Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2023/0638/З |
Дугаар | 128/ШШ2023/0691 |
Огноо | 2023-09-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2023/0691
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Вайлд резорт ХХК /РД:5968615/
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хооронд үүссэн газар ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулан хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээний хугацааг сунгахыг даалгаж шийдвэрлүүлэхтэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд, нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ганпүрэв, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пүрэвдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч Вайлд резорт ХХК-аас Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2015/129 тоот гэрчилгээнд Хан-Уул дүүргийн нутагт орших Жаргалантын ам нэртэй газарт 3,3 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглахыг зөвшөөрч өөрчлөлт оруулан газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2015/129 дугаартай гэрчилгээнд аялал жуулчлалын зориулалтаар 3.3 га газар ашиглахаар өөрчлөн гэрчилгээний хугацааг сунгаж тушаал гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Вайлд резорт ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/237 дугаартай тушаалаар Богд хан уулын дархан цаазат газрын Жаргалантын амын хязгаарлалтын бүсэд Вайлд резорт ХХК-д Аялал жуулчлалын зориулалтаар 7.5 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэжээ.
2.2 Дээрх шийдвэрийг үндэслэн тус яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 2015/129 тоот газар ашиглах гэрчилгээ олгож, Хамгаалалтын захиргааны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1871 дугаар саналыг үндэслэн Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяа эргэлтийн цэгт өөрчлөлт оруулжээ.
2.3. Улмаар 2015 оны 7 дугаар 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Вайлд резорт ХХК-ийн хооронд Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулжээ.
2.4. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Вайлд резорт ХХК-ийн хооронд Ойжуулалт цэцэрлэгжүүлэлт хийх ажлын гэрээг, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч нь Эвэрластинг Энержи ХХК-тай нарс, улиас тариулахаар 12 сая төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээг, Тод газар ХХК-тай 27 ширхэг нарс мод тариулахаар 13.5 сая төгрөгийн үнэ бүхий гэрээг тус тус байгуулжээ.
2.5. Газрын бодит байдлын хувьд нэхэмжлэгч компани нь ашиглаж буй 7.5 га газрын урд хэсэгт аялал жуулчлалын цогцолборын зориулалт бүхий Тайж резорт хотел нэртэй 4 одтой зочид буудал, амралтын газар ажиллуулж, хойд хэсэгт 4.2 га газарт усалгааны систем бүхий шинэс, агч, улиас, хайлаас, гацуур зэрэг мод тарьж ойжуулсан, худаг гаргаж, усалгааны сувгуудыг холбосон нөхцөл байдал шүүхийн үзлэгийн явцад тогтоогдсон.
2.6. Вайлд резорт ХХК нь ойжуулсан 4.2 га газрыг буцаан хүлээлгэн өгөх хүсэлтээ 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 04/02 дугаар, мөн оны 12 дугаар сарын 12-ны өдөр 12/01 дүгээр албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргажээ.
2.7. Улмаар хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1825 дугаар Санал хүргүүлэх тухай 1825 дугаар албан бичгээр Вайлд резорт ХХК-ийн хүсэлт гаргасан 32635.7 м.кв газрыг эргэлтийн цэг тэмдэгт өөрчлөлт оруулан, газар ашиглах эрхийн хугацааг сунгах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт уламжилсан байна.
2.8. Вайлд резорт ХХК-аас 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргасан нь шүүхээс хийсэн баримт бичгийн үзлэгээр тогтоогдсон.
2.9. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09/7426, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09/221 дүгээр албан бичгээр ...гурвалсан гэрээг дүгнүүлсэн акт, газрын төлбөр тооцоо нийлсэн актыг 2022 оны жилийн эцсийн байдлаар ирүүлээгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй... гэх агуулга бүхий хариуг тус тус хүргүүлсэн байна.
2.10. Мөн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 23/05 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад ...ойжуулсан 4.2 га газраа буцаан өгч, үлдэх 3.3 га газрын гэрээ, гэрчилгээ сунгуулах... тухай хүсэлт гаргасныг тус яамны 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 08/3520 дугаар албан бичгээр ...хамгаалалтын захиргаанд гэрээгээ дүгнүүлэн материалын бүрдлийг бүрэн хангуулан дахин хандана уу гэсэн хариу өгчээ.
2.11. Нэхэмжлэгчийн зүгээс ...газар ашиглах гэрээний үүргээ бүрэн биелүүлж ажилласан, 4.2 га газарт ойжуулсан талбайг буцаан үлдэх хэсгийг сунгуулах саналыг хамгаалалтын захиргаанаас авсан, саналыг үндэслэн удаа дараа хүсэлт гаргасаар байхад одоог хүртэл сунгах шийдвэр гаргаагүй нь хууль бус, өөрсдийн зардлаар ойжуулсан 4.2 га талбайг буцаан өгч, үлдэх хэсгээ сунгуулах хүсэлтийг гаргаж байсан боловч шийдвэрлэхгүй байснаар их хэмжээний газрын төлбөр төлж хохирсоор байна... гэх агуулгаар маргаж байна.
2.12. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа дууссан бөгөөд нэхэмжлэгч компаниас хугацаа сунгах хүсэлтийг хуульд заасан дүрмийн дагуу гаргаагүй, хэрэв бүрдүүлбэр хангасан хүсэлт гаргавал яам шийдвэрлэх боломжтой... гэж тайлбарлав.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..."Вайлд резорт" ХХК шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулаад "Вайлд резорт" ХХК 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2015/129 дугаартай гэрчилгээнд Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт Хан-Уул дүүрэгт орших Богдхан уулын Дархан цаазат газар, Жаргалантын ам нэртэй газарт 3.3 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглахыг зөвшөөрч, гэрээнд өөрчлөлт оруулах, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээнд аялал жуулчлалын зорилгоор 3.3 га газар ашиглуулахаар өөрчлөн гэрээний хугацааг сунгаж тушаал гаргахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/237 дугаартай тушаалаар Богдхан уулын Дархан цаазат Жаргалантын амны хязгаарлалтын бүсэд "Вайлд резорт" ХХК аялал жуулчлалын зориулалтаар 7.5 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн. Үүнийг үндэслэн Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын тушаалаар газар ашиглах гэрчилгээ олгогдсон. Компанийн зүгээс тус Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2015/060 дугаартай гэрээний үүргийг бүрэн биелүүлж ажиллаж ирсэн. Компани өөрийн хөрөнгөөрөө ашиглаж байгаа газар дээрээ аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Тайж ресорт хотел нэртэй аялал жуулчлалын цогцолборыг барьж ашиглалтад оруулж үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Гэрээний дагуу ашиглахаар авсан 7.5 га газрынхаа 4.2 га газар талбайд 2015 оноос хойш мод тарьж, ойжуулалт хийж, усжуулалтын систем, тог татах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үүднээс Онцгой байдлын ерөнхий газрын зөвлөмжийн дагуу усны нөөцийн сав, хамгаалалтын хашаа зэргийг бэлтгэж арчилсаар тус талбайд 4000 орчим мод тарьж ойжуулан модыг арчлах хамгаалах бүхий л нөхцөлийг бүрдүүлж ажилласан. Гэтэл 2015 оны 06 дугаар сард 060 дугаартай гэрээ хийснээс хойш 5 сарын дараа 2015 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас газар ашиглалтын төлбөрийг 3 дахин нэмэгдүүлсэн шийдвэр гарсан. Энэ үеэс эхлээд "Вайлд резорт" ХХК газар ашиглалтын төлбөрийг төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж эхэлсэн. Ийм учраас 060 дугаартай гэрээнд өөрчлөлт оруулж 4.2 га газарт ойжуулалт хийж мод тарьсан талбайг ашиглалтын талбайгаасаа хасуулж эргэлтийн цэг тэмдэгтэд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтын бүс нутгийн захиргаанд удаа дараа албан бичиг хүргүүлэх буюу компанийн удирдлага биечлэн уулзах зэргээр хүсэлтээ олон удаа тавьж байсан боловч нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд шийдвэрлэж өгөөгүй, ямар ч хариу өгөөгүй өгөөгүй байна. Тухайлбал нэхэмжлэлд хавсаргасан 10 төрлийн хүсэлтээ тавьсан албан бичгүүд байгаа. Түүнээс тодорхой хэсгийг дурдвал 2015 оны 08 сарын 11-ний 8/6 тоот, 2016 оны 03 дугаар сарын 16-ны 3/11 тоот, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 17/03 тоот, мөн сая шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн 3 албан бичиг бичгүүд, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний 04/02 тоот албан бичгүүдийг хүргүүлж байсан байдаг. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа тус компанийн зүгээс тавьсан, хүргүүлж байсан хүсэлтийг газар ашиглалтын гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1825 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Бүс нутгийн удирдлагын газарт 129 дугаартай гэрчилгээний ашиглалтын талбайн хэмжээг 32635 м.кв болгон эргэлтийн цэг тэмдэгтэд өөрчлөлт оруулах, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тус компанийн хүсэлтийг уламжилсан байдаг. Компани 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр газар ашиглах 060 дугаартай гэрээний 4.3-д заасан үүргээ биелүүлж 4.2 га газарт мод тарьж, арчлан хамгаалж, усалгааны асуудлыг шийдэж, мөн хамгаалалт, хашаа, тог цахилгаан, усжуулалтын системийг иж бүрэн хэрэгжүүлэхтэй холбоотой ажлыг, ойжуулалтыг хийсэн. Ийм ажил хийсэн учраас тус компани Ойн тухай хуулийн 14.3.20, 31.3, 39.4-д зааснаар 060 дугаартай газар ашиглах гэрээний 4.3, 5.7-д заасныг үндэслээд ойжуулсан талбайгаа хүлээлгэж өгөх саналыг Богдхан уулын Дархан цаазат газрын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандаж удаа дараа тавьсан. Энэ асуудлыг мөн өнөөдрийг хүртэл шийдвэрлэж, хариу өгөөгүй. Эдгээр нь эс үйлдэхүйн улмаас компанийн зүгээс эрх ашиг нь хохирч, багагүй хөрөнгө мөнгө зарцуулж, тарьж ургуулсан, ойжуулсан таримал ой ургуулсан модыг арчлан хамгаалах ажил эзгүйдэх, 4000 орчим мод услалтын систем нь доголдох, нэгэнт ургаж буй ой устах нөхцөл байдал хүртэл үүсэж эрх ашиг нь зөрчигдөж байгаа юм. Дээрх төрийн байгууллагууд тус компанийн удаа дараа тавьж байсан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байсан учраас компанийн удирдлага нь уг асуудлыг шийдвэрлүүлэхээр удаа дараа биечлэн очиж уулзах, тухайн албан тушаалыг эрхэлж байгаа хүмүүстэй уулзаж асуудлыг тавих зэргээр явсан. Гэсэн ч хариу өгөөгүй. Энэ хариу өгөөгүй байгааг эс үйлдэхүй гэж үзсэн, холбогдох газарт асуудлыг тавьчихсан учраас газрын төлбөрийг хугацаандаа төлж чадахгүйд хүрч алданги тооцогдож, ойжуулалт хийхэд зарцуулсан хөрөнгө үр дүнгүй болох, газрын төлбөр, өр төлбөр хуримтлагдах нөхцөл байдал үүсэн компанийн эрх ашиг хохирсон. Компани мод тарьж ойжуулалт хийсэн ажил нь гэрээгээр хүлээсэн үнэ төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэрбум мод үндэсний хөдөлгөөний зорилтод нийцэж байгаа гэж үзэж байгаа. Компанийн зүгээс холбогдох байгууллагад тавьсан асуудлуудыг шийдвэрлэхгүй удааширч байгаа тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд хандсан. 2022 оны 04 дүгээр сард ажлын хэсгийн хамт газар дээр нь ирж мод тарьж, ойжуулж байгаа ажилтай нь сайд танилцаж санамж бичиг байгуулахаар ярилцсан байдаг. Гэвч компанийн зүгээс тавьсан хүсэлтийг мөн нэхэмжлэл гаргах хүртэл шийдвэрлэж өгөөгүй байсан учраас 2023 оны 05 дугаар сарын 23-ны 23/05 дугаар албан бичгээр хүсэлтээ дахиад яаманд уламжилж, шийдвэрлэж өгөхийг хүссэн, хүлээсэн. Асуудлыг шийдэж хариу өгөөгүй учраас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан юм. 2015 оноос хойш энэ компани 4.2 га газарт ойжуулах ажил хийгээд, таримал ой бий болгох асуудлуудыг хийчихсэн учраас Богдхан уулын Дархан цаазат газрын захиргаа, яамны газар зэрэг байгууллагуудыг 4.2 га ойжуулалт хийсэн газраа газар ашиглахаар авсан 7.5 га газрынхаа ашиглахаар авсан гэрчилгээнд эргэлтийн цэгийг тогтоон өөрчлөлт оруулаад 3.3 га газрыг нь ашиглахаар гэрээнд өөрчлөлт оруулах, гэрчилгээний хугацааг сунгуулах асуудлыг төрийн байгууллагад тавьсан. Гэсэн хэдий ч үүний аль аль нь шийдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагаанд мөрдөж байдаг тусгай зарчмыг баримталж, тус хуулийн 4.2.2-т заасан захиргааны үйл ажиллагаа шуурхай тасралтгүй байх зарчим алдагдаж байна гэж үзэж үүнийг эс үйлдэхүй гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 37.1, 37.3-д зааснаар бол захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар, нийтийн эрх зүйн хүрээнд, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, амаар болон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан байдаг. Тийм учраас тус компани 2015 оны 08 дугаар сараас хойш газар ашиглах 129 дугаар гэрээнд газрын хэмжээг 3.3 болгон өөрчлөөд, 4.2 га талбайд ойжуулалт хийсэн, тарьж ургуулсан учраас үүнийг шат шатны захиргааны байгууллага, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандаж ашиглалтаас хасуулж ойг хүлээж авах асуудлыг тавьсан боловч таримал ойг хүлээж авах газар олдоогүй, шийдвэрлээгүй. Тийм учраас үүнийг захиргааны эс үйлдэхүй захиргааны актын хэлбэрт хамаарна, Захиргааны ерөнхий хуулийн 37.3-д заасан эс үйлдэхүй гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Компанийн тавьсан хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан байгаа учраас компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөхөд хүрлээ гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулж гаргасан "Вайлд резорт" ХХК-ийн 129 дугаартай гэрчилгээ нь Улсын Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт Хан-Уул дүүрэгт орших Богдхан уулын Дархан цаазат газар, Жаргалантын ам нэртэй газарт байгаа 3.3 га талбайг ашиглахыг зөвшөөрч, гэрчилгээнд өөрчлөлт оруулан, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 129 дугаартай гэрчилгээнд аялал жуулчлалын зорилгоор газар ашиглах хэмжээг 3.3 га болгон өөрчилж, гэрчилгээний хугацааг сунгаж тушаал гаргахыг даалгуулж шийдвэрлүүлэх нэхэмжлэл гаргасан. Үүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу шийдвэр гаргуулахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргаж, нийтдээ 25 төрлийн нотлох баримтуудыг нэхэмжлэлдээ хавсаргасан. Хариуцагчийн өмнө бичгээр гаргасан тайлбартай танилцахад Газрын тухай хуулийн 37.1-д заасан газар ашиглалтын гэрээний хугацаа дууссан бол газар ашиглах эрх дуусгавар болсон байна гэсэн тайлбар өгсөн байсан. Сая хариуцагчийн төлөөлөгч тайлбарлахдаа, 7.5 га төсөлд тусгасан байгаа газар байгаа. Гэтэл газрын төлбөр, татвараас зайлсхийсэн байдлаар шүүхэд хандсан юм биш үү гэсэн байдлаар тайлбар өгч байгаа нь учир дутагдалтай, үндэслэлгүй, нотолгоогүй, нотлох баримтгүй зүйл дээр тайлбар хийж байна гэж үзэж байна. Хамгийн сүүлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхэд нэхэмжлэл өгсний дараагаар 2021 оны 06 дугаар сарын 18-ны албан бичгийг өгсөн нөхцөл байдлаас харахад энэ асуудлаа дахин нотлох баримтаа бүрдүүлж тавь гэсэн утга агуулгатай бичиг өгсөн байгаа. Тэгэхээр дахин тавь гэдэг маань өмнө нь энэ асуудал яаманд тавигдаж очиж байжээ. 2023 онд л тэр асуудалд хариу өгч байна гэсэн байдал харагдаж байна. Энэ нь нотлох баримтаар тогтоогдож байна шүү дээ. Ийм байхад татвараас зайлсхийж ийм нөхцөл байдал үүссэн байна гэж хариуцагч тайлбар өгч байгаа нь үнэхээр өрөвдөлтэй, үндэслэлгүй тайлбар байна гэж үзэж байна. Дараагаар нь, төрийн байгууллагын ажил шуурхай, тасралтгүй, үр нөлөөтэй байх тусгай зарчим байдаг. Гэтэл энэ хяналтын картууд, энэ албан бичигт хандаж байгаа, шийдэж байгаа шийдлүүдийг хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ерөөсөө бичгээр тавьсан хүсэлтүүдийг тодорхой хугацаанд яаж хариу өгсөн нь тодорхойгүй, ажилтнуудад дамжуулсан шилжүүлсэн, шийдлийг нь тодорхойгүй байхад хаасан гэх мэтээр хариуг удаашруулж, хаа байсан 2 жилийн дараа, 1 жилийн дараа ингэж хариу өгсөн дүр дүр үзүүлж энэ бичиг баримтаа хаасан зүйлүүд харагдаж байгаа. Энэ Захиргааны ерөнхий хуулийн зарчим манай төрийн байгууллага, ялангуяа яам болон хамгаалалтын захиргаа, бодлого зохицуулалтын газар энэ бүгд дээр харагдаж байна гэж би хэлмээр байна. Тийм ч учраас нэхэмжлэгч хариуг нь хүлээж явсаар байгаад 7, 8 жилийн турш энэ асуудалд хариу авч чадахгүй байсан учраас шүүхэд хандахад хүрсэн гэж өмгөөлөгч би ойлгож байна. Нотлох баримтаас харагдаж байна. Ийм учраас энэ тавьсан асуудлыг хуульд заасан хугацаанд шалгах шаардлагатай юу, шаардлагагүй юу, тодруулах шаардлагатай юу, судлах шаардлагатай юу? гэж хяналтын картад бичээд байгаа мөртөө ямар шийдэл гаргасан нь тодорхойгүй байсаар байгаад эцэст нь нэг ийм байдлаар хандаж байна. Хариуцагч 2 албан бичгийг нотлох баримтаар нэмж гаргаж өгсөн байна. Энэ гаргаж өгсөн бичиг шүүхээс бичиг баримтад үзлэг хийхэд гарч ирээгүй. Тэр хүний гарын үсэг зурсан 9/221, 09/7426 нь энэ бичиг баримтын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа юм. Нэгэнт бүртгэгдээгүй байгаа учраас хариу бичиг хүргүүлээгүй, хариу өгөгдөөгүй гэж нотлогдож байна гэж үзэж байна. Татвараас зайлсхийх биш харин ойжуулсан 4.2 га газраа хасуулаад, үлдсэн газарт нь төлөх асуудлыг шийдүүлчхээд татвараа нэг мөр төлөөд явчих юм гэдэг ойлголтоор хүлээлт үүсээд л байгаад байсан. Тэгээд өнөөдөр 7, 8 жилийн дараа шүүх дээр ирж, энэ асуудал яригдаж байгаа. Түүнээс татвараас зайлсхийх гээд нэхэмжлэл гаргаад байгаа юм огт байхгүй гэдгийг бас хэлэхийг хүсэж байна. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3 зүйлийн 106.3-д зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг хэлэх байна гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ганпүрэв шүүхэд гаргасан тайлбартаа: ...Манайх Хан-Уул дүүрэгт орших Богдхан уулын Дархан цаазат газар, Жаргалантын ам нэртэй газарт компанийн засаглалын хэмжээнд аялал жуулчлалын зориулалттай газар аваад, Монголд нэрийн хуудас болсон, төр засгийн тэргүүнүүд, гадна дотнын хүн хүлээж авах дээд зэрэглэлийн буудал барьж ашиглалтад оруулсан. Түүнээс өөр зориулалтаар бид ашиглаагүй. Одоо байгаа яамны сайд, удирдлагуудад би бас баярлаж байгаа. Бусад сайдууд дүлий юм шиг байсан. Б.Бат-Эрдэнэ сайд ажлаа аваад ирээд, Богдхан ууланд дандаа л болж бүтэхгүй юм болоод байдаг, нэг ч гэсэн компани гэрэл гэгээтэй байна. Ажлын албатайгаа ирээд мод тарьж байгааг харсан. Тарьж байгаа хүмүүстэй уулзалт хийсэн, телевизийнхэнд ярилцлага өгсөн. Тэгээд хамтын ажиллагаанд гарын үсэг зуръя, хэвлэл мэдээллийнхнийг дууд гээд Төрийн нарийн бичгийн даргатайгаа ярьсан. Төрийн нарийн бичгийн дарга за гэсэн. Тэгээд бичиг баримтуудаа бид өгөөд, гэрээний драфтууд өгөөд яваад байсан. Санамж бичгийн дагуу энийг өөрчлөөд явж байтал Төрийн нарийн бичгийн дарга нь өөрчлөгдсөн. Дараа нь газрын дарга н.Батмөнх гэж байсан, тэр нь бас солигдоод өнөөдрийг хүрч байгаа юм. Тэгэхээр манай энэ зовлонтой асуудлыг Б.Бат-Эрдэнэ сайдын одоо байгаа яам бид нарт хурдасгуулж өгч байгаа юм. Аль болох та нар энэ асуудлаа шийд, хамтарч шийдье гэж яваад байгаа. Өмнөх хүмүүс нь хамгаалалтын захиргааны н.Шинэхүү гэж дарга байсан. Хашаа татаж өгөөд, тэд нараас зөвшөөрлийг нь авсан. 4.2-ын зогоон татаад, газрыг нь бүрэн экскаватораар ухаад үүнээс ийш нь би мод тарина, энд нь би аялал жуулчлалын юм хийнэ гэсэн. Мод тарихаар танд татаас өгнө гэж хэлээд, тэр татаас нь дүүрч, модоо тарьчихсан хойно 4.2 га газрыг чинь чөлөөлчихдөг юм. Ингээд л ажил эхлээд явчихсан. Тэгээд хүмүүст нь хэлэхээр танай ургац нь болж байна, нэгмөсөн та нар хандаад бай гэдэг. Би 2015 оноос хойш 11 сайдын нүүр үзэж байна. Газрын дарга нь тоймгүй. Зарим нь одоо ч үүрэг гүйцэтгэж явж байгаа. Тэгээд л очихоор бичиг баримт, хариу ирдэггүй. Ингээд явсан, тэгээд явсан, мэргэжилтэн нь амарсан дандаа л асуудал ярина. 2019 оны сүүлээр ковид гараад нам зогссон. 2020 онд бас нам зогссон. Мод ч тарилгүй зогссон. Энэ 2 жил бичиг цаасны хувьд ч нааш цаашаа явах хөдөлгөөн хориотой болж эхэлсэн гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пүрэвдулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/237 дугаар тушаалаар нэхэмжлэгч компанид 7.5 га газрыг ашиглах эрх олгосон. Үүнээс нэхэмжлэгч тайлбарлахдаа 4.2 га газарт нь мод тарьсан гэж тайлбарлаж байгаа. Анх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн аялал жуулчлалын зориулалтаар ашиглах Тайж ресорт төсөлд нь 7.5 га газрыг ингэж ашиглана гээд урд талын хэсэгт нь Тайж ресорт-ын объектууд, ар хэсэгтээ мод тариад, тохижилтын ажил хийх маягаар модтой зураг төсөл байсан. Сайдад удаа дараа хандаж байсан гэж тайлбарлаж байна. Сүүлд яамнаас тайлбар өгөхдөө бүрдүүлбэр дутуу учраас энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн байдаг. Тэгэхээр бүрдүүлбэрт нь энэ 7.5 га газрын 2015 оноос хойш ашиглаж байсан хугацааны төлбөрүүд, гэрээ дүгнэсэн акт зэрэг бүрдүүлбэрүүд дутуу учраас энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна гэдэг хариуг яамнаас өгч байсан. Мөн нэхэмжлэгч сая 2015 оны 06 дугаар сард 7.5 га газрыг ашиглах эрхтэй болсон боловч 2015 оны 11 дүгээр сард газрын төлбөр нь 3 дахин нэмэгдсэн гэж тайлбарласан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь анх 7.5 га газар дээр аялал жуулчлалын зориулалтаар Тайж ресорт төслийг хэрэгжүүлнэ гээд зураг төсөл бүх юмаа гаргаж өгсний үндсэн дээр уг газар ашиглах эрх олгох шийдвэрийг гаргасан. Газар ашиглах эрх авснаас хойш 5 сарын дараа газрын төлбөр 3 дахин нэмэгдсэн гэдэг нь нэхэмжлэгч компанийг газрын төлбөрийн хэмжээнээс зайлсхийсэн үндэслэлээр тохижилт хийсэн буюу мод тарьсан газраа улсад буцааж өгөх гэж байгаа гэж харагдаж байгаа юм. Үүн дэр бүрдүүлбэр бүх юмаа бүрдүүлээд ирэх юм энэ хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэе гээд Тусгай хамгаалалттай газар, Бодлого зохицуулалтын газраас хариу өгсөн байсан. Бүрдүүлбэр зэрэг зүйл нь бүрдсэн тохиолдолд зохих журмын дагуу яамнаас шийдвэрлэх байх. Сүүлд нотлох баримтаар гаргаж өгсөн гээд байгаа. Би сая 5 дахь өдөр авчирч өгсөн 3 албан бичиг, сая шүүгч надад нэгийг нь буцааж өгч байгаа албан бичиг нь шүүхээс үзлэг хийхэд гарсан албан бичгийн хуулбар юм. Түүнээс би нэмэлтээр ор тас байхгүй зүйлийг өгөөгүй. Хоёрт 2015 оны 06 дугаар сарын 16-нд нэхэмжлэгч компанид газар ашиглах 5 жилийн хугацаатай эрх олгогдсон. 2020 оны 06 дугаар сарын 16-нд буюу одоогоор дуусгавар болсон. Сунгуулъя гэхээр сая нэхэмжлэгч өөрөө хэлсэн. Хэрвээ сунгуулах хүсэлт гаргахаар 7.5 га газраар сунгагдах гээд байна гэсэн. 4.2-ыг буцааж өгье гэдэг асуудлаар удаа дараа хамгаалалтын захиргаа, яаманд хандсан гэж байгаа боловч өгсөн хариунууд нь бүрдүүлбэрийн шаардлагаа хангаад ирээч ээ л гэсэн. Бүрдүүлбэрийн шаардлагаа хангаад бүх баримтаа бүрдүүлээд өгсөн тохиолдолд яамнаас ямар нэгэн байдлаар эс үйлдэхүй ч юм уу, татгалзсан шийдвэр одоогийн байдлаар гаргаагүй. Нэхэмжлэгч өөрсдөө энэ ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Нотлох баримт судалж байхад гарсан 2015, 2016, 2017 онд нэг нэг удаа хандсан байсан. Гэхдээ тэрийг ямар агуулгаар хандсаныг судлуулаагүй учраас мэдсэнгүй. Тэгээд яаманд 2021, 2022 онд 4.2 га газрыг буцааж олгох асуудлаар хандсан байсан. Үүнтэй нь холбоотойгоор тухайн тухайн үед нь яамнаас хариу өгч байсан. Нэг л агуулгатай хариу өгөөд байдаг. Тиймээс нэхэмжлэгч компани өөрсдөө анхныхаа хариуг аваад нотлох баримтаа бүрдүүлээд, бүрдүүлэлт нь хангагдаад өгсөн бол яамнаас нэг бол татгалзсан, нэг бол зөвшөөрсөн шийдвэр холбогдох журмын дагуу гаргах байсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Вайлд резорт ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар мөн хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулсан байх бөгөөд энэ хэргийн үйл баримтын хувьд тухайн зохицуулалтуудын урьд мөрдөгдөж байсан зохицуулалтыг хэрэглэнэ.
2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 1 дэх хэсэгт Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна гэж, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж тус тус заасан бөгөөд уг зохицуулалт нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгджээ.
3. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар ашиглуулах тухай шийдвэр гаргахдаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэх бөгөөд хамгаалалтын захиргааны санал нь шийдвэрийн шууд үндэслэл болох буюу газар ашиглагч нь уг саналыг үндэслэн шийдвэр гаргахыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй байна.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, Вайлд резорт ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/237 дугаартай тушаалаар Богд хан уулын дархан цаазат газрын Жаргалантын амны хязгаарлалтын бүсэд Вайлд резорт ХХК-д Аялал жуулчлалын зориулалтаар 7.5 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэжээ.
5. Газрын бодит байдлын хувьд нэхэмжлэгч компани нь ашиглаж буй 7.5 га газрын урд хэсэгт аялал жуулчлалын цогцолборын зориулалт бүхий Тайж резорт хотел нэртэй 4 одтой зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор ажиллуулж, хойд хэсэгт 4.2 га газарт усалгааны систем бүхий шинэс, агч, улиас, хайлаас, гацуур зэрэг мод тарьж ойжуулсан, худаг гаргаж, усалгааны сувгуудыг холбосон нөхцөл байдал шүүхийн үзлэгийн явцад тогтоогдлоо.
6. Вайлд резорт ХХК нь ойжуулсан 4.2 га газрыг буцаан хүлээлгэн өгөх, үлдэх хэсгийг сунгуулах тухай хүсэлтээ 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 04/02 дугаар, мөн оны 12 дугаар сарын 12-ны өдөр 12/01 дүгээр албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан үйл баримтууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон.
7. Вайлд резорт ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/02 тоот, мөн оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12/01 тоот албан бичгүүдээр 7.5 га газраас 42354.8 м.кв газрыг хасуулж, үлдэж буй 32635.7 м.кв газрыг ашиглах гэрээ болон гэрчилгээг сунгуулах тухай хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргажээ.
8. Улмаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1825 дугаар Санал хүргүүлэх тухай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт Вайлд резорт ХХК-ийн 7.5 га газраас ойжуулалт хийсэн талбайг хасаж, эргэлтийн цэг тэмдэгт өөрчлөлт оруулан үлдэх 32635,7 м.кв газрын ашиглах эрхийн хугацааг сунгах талаар уламжилжээ.
9. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна гэж заасан бөгөөд энэ зохицуулалт үйлчилж байх хугацаанд Хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд саналыг Вайлд резорт ХХК-ийн хүсэлт холбогдох баримтуудын хамт хүргүүлсэн байхад газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй нь хуульд нийцээгүй байна.
10. Түүнчлэн газар ашиглахтай холбогдсон харилцааг тухайн тохиолдолд нарийвчлан зохицуулсан эрх зүйн эх сурвалж нь Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Вайлд резорт ХХК-ийн хооронд 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ байна.
11. Дээрх гэрээний 4 дүгээр зүйлийн 3-т ...хуулийн дагуу мод тарих ажлыг жил бүр зохион байгуулж, үр дүнг хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгөх гэж заасан бөгөөд энэ гэрээний үүргийг Вайлд резорт ХХК нь биелүүлж, 4.2 га газарт усалгааны систем бүхий шинэс, агч, улиас, хайлаас, гацуур зэрэг мод тарьж ойжуулсан, худаг гаргаж, усалгааны сувгуудыг холбосон нөхцөл байдал шүүхийн үзлэгийн явцад тогтоогдсон.
12. Нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөөр ойжуулах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ талаар талууд маргаагүй, захиргааны байгууллага ойжуулах ажлын үр дүнг хүлээж авах үүргээ биелүүлээгүй бөгөөд энэ үүргээ биелүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч нь цаашид арчилгаа үйлчилгээг хариуцан ажиллах боломжтой талаар захиргааны байгууллагад илэрхийлсэн байгааг тэмдэглэж байна.
13. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Вайлд резорт ХХК-ийн хооронд Ойжуулалт цэцэрлэгжүүлэлт хийх ажлын гэрээг, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч нь Эвэрластинг Энержи ХХК-тай нарс, улиас тариулахаар 12 сая төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээг, Тод газар ХХК-тай 27 ширхэг нарс мод тариулахаар 13.5 сая төгрөгийн үнэ бүхий гэрээг тус тус байгуулжээ.
14. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Вайлд резорт ХХК-ийн хооронд Ойжуулалт цэцэрлэгжүүлэлт хийх ажлын гэрээгээр ойжуулах ажил дуусаж суулгацын амьдрах чадвар 60 хувьд хүрч, тайлан гаргасны дараа тэмдэглэл үйлдэн талбайг хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч мод тарьсан талбайг хүлээн авч, гэрээг дүгнэх үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй байна.
15. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: гээд, 4.2.8 дахь заалтад хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасан бөгөөд энэ тохиолдолд Вайлд резорт ХХК нь газар ашиглах гэрээ болон Ойжуулалт цэцэрлэгжүүлэлт хийх ажлын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж урьд нь ой модгүй байсан талбайг ойжуулан өөрийн хөрөнгө, зардлаар дэд бүтцийг шийдэж, бүрэн ажиллагаатай болгон захиргааны байгууллагад буцаан хүлээлгэн өгөх хүсэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, яам, Хамгаалалтын захиргаанд удаа дараа илэрхийлсэн байгаа энэ тохиолдолд газар ашиглах харилцаанд оролцогчийн хувьд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэгжих учиртай.
16. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж тус тус заасан бөгөөд гэрээний биелэлтийг дүгнэх нь зөвхөн газар ашиглагчийн бус, харин талуудын үүрэг байхаар заасан байгаа энэ тохиолдолд газар ашиглагчийн зүгээс гэрээ дүгнүүлэх, ойжуулсан талбайг хүлээлгэн өгөх хүсэлтээ захиргааны байгууллагуудад гаргасан байхад гэрээг дүгнэх үүргээ биелүүлээгүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.
17. Тиймээс дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийг гэрээ дүгнэсэн актыг хавсаргаж бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр гэрчилгээг сунгахаас татгалзсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
18. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан бөгөөд Хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгах үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэхээр байна.
19. Иймд дээр дурдсан үндэслэлээр "Вайлд резорт" ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, "Вайлд резорт" ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2015/129 дугаартай гэрчилгээнд улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт Хан-Уул дүүрэгт Богдхан уулын Дархан цаазат газар, Жаргалантын ам нэртэй газарт 3.3 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглахыг зөвшөөрч, өөрчлөлт оруулан, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2015/129 дугаартай гэрчилгээнд аялал жуулчлалын зорилгоор 3.3 га газар ашиглахаар өөрчлөн, гэрчилгээний хугацааг сунгаж тушаал гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж шийдвэрлэлээ.
20. Харин нэхэмжлэгч Вайлд резорт ХХК нь газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахад бүрдүүлэх баримт буюу газар ашигласан хугацааны төлбөрийг төлж, тооцоо нийлсэн акт болон гэрээ дүгнэсэн баримтыг төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өгөх үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг тусгайлан тэмдэглэх нь зүйтэй.
21. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газар ашиглах эрхийн хугацаа сунгахад бүрдүүлэх баримт бичгийн бүрдлийг хангаж, тус яамны албан ёсны цахим хаяг дахь https://met.gov.mn/tables/b-rd-leh-bichig-barimt/mn холбоост заасан баримт бичгийг гаргаж өгвөл зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, "Вайлд резорт" ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2015/129 дугаартай гэрчилгээнд улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт Хан-Уул дүүрэгт Богдхан уулын Дархан цаазат газар, Жаргалантын ам нэртэй газарт 3.3 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглахыг зөвшөөрч өөрчлөлт оруулан, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2015/129 дугаартай гэрчилгээнд аялал жуулчлалын зорилгоор 3.3 га газар ашиглахаар өөрчлөн, гэрчилгээний хугацааг сунгаж тушаал гаргахыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ