Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 96

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн тоотод оршин суух хаягтай,  Ч овогт М.Б/РД/-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дундговь аймгийн -д хариуцагдах Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 6 сарын 27-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажил албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Тэргүүлэх багш мэргэжлийн зэрэг олгуулах, балансын урамшуулал, түлээний үнийн хөнгөлөлт гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн төлөөлөгч Б.Н, У.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цнар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   М.Бби 1969 онд төрсөн. Боловсролын салбарт 28 жил ажиллаж байна. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2019 оны 06 сарын 27 өдрийн Б/18 тоот захирамж үндэслэлгүй гэж үзэж байна. Урьд эрхэлж байсан ажид албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, тэргүүлэх багш мэргэжлийн зэрэг олгуулах, мөн түлээний үнийн хөнгөлөлт, балансын урамшуулал гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэнди йн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж байна  гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Н, У.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгч М.Бнь 1-р цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа Монгол улсын хууль тогтоомжийг зөрчиж, Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул ажлаас нь чөлөөлсөн тушаал хуульд нийцэж байх тул нэхэмжлэгчийг тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Бнь Дундговь аймгийн засаг даргын 2019 оны 06 сарын 27 өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, балансын урамшуулал, түлээний үнийн хөнгөлөлт гаргуулах,  нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Тэргүүлэх багш мэргэшлийн зэрэг олгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч тал М.Бийг Монгол улсын үндсэн хуулийн 14-р зүйлийн 14.2, 16-р зүйлийн 16.12, 16.16,  Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 2, 19, Төрийн албаны тухай хуулийн 39-р зүйлийн 39.1.4,  Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5-р зүйлийн 5.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.2, 40-р зүйлийн 40.1.4, 130-р зүйлийн 130.2, 131-р зүйлийн 131.1, Хүүхдийн эрхийн конвенцийн 2-р зүйлийн 2.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8-р зүйлийн 8.8, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2013 оны 293-р тушаалаар батлагдсан” Цэцэрлэгийн багшийн ажлыг дүгнэх журам”, МУ-н засгийн газрын 2018 оны 08 сарын 22 өдрийн 258 дугаартай  “Төрийн албаны сахилга, дэг журмыг чангатгах тухай”  тогтоолын 1дэх хэсгийн 1.2, 1.10, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.4, Хөдөлмөрийн гэрээний 3.2.2.6, 3.2.2.8-г  зөрчсөн тул нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Засаг даргын 2019 оны 06 сарын 27 өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

 

 Нэхэмжлэгч М.Бийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 05 сарын 03 өдрийн 2/16 дугаартай албан шаардлага, Хөдөлмөрийн гэрээний 3.2.2.6, 3.2.2.8-р заалтуудыг үндэслэн  Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 06 сарын 27 өдрийн Б/18 дугаар захирамжаар ажлаас чөлөөлжээ.  /хэргийн 7-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”  гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалхаар хуульчилжээ.

Нэхэмжлэгч М.Бнь Сайнцагаан сумын Засаг даргын 2017 оны 06 сарын 05 өдрийн Б/14 дугаартай захирамжаар сарын үндсэн цалинг 10 хувиар 3 сарын хугацаатай бууруулах, 2018 оны 03 сарын 02 өдрийн Б/11-р захирамжаар сарын үндсэн цалинг 1 сар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хэргийн 49-50- хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.4-т зааснаар 2019 оны 06 сарын 27 өдрийн байдлаар нэхэмжлэгч М.Бнь  сахилгын шийтгэлгүйд тооцогдож байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4-д заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан,...”  гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Улсын дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03 өдрийн 33-р тогтоолын 15-р зүйлийн 15.4.2-т  “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.” гэж тайлбарлажээ.  Талууд хөдөлмөрийн гэрээндээ 9 зөрчлийг нэрлэн зааж ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон байна. Үүнээс гэрээний 3.2.2.6 “ Хамт олны санал гомдол, 2 ба түүнээс дээш удаа удирдах байгуулагад ирсэн, тухайн асуудлаар арга хэмжээ авахуулсан /аймаг сумын Засаг дарга, БСУГ, БСШУЯ/”, 3.2.2.8-д  “ Мэргэжлийн байгууллагын шалгалтаар холбогдох хууль журмын заалтыг давтан зөрчсөн” гэх ноцтой зөрчлүүдийг нэхэмжлэгч  М.Бгаргасан гэж хариуцагч тал тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар хамт олны санал, гомдол  2 ба түүнээс дээш удаа удирдах байгууллагад ирсэн, тухайн асуудлаар арга хэмжээ авахуулсан болох нь нотлогдохгүй байна.  Тус хэргийн гэрч Ц.Бумангэрэл Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн нэр бүхий ажилчидаас өргөдөл гомдол ирсэн гэж мэдүүлж байх боловч  тухайн өргөдөл гомдолыг ёс зүйн зөвлөлд ирүүлсэн байна. Ёс зүйн зөвлөл нь “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчил гаргасан талаарх асуудлыг шалгаж, хариуцлага хүлээлгэх үндэстэй эсэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байгууллага байхаар журамлагдсан байх бөгөөд ёс зүйн зөвлөлийг удирдах байгууллага, мөн мэргэжлийн байгууллага гэж үзэх үндэслэлгүй байна.  Талууд хөдөлмөрийн гэрээндээ удирдах байгууллага гэдэгт аймаг сумын Засаг дарга, БСУГ, БСШУЯ байхаар харилцан тохиролцсон байна.  Мөн ёс зүйн зөвлөлд ирүүлсэн өргөдөл гомдолтой холбоотой асуудлаар нэхэмжлэгч М.Бд арга хэмжээ авсан талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн нэхэмжлэгч М.Бнь хэрэгт авагдсан баримтаар мэргэжлийн байгууллагын шалгалтаар холбогдох хууль дүрмийг давтан зөрчсөн зөрчлийг гаргасан болох нь нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч М.Бийг багш ажилчдад хууль бус хэлбэрээр ажлын байрны дарамт шахалт үзүүлж, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, багш ажилчид хүүхдийг ялгаварлан гадуурхсан, багш ажилчдын эрх зүйн байдлыг дордуулж хохироосон, хүүхдийн сурч боловсрох хөгжих эрхийг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч дээрхи зөрчлүүдийг шалгаж нотолсон талаархи баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 05 сарын 03 өдрийн 2/16 дугаартай албан шаардлагад 9 багц зөрчлийг нэрлэн дурьдаж  шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, биелэлтийн талаар хариу ирүүлэхийг Дундговь аймгийн Засаг даргад мэдэгджээ. /хэргийн 38-42-р хуудас/

Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 2/16 дугаартай албан шаардлагад дурьдсан зөрчлийг М.Б гаргасан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, ХЭҮК-н шаардлага ирсэнээр тухайн зөрчлийг гаргасан гэж тооцох нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч М.Бнь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь  тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч М.Бийг Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн гаргасан Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 06 сарын 27 өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Ажилгүй байсан хугацааны цалин, балансын урамшуулал, түлээний үнийн хөнгөлөлт гаргуулах, Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин 7629845 /үндсэн цалин, нэмэгдлүүд/ төгрөг,  балансын урамшуулал 893425 төгрөг, түлээ түлшний урамшуулал 300000 төгрөг, нийт 8823270 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д “ Нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулж болно” гэж заасан байна. Төсвийн шууд захирагч /цэцэрлэгийн эрхлэгч/-ийг шагнаж урамшуулах эрх зүйн зохицуулалт  байхгүй /шагнаж урамшуулахыг үүрэгжүүлээгүй/ тул балансын урамшуулал гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 12 сарын 28 өдрийн А/44 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам”-ын 1-р зүйлийн 1.1.-д “энэхүү журам нь цэцэрлэгийн захиргаа болон багш ажилтнууд ... үйл ажиллагаа зохион байгуулж, ... байгуулагын тасралтгүй үйлчилгээ, үйл ажиллагааг хангахад чиглэгдэнэ”,  3.11-р зүйлийн 3.11.6-д “... жилд нэг удаа багш ажилчдад халаалт болон мод, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлтийг олгож, нийгмийн асуудалд нь дэмжлэг үзүүлнэ” гэж  тус тус заасан байна.

Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар байгууллагын ажилтнуудад түлээ нүүрсний хөнгөлөлт олгох асуудлыг шийдвэрлэх нь Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн дотоод асуудал байх тул түлээний үнийн хөнгөлөлтийг хариуцагч талаас нэхэмжлэх нь үндэслэлгүй байна.

Иймд балансын урамшуулал 893425 төгрөг, түлээ, түлшний хөнгөлөлт 300000 төгрөг, нийт 1193425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч нь 2019 оны 08 сарын 11 өдрөөс эхлэн 2020 оны 01 сарыг дуусталх хугацааны буюу нийт ажилгүй байсан 121 хоногын  хугацааны цалин /үндсэн болон нэмэгдэл/ 7629845 төгрөгийг нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх буюу 2019 оны 5,6,7-р саруудад нийт 4323019 төгрөгийн цалин олговрыг авсан нэг өдрийн цалин 68619 4323019/63=68619/ төгрөг байна.   Нэг өдрийн цалинг ажилгүй байсан 121 хоногоор тооцоолвол нийт 8302941 төгрөг байх боловч нэхэмжлэгч тал 7629845 төгрөг нэхэмжилж байх тул  нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хариуцагч талаас 7629845 гаргуулж нэхэмжлэгчид олгох,  нэхэмжлэгчид олгох олговроос нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу суутгах,  нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгт даалгаж шийвэрлэв. 

 

Тэргүүлэх багш мэргэжлийн зэрэг олгуулах шаардлагын тухайд

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12 сарын 20 өдрийн А/812 дугаар тушаалаар батлагдсан “ Мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 2-р зүйлийн 2.1 /мэргэжлийн зэрэг олгоход дараах нийтлэг шалгуурыг баримтална.../, 3-р зүйлийн 3.8./Сургалтын байгууллагын захиралд мэргэжлийн зэрэг олгох шийдвэрийг томилсон эрх бүхий албан тушаалтан гаргана. Шийдвэр гаргахад тухайн сургалтын байгууллагын багш нарын зөвлөлийн хурлын шийдвэр, боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага /цаашид “аймаг, нийслэлийн боловсролын газар” гэх/-ын санал болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэнэ./-д зааснаар нэхэмжлэгчийн ажлын үр дүнд шалгуур хийсэн эсэх нь тодорхойгүй, багш нарын зөвлөлийн хурлын шийдвэр, боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагын санал, мэргэжлийн зэрэг авах болзол шалгуурын хангасан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.  Иймд тэргүүлэх багш мэргэжлийн зэрэг олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дугаар зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар  нэхэмжлэгч Ч овогт М.Б /РД/-ыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 7929845 төгрөгийг  хариуцагч тал /Дундговь аймгийн засаг дарга/-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны олговроос  нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган нэхэмжлэгчийн Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг /”Тэргүүлэх багш” мэргэжлийн зэрэг олгуулах, балансын урамшуулал 893425 төгрөг, түлээний хөнгөлөлт 300000 төгрөг гаргуулах/-ийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 241273 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч талаас 212027 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  3. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд үзлэг хийсэн Л.Бгийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгт холбогдох 2019 оны 07 сарын 26 өдрийн 139/ШШ2019/00314 дугаар шийдвэртэй иргэний хэргийг дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын архивт буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Уд даалгасугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар зохигчид энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б