Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 1807

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/02264 дугаар шийдвэртэй, Г.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Ө-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоох тухай нэхэмжлэлтэй, хариуцагч С.Ө нь хүүхдийг өөрийн асрамжид авах, тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Т-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Хариуцагчтай 2014 оны 9 дүгээр сард танилцаж, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулж, мөн оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүү Э.Б төрсөн. Тухайн үед С.Ө оюутан байсан бөгөөд хичээлдээ орох шаардлагатай болж миний ээж Э.М хадмын гэрт хүүг хардаг байсан. Хамтран амьдрах хугацаанд янз бүрийн шалтгаанаас болж муудалцах болсон. Хоорондын таарамжгүй харилцааны улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болж 2017 оны 1 сараас хойш тусдаа амьдарсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан ч эвлэрээгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна. Хүү Э.Б-ийг эцэг миний бие өөрийн асрамжид авах шаардлага гаргасан боловч энэ асуудлаар хариуцагчтай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан.

Гэрээнд зааснаар хүү Э.Б-ийг 7 нас хүртэл ээжийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн санал асуух насанд хүрсэн үед асрамжийг дахин шүүхээр шийдвэрлүүлнэ. Энэ хугацаанд 7 хоногийн 3 дахь өдрийн 17 цагт миний бие хүүгээ цэцэрлэгээс авч, хагас сайн өдрийн  15 цаг хүртэл хамт байна. Хүүхдийн тэтгэлэгт сар бүр 110 000 төгрөг өгөх бөгөөд уг мөнгийг “Х” ХХК дахь хадгаламжийн дансанд шилжүүлнэ. Хүү Э.Б-ийг гадаад улс руу авч гарах тохиолдолд бие биенээсээ зөвшөөрөл авна. Үлдээх тохиолдолд эцэг, эхийн аль нэг нь авч үлдэнэ гэж тохиролцсон. Энэ тохиролцоогоор хүүхдийн асрамж, тэтгэлэгийг шийдвэрлүүлнэ гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Гэрлэлт цуцлах шаардлагыг зөвшөөрнө. Хүү Э.Б-ийг өөрийн асрамжид авч, эцэг Г.Э-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүү Э.Б-ийн төрсний гэрчилгээг албадан гаргуулахаар нэхэмжилсэн. Гэвч бид тохиролцож хүүхдийг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэмжид сар бүр 110 000 төлөхөөр эвлэрсэн. Шүүх хуралдаанд хүүхдийн төрсний гэрчилгээг Г.Э-аас хүлээж авсан. Иймд эвлэрлийн гэрээнд заасан тохиролцоогоор шийдвэрлэхийг зөвшөөрнө. Хүү Э.Б-ийг 7 нас хүртэл миний асрамжид байлгаж, 7 насанд хүрсэн үед саналаар нь асрамжийг шүүхээр дахин шийдвэрлүүлнэ. Энэ хугацаанд 7 хоногийн 3 дахь өдрийн 17 цагт аав Г.Э хүүгээ цэцэрлэгээс нь авч хагас сайн өдрийн 15 цаг хүртэл хамт байж. 15 цагт хүүг надад хүргэж ирнэ. Хүүхдийн тэтгэлэгт сар бүр төлөх 110 000 төгрөгийг “Х” ХХК дахь хадгаламжийн дансанд Г.Э төлнө. Хүү Э.Б-ийг гадаад улс руу авч гарах тохиолдолд нэг нэгнээсээ зөвшөөрөл авна. Үлдээх тохиолдолд эцэг, эхийн аль нэг нь авч үлдэнэ гэж тохиролцсон.

Иймд гэрлэлтийг цуцалж, энэ тохиролцоогоор хүүхдийн асрамж, тэтгэлгийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Г.Э, С.Ө нарын гэрлэлтийг цуцлах, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Э.Б-ийг эх С.Ө-ын асрамжид үлдээх, Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэгт сар бүр 110 000 төгрөг гаргуулж, хүүхдийн “Х” ХХК дахь хадгаламжийн дансанд шилжүүлэхийг нэхэмжлэгч Г.Э-д даалгаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүү Э.Б-ийг 7 хоног бүрийн 3 дахь өдрийн 17 цагт эцэг Г.Э цэцэрлэгээс авч хагас сайн өдөр буюу 6 дахь өдрийн 15 цагт ээж С.Ө-д хүргэж өгөх, хүүхдийг гадаад улс руу авч гарах тохиолдолд хэн алинаасаа зөвшөөрөл авах, үлдээх тохиолдолд эцэг, эхийн аль нэг нь авч үлдэхээр тохирсон талуудын эвлэрлийг баталгаажуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 140 400 төгрөг, хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Талуудын байгуулсан эвлэрлийн  гэрээний “7 хоног бүрийн 3 дахь өдрийн 17 цагт эцэг Г.Э хүү Э.Б-ийг цэцэрлэгээс авч хагас сайн өдрийн 17 цагт ээж С.Ө-д хүргэж өгнө” гэсэн заалтыг зөвшөөрөхгүй. Энэ шийдвэрийн дагуу хүүхдийг долоо хоног бүр нааш цаашаа зөөх нь хүүхдийн тав тух, эрүүл амьдрах нөхцөл боломжийг алдагдуулсан гэж үзэж байна. Хүүгийн хувьд нааш цаашаа зөөгөөд байхад хүндрэлтэй бөгөөд цаашлаад түүний сэтгэл, санаа эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэж үзэж байна.

Мөн эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн боловч ийм дүгнэлт шийдвэр гарна гэдгийг мэдээгүй, өмгөөлөгч гарын үсгээ зурж болно гэсний дагуу зурсан. Аав нь хүүхэдтэйгээ уулзахыг хориглохгүй ч эвлэрлийн гэрээнд заасан хоногоор гэртээ байлгахыг зөвшөөрөхгүй. Учир нь, Г.Э, түүний ээжийнх нь хувийн байдлын талаарх хангалттай нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Г.Э олон хоногоор хүүхдийг авч хүмүүжүүлэх боломжгүй. Ээжтэйгээ хамт амьдардаг, ээж нь сэтгэцийн өөрчлөлттэй, өөрөө ч хүүхдийг тогтвортой харж чадахгүй. Энэ нь хүүхдийн эрүүл, амар амгалан орчинд өсөх нөхцөл алдагдана гэж үзэж байна.

Нэхэмжлэгч сэтгэцэд нөлөөлөх намуу цэцэг өвс татдаг. Энэ нөхцөл байдлуудаас шалтгаалж хүүгийн хувьд аав дээрээ олон хоногоор байх боломжгүй тул хүүхдийн эрүүл аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлийг алдагдуулсан шүүхийн шийдвэрийг өөрчлөн,  амралтын өдрөөр хааяа уулзах нөхцлөөр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч С.Ө-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүү Э.Б-ийг өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч гэрлэлт цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүүхдийг өөрийн асрамжид авах, тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчид 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрлэсний 1107001108 дугаар гэрчилгээгээр улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны гэр бүл болсон байх боловч хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2017 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарсан, цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болсон нь хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 128 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай” /хх10/ баримт, талуудын тайлбараар тогтоогдсон байна. Иймд анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Г.Э, С.Ө нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь зөв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд маргааны зүйл болох хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж /хх204/, шүүх уг эвлэрлийг баталгаажуулсан байна.

 

Хариуцагч нь давж заалдах гомдлын үндэслэлээ, эвлэрлийн гэрээний 4 дэх заалт буюу “хүү Э.Б-ийг 7 хоног бүрийн 3 дахь өдрийн 17 цагт эцэг Г.Э цэцэрлэгээс авч хагас сайн өдөр буюу 6 дахь өдрийн 15 цагт ээж С.Ө-д хүргэж өгнө” гэсэн хэсгийг зөвшөөрөхгүй. Учир нь, хүүхдийг хоёр талд зөөж байлгах нь түүний эрүүл мэнд, тав тухтай амьдрах нөхцлийг алдагдуулах бөгөөд эвлэрлийн гэрээнд өмгөөлөгч “гарын үсэг зур” гэхээр нь зурсан. Нэхэмжлэгч болон түүний ээжийн хувийн байдлаас үзвэл, хүүг түүний асрамжид олон хоног байлгах боломжгүй гэх агуулгаар тайлбарлажээ.

 

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад буюу 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дээрх эвлэрлийн гэрээг байгуулсан байх бөгөөд тухайн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл /хх207-208/, шүүх эвлэрлийн гэрээний нөхцөл тус бүрийн талаар  тодруулан асуусан байна. Талууд эвлэрлийн гэрээний заалтуудыг өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэн, эрх зүйн туслалцаа авч буй өмгөөлөгч нарыг байлцуулан, харилцан тохиролцож, хэн аль нь хүлээн зөвшөөрч хийжээ. Иймд “өмгөөлөгч гарын үсэг зур гэхээр нь зурсан” гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэв.

 

 Түүнчлэн нэхэмжлэгч, түүний ээжийн хувийн байдал хүүхдийн эрүүл мэнд болоод хүмүүжилд нь сөргөөр нөлөөлнө гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ хүмүүжүүлэх эрх, үүрэг  эцэг эхийн хэн алинд адил тэгш байх бөгөөд мөн зүйлийн 26.5 дах хэсэгт зааснаар эцэг эх дээрх үүргээ хэрэгжүүлэх журмыг эвлэрлийн гэрээгээр тусгайлан тохиролцсон байна. Талууд ийнхүү тохиролцоогүй тохиолдолд шүүх тогтоох нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэх юм.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/02264 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Ө давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                         Т.ТУЯА