Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 879

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2019/00583/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............. аймаг, ............ сум, 2 дугаар баг, ............ тоотод оршин суух .........овогт Б.М- / утас: .............../,

 

Нэхэмжлэгч: ............... аймаг, ............  сум, ..........  баг, .............  тоотод оршин суух ..............  овогт Ш.А- /утас: ............ / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .............аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- ... дугаар нээлттэй хорих ангид холбогдох

 

“Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М-, Ш.А- нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“.............аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.26-ны өдрийн 1250 дугаартай шүүгчийн захирамжаар Б.М- надаас 113,500,000 төгрөг гаргуулж “ДЦ”- ХХК-д олгохоор шийдвэрлэсэн юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт битүүмжилж, хураасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2003000000 дугаартай ....... аймаг, ......... сум, 11 дүгээр баг, 6 хороолол, 20 байр, 63 тоотод байрлах 29,0 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 36,709,300 төгрөгөөр, улсын эрхийн бүртгэлийн Ү-13............9 дугаартай .......... аймаг, ......... сумын 2-р баг, 20 байр, 27 тоотод байрлах 24,0 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 23,719,100 төгрөгөөр, Ш.А- миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2003.......5 дугаартай, ....... аймаг, ......... сумын 3-р баг, Цантын 1 гудамж, 2 тоотод байрлах 586,0 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг улсын эрхийн бүртгэлийн Ү-2003..........8 дугаартай 48,0 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамт 18,421,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тухайн үед би энэ хашаа байшингаа эгч Б.М-т итгэмжлэл хийж өгч зээлийн барьцаанд тавиулсан боловч итгэмжлэлийн хугацаа дууссан юм. Бидний гаргаж байгаа гомдол бол

  1. Эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй “АБ”- ХХК-иар гаргуулсан байна. Энэ компани нь авто үнэлгээ хийдэг юм байна.
  2. Бидний зээлийн барьцаанд тавьсан эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн үнийг зах зээлийн бодит үнээр тогтоож чадаагүй.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу дээрх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг дахин гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.М-, Ш.А- нар нь гомдлын шаардлагаа багасгахдаа:

  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие нь “ДЦ”- ББСБ-тай хийсэн 15/05 дугаартай зээлийн гэрээ, 15/05 дугаартай барьцааны гэрээ, барьцааны гэрээтэй холбоотой улсын бүртгэлийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан юм. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлээд .............аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 644 дугаартай шийдвэр гаргаж уг шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, гомдолд дурдсан .............аймгийн .......... сумын 11-р баг 6 хороолол 20 байрны 63 тоотод байрлах 29,0 мкв талбайтай орон сууц, .............аймгийн ......... сум 3-р баг Цантын 1 гудамж 2 тоотод байрлах 586,0 мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, улсын эрхийн бүртгэлийн Ү-2003..........8 дугаартай 48,0 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг, улсын бүртгэлийн хамтаар тус тус хүчингүй болгосон. Хариуцагч тал давж заалдах гомдол гаргаж давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Магадлал нь гараагүй байгаа бөгөөд шүүхийн шийдвэр, магадлал нь одоогоор хүчин төгөлдөр болоогүй байна. Иймд гомдлын шаардлагаа багасгаж, Улсын бүртгэлийн Ү-13............9 дугаартай .......... аймаг, ......... сумын 2-р баг, 20-р байрны 27 тоотод байрлах 24,0 мкв талбайтай орон сууцыг 23,719,100 төгрөгөөр үнэлсэн “АБ”- ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулахыг хүсэж гомдол гаргаж байгааг хүлээн авна уу.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.М- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би .......... аймгийн .......... суманд байрлах 2 дугаар байрны 27 тоотыг 23 сая төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Анхны дуудлага худалдаа 2019 оны 05 дугаар сарын 13-нд болсон. Дуудлага худалдаа 13 сая төгрөгөөс эхэлсэн. Хөтөлийн байруудад зах зээлийн үнэлгээнд судалгаа хийхэд манайх шиг байр 35-45 сая төгрөгийн ханштай байна. Энэ талаар нотлох баримт гаргаж өгсөн. Үнэндээ багаар үнэлсэн.” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар шинжээч томилсон. Ингэхдээ 23,700,000 төгрөг гэж үнэлсэн нь үндэслэлгүй, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т зааснаар үнэлгээг талуудад 3 хоногийн дотор мэдэгдэх ёстой байтал зөрчиж, 4 хоногийн дараа үнэлгээг талуудад танилцуулсан. Мөн “АБ”- ХХК бол даатгалын үнэлгээг гаргах үндсэн зөвшөөрөлтэй ба гэрчилгээн дээр нь даатгалын үнэлгээг гаргах, хөрөнгө үнэлэх гэсэн нь даатгалтай холбоотой хөрөнгийг үнэлэх үйл ажиллагаа явуулдаг гэдгийг тодорхой харуулж байна. Үнэлгээний байгууллагад гэрчилгээ олгохдоо чиглэл чиглэлээр гэрчилгээ олгодог. “АБ”- ХХК-ийн .......... овогтой Ж- бол даатгалын хохирол, эд хөрөнгийг үнэлэх эрхтэй байсан. Ийм учраас үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлүүлж өгнө үү.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“.............аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1250 дугаартай шүүгчийн захирамжаар Б.М-аас 113,500,000 төгрөг гаргуулж, “ДЦ”- ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Б.М- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагдсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “АБ”- ХХК-ийг шинжээчээр тогтоосон. “АБ”- ХХК дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоон, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03/1003, 03/1002 дугаартай албан бичгээр мэдэгдэж, үнэлгээтэй холбоотой гомдол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талуудад эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу хуулийн хугацаанд гаргаагүй байна. Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг тусгай зөвшөөрлийн эрхтэй “АБ”- ХХК нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний Олон Улсын стандартыг баримтлан өнөөгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М-, Ш.А- нар нь хариуцагч .............аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан ....... аймаг, ......... сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 20 байр, 63 тоотод байрлах Ү-2003000000 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 29,5 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 36,709,300 төгрөгөөр, ....... аймаг, ......... сум, 3 дугаар баг, ..... 1 гудамж, 2 тоотод байрлах Ү-2003..........8 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 48,0 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2003.......5, нэгж талбарын 080127082 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 586,0 мкв газрын хамт 18,421,000 төгрөгөөр, ........... аймаг, .......... сум, 2 дугаар баг, 20 байрны 27 тоотод байрлах Ү-13............9 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 24 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 23,719,100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ДЦ”- ББСБ-тай хийсэн 15/05 дугаартай зээлийн гэрээ, 15/05 дугаартай барьцааны гэрээ, барьцааны гэрээтэй холбоотой улсын бүртгэлийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 644 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн... гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.М- нь ....... аймаг, ......... сум, 11 дүгээр баг, 6 хороолол, 20 байр, 63 тоот орон сууцны, нэхэмжлэгч Ш.А- нь өөрийн өмчлөлийн ....... аймаг, ......... сумын 3-р баг, ...... 1 гудамж, 2 тоотод байрлах хувийн орон сууц, газрын хамт үнэлсэн үнэлгээнд гаргасан гомдлоос тус тус татгалзсан байх тул энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй болно.

 

Нэхэмжлэгч Б.М- нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-13............9 дугаартай .......... аймаг, ......... сумын 2-р баг, 20-р байрны 27 тоотод байрлах 24,0 мкв талбайтай орон сууцыг 23,719,100 төгрөгөөр үнэлсэн “АБ”- ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулах тухай шаардлага гаргасан байна.

 

.............аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1250 дугаар шүүгчийн захирамжаар “ДЦ”- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.М-т холбогдох иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хэргийн 51-53 дугаар хуудас/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар, шударгаар биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ гүйцэтгээгүй тул тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 256 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, 33 тоот гүйцэтгэх хуудас бичигджээ. /хэргийн 48-50 дугаар хуудас/

 

Тус гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн .............аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчид шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлжээ. /хэргийн 65, 69, 70, 80 дугаар хуудас/

 

Улмаар эд хөрөнгө битүүмжлэх 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 448/01 тогтоолоор ...... аймаг, .......... сум, 2 дугаар баг, ........ 20-27 тоотод байрлах Ү-13............9 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 17070216/09 тогтоолоор тус үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, төлбөрийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгджээ. Тус эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагаанд нэхэмжлэгч нар гомдол гаргаагүй байна. /хэргийн 63-64, 77 дугаар хуудас/

 

Дээрх хугацаанд төлбөр төлөгч нар нь үүргээ биелүүлээгүй, хураагдсан эд хөрөнгийн үнийг төлбөр төлөгч Б.М- 60,000,000 төгрөгөөр үнэлж байгаагаа бичгээр илэрхийлсэн /хэргийн 81 дүгээр хуудас/, төлбөр авагч ...зээлийн барьцаа хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр үнэлэн албадан дуудлага худалдаанд оруулах саналтай байна... гэх  үнийн саналыг ирүүлж /хэргийн 83 дугаар хуудас/, талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2019/05 тоот тогтоолоор эд хөрөнгийг үнэлүүлэхээр  “АБ”-ХХК-ийг шинжээчээр томилон, томилогдсон шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулан тэмдэглэл үйлдсэн. /хэргийн 87-88 дугаар хуудас/  

 

Томилогдсон шинжээч “АБ”- ХХК нь төлбөрт хураагдсан орон сууц болох .......... аймаг, ............. сум, 2 дугаар баг, ........ 20-27 тоотод байрлах Ү-13............9 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019  оны  04 дүгээр  сарын 05-ны өдрийн байдлаар 23,719,100 төгрөг байна гэж үнэлгээний тайлан гаргасныг .............аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч Б.М-т 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 03/1003 тоот албан бичгээр болон өөрт нь мэдэгдэн тэмдэглэл үйлджээ. /хэргийн 142-143 дугаар хуудас/

 

Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр хариуцагч .............аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсвэл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т “Төлбөр төлөгчийн өөрт нь байгаа болон бусдад байгаа түүний өмчлөлийн хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах тухай шийдвэрийг гүйцэтгэх”, 49.4.3-д “Төлбөр төлөгчийн болон бусдад байгаа түүний өмчлөлийн хөрөнгийг хураах тухай шийдвэрийг гүйцэтгэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилнэ” гэсэн хуулийн шаардлагын дагуу эд хөрөнгийг битүүмжилж, үнийн саналын дагуу шинжээч томилсон нь дээрх хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.М-, түүний өмгөөлөгч нар томилогдсон шинжээч “АБ”-ХХК-ийг зөвхөн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй атлаа  хөрөнгийн үнэлгээ хийсэн тул эрх бүхий байгууллагын үнэлгээ биш гэж маргаж байгаа.

 

Томилогдсон шинжээч “АБ”-ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдсан ч үүсгэн байгуулагч Ч.Жамьянд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл Сангийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 7 дугаар тушаалаар олгогдсоноор Улсын бүртгэлд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрчлөлт оруулжээ.

 

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч Б.М-, өмгөөлөгч нарын гомдол үндэслэлгүй байна.

                 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна гэснээр томилогдсон үнэлгээчин  үнэлгээний зүйл болсон Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 2 дугаар баг, Гавшгай 20-27 тоотод байрлах Ү-13............9 улсын бүртгэлийн дугаартай 24 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлохдоо барилгын хйиц бүтээц, зах зээлийн судалгаа, барилгын үнэ цэнэ зэргийг харгалзсан гэдгээ тайланд дурдсан. /хэргийн 95-107 дугаар хуудас/

                

Нэхэмжлэгч Б.М- томилогдсон шинжээчийн үнэлсэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ гэж тооцсон 23,719,100  төгрөгийг бодитой биш гэж маргаж байгаа.

 

Үнэлэгдсэн эд хөрөнгө ....... аймаг, ......... сум, 2 дугаар баг, ..........  20-27 тоотод байрлах Ү-13............9 улсын бүртгэлийн дугаартай 24 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ ямар учраас томилогдсон шинжээчийн үнэлгээнээс давуу байх нөхцөл байдал, түүний тайлбарт дурдсанаар болон ирүүлсэн нотлох баримтаар ........ аймгийн .......... суманд 2 өрөө орон сууц 34,000,000 төгрөгөөр   иргэд хооронд худалдаалагдаж байгаа бол өөрийнх нь өмчлөлийн орон сууцны үнэ нэмэгдэх нөхцөл, давуу байдал зэргийг тодорхойлоогүй, үгүй бол шинжээч үл хөдлөх хөрөнгийн чанар байдал, эдэлгээг бодит байдлаас зөрүүтэй тогтоосноос үнэлгээний үнэ цэнэ буурсан эсэхийг нотлохгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ын хариуцагч .............аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан ...... аймаг, ............. сум, 2 дугаар баг, .......... 20-27 тоотод байрлах Ү-13............9 улсын бүртгэлийн дугаартай 24 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 23,719,100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М-, Ш.А- нарын ....... аймаг, ......... сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 20 байр, 63 тоотод байрлах Ү-2003000000 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 29,5 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ....... аймаг, ......... сум, 3 дугаар баг, Цант 1 гудамж, 2 тоотод байрлах Ү-2003..........8 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 48,0 мкв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Г-2003.......5, нэгж талбарын 080127082 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 586,0 мкв газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор .............аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                                     

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОЮУНДАРЬ