Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2023/0745

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны

                                                хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Б аймгийн Засаг даргын Тамгын газар, гуравдагч этгээд “Е” ХХК

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Б аймгийн Засаг дарга

Хариуцагч Б аймгийн Засаг даргын Тамгын газар

Хамтран хариуцагч: "Б аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газраас "Хөдөө аж ахуйн кластер төслийн газар тариалан, малын тэжээлийн дэд төсөл" 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэх ХХААХҮЯ/202212017 тоот тендерийн үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “Е” ХХК

Давж заалдах гомдол гаргасан шүүгчийн захирамж: Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э*******, Д.О*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, Ч.У*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 111/2023/0151/З

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 111/ШШ2023/0155 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Б аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2/961 дүгээр “Е” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг, Б аймгийн Засаг дарга, “Е” ХХК нарын хооронд байгуулсан 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2023/77 дугаар “Б аймгийн хөдөө аж ахуйн кластер төслийн газар тариалан, малын тэжээлийн дэд төслийн багц 6 Өвлийн хүлэмж барих ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар “Б аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газраас “Хөдөө аж ахуйн кластер төслийн газар тариалан, малын тэжээлийн дэд төсөл” 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэх ХХААХҮЯ/202212017 тоот тендерийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн  авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

            Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х******* шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

2.1. “..."Е" ХХК-ийн үнийн хөнгөлөлтийг үндэслэлгүй тооцсон үнийн хөнгөлөлт гэж үзэж үнэлгээний хороог Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 17.6.5.7 дугаарт Тендерт оролцогчийн санал болгосон үнэ, өөрийн ирүүлсэн төсвийн дүнтэй арифметик алдаанаас бусад тохиолдлоор зөрсөн. эсвэл үнийн хөнгөлөлт үзүүлж буй тохиолдолд үндэслэл шалтгааныг дурдсан мэдэгдлийг шаардлагатай нотлох баримтын хамт баталгаажуулан ирүүлнэ. Үндэслэлгүй тооцсон үнийн хөнгөлөлт бүхий тендерээс татгалзана гэж заасныг үнэлгээний хороо зөрчсөн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “Е” ХХК нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 17.6.5.7-д заасан Тендерт оролцогчийн санал болгосон үнэ, өөрийн ирүүлсэн төсвийн дүнтэй арифметик алдаанаас бусад тохиолдлоор зөрсөн, эсвэл үнийн хөнгөлөлт үзүүлж буй тохиолдолд үндэслэл шалтгааныг дурдсан албан тоот бүхий мэдэгдлийг ирүүлсэн материалдаа ирүүлсэн байсан.

2.2. Тендерийн баримт бичгийн ТШЗ-ийн 17.6.3-т автокран 1, ачааны машин 2 нийт 3 тээврийн хэрэгслийг шаардлагатай гэж заасан ба оролцогч “Е” ХХК-ийн эзэмшилд автокран 1, ачааны машин 1 нийт 2 тээврийн хэрэгсэл байсан нь үнийн хөнгөлөлт үзүүлэх боломжтойг харуулсан нотлох баримт болсон. Дэлгэрэнгүй тайлбарлавал .Елбат.а ХХК нь "Хөдөө аж ахуйн кластер төслийн газар тариалан, малын тэжээлийн дэд төсөл" 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилга угсралтын ажилд шалгарсан тохиолдолд 1.838.014.225 төгрөгийн үнийн саналаас өөрийн машинаар тээвэрлэлт хийх учир тээврийн зардал болон ашгаас 160.014.225 төгрөгийг хөнгөлж 1.678.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр санал болгосон байсан. Үнэлгээний хороо тухайн үнийн хөнгөлөлтийг өөрийн машинаар тээвэрлэлт хийх учир тээврийн зардал болон ашгаас 160.014.225 төгрөгийн үнийн хөнгөлөлт үзүүлж байгаа нь үндэслэлтэй гэж үзсэн. Учир нь Өвлийн хүлэмжийн барилгын ажлын төсвийн нэгдсэн товчооноос үзэхэд 1 ширхэг өвлийн хүлэмжийн тээврийн зардал нь 15.289.195 төгрөг, ашиг нь 41.619.227 төгрөг байсан ба 5 хүлэмжээр тооцоолоход тээврийн зардал нь 76.445.975 төгрөг, ашиг нь 208.096.135 төгрөг болж байсан ба тээврийн хэрэгслийн 2 нь өөрийн эзэмшлийнх байсан тул хөнгөлөлт үзүүлсэн хэмжээний хөнгөлөлтийг үзүүлэх боломжтой байна гэж үзсэн.

2.3. Нэхэмжлэгч "М" ХХК-ийг Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.5-ийн 5-д заасан Шүүхийн тусгай архивын лавлагааг цахим хэлбэрээр ирүүлээгүй нь тендерээс татгалзах үндэслэл болох талаар заагаагүй байх тул энэ үндэслэлээр үнэлгээний хороо татгалзсан буруу байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Тендерийн баримт бичгийн тендерийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.5-ийн 5. Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна гэж заасан. Тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлт хийхээс 3-аас доошгүй хоногийн өмнө нэвтрэн орж шүүхийн тусгай архивын лавлагаа авах хүсэлтийг илгээх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хянан үзэж лавлагаа цахимаар илгээдэг болохыг тендерийн баримт бичигт тусгайлан анхааруулсан байхад нэхэмжлэгч "М" ХХК нь цахим системээр тус тодорхойлолтыг ирүүлээгүй нь тендерээс шууд татгалзах үндэслэлтэй байдаг болно. Тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн ТШЗ 17.6.5-ийн төгсгөлд тендерт оролцогчдод зориулан шаардсан материалуудын аль нэг ирүүлээгүй, эсхүл өөрөөр ирүүлсэн тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно гэж зааж өгсөн. Өрсөлдөгч хоёр аж ахуйн нэгж нь тус тодорхойлолтыг цахимаар авч ирүүлсэн байсан нь бүх оролцогчид тус тодорхойлолтыг цахимаар ирүүлэх боломжтой, өрсөлдөх тэгш боломжоор хангасныг харуулж байна.

2.4. Мөн Тендерийн баримт бичгийн Ібүлэг тендер шалгаруулалтын зааварчилгааны 29.6. Шаардлагад нийцсэн тендер гэж ТШЗ-ны 29 дүгээр зүйлд заасны дагуу хянан үзэхэд тендерийн баримт бичгийн бүх нөхцөл, шаардлагыг буюу ТШЗ-ны 3-6, 11-24 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагыг нэгэн зэрэг хангаж байгаа, түүнд заасан баримт бичиг, тендер илгээх маягт болон бусад маягтуудыг зохих ёсоор ирүүлсэн, маягтуудын агуулгад өөрчлөлт оруулаагүй тендерийг хэлнэ гэж заасан ба "М" ХХК нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн тодорхойлолтыг цахимаар ирүүлээгүй, ижил төстэй ажлын шаардлагыг хангаагүй байсан нь шаардлагад нийцсэн тендер гэж үзэхээргүй байна.

2.5. Нэхэмжлэгч "М" ХХК-ийг Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 17.6-д заасан ижил төстэй ажил нь тендерийн үнийн дүнгийн 40 хувьд хүрээгүй гэж татгалзах үндэслэлгүй байна" гэж үзсэнийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүх нь нэхэмжлэгч “М” ХХК-ийн 2021, 2022 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын дүнг нэгтгэн авч үзсэн байна. Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 17.6-д заасан 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй, барилга угсралтын болон өвлийн хүлэмжийн ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх гэж заасан. Энэ нь 2020,2021,2022 онуудын аль нэг жилд гүйцэтгэсэн ажлын нэг гэрээг дангаар нь авч үзнэ гэсэн заалт болно.

2.6. Харин Нэхэмжлэгч "М" ХХК-ийн ижил төстэй ажилд тооцуулахаар бэлтгэж ирүүлсэн хийж гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл болон нотлох баримтаар ирүүлсэн гэрээнээс харахад 2021 онд “Т*******” ХХК-тай тариалангийн хүлэмж угсрах 410,0 сая төгрөг, 2022 онд “Эндээ хөгжил” ТББ-тай хүлэмж барих ажил 350,0 сая төгрөгийн ажил хийсэн байсан нь дээрх тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 17.6-д заасан шаардлагыг хангахгүй байгаа болно./ батлагдсан төсөвт өртгийн 40 хувь нь 754. 400.000 төгрөг ба нэхэмжлэгч "М" ХХК нь 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд 754.400.000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй, барилга угсралтын болон өвлийн хүлэмжийн ажил хийж гүйцэтгээгүй байсан болно.

2.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан байдаг.

Дээрх шалтгаанууд ил тод байсаар байхад Анхан шатны шүүхээс нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор харьцуулан үзэлгүй хэт нэг талыг барьж Нэхэмжлэгч "М" ХХК-ийн нэхэмжлэлийг хангасан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2.8. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч, Б аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10-р сарын 12-ны өдрийн 111/ШШ2023/0155 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гурав: Гуравдагч этгээд “Е” ХХК-иас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:

3.1. “..."М" ХХК-ийн зүгээс шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ манай "Е" ХХК-ийн захирал Л.Бадамцэцэгийг тендерт хуурамч баримт бичиг бүрдүүлсэн буюу 98-87 БНХ улсын дугаар бүхий өөрөө буулгагч бүхий тээврийн хэрэгсэл болон 67-68 ГЧ улсын дугаар бүхий чиргүүлийг тус компанийн мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлж залилан мэхэлсэн буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.6 дугаар зүйлийг зөрчсөнөөс гадна эрүүгийн хэрэг үйлдсэн гэж дурдсан.

3.2. Шүүхээс дээрх асуудалд дүгнэлт хийхдээ хуулийн 14.1.6-д илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон тохиолдолд гагцхүү түүнийг хуулийн уг үндэслэлд тооцох боломжтой ба талуудын хэн аль нь нэхэмжлэлд дурдаад буй асуудалтай холбоотой улсын байцаагчийн дүгнэлт гараагүйтэй маргаагүй учир тендерт оролцогч гуравдагч этгээдийг ерөнхий нөхцөл хангаагүй байжээ гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн.

Түүнчлэн гуравдагч этгээд "Е” ХХК-ийн 21-68 БНН улсын дугаартай автокран 1 ширхэг, 62-29 БНА ачааны машин 1 ширхэг, 80-66 БНХ дугаартай ачааны автомашин эзэмшигчтэй түрээсийн гэрээ байгуулсан нь хуулийн 16.1 дугаар зүйлийн 16.1, 16.1.4, тендер шалгаруулалтын зааварчилгааг үндэслэн хийсэн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.6.3-т заасныг зөрчөөгүй байна гэж буюу тоног төхөөрөмж, техникийн чадавхын хувьд тавигдах шаардлагыг манай байгууллага хангасан гэж дүгнэсэн.

3.3. Анхан шатны шүүх дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагад огт дурдаагүй буюу үндэслэлгүй үнийн хөнгөлөлт тооцсон гэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчид давуу байдал үүсгэж хэргийн оролцогч нарын эрх тэгш мэтгэлцэх боломжийг хязгаарласан явдал болсон. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэснийг зөрчсөн явдал болсон. Учир нь хэрэв нэхэмжлэгч уг асуудлаар маргаж нэхэмжлэлдээ дурдаж буй тохиолдолд гуравдагч этгээд цаашлаад хариуцагчаас үнийн хөнгөлөлт хэрхэн тооцсонтой холбоотой баримт гарган өгөх боломжтой байсан.

3.4. Нэхэмжлэлийн дараагийн үндэслэлд "Е" ХХК-ийг 2022-2023 онд Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн дээврийн засварын ажил, Баянзүрх дүүргийн 1-р хороо, 48 дугаар сургуулийн зүүн талд тохижилтын ажил, Баянзүрх дүүргийн 112, 114 дүгээр байрны зүүн талд талбайн тохижилтын ажилд шалгарсан гэх боловч энэ талаар ямар нэгэн мэдээлэл авагдаагүй. Мөн "М*******" ТББ-тай хийсэн ижил төстэй гэрээг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж тус тус нэхэмжлэлдээ дурдсан.

3.5. Гэтэл манай байгууллагын зүгээс дээрх Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн дээврийн засварын ажил, Баянзүрх дүүргийн 1-р хороо, 48 дугаар сургуулийн зүүн талд тохижилтын ажил, Баянзүрх дүүргийн 112, 114 дүгээр байрны зүүн талд талбайн тохижилтын ажлыг тендерт хүргүүлээгүй, үнэлгээний хороо ийм баримтыг үнэлээгүй байхад нэхэмжлэгч байгууллага нь манай компанийн мэдээллийг www.tender.gov.mn цахим сайтаас мэдээлэл аван нэхэмжлэлд үндэслэлгүйгээр бичиж байгаа нь ойлгомжгүй.

3.6. Харин "Е" ХХК-ийн зүгээс иргэн Ж.Энхжаргалтай 560,000,000 /Таван зуун жаран сая/ төгрөгийн өртөг бүхий өвлийн хүлэмж барих гэрээ байгуулж хийж гүйцэтгэсэн болох нь ажил хүлээлцсэн актаар нотлогддог бөгөөд талууд үүнд мөн маргаагүй. Гэтэл шүүх тус гэрээг байгуулахдаа гүйцэтгэх захирал Л.Бадамцэцэг гэх хүн гарын үсэг зурсныг эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 62-64 дүгээр зүйлд хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох талаар зохицуулсан. Мөн хуулийн этгээдээс олгож буй итгэмжлэлийн хувьд эрх баригч гарын үсэг зурж тамга дарснаар хүчин төгөлдөрт тооцдог. Гэрээнд гүйцэтгэх захирал буюу эрх бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгч, албан тушаалтан гарын үсэг зурсан цаашлаад хуулийн этгээдийн тамгаар баталгаажсан байхад ийнхүү хүчин төгөлдөр бус гэрээ мэт дүгнэх нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад ч тэр Бадамцэцэг гэх гүйцэтгэх захирал үйл ажиллагаанд оролцоод явдаг талаар тодорхой бичсэн байгааг дурдах нь зүйтэй болов уу. Иймд гэрээнд Ч.Ерөөлт ерөнхий захирал гарын үсэг зураагүй нь гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох нөхцөл биш болно. Нэмж дурдахад уг гэрээтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч мөн л маргаагүй болно.

3.7. "Мөнх ногоон Тал" ТББ-тай байгуулсан 800,000,000 /Найман зуун сая/ төгрөгийн төсөвт өртөгтэй Улаанбаатар хотын 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул тосгонд 10x100 метр өвлийн хүлэмжийн барилгын ажлын гэрээг 160,000,000 /Нэг зуун жаран сая/ төгрөгийн ажил байсан гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь тус ажлыг хийхэд захиалагчаас зөвхөн бараа материалаар хангасан боловч нийт 800,000,000 төгрөгийн өртөг бүхий /үнэлгээ/ хүлэмжийн барилгыг манай компани хийж гүйцэтгэсэн нь үнэн бөгөөд хүлээлгэн өгч актаар баталгаажсан байгаа тул ТӨХ-ийн заасан үүнийг ижил төстэй ажлын 40 хувьд хүрсэн гэж үзэх бүрэн боломжтой бөгөөд үнэлгээний хорооны дүгнэлт үндэслэлтэй.

3.8. Мөн шүүх шийдвэртээ "М" ХХК-д гэрээ байгуулах эрх олгохоос татгалзсан шийдвэр нь үндэслэлгүй хэмээн үзсэн. ...ийнхүү тайлбарлахдаа шүүх "М” ХХК-ийн "Т*******" ХХК-тай 410.000.000 төгрөгийн, "Э*******" ТББ-тай 350.000.000 төгрөгийн гэрээ байгуулж өвлийн хүлэмж барьсан гэсэн гэрээг дүгнэхдээ хоёр өөр компанитай хийсэн өөр өөр үнийн дүн бүхий, тусдаа ажлыг нэгтгэн үзэж тендерийн баримт бичгийн ТШЗ-ийн 17.3.6-д заасан 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй, барилга угсралтын болон өвлийн хүлэмжийн ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх гэснийг хангаж байна гэж үзсэн нь өрөөсгөл юм.

3.9. Өөрөөр хэлбэл Тендерийн баримт бичгийн ТШЗ-ийн 17.3.6-д заасан шаардлагыг хангасан байх гэдэг шалгуур нь тухайн гурван оны аль нэг жилд нэг удаагийн буюу нэг гэрээгээр нэг компанитай батлагдсан төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй барилга угсралтын болон өвлийн хүлэмжийн ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байхыг ойлгоно. Түүнээс биш хэдэн хэдэн өөр компанитай ажилласан төсөвт өртгийн дүнг нэгтгэн дүгнэж, ТШЗ-ийн 17.3.6-д заасан шаардлагыг хангасан хэмээн анхан шатны шүүх нэхэмжлэгч талд хэт давуу байдал олгон тайлбарласан нь үндэслэлгүй байна.

3.10. ТӨХ-ийн ТШЗ-ийн 17.6.1-т тус ажил нь тусгай зөвшөөрөл шаардагдах барилга байгууламж гэдгийг зааж өгсөн. Ингэснээр Барилгын тухай хуулийн 10.1.1-т заасан зөвшөөрөл шаардагдахгүй барилга байгууламж биш атал шүүхээс зөвшөөрөл шаардагдахгүй ажил тул Засгийн газрын 2021 оны 07-р сарын 20-ны өдрийн 212 дугаар тогтоол үйлчлэхгүй тул ажил хүлээлцэх акт шаардлагагүй гэсэн дүгнэлт үндэслэлгүй. Ажил хүлээлцэх актыг гэрээ болон захиалагчийн тодорхойлолттой адилтган авч үзэх яагаад ч боломжгүй тусдаа эрх зүйн үр дагавар бүхий баримт бичгүүд тул хувийн компанитай байгуулсан гэрээний ажилд ч тэр ажил хүлээлцэх акт байхыг шаардах нь үндэслэлтэй тул үнэлгээний хороо зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

3.11. “...Нэхэмжлэгч "М" ХХК-ийг Шүүхийн тусгай архивын лавлагааг цахим хэлбэрээр ирүүлээгүй нь түүнтэй гэрээ байгуулах эрх олгохоос татгалзах үндэслэл болохгүй хэмээн дүгнэсэн байдаг. Гэвч нэхэмжлэгч "М" ХХК нь тендерийн баримт бичигт Шүүхийн тусгай архивын лавлагааг заавал цахимаар хавсаргахаар заасан байтал цахим хэлбэрээр явуулаагүй нь тендерийн үнэлгээний хороо тухайн компанитай гэрээ байгуулах эрх олгохоос татгалзах үндэслэл мөн юм.

3.12. Тендерийн тухай хуулийн 5.1.5-д "тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ", мөн хуулийн 25.2.-т "Энэ хуулийн 21.5.6-д заасан хугацаанаас хожимдож ирсэн, эсхүл тендерийн баримт бичигт зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн тендерийг хүлээж авахгүй бөгөөд хаягаар нь буцаана" хэмээжээ. Энэ нь тендерийн баримт бичигт заасан хэлбэр, шаардлагын дагуу тендерийн баримт бичгийг илгээх нь тухайн тендер илгээгч байгууллагыг шалгаруулах гол урьдач нөхцөл болох хэрэв тендерийн баримт бичигт зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн бол тухайн байгууллагатай гэрээ байгуулахаас татгалзах нь үндэслэлтэй болно. Мөн ТӨХ-ийн ТШЗ 17.6.5-т ТӨХ-ийн хүснэгтэд шаардсан материалуудын аль нэг ирүүлээгүй, эсхүл өөрөөр ирүүлсэн тохиолдолд уг тендерээс татгалзана гэж заасантай нийцсэн.

3.13. “....Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 17.6.3-н 3 дахь хэсэгт "...тендерт ирүүлсэн гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үндсэн тоног төхөөрөмж, машин механизмуудын 66 ба түүнээс доошгүй хувь нь тендерт оролцогчийн өөрийнх нь эзэмшил байх шаардлагатай" гэсэн байна. Гэвч тендер ирүүлсэн материалд нэхэмжлэгч компанийн ажил гүйцэтгэхэд шаардагдах үндсэн машин тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь "М" ХХК-ийн тендерт ирүүлсэн нийт 4 машины лавлагаа байх бөгөөд түүнээс зөвхөн ганц нь л нэхэмжлэгч ХХК-ийн өөрийн эзэмшлийн машин болох нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаанаас харагддаг билээ. Тиймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ТШЗ-ийн 17.6.3-д заасан шаардлагыг хангасан болохыг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

3.14. Эцэст нь нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд нэхэмжлэгч нь дээр дурдсанчлан 2 агуулгаар л нэхэмжлэл гаргасан байсан буюу манай байгууллагыг шаардлага хангаагүй эргэлзээтэй тендер ирүүлсэн байж болзошгүй гэж л маргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч "Москан" ХХК-ийн ирүүлсэн материал шаардлага хангаагүйтэй холбоотой үнэлгээний хорооны хийсэн дүгнэлт шийдвэртэй нэхэмжлэгч өөрөө маргадаггүй. Энэ нь Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 03/3149 дугаар бүхий гомдол хянасан тухай шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүйгээс тодорхой харж болох юм. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, талуудын маргаагүй асуудалд дүгнэлт гаргасан нь процесс хууль зөрчсөн явдал болсон. Үүнд захиргааны хэрэг үүсгэж буй захирамж хүртэл хамааралтайг тодруулж байна.

3.15. Түүнчлэн, Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасныг зөрчсөн. Учир нь нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргасан байдаг. Ийнхүү гомдлоо гаргахдаа гомдол гаргах ажлын 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн тул гомдлыг буцаан шийдвэрлэсэн Сангийн яамны 2023 оны 06-р сарын 21-ний 03/4620 дугаар бүхий албан бичиг болон 06-р сарын 30-ны өдрийн 03/4976 дугаар бүхий албан бичгүүд хэрэгт авагдсан. Иймд нэгэнт гомдол гаргах хугацаа дууссан учир захиалагч нь гуравдагч этгээдтэй гэрээг байгуулсан тул нэхэмжлэгчийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд хэрэгжүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3-т зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн байсан.

Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч, Б аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10-р сарын 12-ны өдрийн 111/ШШ2023/0155 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “М” ХХК-иас Б аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Б аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газраас “Хөдөө аж ахуйн кластер төслийн газар тариалан, малын тэжээлийн дэд төсөл” 10*40 метрийн харьцаатай 5 ширхэг өвлийн хүлэмжийн барилгын ажил гүйцэтгэх ХХААХҮЯ/202212017 тоот тендер, “Е” ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр болон “Е” ХХК-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Б аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2/961 дүгээр “Е” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг, Б аймгийн Засаг дарга, “Е” ХХК нарын хооронд байгуулсан 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2023/77 дугаар Б аймгийн хөдөө аж ахуйн кластер төслийн газар тариалан, малын тэжээлийн дэд төслийн багц 6 өвлийн хүлэмж барих ажлын захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийн үндэслэлдээ “... “Е” ХХК-ийн ерөнхий захирал нь Ч.Ерөөлт гэх хүн байх бөгөөд иргэн Л.Энхжаргалтай өвлийн хүлэмж барих гэрээ байгуулсан этгээд нь гуравдагч этгээд болох “Е” ХХК боловч гүйцэтгэх захирал Бадамцэцэг гэх хүн гарын үсэг зурсан байна. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/745 дугаартай албан бичгийг ирүүлсэн лавлагаа дээрээс харахад “Е” ХХК-ийн удирдах албан тушаалтан нь ерөнхий захирал Ч.Ерөөлт гэх хүн байхаас гүйцэтгэх захирал гэх удирдлагагүй байх тул уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй байна. ...гуравдагч этгээд нь Мөнх ногоон тал ТББ-д хийж гүйцэтгэж өгсөн ажил нь 160.000.000 төгрөгийн ажил гэж дүгнэлээ” гэжээ.

4. Б аймгийн хөдөө аж ахуйн кластер төслийн багц 6 буюу өвлийн хүлэмж барих ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ХХААХҮЯ/202212017 тоот тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн ТШЗ 17.6-д “...ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй, барилга угсралтын болон өвлийн хүлэмжийн ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх /ажил гүйцэтгэсэн гэрээ, комисс хүлээж авсан акт, дүгнэлтийн эхээс хийсэн хуулбар /Комиссын дүгнэлт нь Засгийн газрын 2021 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 212 дугаар тогтоолын дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан баталгаажуулсан байна/ тухайн ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тухай захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэж заажээ.

5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “... “Мөнх ногоон тал” ТББ-аас гаргаж өгсөн тодорхойлолтод 800.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил гэж заасан. Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаар тогтоолоор ажил хүлээлцсэн акт байхыг заавал шаардаж байгаа. Үүний дагуу ажил хүлээлцсэн акт болон гэрээ, тодорхойлолтыг хавсарган өгсөн. ... иргэн н.Энхжаргалтай 560.000.000 төгрөгийн өвлийн хүлэмж барих гэрээ байгуулсан. Мөн 1.4 тэрбум төгрөгийн соёлын төвийн ажил гүйцэтгэсэн байгаа. Энэ нь өвлийн хүлэмж биш боловч барилга угсралтын ажил учраас тендерийн баримт бичигтээ илгээсэн. Энэ 3 ажлын ажил хүлээлцсэн акт нь байгаа...” гэж,

 6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Гэрээ дүгнэсэн акт байдаг. Түүгээр 800.000.000 сая төгрөгийн гэрээ байгуулсан учраас 40 хувьд хүрсэн гэж дүгнэсэн. ...Сиди /CD/-д хуулбарлан өгсөн” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д тендер гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг, 5.1.5-д тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ, 19 дүгээр зүйлийн 19.2-т Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана, 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэж тус тус заажээ.

8. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Тендерийн үнэлгээний хороо оролцогчдын ирүүлсэн тендерийн материал нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэхдээ тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийн дагуу ирүүлсэн эсэхийг шалгах бөгөөд гуравдагч этгээд “Е” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материал нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй, хууль тогтоомжид нийцээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдолд шүүх хариуг өгөх боломжгүй байна.

9. Учир нь хэрэгт нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн тендерийн баримт бичиг нотлох баримтаар авагдаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй учраас анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цуглуулаагүй байна гэж үзлээ.

10. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс ямар баримтыг үндэслэж дээрх дүгнэлтийг өгч хэргийг шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...тендерт оролцсон 3 компанийн материалыг 1 ширхэг Сиди /CD/-д хуулбарлаад өгсөн...” гэж тайлбарлаж байх боловч хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг Сиди /СD/ нь уншигдахгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй нотолгооны хэрэгсэл байна.

11. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд “... “Е” ХХК-ийн ерөнхий захирал нь Ч.Ерөөлт гэх хүн байх бөгөөд иргэн Л.Энхжаргалтай өвлийн хүлэмж барих гэрээ байгуулсан этгээд нь гуравдагч этгээд болох “Е” ХХК боловч гүйцэтгэх захирал Бадамцэцэг гэх хүн гарын үсэг зурсан байна. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/745 дугаартай албан бичгийг ирүүлсэн лавлагаа дээрээс харахад “Е” ХХК-ийн удирдах албан тушаалтан нь ерөнхий захирал Ч.Ерөөлт гэх хүн байхаас гүйцэтгэх захирал гэх удирдлагагүй байх тул уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй байна” гэж дүгнэсэн боловч уг гэрээ нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

          12. Нэгэнт давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                       Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН