Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 219

 

М.Л-н нэхэмжлэлтэй,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн

иргэдийн Нийтийн Хурал, Тооллогын комисс,

 сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:              Л.Атарцэцэг  

Шүүгчид:                             Г.Банзрагч

                                              Х.Батсүрэн

                                              Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                   П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, Тооллогын комиссын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийн 1 дүгээр заалтын 2 дахь хэсэг буюу М.Э-г түр томилсон хэсгийг хүчингүй болгуулах, багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин зохион байгуулахыг даалгах тухай,    

Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ний өдрийн 221/МА2018/0149 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн өмгөөлөгч М.Г нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О-н гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч М.Л-н Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурал, Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комисс, Баян-Өндөр сумын Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, Тооллогын комиссын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийн 1 дүгээр заалтын 2 дахь хэсэг буюу Яргуйт багийн Засаг даргаар М.Э-г түр томилсон захирамжийн заалтыг хүчингүй болгуулах, Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулж, багийн Засаг даргыг сонгох ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ний өдрийн 221/МА2018/0149 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О-н гомдлын агуулгад: “Засаг даргыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, санал хурааж саналын хайрцгаас 309 хүчинтэй саналын хуудас гарч санал өгсөн байна” гэж шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж няцаасан баримт болох ирцийн бүртгэлийг тус Засаг даргыг сонгох сонгуульд /+/ тэмдэглэгээгээр 284 хүн оролцсон бүртгэл авагдсан байдалд харьцуулан дүгнэлт хийхдээ “284 хүн оролцсон” гэж дүгнэлт хийвэл гэж ойлгомжгүй буюу эргэлзээтэй дүгнэлт хийсэн. Энэхүү дүгнэлтэд хүрэх нөхцөл нь ирцийн бүртгэлийн /+/ тэмдэглэгээгээр 309 биш 284 хүн нь Засаг даргыг нэр дэвшүүлэхэд санал өгсөн болох нь нотлогдож буй нь уг баримтаас харагдана. Энэ талаар талууд маргадаггүй ба хариуцагч тал уг 284 санал өгсөн хүний /+/ тэмдэглэгдсэн байдлыг няцаагаагүй. Яргуйт багийн Засаг даргыг нэр дэвшүүлэхэд 309 иргэн санал хураалтад оролцсон гэж дүгнэсэн ч юм шиг эсвэл 284 хүн санал хураалтад оролцсон гэж дүгнэж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалтыг зөрчсөн. Энэ нь нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

4. Хэрэгт авагдсан ирцийн бүртгэл бүхий нотлох баримт хэрэгт ач холбогдолтой баримт бөгөөд тухайн сонгуульд хэдэн хүн оролцсоныг нотлох эх баримт төдийгүй багийн иргэн оролцсон эсэхийг нотлох чухал баримт. Бусад баримтаас багийн иргэд оролцсон эсэхийг харах боломжгүй. Уг ирцийн бүртгэлийн эх баримтад санал хураалтад оролцсон иргэдийн нэрсийн бүртгэлийн тэмдэглэгээний байдалд талууд мэтгэлцээгүй ба шүүх уг нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн.

5. 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөр иргэдийн шилжилт хөдөлгөөн хуулийн дагуу зогссон ба 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох сонгогчдын нэрсийн жагсаалт бүхий нотлох баримт хэрэгт авагдсан. Уг баримттай ирцийн бүртгэлийг тулган харьцуулан үзэхэд 94 иргэний нэрс зөрүүтэй, хаягтаа бүртгэлгүй, овог нь тогтоогдохгүй, регистрийн бүртгэлгүй болох нь нотлогдсон. Ирцийн бүртгэлд 26 хүний овог тэмдэглэгдээгүй ба уг 26 хүнээс 12 хүн сонгуульд оролцсон тэмдэглэгээтэй эдгээр нь тус багийн харьяат иргэн мөн эсэхийг тогтоох боломжгүй овог нь хэн болох регистрийн дугаар таарч байгаа эсэхийг нотолсон, тухайн багийн иргэн гэж үзэх үндэслэл бүхий баримт хэрэгт ирээгүй. Энэ сонгогч байж магадгүй гэх эргэлзээ бүхий баримт хэрэгт авагдсаныг шүүх үнэлж тухайн багийн иргэн байна, ийм регистртэй юм байна гэх зэргээр тааж дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч талаас түүвэрлэн гаргаж өгсөн 94 хүний хэн, хэний хаяг тохирч байгаа болох талаар дүгнээгүй бөгөөд бүгд таарч байгаа мэт дүгнэлтийг хийсэн нь нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

6. Ирцийн бүртгэлд бүртгэсэн хаягт байхгүй атлаа өөр хаягт байна гэж, нөгөө талаас мэтгэлцсэн 54 хүнээс өөр хаягт байна гэх 47 хүн сонгуульд оролцсон гэх иргэдийг аль багийн харьяат болохыг тогтоох боломжгүй, харьяалал тогтоогдоогүй, 14 хүн сонгуульд оролцсон тэмдэглэгээтэй. Гэтэл тэдний овог байхгүй ч нэр нь таарч байна гэж үзэж, хаяг өөр ч тухайн багийн өөр хаягт байна гэх зэргээр нотлох баримтыг эргэлзээгүй талаас үнэлэх хууль зүйн үндэслэлийг анхаарч үзэлгүй, бусад баримтаар тогтоогдож байна гэх дүгнэлт хийж уг баримтуудаар дээрх овог нэрийг хэрхэн яаж тохируулж, шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй, өөр хаягт хэн хэн нь байгааг шийдвэр, магадлалд тусгаагүй. Овог тодорхойгүй 26 хүнээс 12 хүн сонгуульд оролцсон тэмдэглэгээтэй 12 хүний овгийг хэрхэн олж тогтоож байгаа нотлох баримт хэрэгт байхгүй. Харьяалал нь тодорхойгүй 94 хүнээс тухайн багийн харьяалалтай иргэд хэд байгааг шүүх дүгнээгүй атлаа баг дотроо харьяалал нь байна гэх дүгнэлтийг хийсэн нь хийсвэр дүгнэлт.

7. Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолд 309 хүн санал хураалтад оролцсон нь тодорхойгүй, саналын хэдэн хуудас хайрцагнаас гарсан нь байхгүй, санал авсан хүний тоо байхгүй, тооллогын комисс гарын үсэг зураагүй баталгаажаагүй тогтоол, хурлын тэмдэглэлд нь 309 хүн санал хураалтад оролцсон тухай тэмдэглэгдсэн боловч 2 хүний саналын хуудас хүчингүй гарсан тухай тэмдэглэлтэй ба 2 хүн хүчингүй санал өгсөн тухай тооллогын комиссын дарга Б.П шүүх хуралдаан дээр мэдүүлдэг боловч шүүх уг нотлох баримтыг үнэлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой талаас нь эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалтыг зөрчсөн. Ирцийн бүртгэлийн +тэмдэглэгээг үгүйсгээгүй атал хурлын тэмдэглэлийг үнэн зөвд тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

8. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч зарим нэхэмжлэлийн шаардлагад хууль буруу хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

10. Нэхэмжлэгч М.Л нь 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн иргэдийн Нийтийн хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэнтэй холбогдуулан санал хураалтын ажиллагаа хуулийн дагуу явагдаагүйгээс багийн Засаг даргаар сонгогдох эрх зөрчигдсөн талаар маргажээ.

11. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар иргэдийн Нийтийн Хурал нь хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргаж, багийн хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар батлах байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчээс “хуралдаанд 309 хүн санал өгөөгүй, 284 хүн санал өгсөн болох нь ирцийн бүртгэлд “+” гэж тэмдэглэснээр тогтоогдож, олонхийн санал аваагүй иргэнийг Засаг даргад нэр дэвшүүлсэн” гэж маргаж байгаа боловч дараах байдлаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

12. Яргуйт багийн 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн иргэдийн Нийтийн хуралдаан эхлэхэд 419 иргэн ирснээр бүртгүүлсэн ба иргэдийн Нийтийн хурлын даргын санал хураалтад 326 иргэн оролцсон, харин маргаан бүхий Засаг даргын санал хураалтад 309 иргэн оролцсон болох нь мөн өдрийн иргэдийн Нийтийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон байна. Иймээс нэхэмжлэгчийн гомдлын 3 дахь хэсэгт заасан “санал хураалтад 284 хүн оролцсон” тухай гомдол үндэслэлгүй, зөвхөн хуралдааны ирцийн бүртгэлд тэмдэглэсэн “+” тэмдэглэгээг үндэслэн нийт сонгогчийн тоог тодорхойлох нь нотлох баримтыг бүх талаас нь бүрэн дүүрэн үнэлэх зарчимд нийцэхгүй, 309 санал тоологдож, М.Э 173, М.Л 108, Б 28 хүний санал авсан үйл баримтыг үгүйсгэж чадахгүй юм.

13. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад нэхэмжлэгч 108, гуравдагч этгээд 173 иргэний санал авсан, 65 саналын зөрүүтэй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Сонгуулийн ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар санал хураалтын үйл ажиллагаа хууль зөрчсөн нь сонгуулийн дүнд нөлөөлөхөөр байвал сонгуулийг хүчингүйд тооцож, дахин санал хураалт явуулах байна. Хуулийн энэхүү заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, саналын зөрүү 65 байгаагаас нэхэмжлэгчийн тодорхойлсноор “94 хүний зөрчилтэй” гэж маргаж байгаа боловч эдгээр 94 хүнээс 35 хүн нь санал хураалтад ороогүй учраас саналын дүнд нөлөөлөөгүй буюу үлдэх 59 хүний тухайд 65 хүний саналын зөрүүд нөлөөлөхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй байна.

14. Багийн иргэдийн Нийтийн Хуралдааныг зохион байгуулахдаа хуралдаанд оролцогчдын ирцийг зохих ёсоор бүрэн гүйцэд бөглөөгүй, регистрийн дугаар бичээгүй, гэрийн хаяг буруу бичих, гарын үсэг зуруулаагүй,  Санал хураалтын дүнг баталгаажуулахдаа холбогдох баримтыг бүрэн бөглөөгүй, нийт олгосон саналын хуудасны тоо, хүчинтэй болон хүчингүй саналын хуудасны тоог тодорхой бичээгүй зэргээр санал хураалтын ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлээгүй буруутай байгаа боловч энэ байдал нь санал хураалтыг хүчингүй болгох хэмжээний ноцтой үр дагавар үүсгээгүй, олонхийн зарчмаар асуудлыг шийдвэрлэх хуулийн шаардлагад нийцсэн, нэхэмжлэгчийн “309 хүн санал хураалтад оролцсон тухай тэмдэглэгдсэн боловч 2 хүний саналын хуудас хүчингүй гарсан тухай тэмдэглэсэн байгаа нь зөрчилтэй” тухай гомдол нь маргааны үйл баримтад шууд нөлөөлөхгүй буюу хариуцагчаас хүчингүй саналын хуудасны тоог тодорхой заагаагүй боловч 309 саналын хуудас хүчинтэй байсан, энэ хүрээнд шүүхээс дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй юм.

15. Харин анхан шатны шүүхээс иргэдийн Нийтийн хуралдааны Тооллогын комиссын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4 дугаар тогтоол нь захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт нийцэхгүй, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй буруутай байна. Тооллогын комисс нь иргэдийн Нийтийн хуралдааны явцад байгуулагдаж, санал хураалтын үйл ажиллагааг тоолж, баталгаажуулах чиг үүрэг хэрэгжүүлсэн бөгөөд тодорхой нэг тохиолдлыг зохицуулан бие дааж, ямар нэгэн захирамжилсан шийдвэр гаргаагүй, эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийг иргэдийн Нийтийн Хуралдаанаас гаргасан учраас уг Тооллогын комиссын тогтоолыг захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй гэж үзлээ.

16. Дээрх үндэслэлүүдээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хянах боломжгүй гэж үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 149 дүгээр магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтаас “Тооллогын комиссын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4 дугаартай тогтоол” гэснийг хассугай.

2. “1 дүгээр заалтын дараа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Тооллогын комисст холбогдуулан гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалтыг нэмсүгэй.

3. “2” дахь заалтын дугаарыг “3” болгон өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                  Л.АТАРЦЭЦЭГ       

ШҮҮГЧ                                                                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ