Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 218/МА2019/00024

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 06 өдөр                             Дугаар 218/МА2019/00024                                           Сайнцагаан сум

 

 

 

ДАЦГ

хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 139/ШШ2019/00407 дугаар шийдвэртэй,

ДАЦГ хүсэлттэй,

Дундговь аймгийн тоотод оршин суух, Халх овогт Жийн Г/ЗЮ/-ыг албадан эмчлэх газарт явуулахыг хүссэн иргэний хэргийг,

Албадан эмчлүүлэгч Ж.Гийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Г

Албадан эмчлүүлэгч Ж.Г,

Өмгөөлөгч Г.Лхам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алдармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

ДАЦГ шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Ж.Г нь сүүлийн жилүүдэд согтууруулах ундааг тогтмол хэтрүүлэн хэрэглэж, гудамж талбай олон нийтийн газар биеэ авч явах чадваргүй, ухаангүй унаж, архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирж, захиргааны арга хэмжээ авагдсан.

Иймд эмнэлгийн комиссын дүгнэлт, багийн засаг даргын тодорхойлолт, удаа дараа саатуулагдсан бүртгэл зэргийг үндэслэн архины албадан эмчилгээнд хамруулах албадлагын арга хэмжээ авахуулах хүсэлт гаргаж гаргаж байна гэжээ.

ДАЦГ төлөөлөгч эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмч цагдаагийн ахмад Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Гыг архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.

Ж.Г анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архины албадан эмчилгээнд явуулах шаардлагыг нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Анхан шатны шүүх:

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар Халх овогт Жамъянгийн Г /ЗЮ71071611/-ыг албадан эмчлэх газарт явуулж, албадан эмчилгээнд хамруулахаар,

2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Ж.Гыг албадан эмчлэх газарт хүргэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжпэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Ж.Г давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмч нарын 2019 оны 07 сарын 03-ны өдрийн архины шалтгаант сэтгэцийн эмгэгтэй, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна, дахин өөр бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Сүүлийн жилүүдэд хааяа нэг найз нөхдийн хүрээнд архи уудаг болсон. Миний бие ам бүл ганцаараа амьдардаг. Найз нөхдүүд ирэхээр нь баг хорооны удирдлага нар архидан согтуурч байна гэж ад үзэж дарангуй байдал гаргадаг. Сум хорооны зүгээс ажлын байр гаргаж өгдөггүй. Ямар нэгэн туслалцаа дэмжлэг үзүүлдэггүй. Би архаг архичин биш, архины эмчилгээ хийлгэх хэмжээний хүн биш, өөрөө сайн дураараа архинаас гарч чадна гэж ойлгож байна. Анхан шатны шүүх хуралдаанд архины эмчилгээнд явуулахыг зөвшөөрсөн учир нь миний бие анх удаа шүүх хурлаар орж байгаа болохоор айж балмагдсандаа зөвшөөрсөн юм. Би архины эмчилгээнд явуулахыг эсэргүүцэж байгаа учраас гомдол гаргаж байна. Иймд Дундговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 9-ний өдрийн 139/ШШ2019/00407 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Ж.Гийн гомдлын дагуу хэргийг хянахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг үндэслэн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэв.

  Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 139/ШШ2019/00407 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

           Дундговь аймаг дахь Цагдаагийн газраас Ж.Гийг архины албадан эмчилгээнд хамруулахаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ. Хэрэгт авагдсан баримтаар Ж.Г нь архидан согтуурч, нийгмийн хэв журам зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах мөн удаа дараа эрүүлжүүлэгдсэн зэрэг зөрчил гаргаж байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Түүнчлэн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтээр Ж.Гийг архинд донтох өвчтэй болохыг тогтоожээ. /хх-ийн 4 дүгээр тал/ Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.

           Ж.Г нь давж заалдах гомдолдоо “Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмч нарын 2019 оны 07 сарын 03-ны өдрийн архины шалтгаант сэтгэцийн эмгэгтэй, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, дахин өөр бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна, би архаг архичин биш, архины эмчилгээ хийлгэх хэмжээний хүн биш, өөрөө сайн дураараа архинаас гарч чадна гэж ойлгож байна” гэх агуулга бүхий гомдол гаргаж байх боловч уг шинжээчийн дүгнэлтэд Ж.Г нь тухайн үед гомдол гарган шийдвэрлүүлэх эрх нь байхад гомдол гаргаагүй, мөн эдгээр нөхцөл байдал нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, албадан эмчилгээнд явуулахаас татгалзах үндэслэл биш болно.

            Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, албадан эмчлүүлэгч Ж.Гын гаргасан албадан эмчилгээнээс чөлөөлүүлэх тухай давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 139/ШШ2019/00407 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Ж.Гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тмэдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар Ж.Г нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ                              Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                             Т.БЯМБАЖАВ  

 

                                                       Ш.ТӨМӨРБААТАР