхонгор аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/745 дугаартай албан бичгийг ирүүлсэн лавлагаа дээрээс харахад “Елбата” ХХК-ийн удирдах албан тушаалтан нь ерөнхий захирал Ч.Ерөөлт  гэх хүн байхаас гүйцэтгэх захирал гэх удирдлагагүй байх тул уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй байна.

Мөн “Мөнх ногоон тал “ төрийн бус байгууллагаас тендерийн үнэлгээний хороо дахин тодруулга авахад 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар ““Елбата” ХХК  нь манай захиалгын дагуу Улаанбаатар хотын 13 дугаар хорооны нутаг Туул тосгонд нийт 800.000.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий 1000 метр квадрат 10х100 метр өвлийн хүлэмжийн барилгын ажлыг 160.000.000 төгрөгийн үнэлгээгээр барьж хүлээлгэн өгсөн болно” гэх албан бичиг, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 160.000.000 төгрөгийн тооцоо нийлсэн акт зэргийг ирүүлжээ.  Эндээс гуравдагч этгээд нь “Мөнх ногоон тал“ төрийн бус байгууллагад хийж гүйцэтгэж өгсөн ажил нь 160.000.000 төгрөгийн ажил байжээ гэж дүгнэлээ.

Үүнийг хариуцагч гэрээ байгуулахдаа 800.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан тийм учраас 800.000.000 төгрөгийн ажил хийсэн гэж үзэж байна гэжээ. 

Гэрээ байгуулах нь ажлыг хийж гүйцэтгэсэн гэсэн үг биш  хийх гэж буй ажлын талаар хэрхэн, яаж, ямар хугацаанд хийхийг талууд тохиролцдог баримт бичиг бөгөөд харин захиалагчийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэсэн тодорхойлолт, ажил хүлээлцсэн акт нь гэрээний үүргээ биелүүлсэн эсэх эсвэл зохих ёсоор биелүүлсэн эсэхийг тодорхойлдог. Иймд 160.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн байна гэж үзэж гуравдагч этгээдийн хийж гүйцэтгэсэн ажил нь 40 хувьд хүрээгүй байхад шалгаруулсан нь буруу байна. Энэ нь  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  16 дугаар зүйлийн 16.1.-д заасан “тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно:, 16.1.2-д “сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолтыг ирүүлнэ., 27 дугаар зүйлийн 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлагыг хангасан гэж үзнэ” гэх хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

10. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн  ТӨХ-ийн баримт бичгийн, машин, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шаардах хэсэг буюу ТШЗ-ийн 17.6.3-д заасан шаардлагыг  хангаагүй гэж  маргасан тухайд:

 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хавтаст хэрэгт авагдсанаар автотээврийн үндэсний төвийн цахим сайтаас шалгахад бас нэг баримт нь хоосон байсан тэр хаанахын ямар баримт байсан бэ, нэхэмжлэгчийн нэг машины баримт байсан уу гэж хариуцагч болон нэхэмжлэгчээс тодруулахад нэхэмжлэгч “манай машин тоног төхөөрөмж шаардлага хангасан байсан хариуцагчаас асуу” гэхэд хариуцагч  “машин тоног төхөөрөмж дээр нэхэмжлэгчийн ямар нэгэн алдаа байгаагүй, нэхэмжлэгч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн тусгай архивын лавлагаа, ижил төстэй ажлын 40 хувьд хүрээгүй гэсэн хоёр /2/  шалтгаанаар татгалзсан. ТӨХ-ийн баримт бичгийн, машин, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шаардах хэсэг буюу ТШЗ-ИЙН 17.6.3-д заасныг зөрчөөгүй, шаардлагыг бүрэн хангасан байсан гэсэн тул  нэхэмжлэгчийн  ТӨХ-ийн ТШЗ-ийн 17.6.3-д заасан шаардлагыг хангасан болохыг хариуцагч өөрөө  хүлээн зөвшөөрч байна гэж үзлээ.

 Мөн  Тендерийн үнэлгээний хороо цахим хэлбэрээр 9887 БНХ шалгаж үзээд хоосон маягт  2023 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 21 цаг 47 минутад гарч ирсэн,  гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаж байгаа хоосон баримт нь 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 21 цаг 40 минутад гарч ирсэн байна.  Машины бичиг баримтыг цахим хэлбэрээр авахад лавлагаа гарсан он сар өдөр цаг минутаас өөр зүйл гарч ирээгүй байсан учраас шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2/961 дүгээр “Елбата” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

11. “Елбата” ХХК Баянхонгор аймгийн Засаг даргын хооронд байгуулсан   2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2023/77 дугаар “Баянхонгор аймгийн хөдөө аж ахуйн кластер төслийн газар тариалан, малын тэжээлийн дэд төслийн багц 6. Өвлийн хүлэмж барих ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний тухайд:

  Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2/961 дүгээр албан бичгийг үндэслэж “Елбата” ХХК   *******  нар 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 2023/77 дугаар “Баянхонгор аймгийн хөдөө аж ахуйн кластер төслийн газар тариалан, малын тэжээлийн дэд төслийн багц 6 Өвлийн хүлэмж барих ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

Шүүх нэхэмжлэгчийн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2/961 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн учир дээрх гэрээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 12. Нэхэмжлэлийн шаардлагыг  шүүхээс удаа дараа тодруулсан тухайд: 

Нэхэмжлэгч “Моксан” ХХК нь Улаанбаатар хотод байрлах  компани бөгөөд  эхний удаа шүүхэд 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 23/41  дугаар бүхий “ аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Энхжаргал нарыг хариуцагчаар татсан гэрээ байгуулах эрх болон уг тендерийг хүчингүй болгуулах шаардлагатай,  2 дугаар хуудсанд “..Иймд гэрээ байгуулах эрх олгох шийдвэр, “Елбата” ХХК-тай гэрээ байгуулсныг тус тус хүчингүй болгуулах гэж бичсэн нэхэмжлэл ирсэн. Түүний дараа мөн дахиж 2023 оны 07 угаар сарын 25-ны өөр 23/41 дугаар бүхий нэхэмжлэлийн хариуцагч хэсэгт  Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Энхжаргалын албан тоот шийдвэрийн дагуу гэрээ  байгуулах эрх олгосноор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хуурамч баримт бүрдүүлэн сонгон шалгаруулалтад оролцсон “Елбата” ХХК-тай  байгуулсан гэрээ гэж бичиж  ирүүлсэн. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай албан бичгийн хариуд  дахин нэхэмжлэл гэх нэр бүхий нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн. Шүүх хуралдааны явцад шүүхээс нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж асуухад нэгдүгээрт /1/ Тендерийг хүчингүй болгуулж өгнө үү, хоёрдугаарт /2/ ******* Д.Энхжаргалын албан тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү, гуравдугаарт /3/ “Елбата” ХХК   Баянхонгор аймгийн Засаг даргын хооронд байгуулсан   гэрээг хүчингүй болгож өгнө үү, маргаж буй тендер шалгаруулалтад 3 хуулийн этгээд оролцсоноос ганцхан “Елбата” ХХК-тай   гэрээ  байгуулах эрх олгосон албан бичгийг  ******* Д.Энхжаргал гаргасан түүнийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай байна. Нөгөө 2 хуулийн этгээдэд татгалзсан албан бичиг хүргүүлсэн.  Тэгэхээр ойлгомжтой ганцхан хуулийн этгээд гэрээ байгуулах эрх олгосон байгаа. Энэ албан бичгийг Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Энхжаргал гаргаж гарын үсэг зурсан байгаа, тэр шийдвэрийг хүчингүй болгож өгөөч гэсэн шаардлага гаргасан юм. Харин би хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр гарсан хэд дугаартай  албан бичгийг санахгүй байна. Мөн үүнийг үндэслэн байгуулсан ******* “Елбата” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан, мөн энэ гэрээний он сар өдрийг санахгүй байна гэсэн тайлбарыг гаргасан.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш, шүүхэд ямар захиргааны актыг хүчингүй болгуулах гэж байгаагаа мэдэхгүй, нэхэмжлэлийн шаардлагад он сар өдрийг бичээгүй, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа он сар өдрийг санахгүй байна гэж байгаа нь ямар захиргааны актыг хүчингүй болгуулах гэж маргаж буйгаа  тодорхойлж чадахгүй байна гэх тайлбарыг гаргав.

 Хэдийгээр нэхэмжлэгч хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны актын он сар өдрийг хэлээгүй, бичээгүй боловч хэн гэдэг албан тушаалтнаас  ямар  байгууллагад хандаж, ямар үйл явдлыг хэрхэн зохицуулж, ямар үр дагавар үүсгэсэн  захиргааны актын талаар шүүхэд тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актын гарсан он, сар, өдрийг хэлээгүй, нэхэмжлэлдээ бичээгүй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадаагүй гэж үзэх үндэслэл биш  гэж  үзлээ.

13. Гуравдагч этгээд “Елбата” ХХК нь ялагч болж барилгын ажлын гүйцэтгэж байгаа бөгөөд шүүхээс барилгын явцын талаар үзлэг хийхэд хоёр /2/ өвлийн хүлэмжийн суурь тавигдсан байдалтай байсан. Хариуцагч тус тендерийн ажил нь 2023-2024 онуудад хийгдэх ажил, санхүүжилт нь 2023, 2024 онуудад хуваагдан олгогдох учиртай гэж тайлбарласан. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 онд хоёр /2/ хүлэмжийг барьж дуусгах, үлдсэн гурван хүлэмжийг 2024 онд барьж дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Шүүх үзлэг хийснээс хойш өвлийн хоёр хүлэмжийн дээд талын карказыг тавьж суурилуулсан, одоогоор шаардлагатай материалыг БНХАУлс руу захиалсан хүлээгдэж байгаа байдалтай байгаа талаар тайлбарласныг дурьдах нь зүйтэй.

14.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анухатан нэхэмжлэгчээс олон нэхэмжлэл шүүхэд ирсэн байна. Би яг энэ нэхэмжлэлийн хувийг гардаж аваагүй, эрх олгосон шийдвэр болон Засаг даргатай байгуулсан гэрээний талаар маргаж  байгааг мэдээгүй, тендерийг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагын хүрээнд тайлбараа гаргасан гэж маргаж байгаа тухайд:

  Шүүх хуралдааны явцад шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анухатанаас  та хэрэгтэйгээ хэзээ танилцсан бэ, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 57 минутад шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад шүүгчийн туслах нэхэмжлэлийн ард талын доод буланд дардас дарж, шүүхэд энэ нэхэмжлэлийг хэзээ хүлээн авсан талаар, хэн гэдэг шүүгчид хуваарилагдсан талаар тэмдэглэгээ хийдэг таньд очсон нэхэмжлэлийн хувь дээр байна уу, дардас дарагдсан байна уу гэхэд хамгийн сүүлд би хэргийн материалтай шүүх хуралдаанд орохоос 15 минутын өмнө танилцсан,  миний гардаж авсан нэхэмжлэлийн ард талд тэмдэглэгээ, дардас байна, би эхний хуудсанд бичсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариу тайлбар бичсэн, харин 2 дахь хуудсанд бичигдсэн шаардлагыг уншаагүй гэх тайлбарыг гарсан болохыг дурьдах нь зүйтэй.

15.Шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан тухайд: 

 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлгөгч Прокурорын байгууллагаас 98-87 БНХ дугаартай toyoto приус маркийн автомашины бичиг баримтыг, мөн 6768 ГЧ  гэсэн чиргүүлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж тендерт ирүүлсэн гэсэн *******ийн гаргасан гомдлын талаарх баримт хэрэгт ач холбогдолтой гэж үзэж шүүхэд ирүүлэхээр шүүх хуралдааныг  2023 оны  9 дүгээр сарын 21-ний өдөр хойшлуулсан өнөөдөр шүүх хуралдаанд энэ хуурамч бичиг баримт бүрдүүлсэнтэй холбоотой гомдлыг шийдвэрлэсэн эсэх талаарх  баримт ирээгүй байхад шүүх хуралдааныг явуулах боломжгүй учир хойшлуулж өгнө үү гэв.

 Шүүхээс прокурорын байгууллага руу явуулсан албан бичгийн хариу ирээгүй боловч энэ маргаж байгаа хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн гэх нотолгоог Баянхонгор аймгийн Автотээврийн  газраас авах боломжтой гэж үзээд тухайн газраас хуурамч бичиг баримт бүрүүлсэн эсэх талаар лавлагааг ирүүлэхийг хүссэн.

Тус албан бичгийн хариу болох тээврийн хэрэгслийн лавлагаа 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ирсэн байх тул дээрх нотлох баримтыг авах шаардлагагүй гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.4, 27 дугаар зүйлийн 27.1.1, 28 дугаар зүйлийн 28.7.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Моксан” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2/961 дүгээр “Елбата” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг, *******,“Елбата” ХХК нарын хооронд байгуулсан  2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2023/77 дугаар “Баянхонгор аймгийн хөдөө аж ахуйн кластер төслийн газар тариалан, малын тэжээлийн дэд төслийн багц 6 Өвлийн хүлэмж барих ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газраас “Хөдөө аж ахуйн кластер төслийн газар тариалан, малын тэжээлийн дэд төсөл” 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэх ХХААХҮЯ/202212017 тоот тендерийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл   гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          С.САЙНБИЛЭГ