Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0681

 

 

 

 

 

 

 

    2023         09           12                                   128/ШШ2023/0681

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, шүүгч Д.Чанцалням, шүүгч Г.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б” ХХК                                                              

Хариуцагч: ******* комисс

Гуравдагч этгээд: “П” ХХК

Гуравдагч этгээд: М банкуудын хоорондын 2019 оны 2019/*** тоот ******* улсын комиссын дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгохтой холбогдох захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам, иргэдийн төлөөлөгч Д.Т***** /цахим/, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т***** /цахим/, гуравдагч этгээд М****** банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*****, гуравдагч этгээд “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С*****, Д.Э******, гуравдагч этгээд “П” ХХК-ийн өмгөөлөгч Э.Т****** нар оролцов.

Хэргийн индекс: 128/2020/*******

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь тус шүүхэд хандан ******* улсын комиссын 2019 оны 2019/*** дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ******* улсын комиссын 2019 оны 2019/**** дугаартай дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоох тухай болгож өөрчилсөн.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1. Маргаж буй ******* улсын комиссын 2019 оны 2019/**** дугаартай дүгнэлтээр “П ” ХХК-ийн захиалгатай өндөр төвөгшилтэй ангиллын зоорьтой 16 давхар 148 айл, нэгдсэн зоорийн давхрын 78 автомашины дулаан зогсоол бүхий орон сууц, 5000 мкв үйлчилгээний барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байна. 

2.2. Энэхүү ашиглалтад хүлээж авсан барилга байгууламжийн “үйлчилгээний төв”-ийн барилга угсралтын ажлыг нэхэмжлэгч “Б” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн байна.

2.3.  Нэхэмжлэгч нь дээрх актыг эс зөвшөөрч шүүхэд 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б” ХХК нь “П ” ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр ажил хийж гүйцэтгэсэн. Манай компани тухайн актад дурдагдсан компаниудтай гэрээ байгуулж, тухайн компаниудыг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан бөгөөд манай компани ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргээр ажиллаж, өөрийн компанийн 16 давхар барилгын тусгай зөвшөөрлийг ашиглан ажиллаж байсан. Барилгын угсралтын ажил болон барилгын гүйцэтгэлийн хяналтын чиг үүргийг манай компани хариуцан ажилласнаас гадна 14000 м.кв цутгалтын ажлыг хийж гүйцэтгэн, зохих барилгын далд ажлын актыг гаргаж өгсөн. Тухайн үед “П ” ХХК барилгын 16 давхрын тусгай зөвшөөрөлгүй байсан бөгөөд манайхтай гэрээ хийж ажил гүйцэтгэсний дараа буюу 2018 онд 16 давхрын тусгай зөвшөөрлөө авсан байдаг. Мэргэжлийн хяналтын газарт байгаа далд ажлын хуурамч актыг өөрийн нүдээр харсан. Гэтэл П  ХХК Ерөнхий гүйцэтгэгч “Б” ХХК-ийн хооронд гэрээний төлбөрийн маргаан гарч ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан хянагдах явцад П  ХХК хуурамч бичиг баримт үйлдэн барилга, орон сууцыг ашиглалтад оруулах актыг гаргуулсан байна. 

Маргаж буй 2019/*** тоот актаар *******дугаар барилгуудыг байнгын ашиглалтад хүлээн авсан. Одоо ***** дугаар орон сууцуудад хүмүүс амьдарч байгаа, мөн ***** дугаар үйлчилгээний барилгад түрээслэгч нар үйл ажиллагаа явуулж байна. ******* улсын бүртгэлийн хэлтсээс оршин суугчдад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгож байгаа гэх үндэслэл бүхий мэдээлэл байгаа болно. Иймд 2019 оны 2019/*** тоот Улсын комиссын актыг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анх 2020 оны комиссын актыг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаад үүний дагуу захиргааны хэрэг үүссэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П  ХХК-ийн хувьд энэхүү барилгуудыг улсын комисс хүлээж авахаас өмнө оршин суугчтай гэрээ хийгээд мөнгө авсан. Барилгын тухай хуулийг ноцтой зөрчөөд комисс хүлээн аваагүй байхад оршин суугчдаас мөнгө аван, оруулаад, гэрээ байгуулан, дүүрэн орсон байсан учраас оршин суугчдыг шударга өмчлөгч эзэмшигч гэдэг байдлыг харгалдан үзээд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Энэхүү асуудал нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн асуудал хэвээрээ байгаа учраас хүчингүй болгохоо больё, яагаад гэвэл олон хүмүүсийн эрх ашиг хөндөгдөх юм байна. Тийм учраас хууль бус байсан болохыг тогтоох, эрүү иргэний журмаар дараагийн асуудлаа шийдвэрлэе гэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Нэхэмжлэлийн үндэслэл нь нэгдүгээрт, нэхэмжлэгч компанийг комиссын бүрэлдэхүүнд оролцуулахгүйгээр энэ барилгыг хүлээн авсан. Нэхэмжлэгч компани нь 1-16 давхар хүртэл барилгыг барих тусгай зөвшөөрөлтэй. Үүний хүрээнд 2017 онд П  ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад *******гэсэн дугаартай барилгыг 9-16 давхар хүртэл, зоорины давхрыг оролцуулаад 3 давхар үйлчилгээний зориулалттай барилгын бүрэн цутгалтыг хийж дуусгасан. Энэхүү барилга, үйлчилгээний төвийг улсын комисс хүлээж авах ажиллагаанд Б ХХК-ийг оролцуулаагүй. Нэхэмжлэгч компани байхгүй байхад улсын комисс барилгыг хүлээж авах ажлыг эхлээд байнгын ашиглалтад хүлээж авсныг хууль бус гэж үзэж байна. Тухайн комиссын актын удиртгал хэсэгт Б ХХК-ийн нэр байгаа. Харин ард талд нь тухайн комисс хүлээж авах ажиллагаанд оролцсон хүмүүс байдаг. Үүнд Б ХХК-ийн нэр, гарын үсэг, тамга тэмдэг байхгүй. Улсын комиссын актад ерөнхий гүйцэтгэгч нь П  ХХК гээд бодит үнэнд нийцэхгүй зүйл бичсэн байна. Улсын комисс хариуцлагагүй, харгалзаж үзээгүй асуудал байна. П  ХХК нь ерөнхий гүйцэтгэгч байх ямар ч боломжгүй компани юм. П  ХХК 2018 оны 04 сарын 16-ны өдөр 1-16 давхар хүртэл барилга барих тусгай зөвшөөрөл авсан. Өөрөөр хэлбэл үүнээс өмнө 16 давхар барилгыг барих эрхгүй байсан. Барилгын ажил 2015 онд эхэлсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно. Нэхэмжлэгч компани нь 2017 оны 04 сараас 2017 оны 11 сар хүртэл ***** дугаартай барилгын 9-16 давхрын цутгалтыг хийсэн. 2018 оны 03 сараас 2018 оны 09 сар хүртэл ***** барилгаа дуусгаад зоорийн 3 давхрын үйлчилгээний зориулалтай барилгыг бүрэн цутгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно. Хариуцагч байгууллага бол төр юм. Барилгыг байнгын ашиглалтад оруулж хүлээж авахдаа бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл захиалагч нь П  ХХК, ерөнхий гүйцэтгэгч нь П  ХХК болж байна. Барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор захиалагч гүйцэтгэгч хоёр нэг байх ямар ч байх боломжгүй. Барилгын тухай хуулийн 4.1.12."барилгын ажил гүйцэтгэгч" гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг; 4.1.13."барилгын ажлын захиалагч" гэж барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэлнэ гэж заасан. Барилгын тухай хуульд заасны дагуу тухайн барилга баригдаж байхад захиалагчийн хяналт, барилгыг хүлээж авахад захиалагчийн дүгнэлт гэж байгаа юм. Энэ бол маш том асуудал. Өөрөөр хэлбэл тухайн барилга маань цаг хугацаандаа холбогдох дүрэм, журам, нормын дагуу, зураг төсөл зохиогчийн бүрэн хяналтын дор энэхүү одоо барилга явагдсан уу гэдэг дээр захиалагчийн ерөнхий дүгнэлт гарч байгаа юм. Гэтэл өөрөө өөрийгөө хянаад явахаар барилга ямар хэмжээнд баригдах вэ гэдэг нөхцөл байдал үүснэ. Хуулиар үүнийг хориглочихсон байна.

2018 оны Геодези зураг зүйн газрын даргын тушаалаар батлагдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 4.4-д ******* комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаад комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр санал гаргана. Комиссын нийт гишүүдийн саналыг үндэслээд комиссын дүгнэлтийг гаргана. Уг дүгнэлтийг комиссын нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Маргаан бүхий захиргааны актын удиртгал хэсэгт Б ХХК-ийн нэр байгаа. Комисс ажиллаад эхлэхэд Б ХХК-ийг оруулаагүй. Уг нь бол барилгын үндсэн бүтээцийг хийж гүйцэтгэсэн тусгай зөвшөөрөлтэй компани юм. Комиссын актын удиртгал хэсэгт Б ХХК-ийн нэр байсан бол тухайн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, инженер техникийн ажилчдыг гарын үсгийг нь зуруулаад тамга тэмдгийг нь даруулан баталгаажуулах ёстой байсан гэж үзэж байгаа юм. Маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэг үндэслэл гэж харж байна. Үйлчилгээний барилгын хувьд 5,000 м.кв үйлчилгээний барилгыг ашиглалтад оруулсан гэж бичсэн байгаа бөгөөд бодит байдал дээр үйлчилгээний барилга нь 5,000 м.кв биш, барилгын зургийг харахаар 7,800 м.кв байгаа юм. Тухайн үйлчилгээний барилгыг дутуу хүлээж авсан. Үүний хамгийн гол нотолгоо нь улсын бүртгэлийн гэрчилгээ буюу түүнд 7,800 м.кв гэж гарсан байгаа юм. Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс өмнөх шүүх хуралдаан дээр зоорийн давхрыг нэгдсэн зоорийн давхар гэж үзээд комиссын актад тусгасан гэж ярьж байгаа юм. 16 давхар 2 ширхэг орон сууц, үйлчилгээний барилга нь тус тусдаа баригдсан хоорондоо ямар ч холбоо байхгүй. Өөрөөр хэлбэл 16 давхраасаа үйлчилгээний давхар руу орох боломжгүй. Үйлчилгээний давхраасаа 16 давхар барилга руу орох ямар ч боломжгүй тусдаа баригдсан байгаа барилга юм. Бодит байдал ийм байхад нэгдсэн зоорийн давхрыг хүлээн авсан гээд өөрийнхөө хууль бус ажиллагааг зөвтгүүлэхийн тулд хариуцагч янз бүрийн юм ярьдаг асуудал байгаа юм. Бичиг баримтын бүрдэл дутуу байхад энэхүү барилгыг хүлээж авсан гэж нэхэмжлэгч тал харж байна. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д барилга байгууламжийг ашиглалтад оруулахын тулд бүрдүүлэх ёстой баримт бичгийн жагсаалтыг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл 48.5.1-д барилгын үе шатын ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл гэсэн ба энгийн хүмүүсийн хэллэгээр улаан дэвтэр юм. Тухайн үед улаан дэвтэр байгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бол нэхэмжлэгч компанийн зүгээс энэхүү улаан дэвтрийг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл тухайн үед огт ийм байгаагүй асуудал байхад хариуцагч хүлээгээд авсан. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.1 дэх заалтыг зөрчсөн гэж нэхэмжлэгч тал харж байгаа юм. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барилга угсралтын ил, далд ажлын актуудад үзлэг хийсэн. Энэ бол улаан дэвтрээс өөр асуудал. Үзлэгээр огноо гарын үсэг нь засвартай, хууль ёсны нотлох баримтаар тооцох боломжгүй гэдэг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл өөрсдийнхөө хийсэн хууль бус үйлдлийг хууль ёсны юм шиг харагдуулахын тулд штрихээр он сар өдөр, гарын үсгүүдийг нь баллаад өөр он сар өдөр бичээд, маш олон ил далд ажлын актуудыг засварлаад янзалчихсан нь захиргааны хэргийн шүүхээс Нийслэлийн архивд очиж үзлэг хийхэд энэ асуудал тогтоогдсон. ******* дүрмийн 4.2.3-д Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.3 буюу зураг төслийн зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, 48 дугаар зүйлийн 48.5.4-д захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт гаргасан байна гэж заасан. Зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт гэдэг нь Барилга хот байгуулалтын яамны сайдын тушаалын хавсралтаар батлагдсан загварын дагуу хийгддэг ажил юм. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан дүгнэлтээр энэ нь шаардлага хангахгүй, үйлдэл дутуу эрх бүхий этгээдүүд хянаагүй, дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан. Харамсалтай нь хариуцагч байгууллагын төлөөлөгч үүнийгээ хууль ёсны, гуравдагч этгээд мөн холбогдох дүрэм журмын дагуу хийгдсэн гэж өмнөх шүүх хуралдаанаар маргалдаж мэтгэлцсэн асуудал байгаа. Зураг төсөл өөрчлөгдсөн эсэх, өөрчлөгдсөн бол түүнийг баталгаажуулсан эсэх, барилга угсралтын явцад гарсан зөрчил дутагдал тэдгээрийг арилгасан эсэх талаар огт бичигдсэн зүйл байхгүй. Барилга архитектур, барилга бүтээц, халаалт, агаар сэлгэлт, цэвэр бохир ус, цахилгаан хангамж, автомат холбоо дохиолол зэргийг хийж гүйцэтгэсэн аж ахуй нэгжүүдийн эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг зурагдаагүй, тамга тэмдэг дарагдаагүй. Өөрөөр хэлбэл Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар батлагдсан барилга байгууламж ашиглалтад олгох дүрмийн хавсралтаар зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт нь ийм байх ёстой гээд загварыг нь гаргаад, заагаад өгсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн барилга барихад оролцсон бүх тусгай зөвшөөрөлтэй компаниудын төлөөлөл өөрсдөө холбоо дохиолол, архитектур, халаалт агаар сэлгэлт, цэвэр, бохир ус, цахилгаан хангамж нь асуудалгүй гээд инженер, эрх бүхий этгээд нь гарын үсгээ зураад байгууллагынхаа тамгыг дарж, баталгаажуулаад, эдгээр бүгдийг харж байгаад зураг төсөл зохиогчийн нэгдсэн дүгнэлт гарах ёстой. Ингэж дүрэм журамд байгаа бөгөөд ингэж ойлгохоос ч өөр арга байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар энэ нь тогтоогдохгүй байхад хариуцагч тухайн комиссыг ажиллуулаад барилгыг байнгын ашиглалтад хүлээж авсан нь хууль бус үндэслэлгүй гэж харж байна. Хавтаст хэрэгт захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт гэж байгаа. Энэ нь байхаас ч өөр арга байхгүй. Яагаад гэвэл хууль бусаар захиалагч гүйцэтгэгч хоёр нь нэг болсон. 2015 оноос баригдаж эхэлсэн барилга дээр 2018 онд тусгай зөвшөөрөл авсан компани ерөнхий гүйцэтгэгч болоод ороод ирсэн. Захиалагч нь ч гэсэн нэг байгаа юм. Тэгээд өөрөө хийчхээд өөрөө өөртөө миний заасан заавраар энэ барилгыг барьчихсан байна, барилгын ажил явагдаж байхад би ерөнхийд нь хянаад байсан гэсэн агуулгатай дүгнэлт гаргаад өгсөн. Энэ бол холбогдох хууль тогтоомжоор хориотой зүйл юм.

...Өөрөөр хэлбэл 2018 онд П  ХХК тусгай зөвшөөрөл авсан. Гэтэл 2015 оноос эхлээд баригдаж байгаа 16 давхар барилгыг яагаад ч барих боломжгүй. Өөрөөр хэлбэл Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.7-д энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг бүрдүүлээгүй тохиолдолд комисс барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах ёстой гэж хуульд заасан. Бодит байдал дээр ийм л зүйл болоод өнгөрсөн. Нэгэнт барилга баригдаад дуусаад, иргэд орсон. Тийм учраас бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд тухайн комиссын актыг хүчингүй болгох шаардлага тавиагүй. Зөвхөн хууль бус байсан болохыг тогтоолгоё. Үүний цаана компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн хэвээр байгаа. Улсын мөрдөн байцаах газарт нэг асуудал шалгагдаад явж байгаа. ******* Иргэний хэргийн анхан шатын шүүх дээр бас нэг асуудал шийдэгдэж байгаа. Эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа учраас гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон асуудал байгаа. Нэхэмжлэгч компани ажлаа хийчхээд мөнгө төгрөгөө авах асуудал дээр эрүү болон иргэний журмаар маргаан тодорхой хэмжээнд хянан шийдвэрлэгдэж байгаа, хянан шийдвэрлэгдэж байсан ийм асуудал байгаа учраас компанийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн хэвээрээ байна гэж үзэж байгаа юм. Тийм учраас 2019 оны 2019/***** тоот Улсын комиссын актыг хууль бус байсан болохыг тогтоох шаардлагаа дэмжиж байна.” гэв.

3.3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би барилга барьсан. Барилгыг барихад бараа материал нийлүүлсэн олон аж ахуй нэгж хувь хүмүүс байдаг. Би улсын комиссын акт үнэн үү, худлаа юу гэдгийг мэдэхийг шүүхээс хүсэж байна. Миний гаргасан болон нөгөө талын гаргасан хоёр акт байгаа. Энэ хоёрын нэг нь үнэн, нөгөө нь хуурамч материал. Хэрвээ минийх хуурамч материал юм бол хууль бусаар хуурамч бичиг баримт үйлдсэн гэж ямар ч ялыг авахад бэлэн байна. Энэ төлөөлөгч гээд байгаа хүмүүс нь барилгын талаар юу ч мэдэхгүй. Мөнгө аваад байшинд нь амьдарч байгаа юм чинь хамгаалах нь зөв. Үнэнийг батлуулах гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхнаасаа хууль бус байх юм бол дараагийн бүх зүйл нь хууль бус байдаг юм байна. П  ХХК-тай 2017 оны 06 сарын 28-ны өдөр гэрээ хийсэн. Үүнээс өмнө 2015 онд П  ХХК-ийн Г.Ц*** гэдэг хүнтэй уулзаад барилгын талбай дээр очиход 2015-2017 он хүртэл Хятадууд барьсан байсан. Би 2017 онд гэрээ хийсэн. Акт дээр 2015 онд Б ХХК суурийн улаан шугам тавьсан гэж байгаа юм. Би 2017 онд байгаагүй. Хятадууд бариад дараа нь тэдгээрийг хөөж гаргаад, надаар цутгалтаа хийлгээд дараа нь намайг хөөгөөд гаргасан компани юм. Далд ажлын акт дээр бүх юм худлаа гэдгийг нотолсон. Үндэсний архив дээр Т.М шүүгчтэй очиход огноог нь сольсон, толгойг нь штрихтсэн байсан. 2018 онд барилга бариад дууссаны дараа тусгай зөвшөөрөл авна гэсэн хууль, дүрэм журам Монголд байдаг юм уу? Барилга барьчихсаныхаа дараа авдаг юм уу? Барилга барих зөвшөөрөлтэй байж эрх нь нээгддэг. Би ерөнхий гүйцэтгэгч байсан болохоор Д ХХК болон бусад туслан гүйцэтгэгч нар бүгд надтай гэрээ хийдэг. Д ХХК нь 2017 онд надтай гэрээ хийсэн байгаа. 2015 онд Д ХХК болон би ч байгаагүй. Улаан дэвтэр болон улсын комиссын актад гарын үсэг зурсан инженер техникийн ажилтнуудад таних хүн байхгүй. Намайг 2017 онд очиход Т гэдэг залуу сургуулиа төгсөж ирж байсан. Б***  ах аа дүү нь сургуулиа төгсөж ирсэн дүүдээ туслаарай, мэдэхгүй юм гарна гэж танилцаж байсан хүүхэд юм. Гэтэл 2015 оны актад Тийм гарын үсэг явж байна. Бүгд хуурамч юм. Т.М шүүгч болон туслахтай нь цуг архив дээр очоод бүгдээрээ үзлэг хийсэн. Үнэн худлыг л тогтоолгомоор байна.” гэв.

3.4 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...П  ХХК нь ******* 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшил газартаа зоорийн давхартаа 78 автомашины граж бүхий 146 айлын орон сууцны барилгыг барьж, ашиглалтанд оруулах комисс ажиллуулахаар хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу П  ХХК-ийн барилгад 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр комисс томилогдон ажилласан бөгөөд Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоол ******* дүрэм-ийн 4 дэх хэсэгт заагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлж комиссын гишүүд мэргэжлийнхээ чиглэлээр илэрсэн зөрчил дутагдалд санал өгч шийдвэрлүүлсний дараагаар тухайн барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн хүрээнд бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарган баталгаажуулжээ.

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хангуулсан бөгөөд улсын комисс нь тус хуулийн 48.6-д заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буйгаар улсын комисс ажиллуулахдаа бичиг баримт бүрдүүлсэн эсэх асуудлыг тухайн зохих шатны шүүхэд нэхэмжлэл гомдол гарган шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд дээр дурьдсан бичиг баримтад үндэслэн комисс ажилласан үйлдэл нь хууль зөрчөөгүй байна. Дээрх үйл ажиллагаа нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа  хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчөөгүй тул нэхэмжлэгч Б ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү”  гэжээ.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолоор олон байгууллагын төлөөлөл комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан байдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, хангагч 4 байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл зэрэг хүмүүс нь тухайн үеийнхээ 317 дугаар тогтоолоор барилга байгууламжийг ашиглалтад оруулах нэгдсэн хурал зохион байгуулаад тухайн комиссын гишүүд өөрийнхөө мэргэжлийн чиглэл тус бүрээр ил, далд ажлын акт, барилгын ажлын гүйцэтгэлийг газар дээр нь хянаж үзээд үүрэг даалгаврыг өгөөд, эргээд үүрэг даалгаврын биелэлтээр тухайн саналын хуудас шийдвэрээр баталгаажуулсан олон хүний шийдвэр байдаг. Тухайн үедээ бол хариуцагчийн зүгээс комиссын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа болохоос, тэнд олон мэргэжлийн байгууллагын шийдвэр гардаг. Ийм учраас тухайн комиссын дүгнэлтийг хууль бус гэж үзэхгүй. Нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.6 Гуравдагч этгээд “П ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. П  ХХК-ийн Б******* төслийг 2015 онд өөрийн хөрөнгө, санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тус хотхон нь 5 цогцолбор барилгыг барьсан. 5 цогцолбор барилгыг өнөөдрийн маргаан бүхий акт нь ******  дугаартай. **** дугаартай нь 16 давхар орон сууцын зориулалттай барилга. ****  дугаартай объект нь доороо 78 автомашины дулаан зогсоол бүхий, 5 барилгыг доор нь зогсоолд нь холбосон 2,800 м.кв талбай бүхий зогсоолтой, дээрээ 5,000 м.кв талбайтай 2 талбай үйлчилгээний барилга байгаа. Нэхэмжлэгч компанийг цутгалтын ажлыг хэсэгчлэн хийсэн гэдэг дээр маргахгүй юм. Бидний хийсэн ажлын хувьд илэрхийлж одоо баримтаар ч нотлогдох бөгөөд ажлын болон гүйцэтгэлийнх нь хөлс бүрэн олгогдсон байгаа. Тэгэхээр ажил хийсэн дээр нь бол маргахгүй. Ерөнхийд нь ойлголт өгөх үүднээс жижиг зураг зурсан юм /Зураг харуулав/. Тэгэхээр ногоон хэсэг нь Б ХХК-ийн барьсан хэсэг юм. 4 барилга, доор нь үйлчилгээний төвтэй. Энэ хоёр барилгыг улсын комисс одоо хүртэл хүлээж аваагүй. Улсын комисс хүлээн авсан барилгын нэгийнх нь зөвхөн каркас буюу цутгалтыг нь нэхэмжлэгч байгууллага гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн үндэслэлдээ эрх ашиг хөндөгдөж байгаа, мөн улсын комиссын бүрэлдэхүүнд оролцуулаагүй гэж хэлж байна. Үүнд хариуцагч бичгээр гаргасан тайлбартаа тодорхой тайлбар өгсөн байдаг. Улсын комиссын бүрэлдэхүүнд заавал оролцох ёстой гэж хууль болон журамд зохицуулалт байхгүй. Улсын комиссын актын удиртгал хэсгийн ерөнхий мэдээлэл дээр П  ХХК нь туслан гүйцэтгэгч байгууллагынхаа мэдээллийг оруулсан. Энд Б ХХК нь хийсэн учраас хийснээрээ л орсон байгаа. Комиссыг ажиллах үед байгаагүй шалтгааныг өөрсдөө ч мэдэх байх. Тэр нь өөрсдийнх нь эс үйлдэхүй байгаа юм. Тэгэхээр комиссын актыг хүчингүй болгох нөгөө талаараа хууль бус байсан болох үндэслэл биш юм. Ерөнхий гүйцэтгэгч П  ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүй гэж нэхэмжлэгч ярьж байх шиг байна. Ингэж хэлэхдээ өөрөө П  ХХК-ийг тусгай зөвшөөрөл авсан, он сар хугацааг тодорхой хэлсэн тус компани тусгай зөвшөөрөлтэй байсан гэдэг нь тодорхой мэдэгдэж байна гэж үзэж байна. Тэгэхээр комисс ажиллах 2019 онд компани тусгай зөвшөөрөлтэй байсан. Нөгөө талаараа компани хэдийгээр захиалагч гүйцэтгэгч ерөнхий гүйцэтгэгч гэж байгаа боловч гол 1-16 давхар барилгын каркас, цутгалтын ажлыг хийж байгаа 2 компани хоёулаа албан ёсны тусгай зөвшөөрөлтэй компани юм. Үүний нэг нь Б ХХК ба нөгөө нь комисс авсан **** дүгээр барилгын цутгалтыг хийсэн Д ХХК байгаа. Энэ компани нь бас тусгай зөвшөөрөлтэй. Тэгэхээр энэ нь Барилгын тухай хуулийн холбогдох дүрэм журмын шаардлагыг бүрэн хангасан. Зураг төсөл барилгын гүйцэтгэлийн явцад хяналт гарцаагүй байх ёстой. Барилгын тухай хуулиар Бум-Асар ХХК-ийн хяналтад зураг төсөл нь ч хийгдсэн, зураг төслийн дагуу ажиллагаа явагдаж байгаа нь ч хяналтад бол байнга байгаа. Нөгөө талаараа Барилгын тухай хуульд зааснаар мэргэжлийн хяналтын байгууллага бол барилгын улаан шугам тавих, цэг хатгах үеэс хяналтаа тавьж хэрэгжүүлдэг төрийн эрх бүхий байгууллага юм. Тэгэхээр энэ байгууллагын хяналт давхар явагдаж байсан гэдгийг заавал хэлэх нь зүйтэй байна. Улсын комисс хүлээж авснаар бүрдүүлж өгөх баримт бичиг бүрдэл хангахтай холбоотой асуудал дээр ил далд ажлын акт улаан дэвтэр гэдэг асуудлыг нэхэмжлэгч ярьж байна. Барилгын салбарт ерөнхий гүйцэтгэгч толгой компани нь бүх туслан гүйцэтгэгчийн ажлыг хянаж нэгдсэн журмаар улаан дэвтрийг хөтөлж явдаг. Нэхэмжлэгчийн ярьж байгаа улаан дэвтэр нь Б ХХК тодорхой хэмжээний ажлыг хийж гүйцэтгэхдээ өөрийнхөө ажилчид, инженерийн ажил хийж байгаа хүмүүсийн үйл ажиллагаа чиглэлээ өгч, хяналтаа тавьж бүртгэдэг дэвтэр нь юм. Өөрийнх нь эс үйлдэхүйгээр энэ дэвтэр иж бүрдэл болж ороогүй болохоос биш, үндсэн улаан дэвтэр бол тогтмол хөтлөгдөөд ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл хийгдээд улсын архивд шилжсэн байгаагаар өнөөдөр хэрэгт нотлох баримтаар ирсэн байна. Улсын комиссын актын удиртгал хэсгээс үзвэл 7,800 м.кв гэж хэлж байгаа тоо нь 5,000 м.кв үйлчилгээний барилга нэгдсэн зоорийн давхрын 78 автомашины дулаан зогсоол гээд 2 хэсэгт хуваагдчихаар хэмжээ нь тодорхой бичигдээгүй ч гэсэн улсын комисст хүлээж авсан гэдэг нь харагдаж байгаа юм. Өнөөдрийг хүртэл Б ХХК-ийн 2020 оны 07 сарын 10-нд гаргасан нэхэмжлэл эцсийн шийдэлд хүрэхгүйгээр маш их цаг хугацаа болж байна. Энэ хугацаанд маш олон асуудлыг туулсан байна. Төслийг хэрэгжүүлэхэд Мбанкнаас тодорхой хэмжээний зээл авч төслийн гүйцэтгэл дууссан байдаг. Улсын комисс 201, 202 тоот барилга дээр ажиллаагүй байгаа. Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотой асуудал шүүхийн журмаар шийдэгдсэн. Иргэд тухайн орон сууцад бүрэн орон амьдран сууж байгаа. Мэргэжлийн байгууллагуудаас дулаан цахилгаан, хэрэглээний ашиглалт зэргийг бүрэн гүйцэд аваад бүх үйл ажиллагаа жигдэрсэн байж байна. Маргаан бүхий актад Б ХХК-ийн тодорхой гүйцэтгэл орсон гээд байгаа барилга байгууламжид нийтдээ 36 иргэн, аж ахуй нэгж худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулаад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараад, өмчлөгчөөр тогтоогдсон нөхцөл байдалтай байгаа. Хууль бус байсан болохыг тогтоосноор ямар эрх ашиг нь сэргэх нь тодорхойгүй байна. Бид нар зээлээ төлөх үүрэгтэй. Оршин суугчдынхаа эрх ашгийг хангах, өмчлөлөөр гаргаж өгөх үүрэгтэй. Улсын комисс энэ компанийн ямар эрх ашгийг хөндсөн гэдэг нь тодорхойгүй байна. Шүүх бүрэлдэхүүн үүнийг харгалзан үзнэ үү.” гэв.

3.7. Гуравдагч этгээд “П ” ХХК-ийн өмгөөлөгч Э.Тшүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Б ХХК нь нийт орон сууцын 4 ширхэг барилгаас 2-ыг барьсан. 2 блокод хэсэгчлэн цутгалтын ажил гүйцэтгэсэн. Энэ компанийн барьсан 201, 202 гэдэг 2 барилгыг өнөөдрийг хүртэл улсын комисс аваагүй. Ажиллаагүй байгаа. Энэ 2 барилга дээр Улсын комисс ажиллахыг даалгасан шийдвэр гарсан. Гэтэл Б ХХК өөрийнхөө оролцоогүй 2 блоктой холбоотой барилгаар шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Хоёр өөр барилгыг хүлээгээд авсан улсын комиссын акттай яагаад маргаад байгаа нь ойлгомжгүй байна. Өөрийнх нь барьсан 2 блок барилгад өнөөдрийн байдлаар улсын комисс ажиллаж ямар нэгэн шийдвэр гарсан зүйл байхгүй. Ямар эрх ашиг нь хөндөгдөөд байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлээс үзвэл гүйцэтгэсэн ажлын төлбөрөө авахад саад учирч байна гэж бичсэн байна. Төлбөртэй холбоотой асуудал бол захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гадуурх асуудал юм. Өөрөөр хэлбэл төлбөр авах, төлбөрийн үлдэгдэлтэй байгаа асуудлаараа иргэний шүүхээр шийдүүлэх эрх нэхэмжлэгчид байгаа. Гэтэл энэ актыг хууль бус байсан болохыг тогтоосноор ямар эрх ашиг сонирхол нь сэргэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5-д нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, дараах зүйлд хамаарна аа гээд нийт 6 заалт бүхий зохицуулалт байдаг. Гэтэл энэ дээр бол байхгүй. Шүүхээс гарах шийдвэрийн төрлөөр 106.3-ын дагуу акт хэрэгжчихсэн байх юм бол нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа тохиолдолд хууль ёсны байсан болохыг тогтоож болно гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, ямар эрх ашиг нь сэргэх нь ойлгомжгүй байна. Өөрийнхөө бариагүй барилгыг хүлээн авсан актад маргаад байна. Өөрийнх нь барьсан, цутгалтыг гүйцэтгэсэн 2 блок барилга нь өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээж аваагүй. Хүлээж аваагүй байхад яагаад компанийн эрх ашиг яригдаж байгаа юм бэ гэдэг асуудал байна. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 5,000 м.кв нь үйлчилгээний барилга, 2,800 м.кв нь автомашины дулаан зогсоол юм. Энэ хоёр нийлээд 7,800 м.кв болж байгаа юм. Нэхэмжлэгч үүнийг буруугаар ойлгосон юм шиг байна. Гэтэл дулаан зогсоол болон үйлчилгээний зориулалттай 5,000 м.кв талбай гэсэн хоёр агуулга бүхий акт гарсан. 7,800 м.кв байхад 5,000 м.кв-аар хүлээгээд авсан мэтээр актыг гуйвуулах байдлаар тайлбарлаж байна. **** дүгээр блок барилгыг энэ компани гүйцэтгээгүй. Д ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн. Ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгөх үед П  ХХК нь хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл авсан байдаг. Захиалагч болон гүйцэтгэгч хоёр нэг байхыг хориглосон хуулийн зохицуулалт байхгүй. Барилгын тусгай зөвшөөрөлтэй компани өөрийн хөрөнгөөр барилга барьж болно. Гүйцэтгэгч болон захиалагч хамт байхыг хориглоно заалт Барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомжид байхгүй. Захиалагч болон ерөнхий гүйцэтгэгч нь П  ХХК гэж акт дээр бичсэнээр нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг зөрчөөд байгаа юм бэ?. Ийм зүйл харагдахгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3.8. Гуравдагч этгээд М банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М банк нь 2017 онд П  ХХК-нд Б******* хороолол буюу 296 айлын барилгыг барьж хэрэгжүүлэх төслийн хүрээнд 4 блок барилгад 15 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байдаг. Тухайн төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж нь төслийн санхүүжилтийг олгосны дагуу 100%-иар 4 блок барилгыг хийж гүйцэтгэсэн байдаг. Б ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулаад ***** дүгээр блок барилгыг улсын комисс хүлээж авсан боловч комиссын шийдвэрийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулаад тухайн хоёр блок орон сууц болон үйлчилгээний талбайг банк зээлдэгч талтай хамтраад худалдан борлуулахаар, цаашлаад эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3.9. Иргэдийн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч тал бүрэн хариулт өгч чадахгүй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь анх ******* улсын комиссын 2019 оны 2019/*** дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтад зааснаар ******* комиссын 2019 оны 2019/*** дугаартай дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоох гэж тодорхойлон маргасан.

2. Маргаж буй ******* улсын комиссын 2019 оны 2019/*** дугаартай дүгнэлтээр “П ” ХХК-ийн захиалгатай өндөр төвөгшилтэй ангиллын зоорьтой 16 давхар 148 айл, нэгдсэн зоорийн давхрын 78 автомашины дулаан зогсоол бүхий орон сууц, 5000 мкв үйлчилгээний барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байна. 

3. Нэхэмжлэгчээс дээрх актыг хууль бус байсан гэх үндэслэлээ “...Нэхэмжлэгч компани нь 1-16 давхар хүртэл барилгыг барих тусгай зөвшөөрөлтэй. Үүний хүрээнд 2017 онд П  ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад 201, 202 гэсэн дугаартай барилгыг 9-16 давхар хүртэл, зоорины давхрыг оролцуулаад 3 давхар үйлчилгээний зориулалттай барилгын бүрэн цутгалтыг хийж дуусгасан. Энэхүү барилга, үйлчилгээний төвийг улсын комисс хүлээж авах ажиллагаанд “Б” ХХК-ийг оролцуулаагүй, ... “П ” ХХК 2018 оны 04 сарын 16-ны өдөр 1-16 давхар хүртэл барилга барих тусгай зөвшөөрөл авсан. Өөрөөр хэлбэл үүнээс өмнө 16 давхар барилгыг барих эрхгүй байсан. Барилгын ажил 2015 онд эхэлсэн. Нэхэмжлэгч компани нь 2017 оны 04 сараас 2017 оны 11 сар хүртэл 201, 202 дугаартай барилгын 9-16 давхрын цутгалтыг хийсэн. 2018 оны 03 сараас 2018 оны 09 сар хүртэл 201, 202 барилгаа дуусгаад зоорийн 3 давхрын үйлчилгээний зориулалтай барилгыг бүрэн цутгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Улсын комиссын актад ерөнхий гүйцэтгэгч нь “П ” ХХК гээд бодит үнэнд нийцэхгүй зүйл бичсэн байна. “П ” ХХК нь ерөнхий гүйцэтгэгч байх ямар ч боломжгүй компани юм, ...Үйлчилгээний барилгын хувьд 5,000 м.кв үйлчилгээний барилгыг ашиглалтад оруулсан гэж бичсэн байгаа бөгөөд бодит байдал дээр үйлчилгээний барилга нь 5,000 м.кв биш, барилгын зургийг харахаар 7,800 м.кв байгаа юм. Тухайн үйлчилгээний барилгыг дутуу хүлээж авсан. Үүний хамгийн гол нотолгоо нь улсын бүртгэлийн гэрчилгээ буюу түүнд 7.800 м.кв гэж гарсан байгаа юм, ...Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.7-д энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг бүрдүүлээгүй тохиолдолд комисс барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах ёстой, ...нэхэмжлэгч компани ажлаа хийчхээд мөнгө төгрөгөө авах асуудал дээр эрүү болон иргэний журмаар маргаан тодорхой хэмжээнд хянан шийдвэрлэгдэж байгаа, хянан шийдвэрлэгдэж байсан асуудал байгаа учраас компанийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн хэвээрээ байна, компанийн үйл ажиллагаа, түүх олон сарын хугацаанд хөлс хүчээ шавхаж хийж гүйцэтгэсэн ажлыг үгүйсгэсэн...” гэж тайлбарлан маргаж байна.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “Б” ХХК нь “П ” ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр VI/11 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан /хх1-155-157 тал/ байх бөгөөд уг гэрээнд 2 давхар үйлчилгээний төвтэй 16 давхар 4 блок орон сууцны цогц барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөхөөр, захиалагч нь гүйцэтгэгчид ажлын хөлсийг төлөхөөр тохиролцжээ.

5. Гэвч “П ” ХХК-иас 2018 оны ***** тоот “Гэрээг цуцалж, шинээр гэрээ байгуулах тухай мэдэгдэл”-ийг нэхэмжлэгчид хүргүүлсэн бөгөөд тус мэдэгдэлд дээрх Ажил гүйцэтгэх гэрээ-г захиалагчийн санаачлагаар цуцалж, харин дээрх төслийн 201, 202 дугаар блокын 11-16 дугаар давхрын болон техникийн давхрын цутгалт, үйлчилгээний төвийн суурь, зоорийн давхар, 1-2 давхрын цутгалтын ажлыг хийж гүйцэтгэх тухай гэрээний төсөлд яаралтай санал ирүүлж, гэрээгээ байгуулахыг мэдэгдсэн. /хх2-198 тал/

6. Улмаар захиалагч “П ” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч “Б” ХХК-тай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, тус гэрээгээр 16 давхар 4 блок орон сууцны барилгын хоёр давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлыг /барилгын суурь, зоорийн 2589 м.кв талбайн ажлын үнэлгээг 1 м.кв-ийг 300 000 төгрөг, 1-2 дугаар давхрын нийт 4896 м.кв талбайн ажлыг 1 м.кв-ийг 170 000 төгрөгөөр тус тус тооцон/ хийж гүйцэтгэхээр /хх2-199-202 тал/, мөн захиалагч нь “Д” ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, тус гэрээгээр 16 давхар 4 блок орон сууцны барилгын **** блокын 11-16 дугаар, **** блокын 12-16 дугаар давхар болон техникийн давхрын барилга /нийт 4425.8 м.кв/ угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр /хх2-203-207 тал/ тус тус тохиролцсон байна.

7. Маргаж буй 2019/***  дугаартай комиссын дүгнэлтээр зоорьтой 16 давхар 148 айл, нэгдсэн зоорийн давхрын 78 автомашины дулаан зогсоол бүхий орон сууц, 5000 мкв үйлчилгээний барилга байгууламжийг ашиглалтад оруулсан бөгөөд энэ нь “П ” ХХК-ийн захиалан бариулсан **** тоот орон сууцуудаас ***** тоот орон сууц болон үйлчилгээний төвийн барилга, зоорийн давхарт хамаарах бөгөөд харин **** тоот орон сууцуудын тухайд хамааралгүй болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Үндэсний төв архивын зураг төслийн баримтын архивт хүлээлгэн өгсөн баримтын жагсаалт /хх1-43 тал/-д *****-р байр, үйлчилгээний төв гэсэн баримтаар тогтоогдож байна.

8. Энэхүү ашиглалтад хүлээж авсан барилга байгууламжийн “үйлчилгээний төв”-ийн барилга угсралтын ажлыг нэхэмжлэгч “Б” ХХК нь дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн үйл баримтад талууд маргаагүй болно.

9. Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна.”, 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт “Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: 48.5.1.барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл; 48.5.2.барилгын ажлын ил, далд ажлын акт; 48.5.3.зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт; 48.5.4.захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт; 48.5.5.барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл; 48.5.6.барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл; 48.5.7.тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт” гэж, 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна.” гэж тус тус заажээ.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, захиалагч “П ” ХХК нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргахдаа дээрх хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хангасан болох нь барилга угсралтын явцад зохиогчийн хяналт хийсэн тухай нэгдсэн дүгнэлт, зохиогчийн нэгдсэн дүгнэлт, барилга угсралтын явц, чанар гүйцэтгэлд хяналт хийсэн дүгнэлт, захиалагчийн барилгын хяналт хийсэн тухай дүгнэлт /хх2-244-248 тал/, барилга угсралтын ил, далд ажлын ажлын акт /шүүхээс хийсэн үзлэгийн фото зургууд/, үндэсний төв архивын зураг төслийн баримтын архивт хүлээлгэн өгсөн баримтын жагсаалт /хх1-43/, 2018 оны Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл /улаан дэвтэр/ зэргээр нотлогдож байна.

11. Харин дээрх баримтууд хуурамч болох талаар холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй, нэхэмжлэгчээс энэ талаар баримт гарган маргаагүй болно.

12. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолоор баталсан ******* дүрэм-ийн 1 дүгээр хавсралтад  Бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр гүйцэтгэгч байгууллагын төлөөллийг оруулахаар заажээ.  

13. Тус барилга байгууламжийг ашиглалтад авах комиссын бүрэлдэхүүнд бусад туслан гүйцэтгэгч компаниуд оролцсон, харин нэхэмжлэгч “Б” ХХК нь оролцоогүй хэдий боловч маргаан бүхий 2019/*** дугаартай комиссын дүгнэлтийн Ерөнхий мэдээлэл хэсгийн Барилгын ажлын туслан гүйцэтгэгч байгууллага хэсэгт нэр бүхий 9 компанийг оруулсан, үүн дотор нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэрийг оруулсан байна.

14. Дээрх дүрэмд гүйцэтгэгч байгууллага тус бүрийг комиссын бүрэлдэхүүнд оролцуулах талаар заагаагүй бөгөөд энэ тохиолдолд бусад туслан гүйцэтгэгч компаниуд төлөөлөн оролцсон гэж үзэхээр байна. Харин “Б” ХХК-ийг комиссын бүрэлдэхүүнд оролцуулаагүй нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: ...37.1.6 энэ хуулийн 48.1-д заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах” гэж зааснаар барилга байгууламжийг ашиглалтад оруулахад зохион байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэх захиалагчийн зохион байгуулалтын асуудал бөгөөд үүнд хариуцагч байгууллагыг буруутгах, улмаар маргаан бүхий актыг хууль бусад тооцох үндэслэл болохгүй. 

15. Мөн маргаж буй 2019/*** дугаартай комиссын дүгнэлтэд “...зоорьтой 16 давхар 148 айл, нэгдсэн зоорийн давхрын 78 автомашины дулаан зогсоол бүхий орон сууц, 5000 мкв үйлчилгээний барилга байгууламжид, түүний холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийж барилгын ажлын гүйцэтгэл, чанарт үнэлгээ дүгнэлт өгсний үндсэн дээр комиссоос ...шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэв.” гээд зоорийн давхрыг нэгдсэн зоорийн давхар гэж бүхэлд нь дурдаад үйлчилгээний төвийн ашигтай талбай болох 5000 м.кв-ийг комиссын дүгнэлтэд бичсэн байгаагаас үзвэл нэгдсэн зоорийн давхар болон үйлчилгээний төвийн талбайг бүхэлд нь хүлээж авсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн комиссын дүгнэлтэд 5000 м.кв үйлчилгээний барилга байгууламж хүлээн авсан гэдэг боловч бодит байдал дээр 7800 м.кв байдаг. 2800 м.кв талбайг улсын комисс хүлээж аваагүй, энэ талаар комиссын дүгнэлтэд бичээгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

16. Түүнчлэн Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т "барилгын ажил гүйцэтгэгч" гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг; 4.1.13-т "барилгын ажлын захиалагч" гэж барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг тус тус ойлгохоор заасан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.23-т “гүйцэтгэгч барилгын ажлын захиалагчийн үүргийг хэрэгжүүлсэн тохиолдолд энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх” гэж зааснаас үзэхэд гүйцэтгэгч, захиалагч нь нэг байж болохоор хууль тогтоогчоос хуульчилсан байна. Иймд тус барилга байгууламжийн захиалагч болон гүйцэтгэгчээр П  ХХК нь ажилласныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

17. Мөн тухайн ашиглалтад хүлээж авсан барилга байгууламжийн угсралтын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий “Б” ХХК, “Д” ХХК-иуд гүйцэтгэсэн байх бөгөөд “П ” ХХК нь барилга угсралтын ажил эхэлснээс хойш 2018 оны 4 дүгээр сарын 11-нд тусгай зөвшөөрөл /хх1-236 тал/ авч улмаар тухайн барилгын ерөнхий гүйцэтгэгч болсон нь барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулж, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан баримт бичгүүдийг бүрдүүлсэн эсэхэд хяналт тавьж, улмаар комиссын дүгнэлт гарган барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах чиг үүргийн дагуу гарсан маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй байна. 

18. Дээрхээс дүгнэхэд маргаж буй 2019/*** дугаартай комиссын дүгнэлтэд барилга байгууламжийн барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр “Б” ХХК-ийн нэр дурдагдсан байгаа, мөн ашиглалтад хүлээж авсан барилга байгууламжийн үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Б” ХХК ажилласан гэдэг нь хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ болон барилга угсралтын ил далд ажлын акт зэрэг баримтаар нотлогдохын зэрэгцээ гуравдагч этгээд “П ” ХХК-иас хүлээн зөвшөөрсөн, ажил гүйцэтгээгүй гэж маргаагүй гэдгээ илэрхийлсэн энэ тохиолдолд барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авснаас болон “Б” ХХК-ийг комиссын бүрэлдэхүүнд оролцуулаагүйгээс шалтгаалан тус компанийн түүхэнд нөлөөлөх, хийсэн ажлыг үгүйсгэх үр дагаврууд үүсэхээргүй байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

19. Эдгээр үндэслэлүүдээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 40 дүгээр зүйлийн 40.1.23, 48 дугаар зүйлийн 48.1, 48.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б ХХК-иас ******* комисст холбогдуулан гаргасан ******* улсын комиссын 2019 оны 2019/*** дугаартай дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ө.БОЛОРЧИМЭГ

                                           ШҮҮГЧ                        Д.ЧАНЦАЛНЯМ

                                           ШҮҮГЧ                        Г.УРАНГУА