Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2015/0852/З |
Дугаар | 221/MA2017/0515 |
Огноо | 2017-07-19 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 221/MA2017/0515
Ч.Батнасангийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 312 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Батнасангийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 312 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 44 дүгээр зүйлийн 44.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Батнасангийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/348 дугаар захирамжийн иргэн Ч.Оюунгэрэлд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/796 дугаар захирамжийн Ч.Оюунгэрэлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Ч.Батнасан нь Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газартай байгуулсан 6009/0072 тоот гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Алтан тэвш хотхон АОС 46А тоотод байрлах 500 м.кв газрыг 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 14 жил ашиглаж эзэмшиж байсан хууль ёсны ашиглагч, эзэмшигч мөн болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Х.Батнасангийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/348 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/796 дугаар захирамжийн Ч.Оюунгэрэлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ч.Батнасан Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Алтан тэвш хотхон АОС 46А тоотод байрлах 500 м.кв газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлээд гаргасан 312 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 30 дугаар зүйлийн 30.3.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Ч.Батнасан нь нийслэлийн Засаг даргын 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 405 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Алтан тэвш хотхон АОС 46А тоотод байрлах 500 м.кв газрыг 6009/072 дугаар “Газар ашиглах гэрээ”-ний үндсэн дээр ашиглаж, өөрийн хөрөнгөөр хашаа татан эзэмших эрх үүссэн нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд заасан хууль ёсны эзэмшил гэж үзэж байна. Анхан шатны шүүх Ч.Батнасангийн ашиглах эрхийн гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан гэх Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Алтан тэвш хотхон АОС 46А тоотод байрлах 500 м.кв газар нь гуравдагч этгээд Ч.Оюунгэрэлийн эзэмшлийн 654 м.кв газартай 494 м.кв хэмжээгээр давхцалтай болох нь тогтоогддог гэж дүгнэсэн атлаа “мэдээллийн сан дахь газрын байршлын кадастрын зурагт ямар нэгэн давхцалгүй газрыг Ч.Оюунгэрэлд эзэмшүүлсэн нь Ч.Батнасангийн ашиглах, эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчсөн. Шүүх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба тухайн 2002 онд байгуулсан “Газар эзэмших гэрээ”-гээр үүссэн газар ашиглах эрхийг тухайн үед үйлчилж байсан ямар хууль тогтоомжоор хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна. Шүүх “нэхэмжлэгч 2002 оноос Ч.Оюунгэрэлийг эзэмших хүртэл хугацаанд уг газрыг хэрхэн ашиглаж байсан нь тогтоогдохгүй байна” гэжээ. 2002 онд байгуулсан гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшилд авч хашаа барьж хамгаалан 2016 он хүртэл газрын төлбөрийг төлж байсныг хариуцагч болон гуравдагч этгээдийн хэн аль нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д зааснаар үгүйсгэсэн бичгийн баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, хэрэгт байхгүй ба харин Ч.Оюунгэрэл нь маргаан бүхий газрыг бусдаас 3 сая төгрөгөөр худалдаж авсан, цагаан гэрчилгээтэй байсан, газрын албанд өгсөн, Ч.Оюунгэрэл нь хэдэн оноос хаана ямар хаягт амьдарч байсан тухай зөрүүтэй тайлбар, мөн 13 дугаар Засаг даргын зөрүүтэй тодорхойлолтууд хариуцагчийн хуулийн шаардлагыг хангаагүй тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 312 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Ч.Батнасан нь “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/348 дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/796 дугаар захирамжийн Ч.Оюунгэрэлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Алтан тэвш хотхон, АОС 46А тоотод байрлах 500 м.кв газрын хууль ёсны ашиглагч, эзэмшигч болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/348 дугаар захирамжаар иргэн Ч.Оюунгэрэлд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 654 м.кв газрыг ахуйн зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/796 дугаар захирамжаар дээрх газрыг Ч.Оюунгэрэлд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийг зөрчөөгүй, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хуульд нийцсэн байна. Тодруулбал,
Нийслэлийн Засаг даргын 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 405 дугаар захирамжаар Ч.Батнасанд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 500 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар, 2 жилийн хугацаатай ашиглах эрх олгож, 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч нь уг гэрээний хугацаа дуусахаас өмнө түүнийг сунгуулах тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаагүй байна.
Тухайн үед 1994 оны Газрын тухай хуулиар нэхэмжлэгч Ч.Батнасанд газар ашиглах эрх үүссэн боловч 2003 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Газрын тухай хуулиар газар ашиглах эрх зүйн харилцаа зохицуулагдах бөгөөд уг хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болохоор заасан, энэхүү заалт нь газар ашиглах эрхийн гэрээний харилцаанд нэгэн адил хамаарах тул нэхэмжлэгч Ч.Батнасангийн газар ашиглах эрх 2004 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон гэж үзнэ.
Ийнхүү газар ашиглах эрх дуусгавар болсноор нэхэмжлэгч нь 2004 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс маргаан бүхий газартай холбоотой аливаа эрх, үүргийг хэрэгжүүлэх хууль зүйн боломжгүй болох тул хэрэгт авагдсан 2003-2016 оны газрын төлбөр төлсөн тооцоо нийлсэн акт эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, өөрөөр хэлбэл Ч.Батнасанг тухайн газраа ашиглах эрхтэй болохыг нотолсон баримт гэж үзэхгүй.
Захиргааны хэргийн шүүхийн мөн чанар, зорилго нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан хууль бус актын улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бөгөөд маргаан бүхий акт нь нэхэмжлэгч Ч.Батнасангийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, түүнчлэн тухайн газраа бодитойгоор ашиглаж байсан нь нотлогдохгүй байх тул тэрээр иргэн Ч.Оюунгэрэлд газар эзэмших болон өмчлөх эрх олгосон шийдвэрүүдтэй маргах эрхгүй.
Харин нэхэмжлэгч Ч.Батнасангийн “Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Алтан тэвш хотхон, АОС 46А тоотод байрлах 500 м.кв газрын хууль ёсны ашиглагч, эзэмшигч мөн болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагыг бие даасан шаардлага гэж үзэх боломжгүй, маргаан бүхий актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохыг шүүх анхаараагүй бие даасан нэхэмжлэлийн шаардлагатай адилтган шийдвэрлэсэн нь буруу байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан “хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, 2002 онд байгуулагдсан гэрээгээр үүссэн газар ашиглах эрхийг тухайн үед үйлчилж байсан ямар хууль тогтоомжоор хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй” гэх гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 312 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН