Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 93

 

Г.М-, Ш.А- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00583/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 19-ний өдрийн 879 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.М-,

Ш.А- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох 

"Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.М-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.М-ын өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М-, Ш.А- нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.26-ны өдрийн 1250 дугаартай шүүгчийн захирамжаар Б.М- надаас 113.500.000 төгрөг гаргуулж Дархан цалам ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт битүүмжилж, хураасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2003008268 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 хороолол, 20 байр, 63 тоотод байрлах 29,0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 36.709.300 төгрөгөөр, улсын эрхийн бүртгэлийн Ү-1310001179 дугаартай Сэлэнгэ аймаг, Сайхан сумын 2-р баг, 20 байр, 27 тоотод байрлах 24,0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 23.719.100 төгрөгөөр, Ш.А- миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2003001415 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын 3-р баг, Цантын 1 гудамж, 2 тоотод байрлах 586,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг улсын эрхийн бүртгэлийн Ү-2003012058 дугаартай 48,0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамт 18.421.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тухайн үед би энэ хашаа байшингаа эгч Б.М-т итгэмжлэл хийж өгч зээлийн барьцаанд тавиулсан боловч итгэмжлэлийн хугацаа дууссан юм. Бидний гаргаж байгаа гомдол бол 1. Эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй Ашид билгүүн ХХК-иар гаргуулсан байна. Энэ компани нь авто үнэлгээ хийдэг юм байна. 2. Бидний зээлийн барьцаанд тавьсан эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн үнийг зах зээлийн бодит үнээр тогтоож чадаагүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу дээрх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг дахин гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.М-, Ш.А- нар нь гомдлын шаардлагаа багасгахдаа:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие нь Дархан цалам ББСБ-тай хийсэн 15/05 дугаартай зээлийн гэрээ, 15/05 дугаартай барьцааны гэрээ, барьцааны гэрээтэй холбоотой улсын бүртгэлийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан юм. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлээд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 644 дугаартай шийдвэр гаргаж уг шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, гомдолд дурдсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг 6 хороолол 20 байрны 63 тоотод байрлах 29,0 м.кв талбайтай орон сууц, Дархан-Уул аймгийн Дархан сум 3-р баг Цантын 1 гудамж 2 тоотод байрлах 586,0 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, улсын эрхийн бүртгэлийн Ү-2003012058 дугаартай 48,0 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг, улсын бүртгэлийн хамтаар тус тус хүчингүй болгосон. Хариуцагч тал давж заалдах гомдол гаргаж давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Магадлал нь гараагүй байгаа бөгөөд шүүхийн шийдвэр, магадлал нь одоогоор хүчин төгөлдөр болоогүй байна. Иймд гомдлын шаардлагаа багасгаж, Улсын бүртгэлийн Ү-1310001179 дугаартай Сэлэнгэ аймаг, Сайхан сумын 2-р баг, 20-р байрны 27 тоотод байрлах 24,0 м.кв талбайтай орон сууцыг 23.719.100 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулахыг хүсэж гомдол гаргаж байгааг хүлээн авна уу гэжээ.

Нэхэмжлэгч Б.М- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах 2 дугаар байрны 27 тоотыг 23 сая төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Анхны дуудлага худалдаа 2019 оны 05 дугаар сарын 13-нд болсон. Дуудлага худалдаа 13 сая төгрөгөөс эхэлсэн. Хөтөлийн байруудад зах зээлийн үнэлгээнд судалгаа хийхэд манайх шиг байр 35-45 сая төгрөгийн ханштай байна. Энэ талаар нотлох баримт гаргаж өгсөн. Үнэндээ багаар үнэлсэн гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар шинжээч томилсон. Ингэхдээ 23.700.000 төгрөг гэж үнэлсэн нь үндэслэлгүй, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т зааснаар үнэлгээг талуудад 3 хоногийн дотор мэдэгдэх ёстой байтал зөрчиж, 4 хоногийн дараа үнэлгээг талуудад танилцуулсан. Мөн Ашид билгүүн ХХК бол даатгалын үнэлгээг гаргах үндсэн зөвшөөрөлтэй ба гэрчилгээн дээр нь даатгалын үнэлгээг гаргах, хөрөнгө үнэлэх гэсэн нь даатгалтай холбоотой хөрөнгийг үнэлэх үйл ажиллагаа явуулдаг гэдгийг тодорхой харуулж байна. Үнэлгээний байгууллагад гэрчилгээ олгохдоо чиглэл чиглэлээр гэрчилгээ олгодог. Ашид билгүүн ХХК-ийн Чинбат овогтой Жамъян бол даатгалын хохирол, эд хөрөнгийг үнэлэх эрхтэй байсан. Ийм учраас үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлүүлж өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1250 дугаартай шүүгчийн захирамжаар Б.М-аас 113.500.000 төгрөг гаргуулж, Дархан Цалам ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.М- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагдсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ашид Билгүүн ХХК-ийг шинжээчээр тогтоосон. Ашид билгүүн ХХК дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоон, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03/1003, 03/1002 дугаартай албан бичгээр мэдэгдэж, үнэлгээтэй холбоотой гомдол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талуудад эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу хуулийн хугацаанд гаргаагүй байна. Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг тусгай зөвшөөрлийн эрхтэй Ашид билгүүн ХХК нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний Олон Улсын стандартыг баримтлан өнөөгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 19-ний өдрийн 879 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ын хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 2 дугаар баг, Гавшгай 20-27 тоотод байрлах Ү-1310001179 улсын бүртгэлийн дугаартай 24 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 23.719.100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М-, Ш.А- нарын Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 20 байр, 63 тоотод байрлах Ү-2003008268 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 29,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Цант 1 гудамж, 2 тоотод байрлах Ү-2003012058 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 48,0 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-2003001415, нэгж талбарын 080127082 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 586,0 м.кв газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.М- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг гаргаж байна. ШШГГ нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гаргах эрхгүй компанийг шинжээчээр томилж миний барьцаа хөрөнгийг зах зээлийн үнэ ханшнаас хамаагүй доогуур үнэлүүлж миний хөрөнгийг үнэгүйдүүлсэнд би гомдож шүүхэд хандсан. ШШГГ нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т зааснаар үнэлгээг надад 3 хоногийн дотор мэдэгдэж тэмдэглэл хөтлөх ёстой байсан атлаа энэ хугацааг хэтрүүлэн 4 хоногийн дараа мэдэгдсэн байдаг. “Ашид билгүүн” ХХК-ийн үүсгэн байгуулагч Чинбат овогтой Жамъянд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгосон харин “Ашид билгүүн” ХХК-д үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гаргах тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас олгосон гэх баримт хэрэгт авагдаагүй байсан. Иймд эрх бүхий байгууллага миний үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ гаргасан, тэр үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй гэж би үзэж байгаа болно.

 “Ашид билгүүн” ХХК нь Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах 2-р байрны 27 тоот 2 өрөө орон сууцыг зах зээлийн ханшаас хамаагүй доогуур 23.719.100 төгрөгөөр үнэлсэнд би гомдолтой байгаа юм. Зах зээлийн өнөөгийн ханшаар Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах ижил нөхцөл байрлалд байгаа байруудын 2 өрөө орон сууц доод тал нь 34.000.000 төгрөгөөр худалдаалагдаж байна гэдгийг би өөрөө судалж мэдээд иргэдийн хооронд хийгдсэн худалдах, худалдан гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөн зах зээлийн үнийг тодорхойлсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үнэлгээг дахин гаргуулах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.М-, Ш.А- нар хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулж, зээлийн барьцаанд шүүхийн шийдвэрээр хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд хийсэн “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахыг шаардсан бөгөөд хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үл хөдлөх эд хөрөнгүүдэд “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээ хуулийн дагуу хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.А- Дархан сумын 3 дугаар баг, Цантын 1 дүгээр гудамж 2 тоотод байрлах хувийн орон сууц, газрын хамт үнэлсэн үнэлгээнд гаргасан гомдлоосоо татгалзаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 20 дугаар байрны 27 тоотын 2 өрөө 24 м.кв талбайтай орон сууцыг 23.719.100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ш.А-ын нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 20 дугаар байрны 27 тоотын 2 өрөө 24 м.кв талбайтай орон сууцыг 23.719.100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.М- шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийн  үнэлгээ хийх эрхгүй компаниар үнэлгээ хийлгэсэн, тус компани үнэлгээ нь зах зээлийн ханшаас доогуур үнэлэгдсэн гэдгийг нотлохоор зах зээл дээр  бусдын хоорондоо хийсэн худалдах худалдан авах гэрээг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөөр байхад тэрхүү баримтыг үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж давж заалдсан гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн  анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн1250 дугаар шүүгчийн захирамжаар “Дархан цалам” ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй, Б.М-т холбогдох иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Энэхүү захирамжаар хүлээсэн үүргээ хариуцагч Б.М- гүйцэтгээгүй тул тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 256 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, 33 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Энэхүү захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу хийгдсэн эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаанд нэхэмжлэгч нар гомдол гаргаагүй.

Дээрх хугацаанд төлбөр төлөгч нар үүргээ биелүүлээгүй бөгөөд хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 20 дугаар байрны 27 тоотын 2 өрөө 24 м.кв талбайтай орон сууцны үнийг төлбөр төлөгч Б.М- 60.000.000 төгрөгөөр, төлбөр авагч 20.000.000 төгрөгөөр үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулах санал гаргаж, талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр “Ашид билгүүн” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Томилогдсон “Ашид билгүүн” ХХК төлбөрт хураагдсан орон сууц болох  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 20 дугаар байрны 27 тоотын 2 өрөө 24 м.кв талбайтай орон сууцыг зах зээлийн үнэ цэнэ нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 23.719.100 төгрөг байна гэж үнэлгээний тайлан гаргасныг төлбөр төлөгч Б.М- эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй этгээд үнэлгээ хийсэн гэж маргажээ.

Хэргийн 182-185 дугаар талд авагдсан баримтаас үзвэл “Ашид билгүүн” ХХК даатгалын хохирол үнэлэгчийн тусгай зөвшөөрөлтэй бөгөөд тус компанийн захирал Ч.Жамьян үл хөдлөх эд хөрөнгө үнэлэх тусгай зөвшөөрөлтэй байна.

Хэргийн 84-86 дугаар талд авагдсан шинжээч томилсон тухай тогтоолоор шинжээчээр “Ашид билгүүн” ХХК-ийг томилсон нь эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй этгээдийг шинжээчээр томилоогүй гэж үзэхээр байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д  “үнэлгээчин” гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг” гэж тодорхойлсон байх бөгөөд шинжээчээр томилогдсон “Ашид билгүүн” ХХК үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд биш байна.

Анхан шатны шүүх томилогдсон шинжээч “Ашид билгүүн” ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдсан ч үүсгэн байгуулагч Ч.Жамьянд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл Сангийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тушаалаар олгогдсоноор улсын бүртгэлд тэр өдөр өөрчлөлт оруулсан тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэ зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

Хэргийн 93-141 дүгээр талд авагдсан баримтаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг “Ашид билгүүн” ХХК гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн. 

Үнэлгээний тайлангаас үзвэл Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 20 дугаар байрны 27 тоотын 2 өрөө 24 м.кв талбайтай орон сууцыг үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан олон улсын болон үндэсний стандартад нийцүүлж, барилгын хийц бүтээц, зах зээлийн судалгаа, барилгын үнэ цэнийг харгалзаж үнэлсэн гэх боловч 1 м.кв талбайн дундаж үнийг тодорхойлохдоо 456.136 төгрөг гэж тодорхойлсон нь хэрхэн юуг үндэслэж тодорхойлсон нь тодорхойгүй, үнэлж буй хөрөнгийн талбайн хэмжээг 52 м.кв гэж үнэлсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй буюу үнэлүүлж буй  24 м.кв талбайгаас зөрүүтэй болжээ.

Иймд шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв гэж үзэх  боломжгүй байна.

Мөн үнэлгээ хийхдээ жишиг болгож Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Сайхан суманд тус тус байрлах 2 өрөө 2 орон сууцыг сонгосон  бөгөөд тэдгээр орон сууцууд нь зах зээлд 57.000.000 төгрөг, 45.000.000 төгрөгөөр тус тус худалдаалагдсан талаар үнэлгээний тайланд тусгагджээ.

Нэхэмжлэгч Б.М- нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, үнэлэгдэж буй 2 өрөө орон сууцны зах зээлийн өнөөгийн ханшийг тодорхойлж,  Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах, ижил нөхцөл, байрлалд байгаа байруудын 2 өрөө орон сууцны үнэ дунджаар 34.000.000 төгрөгөөр иргэд хооронд худалдаалагдаж байгаа талаарх нотлох баримт болох худалдах, худалдан авах 4 гэрээг нотлох баримтын шаардлага хангаж шүүхэд ирүүлсэн боловч шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй этгээдээр үнэлгээ хийлгэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй гэсэн давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул давж заалдсан гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 19-ний өдрийн  879 дүгээр  шийдвэрийн 1 дүгээр заалтын

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ын Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 20 дугаар байрны 27 тоотын 2 өрөө 24 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 23.719.100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Б.М-ын Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 20 дугаар байрны 27 тоотын 2 өрөө 24 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 23.719.100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож,

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 20 дугаар байрны 27 тоотын 2 өрөө 24 м/кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнд дахин үнэлгээ хийхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай гэж өөрчилөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Б.М- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

             

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                               ШҮҮГЧИД                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                    Л.АМАРСАНАА