Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 96

 

Ц.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00346/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 25-ны өдрийн 898 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.О-ад холбогдох

"Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, Манхантолгой 2 гудамж, 3 тоот 4506903867 нэгж талбарын дугаартай, Г-2003008912 дугаартай, 1695,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэдэнбалын давж заалдсан гомдлыг үндэслэн

           Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэдэнбал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.М- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаартай захирамжаар манай талийгаач нөхөр Ө.Г-ийн нэр дээр Дархан-Уул аймаг, Дархан сум 8-р баг, Манхантолгой 2 гудамж, 3 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлүүлсэн. Ч.О- нь Дарханд шилжиж ирээд буух хашаагүй байна, танай хашаанд түр амьдаръя гэж манай талийгаач нөхрөөс гуйж манай хашаанд 2008 оны үед гэр барьж амьдарч эхэлсэн. Манай нөхөр Ө.Г- өвчний улмаас 2017 оны 12 сарын 26-ны өдөр нас барж, эхнэр Ц.М- миний бие тус газрын өв залгамжлагчаар тогтоогдож, 2018 оны 03 сарын 16-ны өдөр дээрх газрыг өвлөх эрхийн гэрчилгээг авсан. Ч.О-ыг манай газрыг чөлөөлж өг, хүүхдүүд маань том болчихсон тусдаа гарах болчихлоо гэж удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг, зовлон тоочиж сүүлдээ бүр газрын гэрчилгээгээ миний нэр дээр шилжүүлээд өгчих, би банкинд барьцаанд тавиад мөнгө гаргаж аваад худалдаж авъя гэж гуйхаар нь тийм асуудал байхгүй гэж хэлээд зөвшөөрөөгүй. Аль 2008 оноос Ч.О- нь манай хашаанд гэр бүлийнхээ хамт одоог хүртэл үнэ төлбөргүй амьдарч байна. Би одоо 21-28 насны гурван эрэгтэй хүүхэдтэй, эхнээсээ тусдаа гарч байгаа тул миний хувьд газраа яаралтай чөлөөлүүлж авах шаардлагатай байна. Иймд Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, Манхантолгой 2 гудамж, 3 тоот /4506903867 нэгж талбарын дугаартай, Г-2003008912 дугаартай, 1695,0 м.кв талбайтай/ гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газарт маань хууль бусаар амьдарч байгаа Ч.О-аас газрыг маань чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Маргаан гарах гол шалтгаан нь нэхэмжлэгч хариуцагч нар хөрш залгаа байдаг бөгөөд газрын заагаа гаргаагүйгээс улбаалан энэ маргаан үүссэн. Нэхэмжлэгч 3 тоотод, харин хариуцагч 3б тоотод оршин суудаг. Хариуцагч нь 60,84 м.кв нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт хууль бусаар барилга байгууламж барьсан учраас өмчлөх эрхээ хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ маргаан Захиргааны хэргийн шүүхийн 2 шатаар яваад шийдвэрлэгдсэн. 1999 оноос хойш нэхэмжлэгчийн талийгаач нөхөр н.Г- энэ газрыг авсан. Хамгийн сүүлд 2017 оны 08 сард өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулсан. Ингээд нөхрөө нас барсны дараа нэхэмжлэгч маань өвлөх эрхээ нээлгээд уг газрыг өмчилж авсан. Захиргааны хэргийн шүүх уг газрыг Ц.М-ын өмчлөл мөн гээд тогтоосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд энэ маргааны шийдсэн хүчин төгөлдөр, шүүхийн шийдвэр гарсан тул дахин нотлох шаардлагагүй гэж заасан тул энэ маргааныг дахин шүүхээр шийдвэрлэх шаардлагагүй гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд тайлбар хийх ёстой. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч баахан захирамжийн талаар л ярилаа. Энэ яриад байгаа асуудал Захиргааны хэргийн шүүх дээр маш дэлгэрэнгүй яригдаад, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээд магадлал нь гарсан. Уг магадлал дээр Ц.М-ыг 1695 м.кв, Ч.О-ыг 445 м.кв газрыг тус тус авсан байна, талийгаачаас өвлөх эрхийн дагуу хууль ёсоор газрыг нь авсан байна, Ч.О-ыг Ц.М-ын эзэмшлийн газраас эзэмших ёсгүй гээд шийдсэн. Бид өнөөдөр 60,84 м.кв дээр хууль бусаар барилга барьсан учраас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан. Тэгэхээр эцэслэн шийдэгдсэн асуудлыг яриад байгаа нь өнөөдрийн шүүх хуралдааныг ойлгомжгүй явуулах байдалд хүргээд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.О- шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие Ч.О- нь иргэн О.Ц-тай анх Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах хуучнаар Манхантолгойн 2 гудамжны 13 тоот буюу одоогийнхоор 2-р гудамж, 3 тоот хоосон 2 тал хашаатай газрыг 2008 оны 05-р сарын 15-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу бичмэл нотлох баримт үйлдэж 2.100.000 төгрөгөөр худалдан авахдаа тухайн Дархан сумын 8-р багийн засаг даргын 2007 оны 08-р сарын 30-ны өдрийн 999 тоот албан бичиг, мөн Дархан сумын 8-р багийн засаг даргын 2008 оны 04-р сарын 26-ны өдрийн 429 тоот албан бичгүүдийг тус тус үндэслэн худалдан авч өнөөг хүртэл буюу 2008 оны 04-р сарын 15-ны өдрөөс өнөөг хүртэл 10 жил 445,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчийн Г-2003008809 гэрчилгээтэй хуулийн дагуу амьдарч байгаа нь үнэн болно. Иймд миний бие Ч.О- нь нэхэмжлэгч гэх Ц.М-ыг танихгүй, энэ хүн 2008 оны 04-р сарын 15-ны өдрөөс өнөөг хүртэл энэ газарт амьдардаггүй нь үнэн болно. Мөн иргэн Ц.М- нь 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1241 тоот хуулийн хүчин төгөлдөр шүүхийн захирамж гарсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх заалтын дагуу тухайн хэрэг бүхэлдээ хэрэгсэхгүй болох учиртай. Ийм учраас энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэдэнбал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...60,84 м.кв газар нь Засаг даргын 78 дугаар захирамжид яригдсан. Гэтэл өмнөх 70 тоот захирамжид нэхэмжлэгч болон түүний талийгаач нөхөрт олгосон газрын хэмжээ зөрүүтэй байна. Эхний өгсөн газар бага байсан тул Ц.М- дахин нөхрийнхөө нэр дээр газар гаргуулсан. Ч.О- нь 2009 онд газар эзэмших хүсэлт өгсөн байсан. Гэтэл өмнө нь энэ хүсэлтийг хайгаад гарч ирэхгүй байсаар сая л олдож байна. Ц.М-, Г- нар хүчин төгөлдөр 70 тоот захирамжаар газар авчхаад, мэдсээр байж дахин хүсэлт гаргасан. 78 тоот захирамж дээр 70 тоот захирамжийг хүчингүй болголоо гэсэн 1 ч үг, үсэг байхгүй. Нэхэмжлэгчийн 78 тоот захирамжаар авсан газар нь шал өөр газар кадастрын зурагтай байгаа, эд нар огт өөр газар авсан. Тэгэхээр эд нар нэхэмжлэл гаргах эрхгүй хүмүүс гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 25-ны өдрийн 898 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.М-ын Дархан-Уул аймаг Дархан сум 8 дугаар баг Манхантолгойн 2 дугаар гудамж 3 тоот 1695 м.кв гэр бүлийн хэрэгцээний газартай давхацсан хэмжээ болох 60,84 м.кв-ийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давхацсан хэмжээгээр газрыг чөлөөлөхийг хариуцагч Ч.О-ад даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О-аас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэдэнбал давж заалдсан гомдолдоо:

...Миний бие Ч.О- нь 2008 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэн Д.Н-, О.Ц- нараас газраа 2.100.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд иргэн Д.Н- нь бүх бичиг баримтыг хөөцөлдөн авч өгнө гэж харилцан тохиролцон боловч авч өгөөгүй байдаг.  2009 оны 03-р сарын 11-ний өдрийн Дархан-Уул аймгийн засаг даргын 70 тоот захирамжийг гарсан гэдгийг тухайн үед мэдэж байсан бол иргэн Ц.М- надтай газрын талаар маргалдаж чадахгүй байсан. Тухайн захирамжийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гарсан байдаг гэдгийг анх мэдсэн. Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаар захирамж, 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар захирамж тус тус Ц.М- нь гаргуулан авсан байна. Энэ 2 захирамжийн аль нь хүчинтэй эсэх талаар захиргааны шүүхээр хянуулах хүсэлтээ 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр захиргааны шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал зэргийг тус тус дахин хянуулахаар гомдол гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан тохиолдолд шүүх үнэлэхгүй харин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах гэж байгаа бол энэ заалт хамаарахгүй гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Н.Цэдэнбалын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч Ц.М- нь хариуцагч Ч.О-ад холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Манхантолгой 2 дугаар гудамж 3 тоот   4506903867 нэгж талбарын дугаартай, Г-2003008912 дугаартай, 1695,0 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг чөлөөлүүлэх гэж  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Дархан сумын 8-р баг, Манхантолгойн  2 гудамж, 3 тоот  хаягт байрлах газраас нийт 60.84 м.кв газрыг чөлөөлүүлэх гэж  тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

              Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Манхантолгойн 2-3 тоот  4506903867 нэгж талбарын  дугаартай 1695 м.кв талбай бүхий газрыг Ө.Г-т  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын  01-ний  өдрийн  78 тоот  захирамжаар  олгож,  түүний эхнэр  Ц.М- тус газрыг  2018 оны  5 дугаар сарын 02-ны өдөр өвлөн  авсан байна.

            Хариуцагч Ч.О-ад Дархан сумын 8 дугаар баг, Манхантолгойн  2-р гудамж 3б тоот 4506903803 нэгж талбарын дугаартай 445.0 м.кв талбайтай газрыг  өмчлүүлжээ.

            Ч.О- өмчлөлийн газар дээрээ хувийн байшин, автомашины гараж  барьсан байна.

            Шүүх  Ч.О-ын эзэмшлээс  60.84 м.кв талбай бүхий  газрыг  чөлөөлүүлэхээр  шийдвэрлэсэн хэдий ч  энэ  нь шүүхийн шийдвэрийг  биелүүлэх  шатанд  хүндрэл  гарах  шинжтэй байна.

            Нэхэмжлэгч Ц.М- нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “... Ч.О- нь өөрийн өмчлөлийн сул чөлөөтэй байгаа газраас миний газартай  үргэлжилсэн байршилаар  60.84 м.кв  талбай газрыг харилцан  тохиролцох...”  гэжээ.

            Иймд  шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явуулахад шүүхийн шийдвэр нь  тодорхой байх шаардлагатай байгаа учир  нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгох нь зүйтэй ба  давж заалдах шатны шүүхээс  уг ажиллагааг  залруулах боломжгүй байх тул  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байна.

            Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг ойлгомжтой тодорхойлох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  хуульд заасан журмын дагуу явуулах нэг суурь бөгөөд энэ нь  оролцогчийн эрх зүйн байдал, маргааны талаарх шүүхийн дүгнлт, нотлох баримтын үнэлгээ, улмаар шүүхийн шийдвэр биелэгдэх боломж  зэргийг  хангах  нөхцөл болно. 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэгт ирүүлсэн  нотлох баримтуудыг  шүүх хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас  бүрэн  гүйцэт  үнэлээгүй  нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 40 дүгээр зүйлийн  40.1, 40.2-т нийцээгүй гэж  үзэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 25-ны өдрийн  898 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  70.200 төгрөг төлснийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

    

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ 

                                                               ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                    С.ЭНХЖАРГАЛ