Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/00442

 

 

 

 

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/00442

Улаанбаатар хот

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Баруун сэлбэ гудамж, 8/8 дугаар байр, 45 тоотод оршин суух хаягтай, Боржигон ургийн овогтой

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Гаалийн 5 дугаар байр, 6 тоотод оршин суух хаягтай, Бууч ургийн овогтой

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойру 46-45 хаягт оршин байх

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,500,000 төгрөг гаргуулах;

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:  Ажлын хөлс 5,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Очирваань

Хариуцагч Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хуяг

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Х, хх-иудад холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ  нэхэмжлэгч С дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Б.Баясгалан нь өрхийн хэрэгцээний зориулалтаар худаг гаргуулахаар зарын дагуу н.Ууганбаяр, н.Х гэх хүнтэй 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр утсаар холбогдон уулзаж 219 диаметртэй буюу өргөн трубагаар оросын УКС 22 худгийн өрмөөр нийт 9,000,000 төгрөгт худаг гаргуулахаар харилцан тохиролцож урьдчилгаанд 4,500,000 төгрөг төгсөн. Худгийн урьдчилгаа 2,000,000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 05-нд Сийн хаан банкны 5022543173 тоот данснаас хариуцагч Хын хаан банкны 5029656827 тоот данс руу “худгийн урьдчилгаа 99112156” гэх утгаар, 2021 6 дугаар сарын 08-нд 2,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Урьдчилгаа мөнгө шилжүүлэхээс өмнө гэрээ хийж гарын үсэг зурах байсан ч хариуцагч Х нь гэрээний хавсралтад заагдсан иргэний үнэмлэх, компанийн тусгай зөвшөөрөл, мэргэжлийн инженерийн үнэмлэхийг өгөөгүйн улмаас бичгээр гэрээ хийгдээгүй.

Хариуцагч Х нь урьдчилгаа мөнгө авснаас хойш 7 хоногийн дараа манай газарт ирж байрласан бөгөөд худаг гаргахаар ирсэн хүмүүс нь ажлаа хийлгүй 3 хоног архидан согтуурч байгаад манай газарт хайгуул хийгээгүй өрөмдсөн дүр үзүүлэн ус гарахгүй байна гэж хэлээд явсан. Манайх худаг гаргахаас өмнө Төв аймгийн Аргалант сумын засаг даргаас худаг гаргуулах албан тоот гаргуулж, өөрийн зүгээс шаардлагатай бичиг баримтыг Төв аймгийн байгаль орчны мэргэжилтэн н.Оюуннаран руу и-мэйлээр явуулсан. Хариуцагч Х нь худгийн компанийн хайгуулын дүгнэлт, цооног өрөмдөх тусгай зөвшөөрлийн хамт хавсарган холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсны дараа худгийн өрөмдлөг хийх байсан ч худаг гаргах хайгуул хийж, дүгнэлт гаргаж, зөвшөөрөл авалгүйгээр биднийг хуурч, хууль зөрчиж манай газарт өрөмдлөг хийсэн гэх дүр үзүүлж ус гаргалгүй биднийг хохироогоод байна. 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл манайх худгаа гаргуулж чадаагүй, худгийн урьдчилгаанд өгсөн 4,500,000 төгрөгөө ч буцаан авч чадаагүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө сэтгэл санаагаараа хохироод байна.

Иймд хариуцагч Х нь харилцан тохиролцсон ажлаа биелүүлээгүй тул худгийн урьдчилгаанд өгсөн 4,500,000 төгрөгийг буруутай хариуцагчаас гаргуулж биднийг хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Х шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд хэт нэг талыг барьж, намайг буруутай мэтээр бичиж намайг гүтгэж байгаад нь гомдолтой байна. Би Төв аймгийн байгаль орчны мэргэжилтэн н.Оюуннаран руу тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ явуулсан боловч гэрээ байгуулахаар тохиолцсон нэхэмжлэгч тал өөрсдөө гэрээндээ гарын үсэг зуралгүй, хойшлуулж байсан. Хэдийгээр гэрээнд гарын үсэг зураагүй ч би худаг гаргуулах газар дээр очин цаг хугацаандаа ажлаа эхлүүлсэн. Тус газрыг одоогийн байдлаар 100 метр гүн ухсан байгаа. Тус газар нь чулуутай байсан тул эхний 20 метр газар ухсаны дараа чулуу тээглэн өөр хийн цохилтод ухаж доош 100 метр гүн ухсан боловч ус гараагүй юм. Газрыг ухахтай одоогийн байгаа байдалд хүргэх хүртэл бүхий л хугацаанд би урьдчилгаанд өгсөн төлбөрийг ашиглаж, ухсан. Мөн одоог хүртэл хийсэн ажил нь урьдчилгаанд өгсөн төлбөрөөс давсан их өртөг гарсан тул би одоо мөнгө төлөх шаардлагагүй. Уг худгийг ухахад урьдчилсан байдлаар 4,500,000 өгсөн боловч тэр нь худгийг өдийг хүртэл ухсан зардалд тооцогдсон. Би шаардлагатай бүхий л бололцоог гарган ажиллаж худгийг ухсан байтал одоо ингэж надаас мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч хх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани иргэн Сийн нэхэмжлэлтэй, Ход холбогдох иргэний хэрэгт хамтран хариуцагчаар татагдсан. Иймд иргэн Сийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. хх-ийн гидрогеологич Х нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Төв аймгийн Аргалант сумын нутагт гидрогеологийн цооног өрөмдөх ажлын гэрээ”-г байгуулсан байна. Уг гэрээний дагуу манай компанийн гидрогеологич Х нь тогтоож өгсөн газарт нь усны хайгуулын өрөмдлөгийн ажил хийсэн. Төв аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газрын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/125 дугаар худаг гаргах зөвшөөрөл авсан газар нь худаг өрөмдөх ажил хийсэн. Уг газарт нь шинжээчийн дүгнэлтийн дагуу 58 м урт худаг ухсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Төв аймгийн Аргалант сумын нутаг, Галзуу харын худаг гэдэг газар өрөмдсөн өрөмдмөл худгийн үнийн дүнгийн зөрүү, өрөмдмөл худгийн өртгийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь гаргахдаа эхний 200 мм өрөмдсөн 14 тууш метрийг 180,000 төгрөгөөр, 165 мм өрөмдсөн 44 тууш метрийг 170,000 төгрөгөөр үнэлж, нийт өртөг 10,000,000 төгрөг болсон. Үүний дүнгээс урьдчилгаа 4,500,000 төгрөгийг хасаад ажлын хөлс 5,500,000 төгрөгийг иргэн Сээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч хх нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай хх нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гидрогеологийн цооног өрөмдөх ажлын гэрээг нэхэмжлэгч нартай байгуулахаар тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нар гэрээнд гарын үсэг зуралгүй удаан байсан тул манай компанийн гидрогеологич Хоор ахлуулсан баг гэрээгээр тохирсон галзуу хар гэх газарт очиж цооног өрөмдөх ажлыг эхлүүлсэн. Тэд гэрээгээр хүлээсэн ажлаа хийж гүйцэтгэх явцад ус гарахгүй, том чулуу таарсан тул ажлын явцыг өөрсдийн байж болох бүхий л нөөц бололцоог гаргаж том өрөм авчран цооногийг өрөмдсөн. Уг хийсэн ажлыг нь үнэлж 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 574 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлт гарсан. Тус дүгнэлтээр цооногийг нийт 58 м гүн ухсан тухай тогтоогдсон. Би гэрээгээр тохиролцсон ажлыг огтоос хийгээгүй биш хийж гүйцэтгэж байсан нь үүгээр харагдаж байна. Хэдийгээр бид гэрээгээр 9,000,000 төгрөг гэж тохирсон боловч урьдчилгаанд авсан 4,500,000 төгрөгөөс давсан ажил хийсэн гэдэг нь илэрхий байна. Шинжээчийн дүгнэлтээр 58 м гүн ухсан, энэ нь тооцооллоор 10,000,000 төгрөгийн ажил хийсэн тухай нотолж байх тул хийсэн ажлын хүрээнд зөрүү болох 5,500,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Мөн бид худгийг ухаж ус гаргахад бэлэн болгосон бүтэн  58 м ухсан байдалтай байгаа. Одоо тус худгийн усыг шавхаж төхөөрөмж тавин худаг ажиллуулах бүрэн боломжтой нөхцөл байдалд байгаа. Бид эхлүүлсэн ажлаа дуусгах бүрэн боломжтой байх тул худаг өрөмдсөн нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж бодож байна. Иймд Төв аймгийн Аргалант сумын Галзуу харын худаг гэх газар худаг өрөмдсөн худгийн ажлын үнийн дүнгийн зөрүү 5,500,000 төгрөгийг Сээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчээс хариуцагч Хын гаргасан сөрөг нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргажээ. Үүнд: Х нь 5,500,000 төгрөг нэхэмжилж буй үндэслэлдээ Төв аймгийн Аргалант сумын галзуу харын худаг гэдэг газар өрөмдсөн өрөмдмөл худгийн үнийн дүнгийн зөрүү болох “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргаснаар 219 диаметрийн өргөн трубагаар 14 тууш метрийг 180,000 төгрөгөөр тооцож 2,520,000 төгрөг, 165 диаметрийн нарийн трубагаар 44 тууш метрийг 170,000 төгрөгөөр тооцож 7,480,000 төгрөг гэж тооцон 5,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. Бид анх өрхийн хэрэгцээнд худаг гаргуулахаар зарын дагуу Хтой холбогдож 219 диаметрийн өргөн трубагаар тууш метрийг 180,000 төгрөгөөр худаг гаргуулахаар тохирсон. Худаг гаргуулахаар тохирсон тууш метрийн 180,000 төгрөгт доорх ажил үйлчилгээ багтана. Үүнд: худгийн хайгуул хийж усны таамаг нөөц гаргаж хайгуулын дүгнэлт гаргах, өрөмдлөг хийж, 219 диаметрийн өргөн труба суулгах, гүнээсээ хамаарч тоо ширхэг гарна, усны ган, РУС хоолой суулгах, тросс, цахилгааны утас, худгийн ус гарсны дараа худгийн насос суурилуулалт тус тус хийгдэнэ. Гэтэл Х нь үнийн дүнд багтсан дээрх ажлуудаас зөвхөн 14 тууш метрийг өрөмдсөнөөс бусад ажлуудыг гүйцэтгээгээгүй орхиж, худаг гаргаагүй хохироосон нь дээрх 5,500,000 төгрөгийг өгөх ямар ч үндэслэлгүй харагдаж байна. Х нь анхнаасаа худаг гаргахдаа технологи алдаж хайгуулаа хийгээгүй дурын газар ухсан нь мөн л биднийг хохироож байна. Худгийн өрөмдлөг хийхээс нь өмнө тухайн худгийн компани нь хайгуулаа хийж хайгуулын дүгнэлтээ гаргаж худаг гаргуулах зөвшөөрөл авч байж худгийн цооног ухах тухай Усны тухай хуульд заасан байна . Усны тухай хуулийн 27 дугаар зүйлд Ус хэрэглэгчид олгох зөвшөөрөл, 27.1-д Цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах зөвшөөрлийг ус хэрэглээний тоо хэмжээ, чанарыг үндэслэн аймаг, нийслэлийн байгаль орчны алба ус хэрэглэгчид олгоно, 27.2-т Ус хэрэглэгч зөвшөөрөл авахдаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд өргөдөл гаргах бөгөөд өргөдөлд дараах мэдээллийг тусган, үүнд ус хэрэглэх зориулалт, тоо хэмжээ, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн бичгийн хуулбар, худгийн мэдээлэл. 27.3-т                                                                                                                                           Аймаг, нийслэлийн байгаль орчны алба ус хэрэглэгчийн худаг, цооногийг усны мэдээллийн санд бүртгэж, худгийн паспорт олгоно. 27.4-т Ус хэрэглэгч ашиглалтын зориулалтыг өөрчлөх, зөвшөөрөлгүйгээр цооног өрөмдөх, худаг гаргах, суваг шуудуу татахыг хориглоно гэж заасан. Миний зүгээс ус хэрэглэгч болохыг хувьд өөрөөс шаардагдах бичиг баримтыг Төв аймгийн Байгаль орчны газарт и-мэйлээр хүргүүлсэн боловч Х нь худгийн зөвшөөрөлд өөрөөс хамаарах холбогдох баримт буюу хайгуулын дүгнэлт, худаг өрөмдөх тусгай зөвшөөрөл, мэргэжлийн үнэмлэхийг дутуу өгч худаг өрөмдөх зөвшөөрөл гаргаагүй. Дээрхи нөхцөл байдлаас харахад Х нь хайгуул хийлгүйгээр, худаг өрөмдөх зөвшөөрлийн материалаа дутуу өгч, зөвшөөрөл гараагүй байхад худаг өрөмдөж хууль зөрчсөн нь тогтоогдож байна. Мөн үндэслэлгүй дүгнэлт гаргасан учраас хохирсон гэж үзэж байна гэжээ. Х нь “Хөрөнгийн үнэлгээний төв”-ийн дүгнэлтийг үндэслэлгүй дүгнэлт гаргаж хохирсон гэж үзсэн мөртлөө хөрөнгийн үнэлгээний төвийн гаргасан үнэлгээний дагуу миний бие Сээс зөрүү 5,500,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь мөн л үндэслэлгүй, нэхэмжлэлээ үгүйсгэсэн нь харагдаж байна. Иймд дээрх нөхцөлүүдийг харгалзан үзэж Хын гаргасан Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож миний бие Сийн хариу тайлбарыг хүлээн авч худаг гаргуулах урьдчилгаанд өгсөн 4,500,000 төгрөгийг Хоос гаруулж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч хх-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргажээ. Үүнд: 5,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

8. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн хуулбар /хх3/, Төв аймгийн Аргалант сумын нутагт гидрогеологийн цооног өрөмдөх ажлын гэрээ /хх5-6/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх27/, фото зураг /хх43-46/, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/125 тоот тушаал /хх108/, итгэмжлэл /хх173/.

 

9. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: үзлэгийн тэмдэглэл /хх119-121/, “Хаан банк” ХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 29/6324 тоот хариу албан бичиг /хх191/. Гэрчээр Б.Баясгаланг асуусан.

 

10. Хариуцагч нараас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: фото зураг /хх13-14/, Төв аймгийн Аргалант сум, иргэн Б.Баясгалангийн гүний худгийн ажлын төсөв /хх15-19/, хх-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх201/, итгэмжлэл /хх208/.

 

11. Хариуцагчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 574 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх56-69/, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2021 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 07/349 тоот албан бичиг /хх73/, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 07/55 тоот албан бичиг /хх116/, үзлэгийн тэмдэглэл /хх216-222/, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07/362 тоот албан бичиг, хавсралт /хх223-224/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

Нэхэмжлэгч С нь хариуцагч Х, хх-иудад холбогдуулж 4,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ “...Төв аймаг, Аргалант сум, Хүй долоон худгийн галзуу хар гэдэг газар худаг ухуулахаар тохирч, урьдчилгаанд 4,500,000 төгрөг төлсөн, ...гэвч ухсан худгаас ус гараагүй учир ...өгсөн мөнгөө буцааж авна” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

Хариуцагч Х, хх-иуд дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч Х өөрийн татгалзлаа “...миний зүгээс шаардлагатай бичиг баримтуудыг холбогдох газрууд руу нь явуулсан. Нэхэмжлэгч гэрээнд гарын үсэг зураагүй ч би худаг гаргуулах газар дээр очин цаг хугацаандаа ажлаа эхлүүлсэн, 100 метр худаг ухсан, ...намайг ажлаа дуусгахад ус гарч байсан. Би хийх ёстой ажлаа өөрөөсөө илүү зардал гаргаж хийсэн учир урьдчилгаа төлбөрийг буцаан өгөх боломжгүй” гэж, 

хариуцагч хх татгалзлаа “...тус компанийн гидрогеологич Х нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан, ...гэрээний дагуу манай компанийн гидрогеологич Х нь тогтоож өгсөн газарт нь усны хайгуулын өрөмдлөгийн ажил хийсэн” гэж тус тус тайлбарласан. 

 

Улмаар хариуцагч Х, хх-иуд нэхэмжлэгч Сээс хийсэн ажлын хөлс 5,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.  

 

Хоёр.

 

Хэрэгт 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №1 тоот “Төв аймгийн Аргалант сумын нутагт гидрогеологийн цооног өрөмдөх ажлын гэрээ” авагдсан. Гэрээний гүйцэтгэгч талаас хх-ийг төлөөлж Х гарын үсэг зурсан, харин захиалагч талаас гарын үсэг зураагүй, нэр бичигдээгүй байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй шалтгааныг “...урьдчилгаа мөнгө шилжүүлэхээс өмнө гэрээ хийж гарын үсэг зурах байсан ч хариуцагч Х нь гэрээний хавсралтад заагдсан иргэний үнэмлэх, компанийн тусгай зөвшөөрөл, мэргэжлийн инженерийн үнэмлэхийг өгөөгүйн улмаас бичгээр гэрээ хийгдээгүй” гэж тайлбарласан.

 

Мөн 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч С нь хариуцагч Хын данс руу 2,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

Дээрх баримтуудыг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Б.Баясгалангийн мэдүүлэгтэй харьцуулан судлахад нэхэмжлэгч С болон хх-ийн хооронд бус харин С болон хариуцагч Х нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгүүдэд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн ба талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байна. Аливаа гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагавар, учирсан хохирлыг шаардах эрхтэй.   

  

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх хуулийн зохицуулалттай ба Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан ба хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил буюу ухсан худаг цаашид ашиглах боломжтой нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй.

 

Иймд хариуцагч Хоос 4,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч хх-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

Сөрөг нэхэмжлэл:

 

хх нь нэхэмжлэгч Стэй гэрээний харилцаанд орсон нь баримтаар тогтоогдоогүй талаар дээр дүгнэсэн. Иймд хх-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно. 

 

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Ст холбогдох ажлын хөлсөнд 5,500,000 төгрөг гаргуулах хариуцагч Хын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно. 

  

Гурав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөг, хариуцагч Хоос төлсөн 102,950 төгрөг, хх-иас төлсөн 102,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 86,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Хоос 4,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хх-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ст холбогдох ажлын хөлсөнд 5,500,000 төгрөг гаргуулах хариуцагч Х, хх-иудын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөг, хариуцагч Хоос төлсөн 102,950 төгрөг, “Ус” ХХК-иас төлсөн 102,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 86,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                        Н.ХАНГАЛ