Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 221/MA2017/0523

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ганбаатарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Б.Ганбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 367 дугаар шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Ганбаатарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 367 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг баримтлан Б.Ганбаатарын “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын Б.Ганбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган, Б.Ганбаатарыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх нийт 92 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 3.821.606 төгрөг олгохоос бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөний тэтгэмж 2.201.589 төгрөгийг хасч, үлдэгдэл 1.620.017 /нэг сая зургаан зуун хорин мянга арван долоо/ төгрөгийг Б.Ганбаатарт олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсонгүй. Учир нь нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалыг хууль бус буюу хүчингүй болгуулах талаар маргасан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт  “...нэхэмжлэгчийг томилоогүй эс үйлдэхүйг хууль бус гэж маргаж байх тул” гэж нэхэмжлэлийн гаргаагүй шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шүүх  нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр өөрийн санаачилгаар эс үйлдэхүйг хууль бусад тооцох, мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Б/250 дугаар тушаалтай өнөөг хүртэл маргаагүй, энэ тушаалын эрх зүйн үр дагавар хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байхад томилох шийдвэр гаргасан нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Шүүх хуралд хэргийн оролцогчийг шүүх хуралд оролцох эрхийг тэгш хангаагүй. Тус хурлын хэлэлцүүлгийн шатанд шүүхийн зүгээс нэхэмжлэгчийг хариуцагчаас асуух эрхийг хангасан атлаа хариуцагчийг нэхэмжлэгчээс асуух эрхийг хангаагүй буюу нэхэмжлэгч асуулт асуусны дараа шүүхийн зүгээс асуулт асууж шууд нэмэлт тайлбар байгаа эсэхийг талуудаас тодруулж хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.Ганбаатар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох,   ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж заасныг зөрчиж нэхэмжлэгч Б.Ганбаатарын ажиллаж байсан Захиргаа, хуулийн хэлтсийн даргын албан тушаалын ажлын байрны чиг үүрэг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хэвээр хадгалагдан үлдсэн байхад түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болох талаар шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх бөгөөд, ийнхүү дүгнэж Б.Ганбаатарыг ажилд эгүүлэн тогтоосныг “нэхэмжлэгчээс гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн” гэж үзэхгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/250 дугаар тушаалаар Б.Ганбаатарын ажлыг хүлээлцүүлж, тэтгэлэг олгох асуудлыг шийдвэрлэсэн байх тул ажлаас чөлөөлсөн тушаал гэж үзэхгүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан “нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн Б/250 дугаар тушаалтай өнөөг хүртэл маргаагүй, энэ тушаал хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байхад томилох шийдвэр гаргасан нь үндэслэлгүй” гэх гомдлыг хангах боломжгүй.

Түүнчлэн хурлын тэмдэглэлээс үзэхэд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.   

Ийнхүү шүүх нэхэмжлэгч Б.Ганбаатарыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4.2.5-д  “төрийн алба мэргэшсэн тогтвортой байх”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасантай нийцсэн байх тул хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Харин шүүхийн шийдвэрт хэрэглэх ёсгүй хуулийн заалт баримталсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлэх зохицуулалттай нийцээгүй, үндэслэлгүйгээр хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тавин хувиар хөнгөлсөн алдаа гаргасныг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 367 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэхь заалтын “27.2.4” гэснийг хасч, 3 дахь заалтын “35100 /гучин таван мянга нэг зуу/” гэснийг “70.200” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

                                ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                       Д.БАТБААТАР

             ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ

                                ШҮҮГЧ                                                    О.НОМУУЛИН