Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 329

 

                                                      М.Б-т холбогдох эрүүгийн

                                                              хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоол, мөн аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9  дүгээр сарын 28-ний өдрийн 41 дүгээр магадлалтай М.Б-т холбогдох эрүүгийн 201724000050 дугаартай хэргийг шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, иргэний хариуцагч Ө.Х нарын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй З  овогт М.Б нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчим БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Алтан-Эмээл хошууны замд “Истана” маркийн 74-95 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс Б.М-ын жолоодон явсан 45-76 ДОР дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зорчигч Б.Н, Д.Ц нарын бие махбодид хөнгөн, Б.Г, О.О нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч М.Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч М.Б-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт болон баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч Ө.Х-ээс 5533802 төгрөг гаргуулж, 656764 төгрөгийг хохирогч О.О-д, 813358  төгрөгийг хохирогч Б.Г-т, 4063680 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.М-д тус тус олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3-т зааснаар хохирогч О.О-ын нэхэмжлэлийн шаардлагаас 302300 төгрөг, хохирогч Б.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 285203 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Н-ийн 1200000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ц-ийн 500000 төгрөгийг тус тус нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйгээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч О.О-ын нэхэмжлэлээс 210327 төгрөг, хохирогч Б.Г-ийн нэхэмжлэлээс 319400 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлээс 5000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар иргэний хариуцагч Ө.Х-ийн эзэмшлээс 7000000 төгрөгийн үнэлгээтэй цагаан өнгийн “Истана” маркийн 74-95 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9  дүгээр сарын 28-ний өдрийн 41 дүгээр магадлалаар: Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Батбаатар, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хохирогч Б.Г, иргэний хариуцагч Ө.Х нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Б гаргасан гомдолдоо: “...Автын осол болсон хэрэг бол гэрчийн мэдүүлгээр биш замын нөхцөл байдлыг газар дээр нь үзэж харж хэмжилт хийгээд бодит байдалд нь дүгнэлтээ гаргаж хэн буруутайг нь тогтоож чадах тодорхой хэрэг гэж боддог. Гэтэл миний холбогдсон хэрэгт ямар ч хэмжилт хийгдээгүй, замын нөхцөл байдлыг харуулсан хэдэн фото зургаас өөр шалгасан дүгнэлт шинжилгээ хийлгүйгээр хэдэн наймаачин авгайчууд хөлсөлж явсан жолоочоо хамгаалаад мэдүүлэг өгчих юм... намайг машинаа зогсоож чадахгүй буруутай миний урдуур орж ирсэн, хурдтай явсан гэж М намайг гүтгэсэн. Хурд хэтрүүлсэн буруутай бол урдуур нь орж ирсэн машиныг дагуулж мушгиад аймшигт хэргээс зайлуулж чадсан намайг яагаад буруутгасныг би ойлгохгүй байна. Нөгөө тал буруутайг тогтоож өгөөгүй учир үнэн мөнийг тогтоож өгөхийг хүсч байна. Шүүх хуулийн өмнө бүгд л адил тэгш буруутай бол хариуцлагаа хүлээх ёстой гэж бодож байна. Ийм шударга биш шийдвэр гаргасанд миний бие туйлын гомдолтой байна. Би хүний машин барьж өгч талхныхаа мөнгийг залгуулдаг хүн, хэргийг дутуу шалгасан тул мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Ө.Х гаргасан гомдолдоо: Цагдаагийн газар хэргийн бодит үнэнийг олж өгөөгүй ямар ч бодитой шалгалт хийгээгүй Хятадад болсон энэ хэрэгт илэрхий Мөнхболд буруутай байсан хурд хэтрүүлсэн хажуугийн замаас гэнэт орж ирсэн. Хятадын цагдаа байсан хоёр машиныг журмын хашаанд хийнэ гэхэд бүгдээрээ гуйж бид хоорондоо зохицож шийднэ гээд л гуйж ирчихээд энд ирэхэд худлаа хэлээд байгаад нь туйлын гомдолтой худал үнэн хэлээд байгааг цагдаа ялгаж чаддаггүй юм байна... Надад үнэхээр буруутай хүнийг нь олж чадахгүй, буруугүй хүнийг буруутгаж, яллаж бас хариуцлага хүлээлгэж байгаа нь яагаад ч хүлээн зөвшөөрч чадахгүй асуудал байна. Газар дээр нь үзлэг хэмжилт хийж нөхцөл байдлыг хараад шинжээч дүгнэлтээ гаргаагүй ийм шударга бус ажиллагаа хийгдсэн учир тогтоол, магадлалыг хүчингүй болгож дахин шалгуулах хүсэлтэй байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.2-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц байдал тогтоогдсон гэх үндэслэлийг баримтлан гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байхад гэм буруутай нь нотлогдож байна гэж дүгнэснээрээ илтэд гэм буруутай этгээд байсаар байтал нэмэлт ажиллагаа хийхээр буцаахгүй, гэм буруугүй хүнийг гэм буруутайд тооцож шийдсэн байхад, давж заалдах шатны шүүх энэ ноцтой зөрчлийг засаж шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Б-ыг гэм буруутай болохыг нотлох хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, акт байхгүй, Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалт зөрчсөнийг нотолсон мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гараагүй байхад, Замын хөдөлгөөний дүрмийн нарийн зохицуулалтыг мэдэхгүй, яг ямар байдал замын урдуур орж ирснийг хараагүй хүмүүсийн ам дамжсан мэдүүлгээр шийдэж байгаа нь бодит байдлыг үгүйсгэж, гэм буруугүй хүн гэм буруутайд тооцогдох үндэслэл болсон.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

М.Б-т холбогдох хэргийн талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй байна гэж хяналтын шатны шүүх үзэв.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл (Нотолбол зохих байдал)-ийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийг хэн яаж үйлдсэнийг хэрэг бүртгэлтийн явцад болон хоёр шатны шүүхээс ямар нэгэн эргэлзээгүйгээр, хөдөлбөргүй тогтоогоогүй байна.

Гадаад улсад болсон үйл явдлын хувьд хэргийн газрын үзлэгийг болон үүнтэй холбогдох бусад ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй хэдий ч осол гарсан даруйд тэнд байсан хүмүүсийн авсан гэрэл зураг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэгт үндэслэн уг осолд хэн буруутай болох талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзнэ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу нүүрэлдүүлж мэдүүлэг авах болон энэхүү хуульд тодорхойлсон бусад арга хэрэгслийг ашиглан болсон үйл явдлыг сэргээн тогтоох боломжтой байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, М.Б-т холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоол, мөн аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9  дүгээр сарын 28-ний өдрийн 41 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, М.Б-т холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН