Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 797

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2019/00662/и

                                  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, ...гудамж, Х ХХКны төв байр, Х ХХК –ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. дугаар баг, ... тоотод оршин суух А.Б / утас: /-д холбогдох,

 

7,465,806.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэн В.Д, А.Б нар нь Х ХХКтай 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ....... дугаартай зээлийн гэрээ байгуулан 7,700,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар зээл авсан.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 856,834,98 төгрөг, зээлийн хүүд 1,081,772.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 442.09 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан ...... дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 167 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Х ХХК удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, утсаар ярьж, хамтран зээлдэгч А.Б гийн гэрт болон ажил дээр удаа дараа очиж байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй.

Хариуцагч В.Д нь оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, эрэн сурвалжилсан боловч түүний хаяг тодорхойгүй байх тул хариуцагч В.Д тай холбоотой шаардлагаасаа татгалзаж, хариуцагч А.Бгаас төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийн төлбөр 6,843,165.02 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаарх хүү 612,606 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,035 төгрөг, нийт 7,465,806.02 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв. 

 

Хариуцагч А.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа:

 

 “Бид тусдаа гарах зорилгоор банкнаас зээл хөөцөлдөхөд хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан нь үнэн. Тухайн үед Х ХХК орлого нотлоогүй намайг хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан. В.Д нь зээлээ авсны дараа удалгүй охин бид хоёрыг хаяад явсан. Банкнаас зээлээ төл гээд удаа дараа над руу залгаж, манай гэрт ирж надтай уулзсан. В.Д тай холбоо барьж болохгүй байна гээд над руу байнга ярьдаг байсан. Шүүхэд өгвөл чи ажил хийх боломжгүй. Зээл ч авах эрхгүй болно гэж дарамталж байсан. Тэгээд үндсэн зээлдэгч төлөхгүй бол хамтран зээлдэгч нь төлөх ёстой гэж байгаад сар бүр 500,000 төгрөг хийнэ гэж бичүүлж гарын үсэг зуруулж авсан. В.Д руу  залгахаар утсаа авдаггүй, ярих боломжгүй гээд мессеж бичдэг. Чи банкаа төлөө ч гэхээр чамд хамаагүй би өөрөө төлнө гэдэг. Тэгээд төлсөн ч юмгүй өдий хүрлээ. Надад төлөх боломж байхгүй. Би ажилгүй, орлого ч үгүй. Охинтойгоо аав, ээжтэйгээ амьдарч байна. Иймд намайг хамтран зээлдэгчээс чөлөөлж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч В.Д, А.Б нарт холбогдуулан зээлийн төлбөр нийт 7,465,806.02 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч В.Дтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч А.Бгаас зээлийн нийт төлбөр 7,465,806.02 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан.

Хэрэгт авагдсан баримтаар

Хариуцагч В.Д, А.Б нар нь Х ХХКаас 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ...... тоот зээлийн гэрээг байгуулан, 7,700,000 төгрөгийг, өрхийн хэрэглээний зориулалтаар, жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан болох нь зээлийн гэрээ, харилцагчийн анкет зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Зээлдүүлэгч банк, зээлдэгч В.Д, А.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хуульд заасан журмын дагуу хийгдсэн байна.

Нэхэмжлэгч Х ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний 5.1.1-т “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй бол банкны санаачлагаар цуцална...” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, үндсэн зээлийн үлдэгдэл 6,843,165.02 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаарх хүү 612,606 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,035 төгрөг, нийт 7,465,806.02 төгрөгийг хариуцагч А.Б гаас гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч А.Б нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт нийт 7,465,806.02 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн талаар маргадаггүй  боловч тэрээр “...энэ зээлийн төлбөрийг В.Д төлөх ёстой. Би зөвхөн энэ гэрээнд гарын үсэг л зурсан, төлбөрийн чадваргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбарыг гаргаж маргасан болно.

Хариуцагч тал нь 7,700,000 төгрөгийн зээлийг өрхийн хэрэгцээнд зарцуулах зорилгоор банкнаас авсан бөгөөд хариуцагч А.Б нь шүүх хуралдаан дээр “...тусдаа гарч амьдрах зорилгоор банкнаас зээл авсан,  түүнээс  3,500,000 төгрөгөөр миний нэр дээр газар авсан, хүүхдийн үсний найранд зарцуулсан...” гэх тайлбар болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч Х ХХК нь зээлийн төлбөрийг бүхэлд нь хариуцагч А.Б гаас шаардах эрхтэй ба хариуцагч А.Бгийн гаргасан тайлбарыг үндэслэн зээлийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч А.Бгаас үндсэн зээлийн үлдэгдэл 6,843,165.02 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаарх хүү 612,606 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,035 төгрөг, нийт 7,465,806.02 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч банкинд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч В.Дтай холбоотой шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасны дагуу Х ХХКны нэхэмжлэлтэй В.Дтай холбогдуулан гаргасан иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

    

          1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч А.Бгаас 7,465,806 төгрөг 02 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХКинд олгосугай.

         

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч Х ХХКны хариуцагч В.Д д холбогдуулан гаргасан иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,405 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 134,405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ТУНГАЛАГМАА