Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2023/0716

 

 

 

 

 

     2023        09          25                                    128/ШШ2023/0716

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “***” ХХК,

            Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч “***” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ***дугаартай “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй болно.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/574 дүгээр тушаалаар ***ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгаж, гэрчилгээнд бичилт хийсэн байна.

3. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” ***дугаар тушаалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ***дугаар шийдвэрийг үндэслэн, газар ашиглах эрхээр олгогдсон талбайн хэмжээнээс хэтрүүлэн газар ашигласан, хамгаалалтын захиргаа болон холбогдох төрийн байгууллагаас архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрөл, газар шорооны ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, газар ашиглах гурвалсан гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй тул Богдхан уулын дархан цаазат газрын Хүүшийн амны хязгаарлалтын бүсэд “***” ХХК-д олгосон 1.5 га газар ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаартай албан бичгээр ирүүлсэн саналын дагуу дуусгавар болгожээ.

4. Уг тушаалыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай албан бичгээр “***” ХХК-д мэдэгдсэн.

5. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

5.1. Манай компани 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын ***дугаартай тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын ***1,5 га газар ашиглах эрхийг хуулийн дагуу авч үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Гэтэл 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын сайд ***дугаар тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаал гаргаж бидний эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд уг тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ***дугаар шийдвэрээр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэсэн.

5.2. Улмаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ***дугаартай "Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай" тушаал гаргахдаа өмнөх ***дугаар тушаалтайгаа ижил үндэслэлээр бидэнд огт мэдэгдэлгүй дахин шинээр энэхүү захиргааны актыг гаргасан байна. Бид Байгаль орчин аялал жуулчлалын сайд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ***дугаартай "Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай" тушаал гарсныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай албан бичгээс олж мэдсэн.

5.3. Манай компани 2015 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрийн ашиглалтад байгаа газраа хуулийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг нэг удаа ч зөрчөөгүй, гэрээ болон хуулийн дагуу газраа ашиглаж 2023 оны 05 дугаар сарын Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргаж газар ашиглах гэрээгээ дүгнүүлэх гэтэл бидэнд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай албан бичиг ирүүлсэн.

5.4. Манай компани газар ашиглах эрхийг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ***дугаартай "Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай" тушаал, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаартай "Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай" тушаалаар удаа үндэслэлгүйгээ цуцалж бидний хууль ёсны эрх ашгийг зөрчсөөр байгаад бид үнэхээр гомдолтой байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.6, 30 дугаар зүйлийн 30.2 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. 27.4, 35 дугаар зүйлийн 35.3.1, 39 дүгээр зүйлийн 39.1.4, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ***дугаар шийдвэрийг тус тус үндэслэн манай компанийг "Газар ашиглах эрхээр олгогдсон талбайн хэмжээнээс хэтрүүлэн газар ашигласан хамгаалалтын захиргаа болон холбогдох төрийн байгууллагаас архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрөл, газар шорооны ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль Газрын тухай хууль, газар ашиглах гурвалсан гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй" гэдэг үндэслэлээр 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын ***дугаартай тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын ***олгосон 1,5 га газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

5.5. Байгаль орчин аялал жуулчлалын сайд удаа дараа манай компанийн эрхийг хөндсөн тушаал шийдвэр гаргахдаа захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа хийх ажиллагааг огт хийдэггүй, шийдвэр гаргах үндэслэлээ шалган тогтоох нотлох баримтыг гэрч болон талуудаас авдаггүй, бодит үнэн нөхцөлийг тогтоохыг хүсдэггүй, шударга бус шийдвэр гаргаж байгаа учраас шийдвэр гаргах ажиллагаандаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүн, хуулийн этгээдийг оролцуулж хуулиар олгосон эрхээ эдлэх боломжоор хангахгүйгээр хууль зөрчсөн шийдвэр удаа дараа гаргаж байгаад гомдолтой байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ***дугаартай "Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай" тушаал нь дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд:

1. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт заасан Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг бүхэлд нь зөрчсөн. Захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт хуульчилсан боловч Байгаль орчин аялал жуулчлалын сайд манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд зөрчигдөх буй бидэнд огт мэдэгдээгүй, хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй, хууль зүйн болон мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авах эрхээр хангаагүй гэнэт танай газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор шийдвэр гаргасан тухай мэдэгдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсгох ажиллагаа огт хийгээгүй, мөн хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах зэрэг ажиллагааг хуулийн дагуу хийгээгүй. Учир нь газар ашиглаж байгаа этгээдэд мэдэгдэлгүй шийдвэр гарсан явдал нь нөхцөл байдлыг тал бүрээс нь үнэн зөв дүгнэлт өгөх, оролцогчийн эрхийг хангаж холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөх боломж олгоогүй зэргээр тогтоогдож байгаа юм. Хэрэв манай компанид мэдэгдэж биднийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулсан бол манай компани өөрийн ашиглалтын газрыг сунгаж ашиглаагүй мөн барилга бариагүй, газар шорооны ажил хийгээгүй болохыг мэдэх улмаар архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрөл, газар шорооны ажил эхлүүлэх зөвшөөрөл зэргийг бид авах шаардлагагүй байсан болохыг мэдэх бүрэн боломжтой байсан.

5.6. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт захиргааны акт гаргах ажиллагаа хууль бус, нотлох баримтыг дутуу цуглуулсан энэ нь шүүхийн цар хүрээнээс хэтэрсэн тул энэхүү захиргааны шийдвэр гаргах ажиллагаануудыг хуулийн дагуу хийж шинэ акт гаргахыг даалгасан атал ийм ажиллагааг мөн адил хийхгүйгээр дахин шинэ захиргааны акт гаргасан нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн Захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д "Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" гэсэн зарчмыг зөрчсөн байна. Захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй болох тухайд: Захиргааны актын үндэслэл нь Газрын тухай хууль, Тусгай гол хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгосон.Үүнд:

1. "Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа зөрчсөн буюу ноцтой зөрчсөн",

2. "Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн" Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд Газар ашиглах эрх дуусгавар болгох, 40.1-д "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно:" 40.1.1-д "Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр" 40.1.2-д "Тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн." Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд Газар эзэмших эрх дуусгавар болох 39.1-д "Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно" 39.1.4-д "Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон;

5.7. Мөн “Газар ашиглах эрхээр олгогдсон талбайн хэмжээнээс хэтрүүлэн газар ашигласан, хамгаалалтын захиргаа болон холбогдох төрийн байгууллагаас архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрөл, газар шорооны ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, газар ашиглах гурвалсан гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй” гэсэн байна.

Гэтэл өмнөх шүүхийн шийдвэрээр манай компанийг газар хэтрүүлэн ашиглаагүй, энэхүү газар нь нийтдээ барилгажсан байгаль орчны тэнцвэр байдлыг хадгалах боломжгүй захиргааны байгууллага шударга ёсны зарчим баримтлах ёстой талаар дүгнэсэн байхад захиргааны байгууллага дахин энэхүү үндэслэлийг зөрчсөн гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа гэхээс илүү шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр үзүүлж байгаа гэж үзэхээр байна.

Иймд хууль бус, хууль зүйн үндэслэлгүй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ***дугаартай “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” тушаалыг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

6.1. Тус шүүхэд "Ану сервис" ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ***дугаартай "Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай" тушаал нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ***дугаартай “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” тушаал нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0146 тоот шийдвэрийг биелүүлж шинэ захиргааны акт гаргаж шийдвэрлэсэн захиргаа акт юм.

6.2. Нэхэмжлэгч компани нь тус шүүхийн шийдвэрт хариуцагч байгууллага давж заалдах гомдол гаргахгүйгээр хуулийн хүчин төгөлдөр болсон талаар мэдэж байсан бөгөөд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч байсан. Тус шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлж шинэ захиргааны актыг гаргаж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн бөгөөд тус ажиллагаа дээр нэхэмжлэгч компанид Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Сонсох ажиллагаа хийх шаардлагагүй байсан гэж үзэж байна. Учир нь тус шүүхийн шийдвэрийг биелүүлж тогтоосон хугацаанд нэхэмжлэгч байгууллага шинэ захиргааны акт гарах талаар мэдэж байсан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул дээр хянагдсан хэргийг бүхэлд нь хавтаст хэрэгт нотлох баримтаар татан оруулах нь зүйтэй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь тус хэрэг маргаанд ач холбогдол бүхий баримтууд байгаа болно. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ***дугаартай "Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай" тушаал нь хууль зүйн үндэслэлтэй Монгол Улсын шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан захиргааны акт байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1. Маргаан бүхий акт нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ***дугаар шийдвэрийн дагуу хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас дахин шинээр гаргасан акт байна.

2. Дээрх шүүхийн шийдвэрээр “...8.3. Гэвч захиргааны байгууллагаас уг зургийн дагуу баригдсан дулааны шугам сүлжээ нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн газраар дайрч байгаа эсэх, эсхүл нэхэмжлэгч нь ирээдүйд уг дулааны шугам сүлжээнээс дулаанаар хангагдахаар тохиролцож газраа ашиглуулсан эсэх, эсхүл Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.9-д заасан орчны газар байрлаж байгаа инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлж байгаа мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно гэж заасны дагуу шугам сүлжээ тавих ажилд саад учруулалгүйгээр газраа ашиглуулсан эсэхийг шалгаж тогтоогоогүй байна. 8.4. Хэрэвзээ 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн илтгэх хуудаст дурдсан газар ухсан ажиллагаа нь Түшиг даймонд ХХК-ийн Аялал жуулчлал, амины орон сууцны цогцолбор барилгууд-ын гадна дулаан хангамжийн зургийн дагуу хийгдэж байсан ажиллагаа бол уг ажиллагааг зөвшөөрөлгүй хийгдсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, эрх бүхий этгээдээс батлагдсан зургийн дагуу хийгдэж байгаа эрчим хүчний шугам сүлжээний ажилд 8.3-т дурдсанчлан нэхэмжлэгч нь саад учруулах, ажлыг хийлгэхгүй байх эрхгүй тул маргаан бүхий актын үйл ажиллагаа эхлэхдээ зөвшөөрөл аваагүй гэсэн үндэслэл үгүйсгэгдэхээр, хариуцагч нь энэ нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийгээгүй байна...” гэж дүгнэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

3. Энэхүү шийдвэрт хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болжээ.  

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Шүүхийн шийдвэр биелүүлсэн тушаалыг гаргахдаа тухайн нөхцөл байдлыг дахин шалгахад “Ану сервис” ХХК холбогдох зөвшөөрлийг аваагүй, газар дээр тухайн үед үйл ажиллагаа явуулахаар газраа ухсан зэрэг нөхцөл байдлууд хэвээрээ байгаа. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрээс харагдах ба үндэслэх хэсэгт дурдагдсан..., тухайн газар ашиглагчийн газар дээр хэний техник хэрэгсэл оруулж газар ухсанаас үл хамаараад гарсан үр дагаврыг “Ану сервис” ХХК хариуцах ёстой гэсэн үндэслэлээр тухайн тушаалыг гаргасан..., ...анхан шатын шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа тушаал учраас нэхэмжлэгч компанид зайлшгүй мэдэгдэх, сонсох ажиллагаа шаардлагагүй...” гэж тайлбарлан маргасан нь үндэслэлгүй гэж үзлээ.  

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй...” гэж зааснаар захиргааны байгууллага нь дээрх шүүхийн шийдвэрт заасан нэмж тодруулах ажиллагааг хийсний үндсэн дээр нэхэмжлэгч “***” ХХК нь маргаан бүхий актад дурдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуульд заасан зөрчлүүдийг гаргасан эсэхийг бүрэн тодруулж дахин шинэ акт гаргах үүрэгтэй.

6. Гэтэл хариуцагчаас нэмж тодруулах ажиллагааг огт хийлгүйгээр өмнөх актын үндэслэлтэй адил агуулгаар дахин акт гаргасан нь үндэслэлгүй байна.

7. Тодруулбал, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр өмнөх нөхцөл байдал хэвээрээ буюу маргаан бүхий газарт түр хашаа барьсан, хашаан дотор барилгын материал буулгасан, хашааны урд хэсгээр шугам сүлжээний ажил хийгдэж, газрыг ухсан байдалтай байгаа болох нь тогтоогдсон.

8. Энэ тохиолдолд хариуцагч нь өмнөх шүүхийн шийдвэрт дүгнэсэнчлэн дулааны шугам сүлжээ нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн газраар дайрч байгаа эсэх, эсхүл нэхэмжлэгч нь ирээдүйд уг дулааны шугам сүлжээнээс дулаанаар хангагдахаар тохиролцож газраа ашиглуулсан эсэх, маргаан бүхий газарт газрыг ухаж шугам сүлжээний ажил явуулсан нь нэхэмжлэгчээс шалтгаалсан эсэх, Түшиг даймонд ХХК-ийн Аялал жуулчлал, амины орон сууцны цогцолбор барилгууд-ын гадна дулаан хангамжийн зургийн дагуу хийгдэж байгаа ажиллагаа эсэхийг тодруулах ажиллагаа хийсний үндсэн дээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох эсэхээ шийдвэрлэх шаардлагатай байхад энэ талаар нөхцөл байдлыг тодруулсан ажиллагааг хийгээгүй байна.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг актыг гаргахдаа хяналт шалгалт хийсэн гэж тайлбарлан видео бичлэгийг нотлох баримтаар гаргасан, өөр нотлох баримт байхгүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд уг видео бичлэг нь цаг хугацааны хувьд 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хийсэн хяналт шалгалттай холбоотой бичлэг байх тул шүүхийн шийдвэрт заасан нөхцөл байдлыг тодруулахтай холбоотойгоор хийсэн хяналт шалгалтын баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

10. Түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны бичиг баримтад шүүхээс хийсэн үзлэгийн үеэр тус газрын  мэргэжилтэн Г.Хонгорзул нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар “Санал хүргүүлэх тухай” саналыг гаргахдаа  ямар нэгэн хяналт шалгалтын ажил хийгээгүй талаар тайлбарласан.  

11. Мөн маргаан бүхий актад үндэслэл болгосон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар “Санал хүргүүлэх тухай” саналыг /хх-71 тал/ 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр боловсруулж, яаманд хүргүүлсэн /хх-61 тал/ болох нь шүүхээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон тус яамны бичиг баримтад хийсэн үзлэгээр тогтоогдсон. Гэтэл хариуцагч нь маргаан бүхий актыг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан нь хууль бус, шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлж акт гаргасан гэж үзэхээр байна.  

12. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1-л “Хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд  шууд хүргүүлэх” гэж сонсох ажиллагаа, түүнийг явуулах журмыг зохицуулсан.

13. Энэ маргааны тохиолдолд хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу дахин шинэ акт гаргахдаа нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргаж байгаа тул эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нэхэмжлэгч компанид нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох үүрэгтэй.

14. Ийнхүү дээр дүгнэснээр захиргааны байгууллага нь маргаан бүхий актад дурдсан үйл баримтын бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, тус компанийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж тайлбар, санал гаргах эрхийг хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.3-т “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ.”, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж заасныг зөрчсөн, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны зөрчилтэй хууль бус захиргааны акт болжээ.

15. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий акт нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “***” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ***дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “***” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.БОЛОРЧИМЭГ