Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/00316

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 15 өдөр

        Дугаар 102/ШШ2024/00316

Улаанбаатар хот

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүнбаян-Уул 10 дугаар гудамж, 1 тоотод оршин суух хаягтай, Халх ургийн овогтой /М

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 17 дугаар гудамж, 427 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 47 дугаар байр, 37 тоотод оршин суух хаягтай, Баатад ургийн овогтой Д

 

Нэхэмжлэлийн шаардлага: 37,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э

Хариуцагч Н.Д

Хариуцагчийн өмгөөлөгч Т.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хариуцагч Дд холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

   Мнь 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Дд Төв аймгийн Батсүмбэр сум, 4 дүгээр баг, Бургалтайн голд байрлах 20 үнээний өвөлжөөг, 30*30 хэмжээтэй үхрийн ферм, 40*35 хэмжээтэй адууны жүчээ, 20*35 хэмжээтэй өвсний хашаа, 6*6 хэмжээтэй өвлийн сууц, хашаа байшин болон 12 тооны үнээ, 12 бяруу, шинэ мотоцикл, нарны толь З ширхэг, 200 АН-тай аккумлятор 3 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, диван кресль 1 ширхэг, гал тогооны шкаф 1 ширхэг, ширээ, утас, антень, телевизор тус бүр 1 ширхэг, цахилгаан хөрөө 1 ширхэг эд зүйлсийг нийт 75,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож гараар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Худалдан авагч Д нь 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэрээний дагуу 37,500,000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг хашаа, хорооны бичиг баримт бүрдүүлсний дараа төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч нь бичиг баримтыг гарган өгөх эрх бүхий этгээд биш бөгөөд үлдэгдэл төлбөрөө авахаар Дээс шаардахад “үхрээ буцааж ав, би өгч чадахгүй” гэх мэт янз бүрийн шалтгаанаар өнөөдрийг хүртэл үлдэгдэл 37,500,000 төгрөгийг өгөхөөс татгалзаж байна. Иймд хариуцагч Дээс 37,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Худалдсан газар нь угаасаа цэргийн ангийн хамаарал бүхий газар учир ямар нэг гэрчилгээ гарах боломжгүй. Тэгээд ч хариуцагч нь өөрөө тухайн газрыг эзэмшиж ашиглаад, малын ашиг шимийг нь хүртээд, мөн мал хунар нь өсөж үржээд явж байгаа учир гэрээний дагуу үлдэх нэхэмжлэх эрхтэй гэжээ.   

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 3 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын Гургалдайн голын өвөлжөөг худалдан авсан. Авахдаа бид хоёр гэрээ байгуулсан. Уг гэрээнд Төв аймаг Батсүмбэр сумын 4 дүгээр баг, Гургалдайн голд байрлах өвөлжөөн дөх үхрийн ферм, адууны хашаа, хашаа байшин, 12 үнээ үүнээс тугалсан 4, тугаллах 8, охин 9 бяруу, эр 3 бяруу авлаа гээд нийт үнийг 75,000,000 төгрөгөөр тохирсон. 37,500,000 төгрөгийг урьдчилаад өгсөн, бичиг баримтаа шилжүүлж өгсний дараа үлдэгдэл 37,500,000 төгрөгийг өгөхөөр тохирч гэрээ хийж авч үлдсэн. Гэрчүүд хажууд байсан. Үлдэгдэл 37,500,000 төгрөгийг төлөхөд асуудал байхгүй. Гэрээний дагуу бичиг баримтыг бүрэн гүйцэд шилжүүлж өгсний дараа 37,500,000 төгрөгийг өгнө гэсэн гэрээтэй учраас энэ төлбөрийг төлөхгүй байгаа. Тиймээс Төв аймаг, Батсүмбэр сум, 4 дүгээр баг, Гургалтайн гол, өвөлжөө, адууны зүчээ, өвсний хашаа, үхрийн ферм, хашаа байшингийн газрын гэрчилгээг гаргаад өгчих юм бол асуудалгүй төлбөрөө төлнө гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх3/, худалдах, худалдан авах гэрээ /хх4/, Хаан банкны депозит дансны хуулга /хх5/, итгэмжлэл /хх19/

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх32/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

Хэрэгт дараах гэрээнүүд авагдсан. Үүнд:

 

Хэрэгт нэхэмжлэгч талаас өгсөн Мболон Д нарын хооронд байгуулагдсан “Худалдах-худалдан авах” гэрээ авагдсан. Гэрээгээр Мнь  Дд Төв аймаг, Батсүмбэр сум, 4 дүгээр баг, Бургалтай голд байрлах 30х30 хэмжээтэй 20 үнээний өвөлжөө /үхрийн ферм/, 40х35 хэмжээтэй адууны зүчээ, 20х35 хэмжээтэй өвсний хашаа, 6х6 хэмжээтэй өвлийн сууц, 12 тооны үнээ, 12 тооны бяруу,  мотоцикль /шинэ-2020/, нарны толь – 3 ширхэг, хөлдөөгч – 1 ширхэг, өвс хаддаг хадуур- 1 ширхэг, ширээ – 1 ширхэг, диван, кресль, гал тогооны шкаф, ширээ, утас, антень, телевизор тус бүр 1 ширхэгийг тус тус худалдахаар, мөн уг гэрээнд “...нийт үнэ 75,000,000 төгрөг, ...үлдэх 37,500,000 төгрөгийг газрын бичиг баримт бүрдүүлж өгсний дараа ...өгнө” гэж тусгажээ. 

 

Хариуцагч талаас мөн Мболон Д нарын хооронд байгуулагдсан “Худалдах-худалдан авах” гэрээ. Уг гэрээнд “...Г.Магванаас Д нь: Төв аймгийн Батсүмбэр сум, 4  багийн Бургалтай голд байрлах өвөлжөө, өвөлжөөн дахь үхрийн ферм, адууны зүчээ, өвсний хашаа, хашаа байшингийн хамт, ...худалдан авлаа. Нийт үнэ 75,000,000 төгрөг. Үүнээс тал үнэ болох 37,500,000 төгрөгийг Г.Магваны ...дансанд 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн. Үлдэх 37,500,000 төгрөгийг газрын бичиг баримтыг шилжүүлж өгсний дараа асуудалгүй шилжүүлж өгнө” гэжээ. 

 

Хоёр.

 

Нэхэмжлэгч Мнь хариуцагч Дд холбогдуулж 37,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан.

 

Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ “...2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулж Төв аймгийн Батсүмбэр сум, 4 дүгээр баг, Бургалтайн голд байршилтай газар, үл хөдлөх эд хөрөнгүүд болон мал, хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 75,000,000 төгрөгөөр худалдсан. Хариуцагч 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэрээний дагуу тал хувь болох 37,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэх төлбөрийг хашаа, хорооны бичиг баримт бүрдүүлсний дараа төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч нэхэмжлэгчийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийн бичиг баримтыг бүрдүүлэх, гаргаж өгөх эрх бүхий этгээд биш бөгөөд үлдэгдэл төлбөрөө авахаар Дээс шаардахад өгөхгүй байна” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

Хариуцагч татгалзлаа “...газрын бичиг баримтыг бүрдүүлэх үүргийг гэрээгээр хүлээсэн. Энэ үүргээ биелүүлсэн тохиолдолд үлдэх төлбөрийг асуудалгүй биелүүлнэ” гэж тайлбарлаж байна.

 

Гурав.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.

 

Харин Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд худалдан авагчийн эсрэг ямар нэг шаардлага гаргах эрхтэй байвал тухайн эд зүйлийг бусад этгээдийн эрхийг агуулж байна гэж үзэх буюу эрхийн доголдолтой гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн “...угаасаа цэргийн ангийн газар учир ямар нэг гэрчилгээ гарах боломжгүй. Хариуцагч нь өөрөө тухайн газрыг эзэмшиж ашиглаад, малын ашиг шимийг нь хүртээд, ...мал нь өсөж үржээд явж байгаа учир гэрээний дагуу үлдэх мөнгөө авна” гэсэн тайлбараас үзэхэд гэрээний зүйл болох газар нь эрхийн доголдолтой, хариуцагчид шилжүүлэх боломжгүй хөрөнгө байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

Дөрөв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Дээс 37,500,000 төгрөг гаргуулах тухай Г.Ма нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                      Н.ХАНГАЛ