Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 53

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 А.Арнагүлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 153/ШШ2019/00438 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймаг, Өлгий сум 4 дүгээр баг, Их булан 4 дүгээр гудамж 02 тоотод оршин суух, ЕП81120505 дугаарын регистртэй, Базархул овогт Авзалын Арнагүлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд их сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 2005 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус сургуульд түүх, нийгэм судлалын багшаар ажилд орж тасралтгүй 14 жил ажилласан. Ажилласан хугацаанд зөрчил дутагдал гаргаагүй, хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй бөгөөд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ахлах багшийн орон тоонд үр бүтээлтэй багшилж ирсэн.

2018-2019 оны хичээлийн жил эхлэхэд ахлах багш надад цаг хүрэхгүй байна гэх шалтгаанаар цагийн хуваарьд хичээл тавихгүй надаас хойш ажилд орсон 3 залуу багшид нийгмийн ухааны хичээлийн цагийг хувиарлаж өгсөн. Тухайн үед миний бие сургуулийн захиргаанд байнга санал, хүсэлтээ илэрхийлж байсан боловч үл ойшоосон.

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хуулийн зөвлөх хүний нөөцийн мэргэжилтэн утсаар захирлын өрөөнд хуралтай гэж дуудаж, Ховд их сургуулийн Баян- Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Ханилган чамайг ажлаас халсан , тушаалаа аваарай гэж хэлсний дагуу 2018 оны  10 дугааар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүлээн авсан. Ажил олгогчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон энэхүү үндэслэлгүй тушаал нь ажилтан миний хөдөлмөрлөх эрхэд халдсан хууль бусаар намайг ажлаас чөлөөлсөн эрхийн акт гэж үзэж байгаа тул өөрийнхөө зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.  

Учир нь миний орон тоо хасагдаагүй байхад ажил олгогч дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталсан нь үндэслэлгүй юм. Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлж буй тушаал нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа эрхийн актын хувьд хууль, тогтоомжид нийцсэн байх ёстой ба намайг ажлаас чөлөөлөх үндэслэл үүсээгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчиж ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Иймд Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд элсэгчдийн тоо жилээс жилд буурсаар ирсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор зарим багшийн гүйцэтгэх цагийн норм хүрэлцэхгүй болсон тул орон тоог цөөрүүлэх асуудлыг Ховд их сургуулийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн.

Ховд их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дүгээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар А.Арнагүлийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан ажилтны тоог цөөрүүлсэн гэснийг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай нэг сарын өмнө мэдэгдэнэ гэсэн хуулийн зохицуулалтыг ажил олгогчийн зүгээс хэрэгжүүлж , 2018 оны 10 дугаар сарын 03 –ны өдрийн 1/275 дугаар албан тоотоор хүргүүлсэн “Мэдэгдэл” –ийг Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хурал дээр нэхэмжлэгч А.Арнагүлд танилцуулж гардуулсан.

Ховд их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дүгээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн хуулийн зохих заалтыг зөв хэрэглэсэн, хөдөлмөрийн харилцааг өөрчлөхөд ажил олгогчийн зүгээс хийвэл зохих ажиллагааг хуулийн дагуу хийсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 153/ШШ2019/00438 дугаар шийдвэрээр:” 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Базархул овогт Авзалын Арнагүлийг Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Байгаль нийгмийн ухааны тэнхимийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд их сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10,567,884 /арван сая таван зуун жаран долоон мянга найман зуун наян дөрөв/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч А.Арнагүлийн ажилгүй байсан хугацаанд авах ёстой байсан цалин хөлснөөс тооцон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Ховд их сургуульд даалгасугай. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ. 

 

  Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн хувьд өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ хангалттай нотолсон гэж үзэж байгаа бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж, ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон нь шударга ёсны зарчимд нийцээгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой зайлшгүй нотлох баримтыг аваагүй, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нь учир дутагдалтай болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгоно гэж үзнэ.

Хэрэв шүүхээс дундаж цалин хөлсийг тогтооход эргэлзээ бүхий нөхцөлд ажилгүй байсан хугацааны цалингийн олговорыг жич нэхэмжлэх бололцоогоор хангаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх шийдвэрийг гаргах ёстой.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх, хууль ёсны бөгөөд холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэж чадаагүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10,567,884 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн байна. Хариуцагч Ховд их сургууль нь нэхэмжлэгч А.Арнагүлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хугацаанд мэдэгдэлийг хүргүүлж, захиралын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дүгээр тушаалаар 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй болно. Нэхэмжлэгч А.Арнагүлийн ажилгүй байсан хугацааг хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс хэдий хүртэл гэж тооцох, мөн нэг сард авах ёстой байсан цалин хөлс нь хэдэн төгрөг болох талаар шүүх дүгнэлт хийгээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх тухай харилцааг зохицуулсан. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой хугацаа, нэхэмжлэлийн үнэ цалин хөлсөд үндэслэн тогтоогдох ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:        

Анхан шатны шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй  байна.

Нэхэмжлэгч А.Арнагүл нь хариуцагч Ховд Их Сургуульд холбогдуулан Ховд Их Сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын  дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” тухай шаардлагыг гаргаж, Ховд Их сургуулийн   Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Байгаль, нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10.567.884 төгрөг гаргуулахаар шаардлагын үндэслэлээ тодруулсан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй алдаа гаргажээ.

Үүнд: Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар А.Арнагүлийг Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Байгаль, нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 Ажилтаны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10.567.884 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь “ажилтныг ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.” гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заалттай нийцээгүй байна. Мөн нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлагыг шийдвэрлэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2. дахь заалтыг хэрэглээгүй хууль хэрэглээний алдаа гаргасан байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2. дахь заалтыг  тус тус буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн Ховд Их Сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 тушаалыг хүчингүй болгох тухай шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Тодруулбал шүүх  шийдвэрийн  үндэслэх хэсэгт ажил олгогчийн  дээрх тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагын нөхцөл нь “ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагын үндэслэл бөгөөд А.Арнагүлийг ажлаас чөлөөлсөн тушаал нь шүүхийн шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсэхгүй тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй” гэж дүгнэсэн байх бөгөөд тогтоох хэсэгтээ хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүх энэ шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулсан байна.

Иймд анхан шатны шүүхийн хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн агуулга болон талуудын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлүүдэд дүгнэлт өгөх боломжгүй байна.

 Хуульд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 153/ШШ2019/00438 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч  тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.

 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.НЯМБАЯР

          

                                            ШҮҮГЧИД                                              Б.ДАМБА

                                  

                                                                                                           Н.ТУЯА