Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 221/MA2017/0610

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Очирбатын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Д.Очирбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Энхсайхан нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний  өдрийн 425 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Очирбатын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 425 дугаар шийдвэрээр: ”Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.3, 35 дугаар зүйлийн 35.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 26 дугаар зүйлийн 26.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Очирбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын  2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б\15 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Очирбатыг урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалин 5469224 төгрөг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу тооцон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Төрийн албаны тухай хууль болон Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж эрх зүйн акт, байгууллагын эрх хэмжээний хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно” F буюу “Хангалтгүй” бол сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах үндэслэл болохоор заасан. Нэхэмжлэгч нь үр дүнгийн гэрээгээр хангалтгүй үнэлгээ авсан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болсон юм. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх үнэлгээ нь журмын 6.7-д “Гэрээний биелэлтийг дүгнэх “илтгэх хуудас”-д талууд гарын үсэг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулсанаар үнэлгээ хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу хүчин төгөлдөр болоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаас үзвэл захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын гадагш чиглэсэн үйл ажиллагаа буюу Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасантай холбоотой нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхээр байна. Гэтэл захиргааны актын нэг шинж болох гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд үүсгэсэн байх шинжийг агуулаагүй үр дүнгийн гэрээг дүгнэсэн “илтгэх хуудас”-ыг хүчин төгөлдөр бус үнэлгээ гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөн уг үнэлгээг гарын үсэг зуруулаагүй тул хүчин төгөлдөр бус гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт билээ. Анхан шатны шүүхийн энэ дүгнэлтээр нэхэмжлэгч Н.Очирбат үр дүнгийн гэрээний үнэлгээгээр ямар үнэлэгдсэн, уг үнэлгээний дагуу төсвийн шууд захирагчид төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд хариуцлага тооцсон нь зүйтэй эсэхэд дүгнэлт хийгээгүй, үр дүнгийн гэрээг дахин үнэлэх үү эсхүл нэхэмжлэгчийн 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэлгүй орхигдох уу гэдэг нь тодорхойгүй үлдсэн.  Шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчид үр дүнгийн гэрээний үнэлгээ болох 59 оноо тавьсан нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх ёстой байсан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ баримталсан хуулийн заалтууд нь нэхэмжлэгчийг чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоохтой хамааралгүй заалтуудыг баримталсан нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч биш тул энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн ажлаас чөлөөлөх зохицуулалтыг баримтлах боломжгүй бөгөөд хариуцагч энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3-т заасны дагуу эрх бүхий этгээдээс тогтоосон хэм хэмжээг баримталж, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн шийдвэр гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3  дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1 дэх заалтыг тус тус баримтлан Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал Д.Очирбатыг 2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, “F” үнэлгээ авсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч дээрх тушаалыг эс зөвшөөрч “Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, хүчин төгөлдөр болоогүй үр дүнгийн гэрээний дүгнэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг зөрчсөн” гэх үндэслэлээр  “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу тооцон дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ. Тодруулбал,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-т “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө” гэж зааснаар хариуцагч нь Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлыг ажлаас чөлөөлөх эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийг мөрдөн ажиллах үүрэгтэй.

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно”, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 6.1-д “Менежер нь гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төрийн жинхэнэ албан хаагчтай ярилцлага хийнэ”, 6.5-д “Төрийн жинхэнэ албан хаагч нь менежерийн  өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ. Хэрэв менежер түрүүчийн өгсөн үнэлгээг өөрчлөөгүй бол гэрээний биелэлтийг дүгнэсэн "Илтгэх хуудас"-нд тайлбарыг хавсарган төрийн жинхэнэ албан хаагчийн Хувийн хэрэгт хадгалах бөгөөд гэрээг дүгнэсэнд тооцно”, 6.7-д “Гэрээний биелэлтийг дүгнэх "Илтгэх хуудас"-нд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно” гэж заасныг тус тус зөрчиж гаргасан 2016 оны үр дүнгийн гэрээний үнэлгээг үндэслэн нэхэмжлэгч Д.Очирбатыг ажлаас чөлөөлсөнийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

 Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2016 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ ярилцлага хийгээгүй, гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудсыг нэхэмжлэгчид танилцуулаагүй, үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээтэй маргах боломж олгоогүй болох нь нотлогдсон, энэ талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

Түүнчлэн, маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна”, 40 дүгээр зүйлийн 40.3-д “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана”, 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж заасныг тус тус зөрчиж сонсох ажиллагаа хийгээгүй, албан тушаалтныг ажлаас чөлөөлөх үндэслэлийг зохицуулсан холбогдох хуулийг баримтлаагүй гаргасан захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзнэ.

Шүүх нэхэмжлэгчийн 2016 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээ хүчин төгөлдөр болоогүй гэж дүгнэсэн тул үр дүнгийн гэрээг 59 оноогоор үнэлсэн нь үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 425 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

             

            

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

               ШҮҮГЧ                                                                 Э.ХАЛИУНБАЯР

               ШҮҮГЧ                                                                О.НОМУУЛИН