Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 146

 

Д.Д, Б.О, Б.О, Я.С нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга,

Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:      Л.Атарцэцэг

Д.Мөнхтуяа

                        Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 164 дүгээр захирамжийн Ч.Б, С.Д, С.М, Д.Э нарт, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 399 дүгээр захирамжийн С.Д, Д.Э нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн дагуу нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг дүүргийн Газрын албанд даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0803 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0049 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: Б.О, Я.С нарын өмгөөлөгч Т.Ц,

Гуравдагч этгээд: Ч.Б, С.М нарын өмгөөлөгч Л.Ж нар,

Нэхэмжлэгч Д.Д, Б.О, Б.О, Я.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0803 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Д, Б.О, Б.О, Я.С нарын гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 164 дүгээр захирамжийн Ч.Б, С.Д, С.М, Д.Э нарт, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 399 дүгээр захирамжийн С.Д, Д.Э нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн дагуу нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг дүүргийн Газрын албанд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0049 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0803 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс “...гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн” талаар дүгнэжээ. Тэгвэл Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ гэж тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу иргэн, хуулийн этгээд хэн ч байсан газар эзэмшихийн тулд хүсэлт гаргасан байхаар хуульчилсан байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гуравдагч этгээдүүдийн зүгээс маргаж байгаа газрыг эзэмших талаар гаргасан хүсэлт ч байдаггүй, хүсэлт гаргасныг бүртгэсэн бүртгэл ч байхгүй болох нь нотлогдож байхад тэдний газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

5. Түүнчлэн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаас үзэхэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн Засаг даргын шийдвэрийг үндэслэж, гэрээ, гэрчилгээ олгож, газрын мэдээллийн санд бүртгэхээр заасан байхад гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлэх шийдвэр гарахаас өмнө мэдээллийн санд зургийг бүртгэж оруулсан болох нь нотлогдож байхад хуулийн дагуу газар эзэмшсэн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

6. Мөн энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэхдээ “...хүсэлт гаргасан гэдэг нь нотлогдохгүй, олдохгүй байгаа ч бусад баримтаар хүсэлт гаргаж байсан гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн байх бөгөөд бусад баримтууд гэдэг нь хариуцагчийн шүүх хуралдаан дээр амаар гаргасан тайлбар, иргэний үнэмлэхний нотариатаар баталсан тамган дээрх огноо, газар эзэмшүүлсэн захирамж гаргахаас өмнө мэдээллийн санд оруулсан кадастрын зургийн огноо зэргийг үндэслэл болгожээ. Хуульд газар эзэмшүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэж гэрээ, гэрчилгээ олгож, мэдээллийн санд оруулна гэж заасан байхад 2012 оноос өмнө эхэлж зургийг оруулдаг байсан гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэсэн нь түүний тайлбар яагаад хуулиас илүү хүчинтэй гэж үзсэн нь ойлгомжгүй юм.

7. Мөн иргэний үнэмлэхний нотариатийн тамга дээрх огноог үндэслэж, хүсэлтээ гаргаж байсан гэж дүгнэх боломжгүй, ямар зорилгоор батлуулсан нь эргэлзээтэй бөгөөд тухайлбал газрын хувийн хэргүүдэд авагдсан уг иргэний үнэмлэхний хуулбарууд дунд гуравдагч этгээд С.Д-ийн иргэний үнэмлэхний хуулбар байдаггүй, харин оронд нь Г гэх түүний эхнэрийн иргэний үнэмлэхний хуулбар байдаг. Эндээс харахад гуравдагч этгээд С.Д-ийн иргэний үнэмлэхний хуулбар байхгүй байхад түүнийг хүсэлт гаргаагүй ч хүсэлт зоригоо илэрхийлж байсан гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй, мөн Г гэх хүнд маргаан бүхий газарт газар эзэмшүүлсэн шийдвэр гараагүй байдаг.

8. Нэхэмжлэгч нар нь газар дээр 2003 оноос эхлэн байшин барьж, хашаа хатган амьдарч байсан талаар хэрэгт байгаа нотлох баримтуудыг огт үнэлж дүгнээгүй байх бөгөөд тухайлбал гэрчүүдийн мэдүүлэг, 2005 онд гараар бичиж байсан өргөдөл гэх баримтуудыг яагаад үнэлээгүй талаар ч дурдаагүй байгаа нь шүүх нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэснийг харуулж байна.

9. Мөн нэхэмжлэгч нь 2003 оноос хойш газар эзэмших хүсэлтээ удаа дараа гаргаж байсан, уг хүсэлтүүдийг бүртгэсэн бүртгэлд үзлэг хийлгэх, гуравдагч этгээдүүдийн өргөдлийг бүртгэсэн бүртгэлд засвар оруулсан байгааг мөн үзлэгээр тогтоолгохыг хүссэн боловч энэ хүсэлтийг шүүхээс огт шийдвэрлээгүй хирнээ хариуцагчаас ирүүлсэн тайлбарыг үндэслээд нэхэмжлэгч нарыг өргөдөл гаргаж байгаагүй гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй, хуулийг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна.

10. Энэхүү захиргааны хэргийн хамгийн гол маргаан нь маргаж байгаа газрыг эзэмших хүсэлтээ хэн түрүүлж гаргасан бэ гэдэг дээр байсан. Гэтэл энэхүү хэргийн гол нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ажиллагааг шүүх хийгээгүй, энэ талаар гаргасан хүсэлтийг ч эцэслэн шийдвэрлээгүй, дээр нь буруутай үйл ажиллагаагаа тогтоолгох гэж байгаа байгууллагын тайлбарыг үндэслээд өргөдөл гаргаж байгаагүй гэж дүгнэсэн нь шүүх хэт нэг талыг баримталсан гэж үзэх үндэслэлтэйн зэрэгцээ давж заалдах шатны шүүхээс мөн үүнийг нь зөвтгөж, нэхэмжлэгч нар эх сурвалжаа заагаагүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

11. Учир нь, нэхэмжлэгч нар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын болон Газрын албаны тухайн үеийн бичиг хэргийн бүртгэлд үзлэг хийж өгөөч гэж эх сурвалжаа маш тодорхой зааж хүсэлт гаргасан байхад тэр хүсэлтийг хангаагүй, хэрэгсэхгүй болгоогүй хирнээ Газрын албанд хүсэлтээ гаргаж байгаагүй гэсэн албан бичгийг үндэслэж хүсэлтээ гаргаагүй байна гэж дүгнэх боломжгүй бөгөөд хуулиараа Засаг дарга газар эзэмшүүлнэ, хүсэлтийг хүлээн авах боломжтой гэж зохицуулсан, хариуцагч ч шүүх хуралдаан дээр энэ талаар тайлбараа гаргасан нь шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсан, мөн нэхэмжлэгч нар нь Засаг даргад мөн хандаж байсан талаараа тайлбарласан нь тэмдэглэлд тусгагдсан байгаагаас үзэхэд шүүх нотлох баримтыг дутуу цуглуулж, нотлох баримтыг цуглуулах талаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

12. Дараагийн нэг үндэслэл бол нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамж хуулийн хүчин төгөлдөр байгаа, нэхэмжлэгч нар өөрсдөе дураараа газар эзэмших шийдвэрээ гаргадаггүй, төрийн захиргааны байгууллага албан тушаалтнаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж, гаргадаг захиргааны акт байхад нэхэмжлэгч нар хуулийн дээрх заалтыг зөрчсөн мэтээр дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна.

13. Нэхэмжлэгч нарын маргаж байгаа газарт 2004 оноос хойш байшин барьж амьдарсан талаар хэргийн оролцогчид маргадаггүй бөгөөд түүнээс хойш буюу 2006 онд газар эзэмших эрхтэй болсон гуравдагч этгээдүүд харин бусдын амьдарч байгаа газар дээр давхцуулж газар эзэмшүүлсэн байгааг ялгаж салгаж дүгнэж чадаагүй байна. Иймээс өмнөх нэхэмжлэлийн шаардлагуудтай хамааралгүйгээр төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйг тогтоох боломжтой байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа хүлээн зөвшөөрөх боломжгүй.

14. Мөн гуравдагч этгээдүүд нь 2006 оноос эхлэн газар эзэмших эрхтэй болсон гэх боловч 2016 он хүртэл 10 жилийн хугацаанд нэг ч удаа газраа эзэмших гэж ирж, газраа чөлөөлүүлэх талаар уулзаж байсан, төрийн байгууллагад хандаж байсан баримт байхгүй байгаагаас үзэхэд гуравдагч этгээдүүдэд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан зайлшгүй хэрэгцээтэй газрыг нь эзэмшүүлэх шийдвэрийг төрийн захиргааны байгууллагаас гаргаагүй болох нь харагдаж байна.

15. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор хөндөгдсөн, маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлэхдээ хуулийг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдож байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

16. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

17. Хяналтын шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагуудаасаа бүхэлд нь татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг баримтлан түүний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэр, магадлалд оруулах нь зүйтэй байна. Бусад нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл болон хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзаагүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэв.

18. Нэхэмжлэгч нар нь 2004-2015 онд жил бүр газар эзэмших хүсэлтээ холбогдох байгууллагад нь удаа дараа гаргаж байсан гэдэг нь баримтаар нотлогдоогүй, иймд гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх хууль ёсны дагуу түрүүлж үүссэн гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

19. Хэдийгээр хавтаст хэрэгт гуравдагч этгээд нарын газар эзэмших тухай хүсэлт авагдаагүй боловч хариуцагчаас ирүүлсэн дүүргийн Газрын албаны архивын баримт дахь С.Д, Д.Э, Ч.Б нарын 2006 оны кадастрын зураг, иргэний үнэмлэхний хуулбар, мөн газрын төлбөр төлсөн баримт, гэрчийн мэдүүлгүүд зэргээс үзвэл гуравдагч этгээд нарыг огт хүсэлт гаргаагүй байхад эдгээр баримтууд газрын хувийн хэрэгт нь авагдаж, тэдний нэр дээр маргаан бүхий акт болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 74 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгосон гэж дүгнэх боломжгүй юм. Иймээс зөвхөн хүсэлт байхгүй гэдгээр хэрэгт авагдсан бусад баримтуудыг үгүйсгэж гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй тул энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-7-д заасан нэхэмжлэгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй.

20. Нэхэмжлэгч нар нь 2003 оноос маргаан бүхий газар дээр хашаа, байшин барьж амьдарсан гэх боловч 2006 оныг хүртэл /гуравдагч этгээд нарыг газар эзэмших эрх авах хүртэл/ хуульд заасан эрхээ хэрэгжүүлж газар эзэмших хүсэлтээ холбогдох этгээдэд өгч байгаагүй /өгсөн гэдэг нь нотлогдохгүй/ тул зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, байшин барьж амьдарсан үйл баримт нь нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх хууль ёсны дагуу эхэлж үүссэн гэх, мөн бусад этгээдийн хууль ёсны дагуу үүссэн эрхийг үгүйсгэх үндэслэл тус тус болохгүй. Учир нь, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”; 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан байна. Иймд тогтоолын Тодорхойлох хэсгийн 8, 13-т заасан “хэрэгт байгаа нотлох баримтуудыг огт үнэлж дүгнээгүй, шүүх нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”; 32.2-т “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй”; 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нараас газар эзэмших хүсэлтээ хэнд, хэзээ өгсөн, хэрхэн шийдвэрлэсэн талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, эх сурвалжаа зааж өгөөгүй, мөн шүүхээс үзлэг хийлгэх талаарх хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзсэн бол энэ талаар анхан шатны шүүх хуралдаанаас өмнө, эсхүл хурал дээр гомдол санал юмуу дахин хүсэлт гаргаагүй, ийнхүү уг эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй тул тогтоолын Тодорхойлох хэсгийн 9, 10, 11-д заасан гомдлыг хангах боломжгүй.

22. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/264 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нарт гуравдагч этгээд нарын газрыг давхцуулан газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул тогтоолын Тодорхойлох хэсгийн 12-т заасан гомдлыг хангах үндэслэлгүй.

23. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд холбогдох өөрчлөлтийг оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0803 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0049 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Б.О,...” гэснийг хасаж, Тогтоох хэсэгт “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.О нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.О-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалт нэмж, “2” дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Г.БАНЗРАГЧ