Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 92

 

2017         06           27                                                      92

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Саранчимэгийг суулган, Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Хохирогч О.Оюунзул

Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхболд

Иргэний хариуцагч Ө.Хурцбилэг

Шүүгдэгч М.Батбаатар нарыг оролцуулан,

Тээврийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Зээрднүүдсайхныхан овогт Минжээгийн Батбаатарт холбогдох эрүүгийн 201724000050 дугаартай хэргийг 2017 оны 06 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Зээрднүүдсайхныхан овогт Минжээгийн Батбаатар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 1981 оны 09 сарын 05-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД:ЛМ81090519/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, хүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Зангиатын 2 дугаар гудамжны 16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч М.Батбаатар нь 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Алтан-Эмээл хошууны замд Истана маркийн 74-95 ДОР дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс Б.Мөнхболдын жолоодон явсан 45-76 ДОР дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зорчигч Б.Нансалмаа, Д.Цээпил нарын бие махбодид хөнгөн, Б.Гэрэлцэцэг, О.Оюунзул нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Батбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 сарын 06-ны өдөр Алтан-Эмээлээс 4 хүн аваад Монгол руу бэр эгч Хурцбилэгийн эзэмшлийн “Istana” маркийн 74-95 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож гарсан. Тэгээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд Алтан-Эмээлээс 10 гаруй километр газарт сайжруулсан шороон замаар замын энхэл донхол хараад 30 км цагийн хурдтай явж байхад миний баруун талаас ногоон өнгийн “Istana” маркийн машин орж ирсэн. Би “баруун гар талаар зөрөөд өнгөрөх юм байлгүй” гэж бодоод явж байхад гэнэт баруун гар тийшээгээ жолоогоо дараад миний урдуур орж ирээд миний машины урд хэсэг нөгөө машины зүүн хажуу хэсгээр мөргөлдөөд хоёр машин хоёулаа ертөнцийн зүгээр урагшаагаа хараад зогссон. Бэр эгч Хурцбилэг Хятад улсын цагдаа, түргэнд дуудлага өгсөн. Алтан-Эмээлийн цагдаа ирээд хэмжилт хийгээгүй, зураг авч байгаад бид хоёрын бичиг баримтыг аваад яваад өгсөн. Нөгөө машины жолооч Мөнхболд бид хоёр хоорондоо тохиролцоод “Монголдоо очоод шийдвэрлүүлнэ” гэсэн өргөдөл гаргаж өгөөд бичиг баримтаа аваад  явсан. Тухайн үед Алтан-Эмээлийн цагдаа нар “хоёулаа буруутай байна” гэж байсан.

Би Нансалмаа гэдэг хүнтэй зах дээр уулзахад “чи надад 600,000 төгрөг өг. Тэгвэл чиний талд гэрчийн мэдүүлэг өгнө” гэж хэлсэн. Тэр үед би, “600,000 төгрөгийг хуваагаад өгье” гэхэд, “би бөөн мөнгө авна хувааж авахгүй” гэсэн. Би Нансалмаад “би ажил хийхгүй байгаа шүү дээ” гэхэд, “одоо яах вэ дээ, чиний эсрэг мэдүүлэг өгнө” гэж хэлсэн юм гэв.

 

Хохирогч О.Оюунзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 12 сарын 07-ны өглөө Манжуур руу хөдөлсөн. БНХАУ-ын хил гараад 70 гаран км явж байхад өөдөөс урсгал сөрөөд цагаан өнгийн “Istana” маркийн тээврийн хэрэгсэл хүрч ирэхээр нь миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч Мөнхболд нь баруун гар тийш жолооны хүрдээ эргүүлээд замаас гарахад эсрэг урсгалаас ирсэн “Istana” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн. Би жолоочийн ард талын суудал дээр сууж байсан болохоор болсон зүйлийн талаар мэднэ. Тэгээд осол болсны дараа түргэн ирээд намайг машинаас гаргаад эмнэлэгт хүргэсэн. Уг ослоос болоод би Хятадын эмнэлэгт өөрийн зардлаар эмчлүүлсэн. Намайг эмчлүүлж байх үед жолооч “бие чинь ямар байна” гэж нэг ч удаа асууж байгаагүй. Эмчилгээний зардал 900,000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Алтан-Эмээл орох замд өөдөөс цагаан өнгийн “Istana” маркийн тээврийн хэрэгсэл ирсэн. Би дээрээс ирж байсан нь үнэн. Миний өөдөөс тээврийн хэрэгсэл ирж байсан болохоор би баруун гар тал руугаа дарсан. Осол замын гадна болсон. Хурцбилэг “Монголдоо шийдвэрлүүлье” гэж хэлээд бичиг баримтуудаа гуйж байгаад авсан. Хятад цагдаа нар “50, 50 хувийн буруутай гэж хэлээгүй, хүмүүсийнхээ хохирлыг яаж барагдуулах талаар тохиролцоорой” гэж хэлж байсан. Би зүгээр байж байгаад машинаа эвдлүүлсэн болохоор машины засвар, сэлбэгийн төлбөр 4000000 төгрөгийг нэхэмжилж байна. Би Хятадад байх хугацаандаа машинаа янзлуулсан гэв.

   Иргэний хариуцагч Ө.Хурцбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн нөхөр Т.Батбилэгийн хамаатны дүү М.Батбаатарыг ажилгүй болохоор нь тодорхой хэмжээний цалин өгөөд өөрийн эзэмшлийн “Istana” маркийн тээврийн хэрэгслийг бариулж байсан. Тухайн өдөр Алтан-Эмээлээс гараад 10 орчим км явж байхад машины ард тас хийх чимээ гарахаар нь Батбаатарт хандан “ард байгаа хүрз чинь цонхны шил хагалж байгаа юм биш үү” гэхэд, Батбаатар зогсож хараад “зүгээр байна” гээд буцаад суугаад машинаа асаах гэхэд асахгүй байсан. Гэтэл машины аккумлятор хөндийрсөн байсан. Тэгээд янзлаад, машинаа асаагаад хурдаа ч авч амжаагүй байхад өөдөөс нэлээд хурдтай “Istana” маркийн тээврийн хэрэгсэл ирээд өргөн замын зүүн гар талыг барьж яваад өнгөрөх гэж байгаад огцом баруун гар тийш жолооны хүрдээ эргүүлээд манай машинтай мөргөлдсөн. Манай жолооч яаж ч дарсан байсан мөргөлдөх байсан. Тэгээд хоёр машин хоёулаа урагшаа хараад зогссон. Алтан-Эмээлийн цагдаа нар ирээд “жолооч нар 50, 50 хувийн буруутай байна, хаана шийдвэрлүүлэх юм бэ, эндээ шийдвэрлүүлнэ гэвэл жолоочийн үнэмлэхийг хурааж авна” гэхээр нь би, “Монголдоо шийдвэрлүүлье” гэсэн. Тэгэхэд тэр цагдаа нар “бичиг баримтуудаа маргааш өглөө ирээд аваарай” гэж хэлээд явсан. Хоёр жолооч машинаа нааш цааш нь болгосон. Мөнхболд машинаа чирээд авчирсан байсан. Батбаатар бид хоёр орой нь очоод машинаа авсан.

Хятадын эмнэлэгт бэртэж гэмтсэн хүмүүст өвчин намдаах тариа хийлгэх гэхэд тэр хүмүүс мөнгөгүй болохоор нь би хятадаас авсан байсан будаагаа буцааж өгөөд тэдгээр хүмүүсийн шинжилгээг авахуулж, өвчин намдаах тариаг нь тариулсан. Өөрийн зүгээс нийт 1250000 төгрөгийн эмчилгээг тэр хүмүүст зарцуулсан байсан. Би Монголдоо ирээд тэр мөнгийг маань өгөх байх гэсэн өгөөгүй. Оюунзул эгч “Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явна, намайг онгоцоор явуул” гээд бухимдаад байсан. Одоо бодоход би бас хохирогч байсан байгаа байхгүй юу. Би Алтан-Эмээлээс Гэрэлцэцэг, Нансалмаа нарыг авч ирсэн. Монголдоо ирээд Гэрэлцэцэг “би онгоцоор явна шүү” гэж хэлэхээр нь Мөнхболд руу залгаад “энэ хүн чинь онгоцоор явна гэнэ, онгоц нь бэлэн үү” гэхэд “юу яриад байгаа юм бэ? Миний машиныг хэзээ янзлах гэж байна даа” гэж хэлээд хэл амаар доромжлоод байхаар нь утсаа тасалсан. Мөнхболд Дорнодоос Манжуурын замд явдаг машины жолооч нарт “Хурцбилэг гэдэг хүн хохирлыг төлнө” гэж ярьж явсан байсан. Ингэж худлаа хэлж болохгүй гэв.

Хохирогч Б.Гэрэлцэцэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: "…2016 оны 12 сарын 07-ны өдөр ногоон өнгийн “Istana” маркийн тээврийн хэрэгслээр бид ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байсан. Намайг дуг хийх зуур машинд байсан хүмүүс гэнэт “хүүеээ” гээд хашгирахаар нь би сэрээд харахад манай машины яг урдаас цагаан өнгийн “Istana” маркийн машин ирж байхаар нь манай машины жолооч баруун гар тийшээгээ жолоогоо дарсан чинь нөгөө цагаан “Istana” дагуулж зүүн гар тийшээгээ дараад манай машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн. Би тухайн үед жолоочийн арын суудал дээр сууж байсан. Хүмүүс машинаас буухад би бууж чадахгүй байсан.

Уг ослоос болж миний аарцаг хугарсан, толгой бөөр маш ихээр доргисон, зүүн хөлний өвдөгний дотор талын мах тасарсан, зүүн хөлний өвдөгний гадна талд хөхөрсөн, Хурцбилэг эгч 800 билүү, 1800 юань өгсөн байсан …" гэжээ. /1-р хавтас 21-24/

 Иргэний нэхэмжлэгч Б.Нансалмаа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...БНХАУ-ын Алтан-Эмээл хошууны зочид буудлын үүднээс “Istana” маркийн 74-95 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж Дорнод аймаг руу явахаар болсон. Алтан-Эмээлээс 10 орчим км зайд явж байгаад машин унтраад зогсоход жолооч Батбаатар бууж машинаа үзэж байснаа “аккумлятор салаад байна” гээд байсан. Удалгүй машинаа асаагаад явж байтал өөдөөс “Istana” маркийн 45-76 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж байхад жолоочийн хажууд сууж явсан Хурцбилэг “эхний машин хил гараад ирж байна шүү дээ” гэж байсан...Гэтэл нөгөө машин өөдөөс дөхөж ирээд баруун гар тийш жолооны хүрдээ эргүүлээд ертөнцийн зүгээр урагшаа дарахад миний сууж байсан “Istana” маркийн 74-95 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Батбаатар жолооны хүрдээ зүүн гар тийшээ буюу ертөнцийн зүгээр урагш дарсан...Эмчилгээний зардал болох 1000000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /1-р хавтас 162-169/

Иргэний нэхэмжлэгч Д.Цээпил мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би албан ажлаар явж байгаад зам тээврийн осолд орсон. Тухайн үед Улаанбаатар хотоос Ховд аймаг хоорондох явсан зардал, эмчилгээний зардалд 500000 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ. /1-р хавтас 159/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 сарын 09-ний өдрийн 111 тоот дүгнэлтэд: "1.Б.Гэрэлцэцэгийн биед баруун умдаг ясны дээд салаа хугарсан гэмтэл тогтоогдлоо. 2.Б.Гэрэлцэцэгийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Уг гэмтэл нь ШЭГЗТ журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно" гэжээ. /1-р хавтас 92/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 сарын 31-ний өдрийн 65 тоот дүгнэлтэд: 1.Д.Цээпилийн биед гэмтэл учирсан байна. 2.П.Цээпилийн биед тархи доргилт, хүзүү, зүүн эгэм, зүүн хөлийн шилбэний хэсгээр цус хуралт болон зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Д.Цээпилийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. 4.Д.Цээпилийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй” гэжээ. /1-р хавтас 96-97/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 54 тоот дүгнэлтэд: "1.О.Оюунзулын биед 4 хавирганы хугарал, тархи доргилт, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон 4 хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" гэжээ. /1-р хавтас 103/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 сарын 31-ний өдрийн 169 тоот дүгнэлтэд: "1.Б.Нансалмаагийн биед зүүн өвдөг, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй" гэжээ. /1-р хавтас 173/

Хохирогч О.Оюунзул /1-р хавтас 49-51/, Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхболд /1-р хавтас 80-82, 168-170/, Д.Цээпил /1-р хавтас 89-90/, Б.Нансалмаа /1-р хавтас 161-164/, Иргэний хариуцагч Ө.Хурцбилэг /1-р хавтас 62-63/, Гэрч Ш.Довууч /1-р хавтас 66-69/, М.Насанжаргал /1-р хавтас 72-73/, Д.Цэнгэлмаа /1-р хавтас 74-75/, Н.Тунгалаг /1-р хавтас 76-77/, Я.Минжээ /1-р хавтас 78-79/, Б.Мөнхтулга /1-р хавтас 87-88/, Н.Бямбацагаан /1-р хавтас 184-185/ нарын болон шүүгдэгч М.Батбаатарын сэжигтэн, яллагдагчаар /1-р хавтас 109, 192-193/ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1-р хавтас 1/, Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 13-18, 69-70, 122-123/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хавтас 118/, Жолоочийн үнэмлэх хүчинтэй эсэх баримт /1-р хавтас 12 /, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 сарын 31-ний өдрийн 66 тоот /1-р хавтас 100-101/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 сарын 31-ний өдрийн 170 тоот дүгнэлтүүд /1-р хавтас 175/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1-р хавтас 132-134/, Эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас 135/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас 110, 195/, Хохирогч Б.Нансалмаагийн өвчтөний түүх /1-р хавтас 209-224/, хохирлын баримтууд /1-р хавтас 28-48, 52-60, 241-250, 2-р хавтас 1-6/, шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхний хуулбар /1-р хавтас 194/ зэрэг болон тухайн  хэрэгт  хамааралтай,  хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан  бусад  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Батбаатар нь 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Алтан-Эмээл хошууны замд “Istana” маркийн 74-95 ДОР дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс Б.Мөнхболдын жолоодон явсан 45-76 ДОР дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зорчигч Б.Нансалмаа, Д.Цээпил нарын бие махбодид хөнгөн, Б.Гэрэлцэцэг, О.Оюунзул нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Шүүгдэгч М.Батбаатарын яллагдагчаар өгсөн “...Би явж байсан замаа голлож явсан. Миний явсан зам 3 метрийн өргөнтэй зам байсан...” гэх /1-р хавтас 192-193/ мэдүүлгийг давхар нотолж тухайн үйл баримт /факт/-ыг нүдээр харсан хохирогч Б.Гэрэлцэцэгийн “...Би сэрээд харсан чинь яг манай машины урдаас нэг “Istana” маркийн машин орж ирж байхаар нь манай машины жолооч зугтаагаад баруун гар тийшээ жолоогоо дарсан чинь нөгөө цагаан “Istana” дагуулаад зүүн гар тийшээгээ дараад манай машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн...Цагаан Istana-гийн зорчигч болох Нансаа эгч...”угаасаа манай машины буруу” гэж байсан...” гэх /1-рхавтас 21-24/, хохирогч О.Оюунзулын “...Өөдөөс урсгал сөрөөд цагаан өнгийн “Istana” маркийн тээврийн хэрэгсэл хүрч ирэхээр нь миний сууж явсан 45-76 дугаартай “Istana” машины жолооч Мөнхболд баруун гар тийшээ хүрдээ эргүүлээд замаас гарахад эсрэг урсгалаас ирсэн 74-95 дугаартай “Istana” маркийн тээврийн хэрэгсэл мөргөж зогссон...Манай машиныг урсгал сөрж ирж мөргөсөн...” гэх /1-р хавтас 50-51/, Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхболдын “...Өөдөөс буюу эсрэг урсгалаас  “Istana” маркийн автомашин ороод ирэхээр нь тоормос гишгээд баруун гар тийшээ жолоогоо дараад замаас гарч байхад миний машины зүүн урд талаас мөргөөд, хойд хэсгээрээ машины зүүн хойт хэсэгт бас мөргөөд зэрэгцээд урагшаагаа хараад зогссон...” гэх /1-р хавтас 80-82, 169-170/, Иргэний нэхэмжлэгч Д.Цээпилийн “...Мөнхболд гэх жолоочийн 45-76 ДОР Istana машинтай явж байхад урдаас ирж байсан Istana машин бид нарын өмнөөс урсгал сөрж орж ирээд бид нарын сууж явсан машинтай мөргөлдсөн...” гэх /1-р хавтас 89-90/, шүүгдэгч М.Батбаатарын жолоодож явсан автомашинд зорчигчоор сууж явсан иргэний нэхэмжлэгч Б.Нансалмаагийн “...иргэн Хурцбилэг нь манай машины буруу юм чинь би Монголд очоод эмчилгээний зардлыг өгнө гэж хэлж байсан. Тэгээд бид нар хоорондоо ярилцаад Монголд ирж учир зүйгээ олохоор болсон...Миний сууж явсан тээврийн хэрэгсэл уг замын гол хэсгээр явж байсан... /1-р хавтас 162-164/...Би тухайн осол болсны дараа Батбаатар жолоочид хандаж “чи яасан тэнэг залуу вэ” гэж хэлж байсан. Хурцбилэг гэдэг эмэгтэй “манай жолоочийн буруу” гэж хэлж байсан...” гэх /1-р хавтас 182-183/, Гэрч Н.Бямбацагааны “миний сууж явсан...74-95 дугаартай машин...өөдөөс нь очоод л мөргөчих шиг болсон...” гэх /1-р хавтас 184-185/, гэрч Ш.Довууч /1-р хавтас 66-68/, М.Насанжаргал /1-р хавтас 72-73/ мэдүүлгүүдээр шүүгдэгч М.Батбаатарын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “...эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн гэм буруутай үйлдэл нь зам тээврийн осол болох шууд шалтгаан болсон гэж үзэх үндэстэй байна.

Мөн жолооч М.Батбаатарын буруутай үйлдэл нь Б.Мөнхболдын жолоодож явсан ногоон өнгөтэй “Istana” маркийн 45-76 ДОР улсын дугаартай автомашин  шулуун замын хөдөлгөөнд орсон байсан, мөн жолооч М.Батбаатар нөгөө жолоочийн урсгалд хөдөлгөөнд оролцож байсан болох нь жолооч М.Батбаатарын жолоодож явсан автомашины зорчигч, цагаан өнгөтэй “Istana” маркийн 74-95 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч, иргэний хариуцагч Ө.Хурцбилэгийн мэдүүлсэн “...машины аккумлятор хөндийрсөн байсан бөгөөд янзлаад асаагаад хурдаач авч амжилгүй явж байхад өөдөөс “Istana” маркийн 45-76 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл...ирээд өргөн замын зүүн гар талыг барьж яваад өнгөрөх гэж байгаад огцом баруун гар тийш жолооны хүрдээ эргүүлээд манай машинтай мөргөлдсөн...Жолооч М.Батбаатар нь насанд хүрсэн, өөрөө хэрэг хариуцах чалвартай...би...бэртэж гэмтсэн хүмүүст эмчилгээний зардалд 1250000 төгрөг зарцуулсан...” гэх /1-р хавтас 62-63/ мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзлээ.

 

Энэ ослын улмаас ногоон өнгөтэй “Istana” маркийн 45-76 ДОР улсын дугаартай автомашинд зорчигчоор явж байсан Б.Гэрэлцэцэгийн биед “баруун умдаг ясны дээд салаа хугарсан”, О.Оюунзулын биед “4 хавирганы хугарал” бүхий тус тус хүндэвтэр гэмтэл, иргэний нэхэмжлэгч Б.Нансалмаа, Д.Цээпил нарын биед тус тус хөнгөн гэмтэл, “Istana” маркийн 45-76 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан байх бөгөөд энэ хавтаст хэрэгт хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлж авсан хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч болон иргэний хариуцагч нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 сарын 09-ний өдрийн 111 тоот  /1-р хавтас 92/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 54 тоот /1-р хавтас 103/, 2017 оны 03 сарын 31-ний өдрийн 169 тоот /1-р хавтас 173/, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 сарын 31-ний өдрийн 65 тоот  /1-р хавтас 96-97/ дүгнэлтүүд, өвчтөний түүх, Эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас 250, 2-р хавтас 1-6/, Хохирлын баримтууд зэргээр тус тус тогтоогдож байх ба шүүгдэгч М.Батбаатарын дээрх гэм буруутай үйлдэл, учирсан хохирлын хооронд шууд шалтгаант холбоотой байна гэж үзнэ.

Шүүгдэгч М.Батбаатарын үйлдсэн гэмт хэрэгт Тээврийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар…шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч М.Батбаатарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

              Гэвч дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах ба хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн байх тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч М.Батбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэстэй байна.

              Шүүгдэгч М.Батбаатарын жолоодож явсан цагаан өнгийн “Istana” маркийн 74-95 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч нь Ө.Хурцбилэг болон тээврийн хэрэгслийн өмчлөгч Ө.Хурцбилэг өөрөө жолооч М.Батбаатарт уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн  болох нь иргэний хариуцагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хавтас 118/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

               Тиймээс гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорыг арилгах үүргийг өмчлөгч буюу иргэний хариуцагч Ө.Хурцбилэг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

              Шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу иргэний нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдлыг хавтаст хэргийн хэмжээнд шинжлэн судалж дүгнэвэл,

              Хохирогч О.Оюунзул нь энэхүү ослын улмаас учирсан хохиролтой холбогдуулж 1169391 төгрөгийн, хохирогч Б.Гэрэлцэцэг 1417961 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Нансалмаа 1200000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхболд 4068680 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт тус тус ирүүлжээ. 

              Хохирогч О.Оюунзулын 1169391 төгрөгийн нэхэмжлэлээс Монгол улсад эмчилгээ хийлгэсэн зардлын 312500 төгрөг, БНХАУ-д эмчилгээ хийлгэсэн зардлын 516764 төгрөгийг нийт 656764 төгрөгийг, хохирогч Б.Гэрэлцэцэгийн 1417961 төгрөгийн нэхэмжлэлээс онгоцны болон эмчилгээний зардлын 813358 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхболдын нэхэмжлэлээс сэлбэгийн үнэ 1200000 төгрөг, засварын хөлс 2863680 төгрөг, нийт 4063680 төгрөгийг, бүгд 5533802 төгрөгийг иргэний хариуцагч Ө.Хурцбилэгээс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгож, харин хохирогч О.Оюунзулын нэхэмжлэлээс бариачид бариулсны зардал 125000 төгрөг, барааны үнэ 47300 төгрөг, шатахууны үнэ 130000 төгрөг /нотлох баримтын шаардлага хангаагүй нэргүй, хэнд зориулагдсан нь тодорхойгүй, давхар баримтаар нотлогдоогүй/, бүгд 302300 төгрөгийг, хохирогч Б.Гэрэлцэцэгийн нэхэмжлэлээс 285203 төгрөгийг /нотлох баримтын шаардлага хангаагүй/  иргэний нэхэмжлэгч Б.Нансалмаагийн 1200000 төгрөгийг /орчуулгагүй/, иргэний нэхэмжлэгч Д.Цээпилийн 500000 төгрөг /нотлох баримт ирүүлээгүй/-ийг тус тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйгээр хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагаас хохирогч О.Оюунзулын юанийн зөрүү 37827 төгрөг, тооцооны зөрүү  172500 төгрөг, нийт 210327 төгрөгийг, хохирогч Б.Гэрэлцэцэгийн хоол, цайны үнэ 319400 төгрөгийг,  иргэний нэхэмжлэгч Б.Мөнхболдын тооцооны зөрүү 5000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт болон баримт бичиг хураагдаж ирээгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол арилаагүй болохыг тус тус дурдаж, иргэний хариуцагч Ө.Хурцбилэгийн эзэмшлээс цагаан өнгийн “Istana” маркийн 74-95 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээвэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Зээрднүүдсайхныхан овогт Минжээгийн Батбаатарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч М.Батбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт болон баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч Боржигон овогт Өлзийн Хурцбилэгээс 5533802 /таван сая таван зуун гучин гурван мянга найман зуун хоёр/ төгрөг гаргуулж 656764 /зургаан зуун тавин зургаан мянга долоон зуун жаран дөрөв/ төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн Буйрын 1-3 тоотод оршин суух, хохирогч Нэмэх овогт Осорын Оюунзул /РД:ЖЭ68072963/-д,  813358 /найман зуун арван гурван мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Холбоо толгой 45 дугаар гудамжны 1027 тоотод оршин суух, хохирогч Боржигин тайж овогт Болдбаатарын Гэрэлцэцэг /РД:ХД87050501/-т,  4063680 /дөрвөн сая жаран гурван мянга зургаан зуун ная/ төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн 45-1 тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Шувуучин овогт Баатарын Мөнхболд /РД:ЖЮ74060677/-д тус тус олгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3-т зааснаар хохирогч О.Оюунзулын нэхэмжлэлийн шаардлагаас 302300 төгрөг, хохирогч Б.Гэрэлцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагаас 285203 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Нансалмаагийн 1200000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Цээпилийн 500000 төгрөгийг тус тус нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйгээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч О.Оюунзулын нэхэмжлэлээс 210327 төгрөг, хохирогч Б.Гэрэлцэцэгийн нэхэмжлэлээс 319400 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхболдын нэхэмжлэлээс 5000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар иргэний харицагч Ө.Хурцбилэгийн эзэмшлээс 7000000 /долоон сая/ төгрөгийн үнэлгээтэй цагаан өнгийн “Istana” маркийн 74-95 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 01 сарын 26-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  энэ тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчийн батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэхүү тогтоолыг эс  зөвшөөрвөл  шүүгдэгч, хохирогч, оролцогч нар  шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Ү.ОДГЭРЭЛ