Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 92

 

“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00662/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж,  С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  08 дугаар сарын 28-ны өдрийн 797 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Б-д холбогдох

“Зээлийн төлбөр 7.465.806,02 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч А.Б-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн В.Д-, А.Б- нар нь Хас банктай 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1600015136 дугаартай зээлийн гэрээ байгуулан 7.700.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 856.834,98 төгрөг, зээлийн хүүд 1.081.772,18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 442,09 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1600015136 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 167 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас банк удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, утсаар ярьж, хамтран зээлдэгч А.Б-гийн гэрт болон ажил дээр удаа дараа очиж байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Хариуцагч В.Д- нь оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, эрэн сурвалжилсан боловч түүний хаяг тодорхойгүй байх тул хариуцагч В.Д-тай холбоотой шаардлагаасаа татгалзаж, хариуцагч А.Б-гаас төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийн төлбөр 6.843.165,02 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаарх хүү 612.606 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,035 төгрөг, нийт 7.465.806,02 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Б- нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Бид тусдаа гарах зорилгоор банкнаас зээл хөөцөлдөхөд хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан нь үнэн. Тухайн үед Хас банк орлого нотлоогүй намайг хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан. В.Д- нь зээлээ авсны дараа удалгүй охин бид хоёрыг хаяад явсан. Банкнаас зээлээ төл гээд удаа дараа над руу залгаж, манай гэрт ирж надтай уулзсан. В.Д-тай холбоо барьж болохгүй байна гээд над руу байнга ярьдаг байсан. Шүүхэд өгвөл чи ажил хийх боломжгүй. Зээл ч авах эрхгүй болно гэж дарамталж байсан. Тэгээд үндсэн зээлдэгч төлөхгүй бол хамтран зээлдэгч нь төлөх ёстой гэж байгаад сар бүр 500.000 төгрөг хийнэ гэж бичүүлж гарын үсэг зуруулж авсан. В.Д- руу залгахаар утсаа авдаггүй, ярих боломжгүй гээд мессеж бичдэг. Чи банкны мөнгөө төлөө ч гэхээр чамд хамаагүй би өөрөө төлнө гэдэг. Тэгээд төлсөн ч юмгүй өдий хүрлээ. Надад төлөх боломж байхгүй. Би ажилгүй, орлого ч үгүй. Охинтойгоо аав, ээжтэйгээ амьдарч байна. Иймд намайг хамтран зээлдэгчээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  08 дугаар сарын 28-ны өдрийн 797 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч А.Б-гаас 7.465.806 төгрөг 02 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банкинд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны хариуцагч В.Д-д холбогдуулан гаргасан иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.405 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-гаас улсын тэмдэгтийн хураамж 134.405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Б- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-иас хариуцагч В.Д-, А.Б- нарт холбогдуулж 7.465.806,02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч В.Д- оршин суугаа хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул хариуцагч В.Д-тай холбоотой шаардлагаасаа татгалзаж, хариуцагч А.Б-гаас төлөгдөөгүй үлдсэн зээлийн үндсэн зээлийн төлбөр 6.843.165,02 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар хүү 612.606 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6035 төгрөг, нийт 7.465.806,02 төгрөг нэхэмжилж, анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч А.Б-гаас 7.465.806,02 төгрөг гаргуулан Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. А.Б- миний хувьд “Тухайн үед В.Д- бид хоёр хамт амьдарч байгаад цалингийн зээл авахад нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Гэвч В.Д- нь зээлээ авсны дараа удалгүй охин бид хоёрыг хаяад явсан. Би уг зээлээс 1 ч төгрөг аваагүй. Тухайн үед Хас банк орлого нотлоогүй намайг хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан...” гэж нэхэмжлэлийг татгалзаж байгаа тайлбараа анхан шатны шүүхэд тодорхой гаргаж өгсөн. Банк зөвхөн В.Д-ын цалин орлогын хэмжээ, түүний хүсэлт, анкет зэргийг үндэслэн зээл олгосон, ийнхүү гэрээний үүргийг буцаан төлөх нөхцөлийг заасан атлаа хамтран зээлдэгчээр А.Б-г тодорхойлсон нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Ажил хөдөлмөр эрхэлж, түүнд тохирсон цалин хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой бөгөөд энэ тохиолдолд цалингаа барьцаалж зээл авах нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг бий болгоно. В.Д- нь цалингаа барьцаалж, зээл авсан нь түүнд хамааралтай болох бөгөөд харин гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн цалин тогтмол орлогоо барьцаалаагүй А.Б- надад зээлийн үүргийг хамааруулах боломжгүй юм гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Хас банк хариуцагч В.Д-, А.Б- нарт холбогдуулж зээлийн төлбөр 7.465.806,02 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч В.Д-тай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч А.Б-гаас зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч А.Б- энэ зээлийг В.Д- төлөх ёстой, би зөвхөн зээлийн гэрээнд л гарын үсэг зурсан, одоо төлбөрийн чадвар байхгүй гэж маргажээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагч А.Билгүүтуяаг Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч мөн гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Б- шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч тухай үед В.Д- бид 2 хамтран амьдарч байгаад цалингийн зээл авахад нь би хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурсан.

Ажил хөдөлмөр эрхэлж, түүнд тохирсон цалин хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой, В.Д- нь цалингаа барьцаалж зээл авсан нь зөвхөн түүнд хамаатай бөгөөд өөрийн цалин тогтмол орлогоо барьцаалаагүй надад зээлийн үүргийг хамааруулах нь хуульд нийцэхгүй гэж давж заалдсан гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаар Хариуцагч В.Д-, А.Б- нар Хас банкнаас 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 1600015136 дугаартай зээлийн гэрээ байгуулан 7.700.000 төгрөгийг өрхийн хэрэглээний зориулалтаар, жилийн 21.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авахдаа зээл хүсэж зориулалтыг заасан зээлийн өргөдлийг банкинд хамтран гаргаж, зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байна.

Иймд А.Б-г зээлийн гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэх нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн  хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг  бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ” гэж заасантай нийцэж байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар нэхэмжлэгч тал хариуцагч А.Б-гаас 7.465.806,02 төгрөг шаардсаныг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.

А.Б- зээлийн дүн, хүүгийн талаар маргаагүй болно.

Иймд хариуцагч А.Б-гийн энэхүү зээл нь зээлдэгч В.Д-ын хувийн байдалтай салшгүй холбоотой тул зээлийг би хариуцахгүй гэсэн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй байна

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөж шийдвэрлэх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  08 дугаар сарын 28-ны өдрийн 797 дугаар шийдвэрийн ТОГТООХ  хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар” гэснийг

“Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар” гэж нэмэлт өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.403 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                   

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.НАРАНГЭРЭЛ

                                                                 ШҮҮГЧИД                                     С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                       Л.АМАРСАНАА