Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 865

 

                                                         А.О-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мягмаржав, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ц.Сүхбат,

шүүгдэгч А.О-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 551 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч А.О-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын  гаргасан давж заалдах гомдлуудаар А.О-д холбогдох эрүүгийн 1809019510496 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овгийн А.О, 1980 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэгт түр оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

            А.О- нь 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн гадна талбайгаас хохирогч М.Ариунаагийн өмчлөлийн хайрцагтай 12 хос гутлыг машин механизм буюу 74-81 УНЭ улсын дугаартай, “Киа Фронтер” загварын автомашиныг ашиглан хулгайлж, улмаар түүнд 1,340,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэний улмаас бусдад нийт 1.340.400 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох “Киа Фронтер” загварын автомашины үнэ болох 5,000,000 төгрөгийг гэм буруутай этгээд А.О-оос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, А.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа ба бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь би хулгай хийх санаа зорилгоор автомашинтай очоогүй. Иймээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж өгнө үү. Би эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Миний бие цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэв.

Шүүгдэгч А.О-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. А.О- нь Улаанбаатар их дэлгүүрийн ачааг 6 жил гаруй хугацаанд тогтмол зөөж ирсэн байдаг. Хохирогч М.Ариунаа 12 хос хүүхдийн гутлыг тус дэлгүүрийн ачаа оруулах хэсэгт тавьсан байсан. А.О- нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 20 цагийн үед ачаагаа буулгаж, улмаар уг эд зүйлийг хууль бусаар, нууцаар авсан үйл баримт тогтоогдсон. Энэ нь учрах саадыг арилгах зорилго агуулж урьдчилан машин механизм ашиглаж уг хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Улсын Дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолын 1.7 дахь заалтад “Машин механизм хэрэглэсэн гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан ашигласныг ойлгоно. Харин хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг энэхүү ойлголтод хамааруулахгүй” гэж тайлбарласан. Гэтэл А.О-ын хувьд хулгай хийх зорилго, сэдэлт өмнө нь төрөөгүй, “Киа Фронтер” загварын автомашиныг урьдчилан бэлтгээгүй болох нь түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Ариунболдын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан СиДи зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Түүнчлэн А.О-ын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Ц.Сүхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “машин механизм хэрэглэж” гэсэн ойлголтыг Улсын Дээд шүүхээс тайлбарласан байдаг. Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан” гэж тухайн үйлдлийн зорилгыг тодорхойлж өгсөн тул дээрх ойлголтыг бүрэн утга, агуулгаар нь ойлгож хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

А.О- нь 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 20 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн гадна талбайн ачаа буулгах хэсэгт зөөж тээвэрлэхээр үлдээсэн байсан М.Ариунаагийн өмчлөлийн 1,340,400 төгрөгийн үнэ бүхий хайрцагтай 12 хос гутлыг хулгайлан авч, өөрийн жолоодон явсан 74-81 УНЭ улсын дугаартай, “Киа Фронтер” загварын автомашинаар зөөвөрлөсөн гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч М.Ариунаа нь эд хөрөнгөө алдсан цаг хугацаа, газар зүйн байршил, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж байдал, үнэ өртөгийн талаар /хх-ийн 7-8/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч А.Насанжаргал /хх-ийн 11/, шүүгдэгч А.О- /хх-ийн 27, 72/ нарын мэдүүлэг, Улаанбаатар их дэлгүүрийн гадна талбайн хяналтын дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/, алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 18-19/ зэргээр нотлогдсон.

Харин шүүгдэгч А.О-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нар нь давж заалдсан гомдолдоо “74-81 УНЭ улсын дугаартай, “Киа Фронтер” загварын автомашиныг учрах саадыг арилгах зорилгоор урьдчилан бэлтгээгүй” гэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаар маргажээ.

Прокуророос А.О-ыг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан бодитой тогтоосон байх боловч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн талаар буруу дүгнэлт хийжээ.

Тухайлбал, шүүгдэгч А.О- нь Улаанбаатар их дэлгүүрийн барааг сүүлийн 6 жилийн хугацаанд тогтмол тээвэрлэсэн, 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 74-81 УНЭ улсын дугаартай, “Киа Фронтер” загварын автомашиныг жолоодон Улаанбаатар их дэлгүүрийн гадна Д.Ганболдын өмчлөлийн барааг тээвэрлэж буулгасан болох нь гэрч Д.Ганболд /хх-ийн 10/, Т.Цэгмэд /хх-ийн 12/, Ц.Ариунболд /хх-ийн 14/ нарын мэдүүлгээр тогтоогдсон. Тухайн цаг хугацаанд дэлгүүрийн гадна талбайн ачаа буулгах хэсэгт зөөж тээвэрлэхээр үлдээсэн байсан бусдын эд зүйлийг хулгайлах санаа зорилго үүсч, улмаар энэ зорилгоо хэрэгжүүлэн уг эд зүйлийг авч өөрийн жолоодон явсан автомашинаараа зөөж тээвэрлэн, хэргийн газраас холдсон байна.

Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр авч, хууль бусаар завшиж өөрт хэрэглэх буюу ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг бөгөөд гэмт этгээд тухайн эд хөрөнгийг хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас хөдөлгөн өөрийн болгон авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог. Харин автомашин ашиглан зөөж тээвэрлэсэн үйлдэл бүрийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулах эсэхийг хэргийн нөхцөл байдлыг харгалзан ялгамжтай авч үзэх нь зүйтэй.

Энэхүү гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг сэм нууц аргаар авдаг бөгөөд нэгэнт авсан эд зүйлийг нуун далдаж байгаа үйлдэл нь гэмт хэргийн шинжийн үндсэн бүрдэл болох агаад автомашиндаа нууж байгаа эсхүл өөрийн мэдэлд шилжүүлэн авсныхаа дараа зөөж тээвэрлэн хэргийн газраас холдож буй үйлдлийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн хэмээн дүгнэх үндэслэлгүй юм.

Тодруулбал, шүүгдэгч А.О- өдөр тутмын эрхэлдэг ажил болох ачаа барааг тээвэрлэн хүрэх газар нь буулгаж явахдаа, тохиолдлоор эзэнгүй байсан бусдын эд хөрөнгийг харснаар тухайн гэмт хэрэг үйлдэгдэж, улмаар хулгайлсан эд зүйлээ автомашиныхаа тэвшин дээр тавьж зөөвөрлөснийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн хэмээн дүгнэхгүй.

Учрах саадыг арилгах зорилго гэдэг нь бусдын эд хөрөнгийг авах үйлдлээ хялбар, дөхөм болгох зорилгоор машин механизмын ялгагдах онцлог, үйлдлийн шинж, арга хэлбэрээр тээврийн хэрэгсэл болон бусад багажийг тусгайлсан зориулалтынх нь дагуу ашиглаж хэрэглэснийг ойлгоно.

Шүүгдэгч А.О- нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ автомашинаараа ямар нэгэн саадыг арилгаагүй, тийм зорилго агуулаагүй байх тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж … болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч А.О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйлд зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 61 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон /61х8=488/ эдлэх ялаас нь хасаж /600-488=112/, түүний эдлэх ялыг 112 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.

Хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэнтэй холбогдуулан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх “Киа Фронтер” загварын автомашины үнийг А.О-оос албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, хэргийн зүйлчлэл, ял шийтгэл болон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаар гаргасан шүүгдэгч А.О-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын давж заалдах гомдлуудыг хүлээн авлаа.

Түүнчлэн анхан шатны шүүх А.О-д холбогдох 1809019510496 дугаартай  хэргийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан атлаа яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж, шийтгэх тогтоолд хэргийг “2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан” гэж, мөн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр явагдсан шүүх хуралдаанд улсын яллагч Ш.Насанжаргал томилолтоор оролцсон байхад шийтгэх тогтоолд түүний нэрийг “С.Эрдэнэтуяа” гэж тус тус ташаа бичсэнээс гадна, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг А.О-оос гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байхад шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар огт тусгагдаагүй зэрэг зөрчлүүд гаргасныг анхааруулан тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 551 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос А.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад, “Боржигон овгийн Алагсандрын О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэний улмаас бусдад нийт 1.340.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Боржигон овгийн Алагсандрын О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтад, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар А.О-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.О-ыг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтад, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.О-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар А.О-ын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 61 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас нь хасаж, түүний эдлэх ялыг 112 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.О-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цаг хийлгэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.О- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. А.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧИД                                                   Д.МЯГМАРЖАВ

                                                                                                     Н.БАТСАЙХАН