Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2017/0425

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: Д.О

Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу тооцон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.О миний бие Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байгаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа хууль бусаар халагдсан.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын алба нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар төрийн үйлчилгээний албанд хамаарах бөгөөд тус сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаал нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 9.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаал юм. Тиймээс энэ албан тушаалтны эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулийн 11.5 дахь хэсэгт Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно, мөн хуулийн 11.6 дахь хэсэгт "Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна" гэж заасны дагуу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаалыг гаргахдаа эдгээр хуулийн зохицуулалтыг үндэслэн, нийцүүлэх ёстой. Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаал Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслээгүй нь хуульд нийцээгүй гэж үзэх нэг үндэслэл юм.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ гэж заасан байтал төсвийн ерөнхийлөн захирагч буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд төсвийн шууд захирагчтай байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэхдээ надтай огт ярилцлага хийгээгүй.

Мөн журмын 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсанд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэтэл Төсвийн шууд захирагчийн 2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээг дүгнэх илтгэх хуудсанд Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Д.О надаар гарын үсэг зуруулаагүй бөгөөд энэ илтгэх хуудас нь дээрхи журамд заасны дагуу албажаагүй, хүчин төгөлдөр болоогүй байтал хүчин төгөлдөр биш ...2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ-г дүгнэсэн гэх дүгнэлтийг үндэслэн намайг ажлаас халсан нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам"-ын 6 дугаар зүйлийн 6.1, 6.7 дахь заалтуудыг тус тус зөрчсөн.

Захиргааны Ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж Хөдөлмөр,

 

нийгмийн хамгааллын сайд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг гаргах ажиллагаанд намайг оролцуулаагүй, сонсох ажиллагааг хийгээгүй. Мөн намайг төрийн албанаас халж байгаа тухай мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цаг 23 минутад цахим шуудангаар ирүүлж, мэдэгдэлд ...тайлбараа энэ өдрийн 17 цаг 30 минутад ирүүлнэ үү гэж дурьдаж, захиргааны акт гаргах ажиллагаанд надаас тайлбар авч байгаа мэт боловч энэ мэдэгдлийг цахим шуудангаар явуулах үед аль хэдийн ажлаас чөлөөлөх тушаал гарсан байсан нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3. дахь хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй миний хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд намайг санаатай оролцуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл юм.

Миний төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан Үр дүнгийн гэрээ-ний 1 дүгээр зүйлд Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө-нд тусгасан 9 зорилт, төсвийн ерөнхийлөн захирагчийн тусгайлан сонгосон тусгай арга хэмжээ-нүүд хангалттай биелэгдсэн болох нь Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг удирдан ажилласан 2015-2016 оны хичээлийн жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, илтгэх хуудас болон манай сургуулийн сургалтын орчин сайжирч ******* *******, *******", ******* *******, "******* ******* *******",, дадлагын газруудыг шинээр байгуулсан, мөн манай сургууль дээрхи мэргэжлээр суралцагчдын бүтээлээр өөрийн брэнд бүтээгдэхүүн-тэй болж, улмаар сургуулийн сурагчид сурлага, бүтээлээрээ аймаг, яамны хэмжээнд тэргүүн байранд шалгарсан амжилтыг үзүүлсэн, багш ажилтнуудын мэдлэг чадвар хангалттай сайн гэсэн үнэлгээг авсан, гадаад харилцаагаа өргөжүүлэн төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн зэргээр сургууль, хамт олноо удирдан амжилттай ажилласан нь баримтаар нотлогдож байхад Үр дүнгийн гэрээнд заасан үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж ямар ч нотлох баримтгүйгээр миний хийж бүтээсэн ажлыг үгүйсгэн F үнэлгээгээр үнэлж, ажлаас халсан нь шударга ёсны зарчимд нийцээгүй, миний эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн үйлдэл юм.

Тиймээс хуульд нийцээгүй, хууль болон холбогдох журмыг зөрчиж гарсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын

 

шимтгэлийг хуульд заасны дагуу тооцож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд 59F буюу хангалтгүй үнэлгээ авсан тул нэхэмжлэгч Д.О-г Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн.

Нэхэмжлэгчтэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд арга хэмжээний биелэлт 30 хүртэл оноотой байхаас 17.6, тусгай арга хэмжээний биелэлт 40 хүртэл оноотой байхаас 29.6, манлайллын зорилт 30 хэмжээний биелэлт оноотой байхаас 11.8 оноогоор нийт 59 оноогоор үнэлэгдэж хангалтгүй үнэлгээ авчээ. Энэхүү үнэлгээг тавихдаа холбогдох үндэслэлээ төсвийн ерөнхийлөн захирагч илтгэх хуудсанд тодорхой дурджээ. Энэхүү үнэлгээ нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын 11.6-т "Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээг дүгнэж өгсөн үнэлгээ нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ болно гэж заасны дагуу төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ юм.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 7.1-т Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно, F буюу Хангалтгүй бол сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах үндэслэл болохоор заасан. Нэхэмжлэгч нь үр дүнгийн гэрээгээр хангалтгүй үнэлгээ авсан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болсон.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.О-с Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан гаргасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу тооцон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Д.О-г төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан 2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, F үнэлгээ авсан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч, ... Сайдын 2017 оны Б/15 дугаар тушаал Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын 6.1, 6.7 дахь заалтуудыг зөрчсөн, Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан Үр дүнгийн гэрээг-г үнэлсэн үнэлгээ нь үндэслэлгүй... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Д.О нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна: ... 16.4.18-д төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн. гэж зааснаар төсвийн шууд захирагч болохын хувьд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар төсвийн ерөнхийлөн захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Н Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж F буюу хангалтгүй үнэлгээ өгсөн нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ гэж заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч, төсвийн ерөнхийлөн захирагч нь 2016 оны оны төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээний илтгэх хуудас-нд дотоод аудитын өгсөн үнэлгээнээс багаар үнэлсэн гэх боловч гэрээг үнэлэх эрх нь дээр дурдсан хуулийн заалтын дагуу төсвийн ерөнхийлөгч захирагчид байна.

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно., 35 дугаар зүйлийн 35.1.5төрийн байгууллагын ажлын албаны төрийн жинхэнэ албан хаагчийн удирдлагатай холбогдсон үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, төрийн байгууллагын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох болон төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид нийгмийн аудит хийх арга зүйг нэвтрүүлэх талаар зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх замаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх болон төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангах; гэж заасан эрхийнхээ дагуу Төрийн албаны зөвлөл 2012 оны 134 дүгээр тогтоолоор Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ыг /цаашид журам гэх/ баталжээ.

Хариуцагч цахим шуудангаар Төрийн албанаас халах шийдвэр гаргах болсон тухай мэдэгдсэнийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.5-д заасан сонсох ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасныг зөрчин төсвийн шууд захирагч болох нэхэмжлэгч Д.О-с үнэлгээнд хариу тайлбар өгөх бодит хугацаа олголгүй цахим шуудан илгээсэн өдрөө 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б/15 дугаар тушаал гаргаж Д.*******ыг ажлаас чөлөөлжээ.

Мөн гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийх үүргээ хэрэгжүүлээгүй, үр дүнгийн гэрээ үнэлсэн үнэлгээтэйгээ нэхэмжлэгчийг бүрэн танилцуулж санал нийлээгүй асуудлаар тайлбар гаргах боломжоор хангаагүй нь журмын 6.1, 6.5-д заасныг тус тус зөрчсөн байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны

өдрийн Б/15 дугаар тушаалдаа журмын 7.1-д заасны дагуу үр дүнгийн гэрээний F үнэлгээг үндэслэсэн бөгөөд үр дүнгийн гэрээг үнэлсэн Илтгэх хуудас-нд төсвийн шууд захирагч, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал Д.О гарын үсэг зураагүй тул дээрх үнэлгээ нь журмын 6.7-д Гэрээний биелэлтийг дүгнэх Илтгэх хуудас-нд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин болно. гэж заасны дагуу хүчин төгөлдөр болоогүй байна.

Зүй нь хариуцагч, журмын 6.5-д заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй төсвийн шууд захирагчийн үндэслэл бүхий тайлбарыг бичгээр авч, талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзэх учиртай бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч үнэлгээг өөрчлөөгүй тохиолдолд Илтгэх хуудас-нд тайлбарыг хавсаргаснаар гэрээг дүгнэсэнд тооцох байжээ.

Төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлсөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалд засгийн газрын гишүүний хэрэгжүүлэх бүрэн эрхийн заалт болох Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 4, мөн зүйлийн 2 дахь хэсэг үндэслэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимд тус тус нийцээгүй байна.

Аливаа төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө ажлаас чөлөөлөх үндэслэл болсон Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Төсвийн тухай хууль болон төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан бусад хуулийн зүйл, заалтыг баримтлах учиртай бөгөөд ямар зүйл, заалтын дагуу ажлаас чөлөөлж байгаа нь тодорхой байх нь хууль дээдлэх, хуульд үндэслэх зарчмуудад нийцнэ.

Иймд хүчин төгөлдөр бус үнэлгээг үндэслэсэн болон хуульд үндэслээгүй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.О-г урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалин 5469224 (таван сая дөрвөн зуун жаран есөн мянга хоёр зуун хорин дөрвөн) төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу тооцон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгах зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.3, 35 дугаар зүйлийн 35.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 26 дугаар зүйлийн 26.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.О-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.О-г урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалин 5469224 (таван сая дөрвөн зуун жаран есөн мянга хоёр зуун хорин дөрвөн) төгрөг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу тооцон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН