| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 105/2017/0566/э |
| Дугаар | 501 |
| Огноо | 2018-11-30 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., 17.4.2.2., |
| Улсын яллагч | Ц.Насанбат |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 501
Г.Г, Д.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг, хохирогчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1014 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 898 дугаар магадлалтай, Г.Г-, Д.Б- нарт холбогдох 201625010175 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Г-н өмгөөлөгч Ц.Одончимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 603 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1/133 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан Х б овогт Г-н Г,
2. Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “***” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй Д овогт Д-н Б.
Г.Г- нь “***” ХХК-ний *** борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж Д.Б-тай бүлэглэн 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгууллагын мөнгөнөөс 39,000,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 42,000,000 төгрөг, нийт 81,000,000 төгрөг, ганцаараа 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд 66,388,336 төгрөг нийт 147,388,336 төгрөгийг завшсан, Д.Б- нь Г.Г-г хөрөнгө завших гэмт хэрэг үйлдүүлэхээр хатгаж хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Б-т прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэг болгон өөрчилж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан, их хэмжээний хохирол учруулж үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар Г.Г-г 3 жил хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Г-н цагдан хоригдсон 89 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, Д.Б- нь 70 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Г-с 119,828,336 төгрөгийг гаргуулж “***” ХХК-д олгох, Д.Б-аас 81,000,000 төгрөгийн гаргуулж Г.Г-д, 1,340,000 төгрөгийг гаргуулж “***” ХХК-д тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 болон 4 дэх заалтуудын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн...” гэсний дараа “...1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалт...” гэж тус тус нэмж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-н өмгөөлөгч Ц.Одончимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Г-н өмгөөлөгч Ц.Одончимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүх Г.Г-д хорих ял оногдуулж, улмаар Д.Б-ыг өршөөж, түүний хохирогчид учруулсан 81,000,000 төгрөгийн хохирлыг Г.Г-с гаргуулахаар шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанаас Г.Г-, Д.Б- нарыг Эрүүгийн хууль /шинэчлэн найруулсан/-ийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шийдвэрлэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас гэм буруугийн асуудал хэлэлцэх шүүх хуралдаанаас гаргасан шийдвэрээ буюу Д.Б-ын зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 150.3 дахь хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчин хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Г-н “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн”, “хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлсэн” байдлыг үл харгалзан ял оногдуулсан болно.
Шүүгдэгч Г.Г- анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсээр байсан ба давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэхийн өмнө хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч “хохирлыг бүрэн төлсөн тухай тодорхойлолт” гаргасан боловч давж заалдах шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг үл харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан хөнгөн ялыг оногдуулах, эсхүл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан ялыг хөнгөрүүлэх эрх зүйн үндэслэл, боломжийг үл харгалзан шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд шүүгдэгч Г.Г-н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, 8 сар хоригдсон, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд хохирогч М.Эрдэнэсүрэнгийн өмгөөлөгч Б.Мөнхбат хэлсэн саналдаа “Энэ хэрэгт холбогдсон хоёр шүүгдэгчээс Г.Г- нь тухайн компанид ажиллаж байсан ажилтан учраас учруулсан хохирол болох 119,828,336 төгрөгийг гаргуулах, Д.Б-аас 81,000,000 төгрөг гаргуулж Г.Г-д, 1,340,000 төгрөгийг гаргуулж компанид олгуулахаар шийдвэрлэсэн. Г.Г- нь нийт хохирлоос 28,900,000 төгрөгийг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө төлсөн. Шийтгэх тогтоол гарсны дараа хохирол болох 119,828,336 төгрөгийг Г.Г-н хүргэн ах нисэхийн замд зам тавьж байсан компанид 120,000,000 төгрөгийг питон нийлүүлсэн байсныг нь цувуулж авч хохирлыг дуусгаж, барагдуулсан. Одоо гомдол саналгүй тул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Прокурор Ц.Насанбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийн талаар мөн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд хэлэх хууль зүйн дүгнэлт байхгүй байна. Харин анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд заасны дагуу Г.Г-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 3.2, 3.7 дугаар зүйлийг баримтлан гэм буруутайд тооцсон. Гэмт хэрэгт хамтран оролцох төрөл, хэлбэр хоёрыг хамтад нь журамлах нь зөв үү. Мөн шүүгдэгч Д.Б-т оногдуулсан ял, шийтгэлийг хөнгөрүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмыг тодорхой дурдалгүйгээр “хуульд зааснаас харьцангуй хөнгөрсөн” гэж дүгнэсэн нь хууль зүйн дүгнэлт мөн эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа тул дээрх асуудлуудад дүгнэлт хийж өгнө үү. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох гэм буруугийн шүүх хуралдааны төгсгөлд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөн завсарлаад үргэлжлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг явуулсан талаар прокурорын дүгнэлт болон шүүх хуралдааны бичлэгээс харагдаж байсан. Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгаагүй, шууд гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилсэн мэт харагдаж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд “гэм буруугийн шүүх хуралдааны төгсгөлд, прокурорын дүгнэлтэд Д.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан гэм буруутайд тооцсон гэсэн” тэмдэглэл байдаг. Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгаагүй. Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны үед зөвхөн шүүгдэгч Д.Б-ын үйлдсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, зүйлчлэлийг өөрчлөн өршөөлд хамруулж байгаа шүүх хуралдааны бичлэг байна. Шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэг, шийтгэх тогтоол зөрүүтэй гарч хууль зөрчсөн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна” гэв. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.Г-н өмгөөлөгч Ц.Одончимэгийн гаргасан гомдлыг үндэслэн Г.Г-, Д.Б- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Г.Г- нь “***” ХХК-ний *** борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж байгууллагын мөнгөнөөс 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 39,000,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 42,000,000 төгрөг, нийт 81,000,000 төгрөгийг Д.Б-тай бүлэглэн завшсан, мөн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд ганцаараа 66,388,336 төгрөгийг завшиж, нийт 147,388,336 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Б- нь Г.Г-г гэмт хэрэг үйлдүүлэхээр зориуд өдөөн хатгаж уг гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Г.Г- нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшихдаа харилцагч нараас бэлэн мөнгө авч, байгууллагад тушаалгүй өөрийн хувийн дансанд шилжүүлэн авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хөдөлбөргүй нотлогдсон байна.
Харин энэ гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан нь Г.Г- өөрийн найз Д.Б-ын хүсэлт, гуйлтын дагуу өөрийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох нийт 81,000,000 төгрөгийг богино хугацаатай зээлдүүлэхээр тохиролцон түүнд өгсөн боловч Д.Б- нь мөнгийг буцааж өгөөгүйн улмаас, бусдын эд хөрөнгийг завшсан нөхцөл байдалд хүргэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд үндэслэлтэй зөв дүгнэжээ.
Анхан шатны шүүх прокуророос Д.Б-т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Харин анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана.” гэж заасныг зөрчиж гэм бурууг хэлэлцэх болон эрүүгийн хариуцлага оногдуулах хуралдааны хооронд завсарлаж, тус бүрдээ дүгнэлт хийгдсэнийг ойлгомжтой тусгаагүйгээс гадна шүүгдэгч Д.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар хариуцлага оногдуулсан байдлыг тэмдэглэлд тусгаагүй орхигдуулж техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг буруутган тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б-ыг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болон эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хоёр өөр Эрүүгийн хууль хэрэглэсэн нь хэлбэрийн хувьд зөрүүтэй шийдвэр мэт харагдаж байгаа боловч тусдаа хуралдаанаар шийдвэрлэж тус тусад нь дүгнэж байгаа тохиолдолд буюу эхлээд гэм буруутайд тооцоход хууль буцаан хэрэглэх зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийг сонгосон байдал, харин эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг тусад нь дүгнэх явцдаа Өршөөлийн хуулийг хэрэглэх нөхцөл байдал үүсч байгааг харгалзан 2002 оны Эрүүгийн хууль хэрэглэснийг агуулгын хувьд алдаатай, зөрүүтэй шийдвэр гэж дүгнэх учиргүй. Өөрөөр хэлбэл, Д.Б-ын үйлдсэн гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг бодитойгоор дээрдүүлж буй Эрүүгийн хуулийг буюу хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагдсан гэж үзнэ.
Түүнчлэн, шүүгдэгч Г.Г-н гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байгаа байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн торгох ял оногдуулж, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1014 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 898 дугаар магадлалд “Шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-н цагдан хоригдсон 225 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 төгрөгөөр тооцон 3,375,000 төгрөгийг эдлэх ялаас нь хасаж үлдэх, 6,625,000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-н өмгөөлөгч Ц.Одончимэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН