| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2023/04534/И |
| Дугаар | 102/ШШ2024/00309 |
| Огноо | 2024-01-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2024/00309
| 2024 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2024/00309 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-4 дүгээр гудамж, өөрийн байранд оршин байх, “Т” ХХК /РД:
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 6-01 тоотод оршин байх, “Г” ХХК /РД:
Нэхэмжлэлийн шаардлага: 16,225,000.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нурдаулет
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хуяг
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч “Г” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
“Т” ХХК нь барилгын угсралтын гол дагалдах хэрэгсэл худалдан борлуулж, үйлдвэрлэх, түрээсийн үйл ажиллагаа явуулдаг. Манай компани дээрх үйлчилгээнээс барилгын угсралтын гол хэрэгсэл болох хэв хашмал, дотор булан, тулаас, гадна буланг ашиглуулахаар “Г ХХК-тай 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ТГ-№ 22-098 дугаартай “Барилгын угсралтын хэрэгсэл түрээсээр ашиглуулах гэрээ” байгуулсан.
Хариуцагч нь гэрээ үргэлжлэх явцад түрээсийн гэрээний зүйл болох дараах эд хөрөнгүүдийг ашигласан. Үүнд:
1/ V4 тулаас: Хариуцагч нийт 2,180 ширхэг түрээсэлж авснаас буцааж өгөхдөө 24 ширхгийг дутаасан буюу алга болгосон.
2/ Гадна булан: 80 ширхгийг түрээсэлж авснаас 4 ширхэг дутуу өгсөн.
3/ Тулаас V5: 20 ширхгийг түрээсэлж авснаас 4 ширхгийг дутаасан.
4/ Тулаас V6: 500 ширхгийг түрээсэлж авснаас 14 ширхгийг дутаасан.
5/ Дотор булан 10х15: 30 ширхгийг түрээсэлж авснаас дутаагаагүй. Харин 7 ширхэг нь гэмтэлтэй ирсэн. Ингээд нийт түрээсэлж авсан бараануудаас алга болгосон буюу буцаан хүлээлгэж өгөөгүй барааны үнэ 3,232,240 төгрөг, эвдэлсэн барааны зүйл 30,800 төгрөг болсон. Тухайн үед түрээсийн төлбөрт бид нийт 38,778,017 төгрөгийг бид хариуцагчаас нэхэмжилсэн. Үүнээс хариуцагч 24,150,100 төгрөг төлсөн. Үлдэгдэл нь 11,627,917 төгрөг болсон. Уг 11,627,917 төгрөгт алданги 811,250 төгрөг орсон байсныг хасахад 10,816,667 төгрөг болно. Уг хариуцагчийн төлөх ёстой 10,816,667 төгрөгөөс алдангийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцоход 5,408,333.50 төгрөг болно. Ингээд нийт 16,225,000.50 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:
1/ 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ТГ-№22-098 дугаартай гэрээний үүрэгт 11,627,917 байсныг нэмэгдүүлж 16,225,000.50 төгрөгийг нэхэмжилсэн байна. Уг гэрээний дагуу гэрээний 3.1-т нийт төлбөр 528,000 төгрөг, 3.4-т барьцаа 500,000 төгрөг байхаар тус тус заасан. ТГ-22/098 тоот бараа материал түрээслэх гэрээний хавсралт 1-д зааснаар 600*1200 хэмжээтэй 80 ширхэг хэв хашмалыг 30 хоногийн хугацаанд 480,000 төгрөгөөр түрээсэлж, НӨАТ-ийн дүн 48,000 төгрөг нэмэгдэж түрээсийн төлбөрт нийт 528,000 төгрөг, барьцаанд 500,000 төгрөг нийт 1,028,000 төгрөгийг “Т” ХХК-д шилжүүлэх үүрэг бүхий гэрээг байгуулсан. Харин хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан хавсралтад “Г” ХХК-ийн зүгээс гарын үсэг зураагүй байдаг бөгөөд энэ нь тус барааг түрээслэх хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй гэдгийг харуулж байна. Улмаар талуудын харилцан тохиролцсон үнийн дүн буюу 528,000 төгрөгт гэрээний үүрэг хязгаарлагдана. Тодруулбал, дээрх үнийн дүн бүхий гэрээний харилцаа буюу эрх, үүргийг талууд хүлээх зөвшөөрсөн боловч тус гэрээнд заагаагүй түрээсийн зүйл, үнийн дүнг талууд харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй. Хариуцагч нь гэрээнд тухайлан заасан 528,000 төгрөгийг давуулан төлж дуусгасан. 16,225,000.50 төгрөгийг хэрхэн тооцож нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. “Г” ХХК-иас барьцаа авсан эсэх, тус барьцааг “Г” ХХК-ийн төлөх үүрэгтэй гэх дүнгээс хассан эсэх, 600*1200 харьцаатай хэв хашмалаас бусад түрээслүүлсэн гэх барааны үнэ хэд болох хэрхэн тогтоосон зэрэг нь тодорхойгүй байна. Мөн талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 318.3-т заасны дагуу бичгээр хийгдээгүй учир хүчин төгөлдөр бус. Тооцоо нийлсэн баримт дээр хариуцагч тал гарын үсэг зураагүй байгаа. Хэрэгт нэхэмжлэгчээс өгсөн нэхэмжлэх болон орсон гарсан барааны баримтууд дээр н.Галцог, н.Эрдэнэбат, н.Бадамсүрэн гэх хүмүүс гарын үсэг зурсан. Эдгээр хүмүүс нь тухайн үед захирлын зөвшөөрөлтэйгөөр хариуцагч компанийн барилгын талбай дээр л ажиллаж байсан хүмүүс. Гэхдээ тэд бараа хүлээн авах зөвшөөрөлгүй байсан. н.Чанцалдулам гэх хүнийг хэн болохыг бид тодруулж чадаагүй. Хариуцагч компани нь 2022 оны 9 дүгээр сарын 01, 28, 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд нийт 24,150,100 төгрөгийг “Т” ХХК-ийн Хаан банк дахь данс шилжүүлсэн, энэ талаар бид маргахгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “Т” ХХК-ийн зүгээс нэхэмжилсэн 16,225,000.50 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх4/, “Т” ХХК-ийн дүрэм /хх5-6/, Барилгын угсралтын хэрэгсэл түрээсийн гэрээ, хавсралт /хх7-11/, 2022 оны түрээсийн тооцооллын товчоо /хх12/, нэхэмжлэх /хх14-15/, түрээсийн бараа материал гарах, орох хуудас /хх16-30/, алдангийн тооцоолол /хх64/, нэхэмжлэлийн тайлбар /хх65-66/, 2022 оны 9-12 сарын түрээсийн тооцоо /хх68-71/.
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх40/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх41-42/, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 219 тоот албан бичиг /хх88/, 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №355 тоот гэрээ /хх89-91/, депозит дансны хуулга /хх92-94/.
5. Шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: “Хаан банк” ХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 29/262 тоот хариу албан бичиг /хх103/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
Нэхэмжлэгч “Т” ХХК болон хариуцагч “Г” ХХК-иуд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ТГ-№22/098 тоот “Барилгын угсралтын хэрэгсэл түрээсээр ашиглуулах гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр “Т” ХХК нь “Г” ХХК-д барилга угсралтын хэрэгслүүдийг түрээслэхээр харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүсчээ.
2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр “Т” ХХК нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулж дээрх гэрээний үүрэгт 11,627,917 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн шаардлагыг ихэсгэж нийт 16,225,000.50 төгрөг болгосон.
Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд “Т” ХХК нь хариуцагч “Г” ХХК-иас гэрээний дагуу эд хөрөнгө ашиглуулсны төлбөрийн үлдэгдэл, дутаасан болон эвдэрсэн эд хөрөнгийн үнийг алдангийн хамт шаарджээ.
Хоёр.
1. Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээх ба хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглан гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэйг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.5 дахь хэсгүүдэд заасан.
Мөн Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т “хөлслөгч энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах” гэжээ.
Талуудын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан ТГ-№22/098 тоот “Барилгын угсралтын хэрэгсэл түрээсээр ашиглуулах гэрээ”-ний 2.1-д “Энэ гэрээ нь түрээслэгч түрээсийн нөхцөлийг зөвшөөрч, талууд эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг даран баталгаажуулснаар хүчин төгөлдөр болж, түрээсийн зүйл барилгын угсралтын хэрэгслийг түрээслэгчид өгснөөс хойш 365 хоногийн хугацаанд хүчинтэй байна” гэсэн заалт, гэрээний хавсралтууд, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 11,627,917 төгрөгийн нэхэмжлэх, “Т” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны “Түрээсийн бараа материал” орох, гарах хуудаснууд, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрүүдийн хугацаанд “Т” ХХК-ийн Хаан банк дахь данс руу хийгдсэн гүйлгээ зэрэг баримтуудыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...баримтууд дээр гарын үсэг зурсан н.Галцог, н.Бадамсүрэн, н.Эрдэнэбат гэх хүмүүс нь ...барилгын талбай дээр бараа хүлээж авсан хүмүүс мөн” гэх тайлбартай харьцуулан судлахад нэхэмжлэгч нь хариуцагч “Г” ХХК-иас гэрээний дагуу эд хөрөнгө ашиглуулсны төлбөрийн үлдэгдэл, дутаасан болон эвдэрсэн эд хөрөнгийн төлбөр, хөлсийг шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагчаас 10,816,667 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэв.
2. Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсгүүдэд заасан.
2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан ТГ-№22/098 тоот “Барилгын угсралтын хэрэгсэл түрээсээр ашиглуулах гэрээ”-ний хувьд талууд 528,000 төгрөгийн хэмжээнд алданги тохирсноос бус 10,816,667 төгрөгийн хувьд гэрээний хариуцлага буюу алдангийг бичгээр тохиролцоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас алданги гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Гурав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,481 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 200,997 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.2, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсгүүдэд заасны дагуу хариуцагч “Г” ХХК-иас 10,816,667 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,408,333.50 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,481 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 200,997 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ