Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2023/0704

 

   

 

 

 

 

 

 

  2023          09          19                                    128/ШШ2023/0704

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

​            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Бэсүд овогт Ч*******ын М******* /РД: *******/,

​            Хариуцагч: Дотоодын цэргийн командлагч,

Маргааны төрөл: цэргийн тэтгэвэр тогтоолгохоор цэргийн албанаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, хүний нөөцийн холбогдох шийдвэрүүд гаргуулах талаарх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н*******, Э.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа:

    1. Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,
    2. Цагдаагийн ерөнхий газрын даргаас Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн 2018 оны 01/825 дугаартай албан бичгийн хоёрдугаар хавсралтад “Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын ажил албан тушаал”-ыг нэмж өөрчлөлт оруулан Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлэхийг хариуцагчид даалгах,
    3. Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчийн зөвлөлийн хурлаас 2021 оны жилийн эцсийн ажлын үр дүн гүйцэтгэлийн үнэлгээ, мэргэжлийн түвшингийн үнэлгээ 2019, 2020, 2021 онуудад тогтмол “А” үнэлгээтэй дүгнэгдсэнийг үнэлж Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйл, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, Албан тушаал шатлан дэвшүүлэх багц сургалтанд хамруулах, шалгалт авах, нөөцөд бүртгэх, дэвшүүлэн томилох журмын код-909.5.1-ийн 9-д зааснаар “Албаны болон штабын даргын нөөцөд бүртгэх”-ээр шийдвэрлэсэн саналыг хэрэгжүүлж Ч.М*******ыг албаны болон штабын даргын нөөцөд бүртгэхийг хариуцагчид даалгах хэмээн тодорхойлсон.

Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/825 дугаартай албан бичгийн хоёрдугаар хавсралтаар Дотоодын цэргийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт хамаарах албан тушаалын жагсаалтыг[1] Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн, үүнд ангийн захирагч, харуул хамгаалалтын салбарын захирагч, тусгай салбарын орлогч, тусгай салбарын харуул хамгаалалт эрхэлсэн орлогч, сургалт, соёл хүмүүжил эрхэлсэн орлогчийн албан тушаал багтсан ч нэхэмжлэгч Ч.М*******ы хашиж байсан  “ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын албан тушаал” багтаагүй.

2.2. Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчийн зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар хурлаас албан тушаалын нөөцөд оруулах алба хаагчдыг хэлэлцээд Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа  Ч.М*******ыг Хүний нөөцийн бодлогын баримт бичгийн 2.6 “Е” заалтыг хангасан гээд алба нэгж хариуцсан даргын албан тушаалын нөөцөд бүртгүүлэх” санал хүргүүлэхээр шийдвэрлэсэн[2], нөөцөд бүртгээгүй.

2.3. Дотоодын цэргийн 05 дугаар ангийн цэргийн тоо бүртгэл хариуцсан офицер 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга Ч.М*******д “цэргийн алба хаах насны хязгаар хүрсэн тул цэргийн тэтгэвэр тогтоолгохоор цэргийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл цэргийн алба хаах хугацаа сунгуулах хүсэлт”-ээ гаргахыг мэдэгдсэн[3],

2.4. Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга Ч.М******* нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Ч*******т “цаашид офицерын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг сунгуулах” хүсэлт[4] гаргасан,

2.5. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн мэдэгдэх хуудсаар[5] “алба хаах хугацааг сунгаагүй, цэргийн тэтгэвэр тогтоолгохоор албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлэх”-ийг мэдэгдэж, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдэх хуудсыг танилцуулсан,

2.6. Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга Ч.М******* 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Ч*******т “алба хаах хугацааг 5 жил хүртэл хугацаагаар сунгуулах” хүсэлт[6] гаргаж,

2.7. 2022 оны 06 дугаар сарын 07, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “цэргийн тэтгэвэр тогтоолгохоор цэргийн албанаас чөлөөлөх” шийдвэрийн талаар сонсох ажиллагаа[7] хийж, Ч.М******* 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн сонсох ажиллагаанд гаргасан тайлбартаа “цагдаагийн байгууллагад шилжин ажиллах” хүсэлт илэрхийлсэн.

2.8. Дотоодын цэргийн штабын даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/53 дугаар тушаалаар[8] Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга Ч.М*******ыг цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр цэргийн тэтгэвэр тогтоолгохоор албанаас чөлөөлж, ийнхүү чөлөөлж байгааг урьдчилан 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр түүнд утсаар танилцуулсан талаар 7 дугаар сарын 21-ний өдөр тэмдэглэл[9] үйлдсэн байдаг.

Гурав. Маргаж буй үндэслэлийн талаарх талуудын тайлбар:

3.1. Нэхэмжлэгч Ч.М******* нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/53 тоот тушаалаар намайг Цэргийн байнгын тэтгэвэрт хувь тэнцүүлэн гаргахаар шийдвэрлэсэн юм.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хандахад уг шийдвэрийг хэвээр үлдээсэн тул хуулийн хугацаанд Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргахад 2022.11.23-ны өдрийн 01/2258 тоот шийдвэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт заасан “Ажилтан эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай тохиолдолд ажлын байрыг хэвээр хадгална” гэсэн заалтыг зөрчсөн байна гэдгийг тогтоож, Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/53 тоот хууль бус тушаалыг хүчингүй болгож, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчид 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг даалгасан ч, тогтоосон хугацаа өнгөрч асуудлыг шийдээгүй тул би Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх хугацаа алдаагүй шат шатанд нь өргөдөл, нэхэмжлэлээ гаргаж байна.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч 25-аас доошгүй жил алба хаасан бол тэтгэвэр тогтоолгох эрхтэй” гэж заасан тодорхой болзол байдаг. Энэ нь төрийн тусгай алба хаагчид хуулиар тусгайлан олгосон эрх бөгөөд цаашид ажиллах хүсэлтээ гаргасаар байхад түүнийг харгалзалгүй хууль зөрчсөн шийдвэр гаргасан.

Миний бие цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 2002 оноос эхлэн ажиллаж тухайн шийдвэр гарах үед 20 жил ажиллаж, тэтгэвэр тогтоолгох болзол шаардлага хангахад 5 жилийн хугацаа дутуу байсан нь алба хаагчийн эрх зүйн байдлыг дордуулж, алба хаагчийнхаа хүсэлтийн эсрэг хууль бус шийдвэр гаргасан болох нь давхар нотлогдоно.

Би Дотоодын цэргийн байгууллагад ажиллахдаа 2020, 2021, 2022 онд асар их ачаалал, дарамт доор үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд энэ их ачааллыг Улаанбаатар хотод оршин суух 1.5 сая иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, улсын онц чухал объектуудын хамгаалалтыг зохион байгуулж, гадна, дотны халдлагаас урьдчилан сэргийлж, алба хаагчдынхаа сонор, сэрэмжийг тасралтгүй шалган үүрэгжүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр үүрэг гүйцэтгэж жилийн 365 хоногийн ээлжийн амралттайгаас бусад өдрүүдэд 24 цагаар тогтмол ажиллаж ирсэн билээ.

Хөдөлмөрийн тухай хуулиар төрийн тусгай алба хаагч 7 хоногт 40 цаг, 52 долоо хоног буюу жилд 2080 цаг ажиллах ёстой байхад би жилд 1248 цаг тасралтгүй үүрэг гүйцэтгэж 6 дахин их хугацаагаар тушаалаар ажиллаж байсныг Ангийн захирагчийн хоногийн тушаалаас харж болно.

Энэ их ачааллыг удирдлагын зүгээс мэдэж байсан ч байгууллага хооронд явуулдаг тоот бичигт өөрчлөлт оруулж Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын албан тушаалд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцох санал хүргэлгүй, алба хаагчийнхаа эрх ашгийг уландаа гишгэж байсан нь хоногийн тушаал, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдох тул нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр үлдээж Улсын Их Хурлаас 2023.01.20-ны өдөр баталсан Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, тухайн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасан “Дотоодын цэргийн алба хаагчийн ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцох” зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллахыг Дотоодын цэргийн командлагчид шүүхээс даалгаж шийдвэрлэнэ үү.

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Захирагчийн зөвлөлийн 2021 оны жилийн эцсийн хуралд намайг биечлэн оролцуулж мэргэжлийн түвшин, ажлын үр дүнг хэлэлцээд 2019, 2020, 2021 онуудад тогтмол “А” үнэлгээтэй дүгнэгдсэнийг үнэлж Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйл, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, Албан тушаал шатлан дэвшүүлэх багц сургалтанд хамруулах, шалгалт авах, нөөцөд бүртгэх, дэвшүүлэн томилох журмын код-909.5.1-ийн 9 дэх хэсэгт заасан “Албаны болон штабын даргын нөөцөд бүртгэх” заалтыг үндэслэн нөөцөд бүртгэхээр шийдвэрлэсэн юм.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.” гэж заасан байна. Энэ талаар надад албан ёсоор мэдэгдэж танилцуулаагүй би нөөцөд бүртгэсэн гэж бодож яваад маргаан бүхий акт гаргасны дараа бичиг баримтаа хөөцөлдөж явах үедээ нөөцөд бүртгээгүй болохыг мэдмэгц Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд хандсан ч хуулийн дагуу шийдвэрлээгүй, Төрийн албаны зөвлөлд хандсан ч энэ асуудлыг орхигдуулсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Цалингийн зөрүү олгох талаар би Цагдаагийн ерөнхий газарт хандахад надад 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3/240 тоотоор ирэх жилийн төсөвт суулгаж олгоно гэж хариу өгөөд, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газарт хандахад 2022 оны 19/1259 тоот албан бичгээр хэрэгжилтийг хангасан гэж хариу өгсөн нь худлаа болох нь миний гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдоно. Иймд өөрт учирсан хохирлын хэмжээг тодорхой гаргаж тавихгүй л бол намайг хохироож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хохирлоо шүүхээр тодорхой шийдвэрлүүлэхээр болсон юм.

Эхний шийдвэр хэрэгжихгүй энэ олон жил болсон тул энэ удаагийн Хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа бөгөөд хувь тэнцүүлсэн тэтгэвэрт гаргахаар шийдсэн 2022.07.21-ний өдрөөс 2022 он дуустал тооцоход 11.557.833 төгрөг байна.

Мөн Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 452 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулж “Цагдаа, дотоодын цэргийн албан тушаалын цалингийн сүлжээ” шинэчилснээр үндсэн цалин болон бусад нэмэгдлийг тооцоход 16.505.460 төгрөг буюу 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 28.063.293 мянган төгрөгийн хохирлыг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулахаас гадна, 2023 оны 07 дугаар сарын 01-ээс хойш Засгийн газрын цалин нэмэгдүүлсэн тогтоолын хувиар тооцож шүүхийн шийдвэр эцэслэн гарах хугацаа хүртэлх хугацааны хохирлоо Цагдаагийн ерөнхий газраас гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлснийг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

3.1.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/53 дугаар тушаал нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай тушаал гарсан гэж үзэж байна. Энэ тушаалын үндэслэл болгосон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйл, Дотоодын цэргийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 36 дугаар зүйлийн 36.2, 2012 оны Засгийн газрын 38 дугаар тогтоолын Цэргийн албан хаагчид нэг удаа тэтгэмж олгох журмын 3 дугаар зүйлийг тус тус  үндэслэж Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчийн 1 дүгээр орлогч штабын дарга Ч.М*******ыг 2022.07.21-ний өдрөөс тасалбар болгоод ажлаас нь чөлөөлсөн тушаал байгаа юм. Ажлаас чөлөөлж байгаа тушаалын үндэслэл юу вэ гэхээр хариуцагч тал хариулаагүй. Ажлаас чөлөөлөөд тэтгэвэр тогтоогоод байна. Гэтэл ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэл даргын тушаал дээр байхгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Онцгой чухал буюу онц төвөгтэй албан даалгавар биелүүлсэн, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн болон бусад нөхцөл, шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг дараах хэлбэрээр шагнаж, урамшуулна.”, 51.1.1-д “үнэ бүхий зүйл дурсгах” гэж заасан. Гэтэл онцгой гавьяа байгуулсан хүнийг шагнах гэж байгаа гэж ойлгож байтал ажлаас нь чөлөөлсөн байна. Ажлаас чөлөөлж байгаа утга агуулгатайгаа хууль зүйн үндэслэл нь тохироогүй. Ажлаас халах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Утга агуулгын хувьд зөрчилдөөд хууль бус хоорондоо тохирохгүй байна. Хууль буруу тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэж байна. Ч.М*******ыг ажлаас чөлөөлөх хууль, эрх зүйн үндэслэлүүд нь байхгүй байна.

Цэргийн албан хаагчийг тэтгэвэр тэтгэмжид гаргах хоёр болзол байна. Нэгдүгээрт, 25 жилээс дээш жил ажилласан байх, хоёрдугаарт 52 насанд хүрсэн байх. Гэтэл нэг болзол нь хангагдсан байхад хоёр дахь болзол нь хангагдаагүй байвал энэ хүнийг цаашид өөрийн онцгой сахилгын зөрчил байдаг юм уу, эсхүл ажил мэргэжилдээ тэнцэхгүй, эрүүл мэндийн талаар тэнцээгүй гэх ийм тохиолдолд л ажлаа өг, тэтгэвэртээ суу гэх шаардлага тавих ёстой. Гэтэл 52 нас хүрлээ гээд ажлаас нь чөлөөлж болохгүй. Ямар шалтгаанаар ажлаас чөлөөлөөд байгаа юм. Үндэслэж байгаа хуулийн зүйл заалтын үндэслэл байхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д зааснаар илт хууль бус эрхийн акт гэж үзэх үндэслэлтэй.” гэжээ.

3.2.1. Хариуцагчаас 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Дотоодын цэргийн байгууллагын зүгээс Ч.М*******ыг Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр хуулийн 11.4 дэх хэсэгт “Офицерын албыг дунд офицер 47 нас хүртэл, ахлах офицер 52 нас хүртэл, дээд офицер 57 нас хүртэл хаана.”, 11.6 дахь хэсэгт “Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлагатай офицерын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно.”, гэж зохицуулсны дагуу цэргийн байнгын тэтгэвэрт хувь тэнцүүлэн гаргахаар албанаас чөлөөлсөн.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл дотоодын цэргийн байгууллага, Ч.М******* нарын хоорондох хөдөлмөрийн харилцаа цэргийн алба хаах насны хязгаарт хүрсэн үндэслэлээр дуусгавар болсон ба энэ тохиолдолд тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль болох Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Цэргийн албаны тухай хуулийн зохицуулалтын дагуу шийдвэрлэсэн байгууллагын үйл ажиллагааг хууль бус гэж үзэх боломжгүй байна.

Ч.М*******ы зүгээс цэргийн жинхэнэ алба хаах хугацааг сунгах хүсэлтээ тогтоосон хугацаанд гаргаагүй тул эрх бүхий албан тушаалтнаас цэргийн жинхэнэ алба хаах хугацааг сунгаагүй, цэргийн алба хаасны тэтгэвэрт хувь тэнцүүлэн тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн, мөн Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг хийхэд “Миний бие өвдсөн тул утсаар ярих боломжгүй байна” гэж тайлбар гаргасныг тэмдэглэл болгон авсан баримт байна.

Иймд Ч.М*******ыг цэргийн алба хаасны тэтгэвэрт хувь тэнцүүлэн гаргахаар чөлөөлсөн 2022 оны Б/53 дугаар тушаалыг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн, Цэргийн албаны тухай хуулийн зохицуулалтын хүрээнд өөрт олгосон бүрэн эрхийг дагуу гаргасан бөгөөд хууль бус гэж үзэх боломжгүй.

Улсын Их Хурлаас 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дотоодын цэргийн алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний ажилдаа хандах хандлага, итгэл үнэмшил, хариуцлагыг нэмэгдүүлэх, ажлын бүтээмж, үр дүнг сайжруулах, хуульд заасан баталгаагаар тэгш хандах зорилгоор “Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталж, энэ оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт “Дотоодын цэргийн алба хаагчийн ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцно” гэж заасан бөгөөд тус байгууллагад ажиллаж байгаа бүх алба хаагчдын ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцохоор хуульчилж, Дотоодын цэргийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд “Дотоодын цэргийн тухай хуулийн 36.3-т заасан хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэнд хамаарахгүй” гэж зохицуулсны дагуу 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байгаад цэргийн тэтгэвэр тогтоолгосон болон тогтоолгох алба хаагчдын ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцон ажиллаж байна. Дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгчийн хоёр дахь шаардлагыг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь холбогдох хууль тогтоомжид зааснаар эрх ашгийг нь хөндсөн гэж үзэж буй захиргааны актыг мэдсэн атлаа гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага, шүүхээр хянан шийдвэрлүүлэлгүй өдийг хүрчээ. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд хандсан байдаг. Төрийн албаны зөвлөлөөс 2022.11.23-ны өдрийн албан бичгээр “энэ асуудлыг судлаад 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ үү” гэж албан бичиг явуулаад Ч.М*******ы гэрийн хаягаар хүргүүлсэн байдаг. Энэ бичгээс тооцоод үзэхээр  Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй.”, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.” гэж тус тус заасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана.” гэж заасныг зөрчсөн байна гэж үзсэн. Энэ асуудлаас үзэхээр хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахаар байна.

Яагаад маргаан бүхий актыг гаргахад Цэргийн албаны тухай хуулийг баримтлах ёстой вэ гэхээр Дотоодын цэрэг гэдэг нь Монгол Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Батлан хамгаалах бодлогын үндэс” гэсэн баримт бичигт “Батлан хамгаалах байгууллага нь Зэвсэгт хүчин, Дотоодын цэрэг, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас бүрдэнэ” гэж тусгасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ.” гэж заасан. Бидний маргаад байгаа асуудал нь цэргийн албан хаагчийг тэтгэвэрт гарах асуудал буюу Цэргийн албаны тухай хуулийн дагуу цэргийн алба хаах насыг тодорхой заагаад өгсөн. Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт офицерын албыг ахлах офицер 52 нас хүртэл гээд заагаад өгсөн учраас ямар нэгэн байдлаар хуульд заасан цэргийн алба хаах насанд хүрсэн байна. Ийм учраас цэргийн тэтгэвэр тогтоох хүсэлтээ ирүүлнэ үү гэхээр өөрийнх нь бичиж өгсөн сонсох ажиллагааны тэмдэглэлүүд хэрэгт авагдсан байгаа юм. Цагдаагийн байгууллагад шилжин ажиллах хүсэлтээ гаргасан ийм байдлаар тухайн үеийн сонсох ажиллагааны тэмдэглэлүүд авагдсан байгаа. Иймээс хуулийн дагуу цэргийн тэтгэвэрт гаргасан захиргааны байгууллагын үйл ажиллагааг хууль бус гэж үзэх нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд.

1. Түүний эрхэлж байсан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын албан тушаал нь Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар цэргийн алба, Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар дотоодын цэргийн алба, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т зааснаар төрийн тусгай албан тушаал бөгөөд, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.5, Дотоодын цэргийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал, цэргийн алба хаах насны хязгаар, цэргийн тэтгэвэр тогтоолгох нөхцлийг Төрийн албаны тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар тодорхойлно.

Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр хуулийн 11.4-т “Офицерын албыг дунд офицер 47 нас хүртэл, ахлах офицер 52 нас хүртэл, дээд офицер 57 нас хүртэл хаана.”, 11.6-д “Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлагатай офицерын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно.”, 22 дугаар зүйлийн 22.1.5-д “цэргийн албан хаагчийг алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлнө.”, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т “төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тохиолдолд төрийн албанаас чөлөөлнө.”, 46.3-т “алба хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц албанаас чөлөөлөгдөх, эсхүл ... хугацаа сунгуулж ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч албанаас чөлөөлөх, эсхүл үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр хугацаа сунгаж үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. ... Төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй”  гэж цэргийн алба хаах насны хязгаарыг, мөн тодорхой шалгуур, нөхцлийг харгалзан 5 хүртэл жилээр сунгаж болохыг, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй нь түүнийг чөлөөлөхөд саад болохгүйг тус тус хуульчилсан байна.

Тэрээр 1970 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрхэлж байсан албан тушаал, цолны хувьд 52 нас хүртэл офицерын алба хаах боломжтой, тодруулбал 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 52 насанд хүрснээр офицерын алба хаах насны дээд хязгаарт хүрсэн байна. 

Иймд тушаалын “цэргийн алба хаах нас хэтэрсэн” үндэслэл, цэргийн тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлсөн шийдвэр Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 22 дугаар зүйлийн 22.1.5, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3-т тус тус нийцсэн байна.

2. Дотоодын цэргийн 05 дугаар ангийн цэргийн тоо бүртгэл хариуцсан офицер  тус ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга Ч.М*******д “цэргийн алба хаах насны хязгаар хүрсэн тул цэргийн тэтгэвэр тогтоолгохоор цэргийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл цэргийн алба хаах хугацаа сунгуулах хүсэлт”-ээ гаргахыг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдсэнээр, тэрээр 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дотоодын цэргийн штабын даргад “цаашид офицерын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг сунгуулах” хүсэлт гаргасан, мөн тус ангийн Хүний нөөцийн хэлтсээс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн мэдэгдэх хуудсаар “алба хаах хугацааг Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасны дагуу хянаж үзээд сунгаагүй болохыг, цэргийн тэтгэвэр тогтоолгохоор албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ 5 дугаар сарын 22-ны дотор ирүүлэх”-ийг мэдэгдэж, тэрээр дахин 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дотоодын цэргийн штабын даргад “цэргийн жинхэнэ алба хаах хугацааг 5 жил хүртэл хугацаагаар сунгуулах” хүсэлт гаргаж, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тус ангийн хүний нөөц хариуцсан ахлах офицер түүнд “алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах” талаар мэдэгдэж сонсох ажиллагаа хийсэн, тэрээр “цагдаагийн байгууллагад шилжин ажиллах” хүсэлт илэрхийлсэн байдаг. 

Дээрхээс дүгнэвэл цэргийн албанд ажиллах хугацааг сунгуулах хүсэлт гаргах боломжийг хязгаарлаагүйн дээр, цэргийн алба хаах нас хэтэрсэн, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор цэргийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргах болсон талаар сонсох ажиллагаа хийсэн буюу энэ талаар тайлбар, хүсэлт гаргах эрхийг хариуцагч байгууллагаас хангасан байна. 

            3. Цагдаагийн ерөнхий газраас цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын дарга, захирагч нарт 2022 оны 6 дугаар сарын 10-ны 5/184 тоотоор “алба хаах насны дээд хязгаар хэтэрсэн, журамд заасан болзол шаардлага хангаагүй ахлах, дунд цолтой алба хаагчдыг захиргааны санаачлагаар цэргийн албаны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөх санал, материал, алба хаах насны дээд хязгаарт хүрэх өдөртэй нь уялдуулан мэдэгдэлд тусгайлан хугацаа тогтоож өгсөн алба хаагчдын санал, материал, Дотоодын цэргийн командлагчаас алба хаах хугацааг сунгаагүй ахлах, дунд офицерыг 7 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон захиргааны санаачлагаар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор албанаас чөлөөлүүлэх санал материалыг ирүүлэх чиглэл хугацаа тогтоон хүргүүлсэн.

Энэ дагуу Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчаас 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр танилцуулга хүргүүлсэн, уг танилцуулгад ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга хурандаа Ч.М*******д цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн талаар мэдэгдэл өгсөн, мэдэгдэлд заасан хугацаанд өргөдөл хүсэлтээ гаргаагүй талаар сонсох ажиллагаа хийсэн талаар болон түүнээс гаргасан хүсэлт, тайлбарыг, алба хаагчдын нас, ажилласан жил болон “сүүлийн 3 жилийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, эрүүл мэндийн байдал, ажлын туршлага, сахилгын шийтгэлтэй эсэх” зэрэг  алба хаах хугацаа сунгахад харгалзах шалгуурыг хангасан эсэх, мөн алба хаагчийн санал, нэгжийн санал гэсэн үзүүлэлтээр түүний мэдээллийг хүргүүлсэн байдаг.

            Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчөөгүй, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийсэн байна.

            4. Нэхэмжлэгч Ч.М******* нь “цэргийн тэтгэвэр тогтоолгох нас хүрээгүй, хугацаа сунгуулан ажиллах хүсэлтэй”  шалтгаанаар цэргийн албанаас тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй ч Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “тэтгэвэр тогтоолгох нас хэтэрсэн албан хаагч тэтгэвэр тогтоолгохоор албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй нь томилох эрх бүхий этгээдээс түүнийг чөлөөлөх шийдвэр гаргахад саад болохгүй” гэж заасанд нийцсэн байна.

5. Нөгөө талаас тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлсөн тушаал нь алба хаагчийн тэтгэвэр тогтоолгох бүрдэл баримт бичиг тул уг шийдвэрийг гаргах нь хуулиар томилсон эрх бүхий албан тушаалтны үүрэг, нэхэмжлэгчийн хувьд тэтгэврээ хувь тэнцүүлэн тогтоолгох эрхийг нээсэн баримт бичиг гэж үзнэ. 

6. Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Хүний нөөцийн хэлтсээс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн мэдэгдэх хуудсаар “алба хаах хугацааг Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасны дагуу хянаж үзээд сунгаагүй” болохыг нэхэмжлэгчид мэдэгдсэн байдаг.

Цэргийн алба хаах хугацааг сунгах эсэхийг Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлагатай офицерын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно.”, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “ ... сунгуулах хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч албанаас чөлөөлөх, эсхүл үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр хугацаа сунгаж үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана.” гэж зааснаар томилсон эрх бүхий албан тушаалтан тодорхой шалгуур харгалзан шийдвэрлэхээр, өөрөөр хэлбэл “алба хаах хугацааг Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасны дагуу хянаж үзээд сунгаагүй” шийдвэр нь тухайн байгууллагын сонгох боломжийн хүрээнд гаргасан шийдвэр байна.

Хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтуудаас үзвэл Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/81 дүгээр тушаалаар 1 дүгээр улирлын ажил хангалтгүй дүгнэгдсэн үндэслэлээр тус газрын Хонхор дахь Цагдаагийн хэсгийн чиглэлийн ахлах ажилтан дэд хурандаа Ч.М*******ы албан тушаалын үндсэн цалинг 10 хувиар бууруулсан, мөн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/45 дугаар тушаалаар Сар шинэ 2020 нэгдсэн арга хэмжээний хүрээнд хангалтгүй ажилласан үндэслэлээр цалинг 5 хувиар бууруулсан, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/165 дугаар тушаалаар алба хаагчдаа мэргэжлийн удирдлагаар хангаагүй үндэслэлээр цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд энэ нь дээрх “алба хаах хугацааг сунгаагүй” шийдвэрийн үндэслэл болсон байхыг үгүйсгэхгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т зааснаар тухайн асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэх бөгөөд хариуцагч байгууллага энэ эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ.

Шүүх хариуцагч байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан шийдвэр, татгалзсан үйлдэл хууль зөрчсөн эсэх хүрээнд л дүгнэлт хийнэ, сонгож шийдвэр гаргах эрхэд халдаж алба хаах хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг дүгнэхгүй. Өөрөөр хэлбэл алба хаах хугацааг сунгах эсэх нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд хуулиар тогтоосон шалгуурыг харгалзан гаргах сонгох боломжтой шийдвэр байна. 

Тиймээс цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, туршлага, дадлага, биеийн эрүүл мэндийн байдал, ажлын гүйцэтгэлийн үр дүн зэргийг харгалзан алба хаах хугацааг Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасны дагуу хянаж үзээд сунгаагүй нь хариуцагчид олгосон эрх хэмжээний хүрээнд, сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлээгүй, буруу хэрэглээгүй, зорилгодоо нийцүүлсэн байна гэж шүүх үзлээ.

Ч.М*******ы хувьд цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага болон биеийн эрүүл мэнд, ажлын гүйцэтгэлийн үр дүн, туршлагатай эсэх буюу алба хаах хугацааг сунгах шаардлага, шалгуурыг хангаж буй эсэхэд хийсэн Дотоодын цэргийн командлагчийн шийдвэрийн үндэслэлийг шүүх дүгнэхгүй.  

7. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг шаардлагынхаа үндэслэл болгож “эрүүл мэндийн шалтгаантай эмнэлгийн чөлөөтэй байх хугацаанд чөлөөлөх шийдвэр гаргасан нь эрхийг нь зөрчсөн” гэж маргажээ.

Цэргийн алба хаах нас хэтэрсэн үндэслэлээр албанаас чөлөөлсөн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлд хамаарахгүй тул мөн уг хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь “эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадлагаатай байх хугацаанд ажлын байр хадгалагдах” заалт мөн адил энэ тохиолдолд хамааралгүй байна. Түүнийг эмнэлгийн магадлагаатай байх хугацаанд тушаал гарсан ч тушаалд заасан “цэргийн алба хаах нас хэтэрсэн” үндэслэл тушаал гаргахаас өмнө 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр үүссэн, үүнээс хойш түүнд энэ талаар тайлбар, хүсэлт гаргах хугацаа олгосон мэдэгдэл өгч, сонсох ажиллагааг удаа дараа хийсэн байх тул эрүүл мэндийн шалтгаантай байхад нь эрхэд нь халдсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн “ажлын байрыг хадгалах” энэ зохицуулалт нь ажилтны эрүүл мэндийн шалтгаантай байгааг ажлаас халах үндэслэл болгохгүй, эрүүл мэндийн шалтгаантай байх хугацаанд түүний ажлын байрыг сул орон тоо гэж үзэхгүй хадгалах зорилготой бөгөөд, нэхэмжлэгчийг албанаас чөлөөлсөн үндэслэлд эрүүл мэндийн шалтгааныг эсрэгээр ашиглаж, зөрчилд хамаатуулсан тохиолдол биш, нөгөө талаас цэргийн алба хаах нас хэтэрсэн үндэслэлээр чөлөөлсөн шийдвэрийг түүнийг эмнэлгийн магадлагаатай байх хугацаанд, эсхүл өөр хугацаанд гаргах нь шийдвэрийн үндэслэл болоод үр дагаварт нөлөөлөхгүй юм.     

8. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрээд чөлөөлөгдсөн бол цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй тул маргаан бүхий шийдвэр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй. 

Иймд дээрх үндэслэлүүдээр Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/53 дугаар цэргийн тэтгэвэр тогтоолгохоор цэргийн албанаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр. Цагдаагийн ерөнхий газрын даргаас Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн 2018 оны 01/2258 дугаартай албан бичгийн хоёрдугаар хавсралтад “Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын ажил албан тушаал”-ыг нэмж өөрчлөлт оруулан Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагын хувьд.

Дотоодын цэргийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т " Дотоодын цэргийн алба хаагчийн улсын онц чухал объектын харуул хамгаалалтад ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцох”-оор заасан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/825 дугаартай албан бичгийн хоёрдугаар хавсралтаар Дотоодын цэргийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт хамаарах албан тушаалын жагсаалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн, үүнд ангийн захирагч, харуул хамгаалалтын салбарын захирагч, тусгай салбарын орлогч, тусгай салбарын харуул хамгаалалт эрхэлсэн орлогч, сургалт, соёл хүмүүжил эрхэлсэн орлогчийн албан тушаал багтсан ч нэхэмжлэгч Ч.М*******ы хашиж байсан “ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын албан тушаал” багтаагүй.

1. Ч.М*******ы цагдаа, дотоодын цэргийн байгууллагад алба хааж, ажилласан жилийн тооцооллоор тэрээр 2002 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 20 жил, 5 сар, 28 өдөр ажилласан, зарим ажлын байранд ажилласан хугацааг нэмэгдүүлж тооцоход 3 жил 3 сар нэмэгдэж, 23 жил 8 сар 28 өдөр алба хаасан, ажилласан хугацаа тооцогджээ. Энэ хугацаанд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 1 жил 9 сар,19 өдөрт нэмэгдлээр хугацаа тооцоогүй байна. Тэрээр энэ 1 жил, 9 сар, 19 хоногийн ажилласан хугацааг 1 жилийг 1 жил 3 сараар тооцуулах байсан гэж маргасан. 

Гэтэл энэ шаардлагаар шүүхэд хандахаас өмнө Улсын Их Хурлаас 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийн "ажилласан хугацааг тооцоход улсын онц чухал объектын харуул хамгаалалтад" гэснийг хассанаар   “Дотоодын цэргийн алба хаагчийн ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцох”-оор болж, ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар ажилласан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 1 жил 9 сар, 19 өдрийн хувьд 1 жилийг 1 жил 3 сараар  нэмэгдлээр тооцохоор байна. Энэ тооцоололтой хариуцагч маргаагүй, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаас 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 01/118 тоот албан бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газарт хуульд орсон өөрчлөлтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар “2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байгаад цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг тогтооход ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцох” тодруулга, чиглэл хүргүүлсэн, Нийгмийн даатгалын ерөнхий газраас харьяа аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэст 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 01/484 тоотоор зөвлөмж хүргүүлсэн байна. 

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэлийн энэ шаардлагаар тодорхойлогдсон эрх шүүхэд хандахаас өмнө хангагдсан байжээ.    

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэ шаардлагаа Цагдаагийн ерөнхий газрын даргаас Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн 2018 оны 01/825 дугаартай албан бичгийн хавсралтад “Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын ажил албан тушаал”-ыг нэмж өөрчлөлт оруулан Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлэхийг даалгах хэмээн тодорхойлсон хэдий ч Дотоодын цэргийн тухай хуульд ийнхүү 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгээр “Дотоодын цэргийн алба хаагчийн улсын онц чухал объектын харуул хамгаалалтад ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцох”-оор зохицуулсан байсан тул харуул хамгаалалтад ажиллаагүй Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын ажил албан тушаал эрхэлсэн хугацааг нэмэгдүүлэн тооцох үндэслэлгүй байжээ.

Нөгөөтэйгүүр “ ... даалгах” шаардлагыг дангаар гаргах боломжгүй, тухайн байгууллагаас ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцох ажил албан тушаалыг тодорхойлсон шийдвэрийг, эсхүл энэ талаарх түүний хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүйг хуульд нийцсэн эсэхийг тогтоолгох шаардлагатай уялдуулан гаргах нь нэхэмжлэлийн шаардлагын болон шүүхээс гарах шийдвэрийн төрөлтэй нийцэхээр байжээ.

Тиймээс хуульд өөрчлөлт оруулахаас өмнө түүний эрхэлж байсан ажил, албан тушаалыг ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцох ажил албан тушаалд оруулаагүй шийдвэр хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй, хуульд өөрчлөлт орсноор ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцуулах түүний эрх, ашиг сонирхол шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хангагдсан нөхцөл байдалд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагаар хариуцагч байгууллагад шийдвэр гаргахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гурав. Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчийн зөвлөлийн хурлаас 2021 оны жилийн эцсийн ажлын үр дүн гүйцэтгэлийн үнэлгээ, мэргэжлийн түвшингийн үнэлгээ 2019, 2020, 2021 онуудад тогтмол “А” үнэлгээтэй дүгнэгдсэнийг үнэлж Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйл, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, Албан тушаал шатлан дэвшүүлэх багц сургалтанд хамруулах, шалгалт авах, нөөцөд бүртгэх, дэвшүүлэн томилох журмын код-909.5.1-ийн 9-д зааснаар “Албаны болон штабын даргын нөөцөд бүртгэх”-ээр шийдвэрлэсэн саналыг хэрэгжүүлж Ч.М*******ыг албаны болон штабын даргын нөөцөд бүртгэхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд.

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Захирагчийн зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар хурлаас албан тушаалын нөөцөд оруулах алба хаагчдыг хэлэлцсэн ба Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа  Ч.М*******ыг Хүний нөөцийн бодлогын баримт бичгийн 2.6 “Е” заалтыг хангасан гээд алба, нэгж хариуцсан даргын албан тушаалын нөөцөд бүртгүүлэх” санал эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Гэвч уг саналын дагуу алба, нэгж хариуцсан даргын албан тушаалын нөөцөд түүнийг бүртгээгүй бөгөөд энэ нь ажлын гүйцэтгэлийн үр дүнгийн үнэлгээ, сахилгын шийтгэл хүлээсэн эсэх зэргээс хамаарч тухайн байгууллагын сонгох боломжийн хүрээнд гаргасан шийдвэр байна.

Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т зааснаар тухайн асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэх бөгөөд хариуцагч байгууллага энэ эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ.

Шүүх хариуцагч байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан шийдвэр, татгалзсан үйлдэл хууль зөрчсөн эсэх хүрээнд л дүгнэлт хийнэ, сонгож шийдвэр гаргах эрхэд халдаж алба, нэгж хариуцсан даргын албан тушаалын нөөцөд бүртгээгүйн хууль зүйн үндэслэлийг дүгнэхгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр хуулийн 11.4, 11.6, 22 дугаар зүйлийн 22.1.5, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, Дотоодын цэргийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ч.М*******аас Дотоодын цэргийн командлагчид холбогдуулан гаргасан  Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Цагдаагийн ерөнхий газрын даргаас Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн 2018 оны 01/825 дугаартай албан бичгийн хоёрдугаар хавсралтад “Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргын ажил албан тушаал”-ыг нэмж өөрчлөлт оруулан Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлэхийг хариуцагчид даалгах, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчийн зөвлөлийн хурлаас 2021 оны жилийн эцсийн ажлын үр дүн гүйцэтгэлийн үнэлгээ, мэргэжлийн түвшингийн үнэлгээ 2019, 2020, 2021 онуудад тогтмол “А” үнэлгээтэй дүгнэгдсэнийг үнэлж Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйл, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, Албан тушаал шатлан дэвшүүлэх багц сургалтанд хамруулах, шалгалт авах, нөөцөд бүртгэх, дэвшүүлэн томилох журмын код-909.5.1-ийн 9-д зааснаар “Албаны болон штабын даргын нөөцөд бүртгэх”-ээр шийдвэрлэсэн саналыг хэрэгжүүлж Ч.М*******ыг албаны болон штабын даргын нөөцөд бүртгэхийг хариуцагчид даалгах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ХАЛИУНА

 

 

 

 

 

[1] Хэргийн 231-232 дугаар хуудас

[2] Хэргийн 198-205 дугаар хуудас

[3] Хэргийн 74 дүгээр хуудас

[4] Хэргийн 75-76 дугаар хуудас

[5] Хэргийн 77 дугаар хуудас

[6] Хэргийн 81 дүгээр хуудас

[7] Хэргийн 82 дугаар хуудас

[8] Хэргийн 73 дугаар хуудас

[9] Хэргийн 89 дүгээр хуудас