Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 502

 

А.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 551 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 865 дугаар магадлалтай, А.О-д холбогдох 1809019510496 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сүхбатын гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй Б овогт А-н О.

 

            А.О- нь 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн гадна талбайгаас хохирогч М.А-гийн өмчлөлийн 12 хос гутлыг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 1,340,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэний улмаас бусдад нийт 1,340,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох “Киа Фронтер” маркын автомашины үнэ болох 5,000,000 төгрөгийг гэм буруутай этгээд болох А.О-оос албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн байна.

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос А.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад, “Боржигон овгийн Алагсандрын О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэний улмаас бусдад нийт 1,340,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Б овгийн А-н О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж, 2 дахь заалтад, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар А.О-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.О-ыг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж, 3 дахь заалтад, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.О-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар А.О-ын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 61 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас нь хасаж, түүний эдлэх ялыг 112 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.О-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цаг хийлгэхээр тогтоож, А.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй суллахаар шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сүхбат гаргасан эсэргүүцэлдээ “...Магадлалыг эс зөвшөөрч, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр “...20:49:46 болоход жолооч машины хаалгыг нээх бөгөөд хажууд байгаа хайрцаг руу хараад буух гэж байгаад больж байв. 20:50:58 болоход машины жолооч бууж ирээд хажууд байсан хайрцагтай зүйлийг машиндаа хийж аваад явж байсан нь бичигдсэн байв...” гэж тэмдэглэгдсэн.

А.О- нь өдөр тутмын эрхэлдэг ажил болох ачаа барааг тээвэрлэн хүрэх газар нь буулгаж явахдаа, эзэнгүй байсан бусдын эд хөрөнгийг харснаар тухайн гэмт хэргийг үйлдэх санаа төрж, улмаар хайрцагтай эд зүйлийг өргөн шууд автомашиныхаа тэвшин дээр тавьж, хэргийн газраас зугтан явсан. Хэрэв тухайн автомашин байхгүй байсан бол А.О- нь 1 удаагийн үйлдлээр хулгайлсан хайрцагтай 12 хос гутлыг өргөөд, хэрэг учралын газраас богино хугацаанд, амар байдлаар холдож чадахгүй болох нь хэргийн үйл баримтаар тодорхой дүгнэгдэж байна. Түүнчлэн автомашин байхгүй тохиолдолд түүнийг эд зүйл хулгайлж байгааг бусад этгээдүүд мэдэх боломжтой байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр авч, хууль бусаар завшиж өөрт хэрэглэх буюу ашиг олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг бөгөөд гэмт этгээд тухайн эд хөрөнгийг хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас хөдөлгөн өөрийн болгон авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог..." гэж бичжээ. Тэгвэл энэ гэмт хэрэг хэзээ төгсөж, гэмт этгээд хэзээ тухайн хулгайлсан эд хөрөнгийг өөрийн болгон авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгож байна вэ. Мөн шүүхээс А.Оргодлыг гэмт хэргээ үйлдэж төгссөний дараа зөөж тээвэрлэсэн гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл А.О- хайрцагтай 12 хос гутлыг анх байсан газраас нь хөдөлгөн өргөснөөр гэмт хэрэг төгссөн гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

А.О- нь эд зүйлийг байгаа газраас нь хөдөлгөн өргөснөөр хулгайлсан эд зүйлийг захиран зарцуулах бодит бололцоог бий болсон гэж үзэх боломжгүй юм. Хэрэг учралын газраас холдоогүй байж хулгайлсан эд зүйлээ бусдад захиран зарцуулах бодит бололцоо үүсэхгүй. Харин А.О- нь хулгайлсан эд зүйлийг хөдөлгөн өргөж яван шууд автомашинд ачсанаар гэмт үйлдлийг төгссөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин хэлсэн саналдаа “Прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Гэмт хэрэг хэзээ төгссөн юм бэ гэвэл хулгайн эд зүйлийг хууль бус аргаар авч байгаагаар хулгайн гэмт хэрэг төгссөн гэж үзэж байна. Энэ нөхцөлд заавал хулгайн эд зүйлийг бусдад шилжүүлж, зарснаараа хулгайн гэмт хэрэг төгссөн гэж үзэж болохгүй. Машин механизм хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгийг Улсын дээд шүүх тайлбарласан байдаг. Үүнд хулгайн эд зүйлийг зөөж, тээвэрлэх, учрах саадыг арилгах зорилгоор машин механизмыг урьдчилж бэлтгэсэн байхыг ойлгоно гэж тайлбарласан. Энэ талаар анхан шатны шүүхэд тайлбарласан боловч прокурор хүчингүй болсон хуулийг тайлбарласан тайлбарыг ярих шаардлага байхгүй гэсэн. Гэтэл хууль зүйн ойлголт нь ижил байна гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан гэж үзэж байна. А.О- нь 6-7 жил тасралтгүй Улаанбаатар их дэлгүүрт ачаа буулгаж, зөөсөн байдаг. Тус өдөр ачаагаа буулгаж яваад гутлыг харан хулгай хийх санаа, сэдэл тухайн үед төрсөн. Тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Урьдчилж төлөвлөсөн зүйл байхгүй гэдэг нь гэрч болон өөрийнх нь өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Хэргийг хүндрүүлж зүйлчлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Насанбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Гэхдээ хяналтын шатны шүүхийн шүүгч нараас дараах асуудлуудад дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэх байна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан машин механизм ашиглаж гэсэн нөхцөл байдалд мөн тус хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж гэсэн үйлдлийн шинжтэй холбогдож байгаад дүгнэлт хийж өгөөч гэж хүсэж байна. Мөн А.О-н хулгай хийсэн үйлдэл хэзээ төгсөж байгаа, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон үйл баримтыг харахад А.О- хэргийн газар Г гэх хүний ачааг ачих гэж очсон. Тухайн газар өөр шалтгаанаар очсон. Давж заалдах шатны шүүхээс А.О-ын хулгайлах гэмт хэргийг үйлдэл нь тохиолдлын шинжтэй байна гэж дүгнэсэн. Учрах саадыг арилгах зорилго байгаагүй гэх агуулгатай нийцэж байна гэж дүгнэсэн. Түүний хулгайн гэмт хэрэг хийсэн үйлдэл хэзээ төгссөн. Машин механизм ашигласан гэх үйлдэл нь хулгайн үйлдлийг нь хөнгөлөх цогц үйлдэл болж байна уу гэдэгт дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сүхбатын гаргасан эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч А.О-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх А.О-ыг 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн гадна талбайгаас хохирогч М.А-гийн өмчлөлийн 12 хос гутлыг машин механизм ашиглан хулгайлж, түүнд 1,340,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд хэргийн зүйлчлэлийг зөвтгөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Аливаа тээврийн хэрэгслийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, уг материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, эзлэхүүн, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоосны эцэст гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх үндэслэлээр хураан авах асуудлыг шийдвэрлэдэг.                 

Тодруулбал, анхан шатны шүүхээс учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй бөгөөд “...автомашин ашиглан зөөж тээвэрлэсэн үйлдэл бүрийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулах эсэхийг хэргийн нөхцөл байдлыг харгалзан ялгамжтай авч үзэх нь зүйтэй...”, “...шүүгдэгч А.О- өдөр тутам эрхэлдэг ажил болох ачаа барааг тээвэрлэн хүрэх газар нь буулгаж явахдаа, тохиолдлоор эзэнгүй байсан бусдын эд хөрөнгийг харснаар тухайн гэмт хэрэг үйлдэгдэж, улмаар хулгайлсан эд зүйлээ автомашиныхаа тэвшин дээр тавьж зөөвөрлөснийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж дүгнэхгүй” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Мөн давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.О-ын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шийтгэх тогтоол түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сүхбатын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 551 дүгээр шийтгэх тогтоол түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 865 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сүхбатын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.   

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН