Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 218/МА2019/00023

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 06 өдөр                                   Дугаар 218/МА2019/00023                                     Сайнцагаан сум

 

 

 

М.Бий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 139/ШШ2019/00392 дугаар шийдвэртэй,

М.Бий нэхэмжлэлтэй Дундговь аймгийн ЗГд хариуцагдах Дундговь аймгийн 2019 оны 6 сарын 27-ны Б/18 тоот захирамжийг хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Б

Хариуцагчийн төлөөлөгч А.Н, Б.Т

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн

Нарийн бичгийн дарга Б.Алдармаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 онд ******* цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтанд орж тэнцэж, 2016 оны 12 сарын 15-ны өдөр Б/78 тоот захирамжаар ажилд томилогдон, эрхлэгчийн ажлыг хүлээн авч алдаа зөрчил гаргалгүй ажиллаж байсан. Гэтэл 2019 оны 6 сарын 28-ны өдөр аймгийн Засаг даргын Б/18 тоот ажлаас чөлөөлөх тухай захирамжийг гэнэт хүлээн авч, 2019 оны 7 сарын 2-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Би Засаг даргын захирамжид дурдсан зөрчил гаргаагүй, ажлаа сайн хийж гүйцэтгэж байсан гэж үзэж байна. Иймд Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 6 сарын 27-ны Б/18 тоот захирамжийг хүчингүй болгож, эрхэлж байсан албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү, би нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч А.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил дутагдлыг гаргасан гэх үндэслэл тогтоогдсон. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалтыг үндэслэн тус тушаалыг гаргасан. Хүний эрхийн үндэсний комиссоос 2019 оны 4 сард ******* цэцэрлэгт шалгалт явуулаад нэхэмжлэгчийн гаргасан зөрчилтэй холбогдуулаад албан шаардлага ирүүлсэн байсан. 2017 онд нэхэмжлэгч цэцэрлэгийн хүүхдийн үдийн цайнд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдан авч өгсөн болох нь мэргэжлийн хяналтын газраар тогтоогдож арга хэмжээ авагдсан. Мөн 2018 оны 2 сард нэхэмжлэгч өөрийнхөө төрсөн дүүг ажилд томилохдоо нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийг зөрчиж сахилгын шийтгэлийг удаа дараа хүлээсэн. 2019 онд ******* цэцэрлэгийн эцэг эхийн төлөөллөөс нэхэмжлэгчтэй холбоотой гомдол гаргасан. Гэх мэтээр ийм олон удаа зөрчил гаргасан учраас нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг анх аймгийн ЗГ ажилд томилсон. Ажилд томилохдоо Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиудыг мөрдөж ажиллах талаар хэлж байсан. Нэхэмжлэгчийг ажпаас нь чөлөөлөхөөс өмнө 2019 оны 5 сарын 14-ний өдөр ажлаас ямар үндэслэлээр чөлөөлөх гэж байгаа талаар мэдэгдэл өгсөн боловч нэхэмжлэгч ямар нэгэн хариу өгөөгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн заалт бүрээр аймгийн ЗГ тайлбар өгсөн байгаа гэжээ.

Анхан шатны шүүх:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-т зааснаар М.Бий гаргасан Дундговь аймгийн ЗГд холбогдох Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 6 сарын 27-ны Б/18 тоот захирамжийг хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэж үзэж дараах үндэслэлээр тайлбарлаж байна.

1.Ажил олгогч аймгийн ЗГ нь Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч М.Бийг ажлаас чөлөөлөхдөө албан тушаалтанд эрх олгосон хуулийн заалтуудаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Монгол улсын Хүний эрхийн үндэсний 2019 оны 5 сарын 3-ны өдрийн 2/16 дугаартай албан шаардлага, Хөдөлмөрийн гэрээний 3.2.2.6, 3.2.2.8 дугаар заалтуудыг тус тус үндэслэл болгосон.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртээ:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Сайнцагаан сумын Засаг даргыг оролцуулан байгуулсан нь хууль зөрчсөн. Мөн нэг ажлын байранд хөдөлмөрийн гэрээ, Үр дүнгийн гэрээ байгуулсан нь буруу гэж мэтгэлцэж байх боловч талууд...энэ талаар нэхэмжлэлийн шаардлагад байхгүй тул энэхүү тайлбарыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй байна гэжээ.

Цэцэрлэгийн эрхлэгч нь тухайн үед дагаж мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд /Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэг 2017 он/ хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах албан тушаалтан юм. Дээрх албан тушаалтантай Аймгийн ЗГ, Сумын ЗГ нар нь 2 уулаа ажил олгогчийг төлөөлж хөдөлмөрийн гэрээ, Сайнцагаан сумын ЗГ дангаараа Үр дүнгийн гэрээ тус тус байгуулан ажилласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээ байгуулахыг хориглоно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна. Мөн Сайнцагаан сумын ЗГ нь М.Бтэй ажил олгогчийг төлөөлж хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхгүй атлаа 2017 оны 1 сараас ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан зэрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 24.1 дахь хэсэгт заасан заалтыг хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Холбогдох хуулийн заалтыг ноцтой зөрчсөнөөр ажилтаны эрх ашгийг дордуулж, албан тушаалтнуудын зүгээс байнгын ажлын байран дээр 2 төрлийн гэрээ байгуулж улмаар ажил олгогч нь дээрх хууль бус гэрээнийхээ заалтыг үндэслэн хариуцлага тооцсон байхад шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэх өрөөсгөл дүгнэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2. Нэхэмжлэгч нь удаа дараа сахилгын шийтгэл хүлээж байсан боловч хамгийн сүүлд 2018 оны 3 сарын 02-ны өдөр сахилгын шийтгэл хүлээснээс хойш ажлаас чөлөөлөгдөх хүртэл сахилгын шийтгэл хүлээгээгүй байх тул хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. Хамт олны санал гомдол 2 ба түүнээс дээш удаа удирдах байгууллагад ирсэн, тухайн асуудлаар арга хэмжээ авахуулсан болох нь нотлогдохгүй байна...гэж дүгнэсэн.

Ажилтаны зүгээс хөдөлмөрийн гэрээний 3.2.2.6-д заасан зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй нь маргаан бүхий захирамжийг хууль зүйн үндэслэлгүй болохыг нотлон харуулж улмаар ажилтныг ажлаас үндэслэлгүй халсан гэх хангалттай үндэслэл байсаар байтал шүүх захирамжийг хүчингүй болгохгүйгээр бусад зөрчлүүд нь тогтоогдож байна гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

3. Шүүх Хөдөлмөрийн гэрээний 3.2.2.8 дахь хэсэгт заасан “ Мэргэжлийн байгууллагын шалгалтаар холбогдох хууль журмын заалтыг давтан зөрчсөн” болох нь Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 2/16 дугаартай албан шаардлагаар нэхэмжлэгч М.Б холбогдох хууль журмын заалтуудыг зөрчиж 9 төрлийн зөрчил гаргасан болох нь нотлогдсон хэмээн дүгнэжээ.

Хүний эрхийн үндэсний комиссын албан шаардлагад дурдсан зөрчлүүдийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа тодорхой дурдсан. Хүний эрхийн үндэсний комиссоос явуулсан хяналт шалгалт нь Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн гэж бид үздэг. Тийм ч учраас уг шаардлагатай холбоотой зүйлийг тодруулахаар хяналт шалгалт явуулсан болон шаардлага хүргүүлсэн албан тушаалтнуудыг дуудан гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд ирэхээс татгалзсан юм. Хуулийн заалт зөрчигдсөн гэх асуудлын тухайд:

Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаанд Дундговь аймаг дахь референт ******* хяналт шалгалт явуулж Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Н.Ганбаяр шаардлага хүргүүлсэн байна. ******* нь хяналт шалгалт явуулах эрхгүй бөгөөд Монгол улсын ХЭҮК-ийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хяналт шалгалт явуулах нь комиссын гишүүний бүрэн эрхэд хамаарах асуудал юм.

Хяналт шалгалт явуулах эрхгүй этгээдийн хийсэн шалгалтын үр дүнг үндэслэж холбогдох албан тушаалтанд шаардлага хүргүүлж улмаар хариуцлага тооцож байгаа нь ажилтны эрх ашгийг ноцтой зөрчсөн бөгөөд шүүх аймгийн Засаг даргын захирамжийн үндэслэл болсон дээрх баримтыг хууль болон бодит байдалд нийцэж байгаа эсэхийг нягталж тогтоохгүйгээр маргааныг шийдвэрлэж хэрхэвч болохгүй хэмээн үзэж байна.

4. Хүний эрхийн үндэсний комиссын Дундговь аймаг дахь референт ******* хяналт шалгалтыг 2019 оны 4 сарын 17, 18-ны өдрүүдэд хийж, ХЭҮК-ийн албан шаардлага 2019 оны 5 сарын 3-ны өдөр үйлдэгдэж Аймгийн ЗГд хүргэгдсэн ба ЗГас 2019 оны 5 сарын 14-нд М.Бд мэдэгдлийн хамт хуулбарлан хүргүүлсэн болох нь хариуцагч талаас гаргаж ирүүлсэн баримтуудаар нотлогддог.

Дээрх үйл баримтаас М.Бий гаргасан гэх зөрчлийг илрүүлсэн хугацаа нь 2019 оны 5 сарын 3-ны өдөр бөгөөд Аймгийн ЗГ 2019 оны 6 сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлж хариуцлага тооцож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд /Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2/ заасан “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг мөн л зөрчсөн байна.

5. Албан шаардлагыг хариуцагч хүлээн авч 2019 оны 5 сарын 14-ний өдөр хүргүүлсэн ба хэн аль нь гомдол гаргаагүй байх тул шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж анхан шатны шүүхээс дүгнэжээ.

ХЭҮК-ын 2019 оны 5 сарын 3-ны албан шаардлагыг зөвхөн Аймгийн ЗГд хүргүүлсэн бөгөөд хувийг зөрчил гаргагч гэх М.Бд хүргүүлээгүй. Аймгийн ЗГ дээрх шаардлагыг М.Бд мэдэгдлийн хамт хуулбарлан хүргүүлэхдээ сонсох ажиллагаа зохион байгуулах, холбогдох баримтуудыг ирүүлэх, тайлбар гаргах талаар мэдэгдсэн. Хүний эрхийн Үндэсний комиссоос албан шаардпагыг албан ёсоор эх хувь эсхүл баталгаажуулсан хуулбар хувийг М.Бд гардуулж өгөөгүй зөвхөн аймгийн засаг даргын нэр дээр ирүүлсэн албан шаардлагад гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутган уг шаардлагыг хөдөлбөргүй үнэн нотлох баримт хэмээн урьдаас дүгнэж хэрэг маргааныг шийдвэрлэсэн хэмээн үзэж байна.

6. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 24-ний өдрийн шийдвэрийн дугаар 139/ШШ2018/00392 буюу хэрэг маргаан шийдвэрлэгдэхээс 1 жилийн өмнөх дугаартайгаар албажиж хэргийн оролцогч нарт гардуулагдсан нь ИХШХШТХ-д нийцэж байгаа эсэхийг онцгой анхаарна уу.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 24-ний өдрийн 139/ШШ2018/00392 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв. 

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, хэргийн оролцогчид эрх үүрэг танилцуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс хэргийн оролцогчийн шүүхэд мэтгэлцэх эрх хэрэгжээгүй, улмаар шийдвэрийн үндэслэл болсон хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлага хангаагүй, шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмаар үнэлээгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч М.Б нь Дундговь аймгийн ЗГ *******д холбогдуулан ажлаас халсан шийдвэрийг хүчингүй болгож, тус аймгийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.Нд шүүх хуралдаан болох өдөр  Б.Тт шүүх хуралдааны өмнөх өдөр эрх үүрэг танилцуулснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эсрэг талын шаардлага түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх талаар хуульчилсан хэргийн оролцогчийн дээрх болон мэтгэлцэх эрх хэрэгжээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж хуульчилсан. Нэхэмжлэлийн үндэслэл болсон нотлох баримтууд нь “шүүхийн архив хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулсан байгаа нь энэ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан  бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзнэ.

Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой тухайн нотлох баримт өөр орон нутагт байгаа учраас хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх заалттай бөгөөд нэхэмжлэгчийн дээрх нотлох баримтууд нь энэ заалтад хамаарах нотлох баримтууд биш байна.

Мөн уг хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээнд оролцож байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд бичмэл нотлох баримтыг хэрхэн бүрдүүлж шүүхэд өгөх асуудлыг хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх нотлох баримтыг ийнхүү бүрдүүлсэн нь хуульд нийцээгүй, хуульд заасан журам зөрчиж цуглуулсан нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх энэ хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалт зөрчигдөх үндэслэл болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгааг заах шаардлагыг хуульчилсан. Гэтэл шүүх шийдвэртээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтанд огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь хуулийн дээрх заалт шаардлагад нийцээгүй байна.  тухайлбал ажил олгогчийн ажилтныг ажлаас халсан тушаалын үндэслэлд Монгол улсын хуулиуд болон олон улсын гэрээ конвенц зөрчсөн талаар тусгасан. Эдгээр зөрчлүүдийг ажилтан хэрхэн яаж, ямар хугацаанд үйлдсэнийг тогтоосон нотлох баримтын болоод маргааны үйл баримтанд хууль зүйн бодит дүгнэлт хийгээгүй, цалин хөлс гаргуулах шаардлагадаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад шүүх хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн зэрэг нь хуульд нийцээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх, болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, үүнийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул гомдол гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтсон болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 139/ШШ2019/00392 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ                              Ш.ТӨМӨРБААТАР

 

                                        ШҮҮГЧИД                              Т.БЯМБАЖАВ  

 

                                                             Ц.ОТГОНЦЭЦЭГ