Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 0025

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Б, Г.П нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

   Прокурор                                                      Г.Э

   Шүүгдэгч                                                       Н.Б, Г.П

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                      Б.Т, О.С,

Б.Д, Ц.Б

Хохирогч                                                       Ч.Б

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч      Д.Д

Хохирогчийн өмгөөлөгч                           Х.О

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж, шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Г.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Т, О.С, шүүгдэгч Г.П, түүний өмгөөлөгч Б.Д, хохирогчийн өмгөөлөгч Х.О нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Н.Б, Г.П нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ш овгийн Н-н Б,  

 

Т овгийн Г-н П,

 

Н.Б, Г.П нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө       аймгийн      сумын      багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Бийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй байхад нь      багийн      дугаар байрны       дугаар  орцонд оруулан хүч хэрэглэн бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн түүний 774.000 төгрөгийн үнэлгээ бүхий монетон бөгжийг дээрэмдэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Н.Б, Г.П нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Ш овогт Нн Б, Т овогт Г-н П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэж хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч Н.Б, Г.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Г.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг тус тус өршөөн хасаж,

 

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Г.П нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус 2 жилийн хугацаагаар      аймаг       сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, Өршөөл үзүүлэх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Г.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлж,

 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Г.П нарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Г.П нарын цагдан хоригдсон 7 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулж тооцож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Г.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял эдэлж дууссан эсвэл суллагдсан өдрөөс эхэлж тооцож ялын биелэлтэд тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж хорих ял оногдуулахыг анхааруулж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пгээс 4.281.085 төгрөг гаргуулан хохирогч Ч.Бид олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хүрэм, 1 ширхэг цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.Бид олгож, 7 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Ч.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Б болон түүний өмгөөлөгч Б.Т нар давж заалдах гомдолдоо:

“2019 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө      аймгийн        багийн нутаг дэвсгэрт би өөрийн танил Г.Д, Г.П нартай хамт алхаж явахад гудамжинд согтуу эрэгтэй хүн хэвтэж байсан. Тухайн хүнийг Г.П бид хоёр өргөж босгоод, өөрөө чадан ядан заасных нь дагуу      дугаар байрны      дугаар орцонд оруулж нэг давхрын зүүн гар талын хаалганы хажууд үлдээчихээд 2021 оны 04 дүгээр сарын 30-ны 00 цаг 27 минутад тухайн орцноос гарч явсан, орц рүү ороод гарахад 40 секунд л болсон байдаг. Үүнийг нотлох хяналтын камерын бичлэг хэрэгт бий. Тухайн үед Г.Д-н хувьд миний гар утсаар хүнтэй яриад араас явж байсан бөгөөд Г.П бид хоёрыг       дугаар байрны       дугаар орцноос буцаад гарч ирэхэд тухайн байрны гадна байдаг сүүдрэвчний хажууд Г.Д зогсож байсан бөгөөд бид гурав тухайн цэгээс цааш хамт явцгааж, гэр гэртээ харьсан. Энэ хугацаанд миний зүгээс алив хурдан яв, дуугүй яв гэж хэлээд хамт яваа хүмүүсээ яаруулж шамдуулсан зүйл огт болоогүй юм. Тухайн цаг хугацаанд надтай хамт явсан Г.Д, Г.П нар нь миний эсрэг гэрчийн мэдүүлэг өгөхдөө ингэж мэдүүлсэн байдаг. Гэтэл бид сайхан сэтгэлийн үүднээс гудманд хэвтэх согтуу эрэгтэй хүнийг гэрт нь дөхүүлж өгсний хариуд эрүүгийн гэмт хэрэгтэн мэт харьцаж, гэрчээр мэдүүлэг авна гэж цагдаагийн газарт авчирчихаад “та нар хүн зодож дээрэмдсэн биз дээ” гэж тулгаж, айлгаж, цохиж мэдүүлэг авч, шөнөжин байлгаж маргааш нь гэрт минь хариулсан явдал болсон. Үүнийг манай гэр бүлийнхэн гэрчилнэ. Энэхүү бүдүүлэг үйл ажиллагаанаас нь болж Г.П бид хоёртой хамт       дугаар байрны      дугаар орц руу ороогүй, ойртож ч очоогүй хүн болох Г.Д нь бид хоёртой хамт тухайн орцны үүдэнд байсан мэтээр, биднийг тухайн согтуу эрэгтэй хүнийг цохиж зодож байсан, тэр ч байтугай өөрөө ч гэсэн тэр хүнийг нэг удаа өшиглөсөн мэтээр үндэслэлгүй худал мэдүүлэг өгч эхэлсэн юм. Уурхайчин багийн        дугаар байрны гаднах хяналтын камерын бичлэгт Г.Д нь Г.П бид хоёртой хамт зэрэгцэж яваагүй, бид хоёрын араас     дугаар байрны      дугаар орц руу ойртоо ч үгүй, байрны хойд зүгт байдаг сүүдрэвчний хажууд зогсож байсан болох нь тодорхой харагддаг бөгөөд Г.П бид хоёр согтуу эрэгтэй хүнийг хоёр талаас нь сугадаад явж байхад байрны хойд талын сүүдрэвчинд өөр 4 хүн ч байсан. Тэр 4 хүн хоёр тийшээ салаад явахад Г.Д дөнгөж сүүдрэвчний хажууд ирж байсан нь тодорхой харагддаг. Бид хоёр тэр 4 хүний яг хажуугаар согтуу хүнийг сугадаад явж өнгөрсөн, тухайн үеийн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор тэднийг олж тогтоон мэдүүлэг авч болох байтал орхигдуулсан үл тоосон. Хэрэв тэднээс мэдүүлэг авсан бол бидний сугадаж явсан хүн гэмтэл шархгүй, мөн өндөр нуруутай хүн байсан болохыг дүрслэн хэлж өгөх ач холбогдолтой байсан. Энэ хэргийн хувьд бол мөрдөн шалгах эрх бүхий албан тушаалтнууд шууд л бид хоёрыг хүн зодож, дээрэмдсэн болгох гэж хүчээр тулган тааруулж ганц яллах талын нотлох баримтуудыг цуглуулсан байна. Мөн Г.П нь надтай хамт орц руу орсон хэрнээ би үүдэнд нь зогсож байсан, Н.Б нь согтуу хүнийг аваад орц руу орсон, тэгсэн 2 удаа цохих чимээ гараад хүн ёолсон гэж худал мэдүүлж, намайг гэмт хэрэгт гүтгэсэн тухайн хүний бөгжийг нь авсан бол Н.Б л авсан байх гэж мэдүүлсэн байдаг. Хэрэв хүн ёолсон бол тухайн үед 6 дугаар орцны нэг давхрын баруун талын хаалганд оршин суух айлын галын өрөөний гэрэл асаалттай байсан ба дотор байгаа хүмүүст дуу, чимээ нь сонсогдох байтал тухай айлын хүнээс гэр мэдүүлэг авахад тийм дуу чимээ огт сонсогдоогүй гэж мэдүүлсэн байдаг. Мөн Г.Д нь мэдүүлэхдээ Г.П, Н.Б нь нар нь орц руу ороод 10 гаран минут болсон гэж худал мэдүүлдэг.Энэ бүхнээс үзэхэд бид гурвыг гурван биеийнх нь эсрэг худал мэдүүлэг өгүүлэхээр бүдүүлэг арга хэрэглэсэн байна гэж үзэж байна /эрүүдэн шүүх/. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Д, Г.П нар нь дор бүрнээ өөрсдийнхөө амин хувийг бодож, нэгнийхээ эсрэг худал мэдүүлэг өгч эхэлсэн байдаг. Үнэн хэрэгтээ бол тухайн үед Г.П бид хоёрын орцонд оруулж өгсөн согтуу хүн нь одоогийн хохирогч гээд байгаа Ч.Б огт биш юм. Бид анх мэдүүлэг өгөхдөө 180 см орчим өндөртэй эрэгтэй хүний тухай бодож мэдүүлэг өгч байсан болохоос биш 167 см өндөртэй эрэгтэй хүний талаар мэдүүлэг өгөөгүй бөгөөд Ч.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр эмнэлэгт хэвтсэн байснаас шалтгаалж түүнтэй уулзаж, дүр төрхийг нь харж чадаагүй юм. Гэтэл дараа нь уулзахад бидний орц руу оруулж өгсөн хүн биш. огт өөр намхан Ч.Б гэдэг хүн байсан болохыг мэдсэн. Эрүүл мэндээрээ хохирсон Ч.Б, гэрч Г.П. Г Д нарын мэдүүлгүүд нь тогтворгүй, мэдүүлгийн эх сурвалжаа зааж чаддаггүй мэдүүлэг бүртээ өөр өөрөөр ярьдаг, худал байсан нь хяналтын камерын бичлэгүүд болон бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. Мөн хэргийн үйл явдлыг гэрийнхээ цонхоор харсан буюу        дугаар байрны оршин суугч гэх гэрч Э.Н, гудамжинд хэвтэх согтуу хүний цүнхийг нь аваад явж байхдаа надтай зөрсөн, зөрөхдөө намайг таньсан гэх гэрч Г.А /хэрэгт Г.А гэж нэртэй хүний мэдүүлэг, бусад ажиллагаануудын баримт байдаг/ нарыг яаж олж тогтоосон нь тодорхойгүй, шүүх хуралд оруулдаггүй. Тэгээд ч тэр шөнө Г.А гэх хүн бидэнтэй зөрөөгүй, тухайн үед согтуу хүн болон бид гурав нийт 4 хүн л тэр орчинд байсан. Энэ хоёр гэрчийг хаанаас, хэн яаж олж гаргаж ирсэн нь ойлгомжгүй. Г.А нь гудамжинд хэвтэх согтуу хүнийг босгож авч яваагүй орхисон хэрнээ түүнийгээ цайруулах гэж “Хүний муу үзээд яахав гээд орхиод явсан юм” гэх ядмаг хуурмаг хариулт, мэдүүлэг өгдөг хүн зааж өгсөн мэт, согтуу хүний цүнхийг нь аваад явчихдаг тэгсэн хэрнээ цүнхэн доторхыг нь “Үйлчилгээний төв”-ийн баруун урд талын хяналтын камерын дор гаргаж үзүүлчихээд гэр лүүгээ аваад явсан гэдэг боловч үүнийг нь нотлох баримт, бичлэг огт байхгүй. Энэ бол тун чухал нотлох баримт болох ёстой байхад бэхжүүлж аваагүй байдаг. Надтай зөрөөгүй хэрнээ зөрсөн гэж худал мэдүүлдэг Г.А юм уу Г.А ч юм уу, нэр ус нь тодорхойгүй хүн, бусад /гудамжинд согтуу хэвтэх хүн/-ыг амь нас нь аюултай нөхцөл байдалд орхиж явдаг ийм нэг этгээдийг гаргаж ирээд гэрчлүүлээд байдаг нь харамсалтай байна. Дээрх Г.А /Г.А/ гэх гэрчийн овог, нэрийг нэг мөр болгоогүй тохиолдолд энэхүү гэрчийн оролцсон ажиллагаа бүр, мэдүүлэг бүр нь хүчин төгөлдөр бус, нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх ямар ч боломжгүй үүнийг зүгээр нэг техникийн шинжтэй алдаа гэж үл тоож огт болохгүй. Яагаад гэвэл хүний хувь заяаг шийдэх гэж байгаа бол маш хариуцлагатай байх ёстой энэ бол мөрдөгч, прокурор, шүүхийн хуулиар хүлээсэн үүрэг. Мэдүүлэг авч байгаа хүнийхээ нэр усыг ч зөв тодруулаад биччихэж чаддаггүй мөрдөгчийн бүрдүүлсэн хэргийн материалд үнэмших боломжгүй, маш хайхрамжгүй, хариуцлагагүй, ур чадваргүй байна гэж дүгнэгдэж байна. Хэрэг явдал болдог өдөр Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Ч.Б гэдэг хүн л ганцаараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байгаагүй өөр бусад хүмүүс ч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болох нь       дүгээр байрны "Б” хүнсний дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн байдаг. Тухайн дэлгүүрийг гэрч болох Г.А ажиллуулж байсан ба тэрхүү дэлгүүрээр согтуурсан байж болзошгүй хоёр ч хүн Ч.Бийн дараахан орж ирээд худалдагч Г.А-тай /Г.А/ юм ярьж байгаад гарсан нь харагддаг, мөн Г.А-н /Г.А/ хажууд танил нь болох нэг залуу багагүй хугацаанд хамт сууж байгаад 1 шил архи, 3 лааз пиво аваад гардаг. Үүнээс үзэхэд Ч.Б нь       дүгээр байрны орчимд байж байгаад тэр хавийн залуустай согтууруулах ундааны зүйл хамт хэрэглээд, тэндээ бусдад зодуулж, өөрийнхөө мэдүүлдэгчлэн      дүгээр байрны орцонд өглөө сэрсэн байхыг үгүйсгэхгүй. Мөн би хардах эрхтэй учир Ч.Б нь өөр хэн нэгнийд очиж согтуурсан байхыг ч үгүйсгэхгүй бөгөөд тэндээ бусадтай муудалцсан байхыг ч үгүйсгэхгүй, эхнэр нь Ч Бийн дотуур хувцсыг устгасан тухай баримт хэрэгт авагдсан байдаг. Магадгүй Ч.Б нь өөр эмэгтэй хүнийд очиж хоносон байхыг ч үгүйсгэхгүй. Маш олон таамаг дэвшүүлж байж хамгийн боломжтой хувилбарыг барьж, гаднаас нь дотогш хумьж шалгадаг болохоос биш нэг бичлэг олж авчихаад түүнийг шал өөр хүмүүстэй холбох гэж муйхарлан зүтгэх нь туйлын буруу, хүн хэлмэгдэх аюултай юм. Зөрүүтэй, өөр өөр цаг хугацаанд, өөр газар, өөр хүнийг хүргэж өгсөн бид гурвын бичлэгийг яаж ч юм олж авчихаад шууд хүчээр тааруулах гэж оролдож, сохроор биднийг ялтан гэмтэн болгосон нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг барьсанд маш их харамсаж, гомдолтой. бухимдалтай байна. Иймд миний энэхүү гомдлын дагуу надад холбогдуулсан эрүүгийн хэргийг нягт нямбай, тал бүрээс нь бүрэн бодитой хянан үзэж, мэргэн оюундаа тунгаан үнэн зөв, шударга ёсыг тогтоож бидэнд ашигтайгаар шийдвэрлэж. эрүүл мэндээрээ хохирсон Ч.Бийг гэмтээсэн, дээрэмдсэн жинхэнэ гэмт хэрэгтнүүдийг олуулж, ял шийтгэлийг нь оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч О.С давж заалдах гомдолдоо:

“... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д шүүхийн хэлэлцүүлэг, шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж заажээ. Шүүх хурал дээр дурдсан нотлох баримтуудаас гадна гэрч Жн өгсөн мэдүүлэгт бичлэгийг үзэхэд надтай адилхан өндөртэй, миний амьдардаг орцонд орж байна, мөн өмсдөг куртиктай төстэй юм байна, би архи уугаад согтохоороо явж чадахгүй уначих гээд байдаг юм аа. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрчээр Ч.Бийн өгсөн мэдүүлэгт нэг сэрэхэд      дүгээр байрны үүдэнд унтаж байгаад сэрсэн, тэгээд би говил руу явсан. ... 2-3 залуу бүгд хар хувцастай байсан, Хавтаст хэргийн 61 дүгээр хуудас дахь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн гэрч Д-н мэдүүлэгт: Тухайн үед өндөр, туранхай байцаагч намайг цохиод, дарамтлаад байхаар нь Б ахыг цохисон гэж хэлсэн. Мэдүүлэг авахаасаа өмнө өөрийнхөө өрөөнд намайг зодож байгаад, дараа нь мэдүүлэг авсан. Бид гурвыг та нар хохирогчийг зодсон биз дээ гээд дарамтлаад байсан гэсэн мэдүүлэг, шүүгдэгч хохирогч нарын өндрийг хэмжсэн тэмдэглэл, туршилт хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан. Гэвч эдгээр баримтыг шинжлэн судалсан талаар тогтоолд дурдаж, хэрхэн үнэлж дүгнэсэн эдгээр нь хэрэгт ач холбогдолтой эсэхэд эргэлзэх үндэслэл байгаа талаар дүгнэлт хийсэнгүй. Шүүх хуралдаанаар судалсан камерын бичлэг (      байр),      дүгээр байрны “Б” дэлгүүрийн камерын бичлэгээр хохирогч Б хар хөх өнгийн петровкатай, харин шүүгдэгч нарын сугадаж түшиж яваа хүн нь цайвар өнгийн куртиктай явж байгаа, мөн түүний өндөр нь Бийн өндөртэй тохирохгүй байгаа, камерын бичлэгт бичигдсэн      дугаар байрны орцноос гарч ирсэн шүүгдэгч нарын явж буй байдал Д-н мэдүүлгийг давхар нотлохгүй няцааж байгаа  зэргийг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл 2019 оны 04 дүгээр сарын 30-ны 00 цаг 25 минутад шүүгдэгч Б, П нар бүлэглэн Ч.Бийг согтуу биеэ хамгаалах чадваргүй байхад нь хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, монетон бөгжийг нь авсан үйл баримт тогтоогдож байна гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэнгүй. Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжаа гэрчээр анх мэдүүлэг өгөхдөө бараан өнгийн хувцастай залуус байсан, мөн би      тоот байрны үүдэнд сэрсэн гэдэг бөгөөд сүүлд хохирогчоор тогтоогдохдоо эх сурвалжаа мэдэхээ больдог. Хохирогч Б  хүнсний дэлгүүрээс 22 цаг 37 минутад гарсан байдаг. Шүүгдэгч нар  00 цаг 08 минутаас 00 цаг 12 минутын үед цайвар өнгийн хувцастай эрэгтэйг 3-6 дугаар байр руу хүргэхээр авч явсан. Уг хүнийг Орос цэцэрлэгийн зүүн хажууд явган хүний замаас олсон тухай мэдүүлэг шалгах ажиллагааны тэмдэглэл,       тоотод амьдрах Ж гэгч нь надтай төстэй, куртик адилхан байгаагаас дүгнэхэд шүүгдэгч нарын таарсан хүн нь Б болох эсэх нь эргэлзээтэй байна. Дээрх байдлуудыг шүүх онцгой ач холбогдолтой нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй тул хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчих гэсний тухайд: Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7 дугаар заалт 36.7 дугаар зүйлийн 2.1, 36.7 дугаар зүйлийн 2.2, 36.7 дугаар зүйлийн 2.3, 36.7 дугаар зүйлийн 2.4-т заасан тогтоолыг тодорхойлох хэсэгт тавигдах шаардлагад нийцсэнгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын нэг болох Д-н мэдүүлэг нь (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлд заасан эрүү шүүлт тулгаж авсан нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх гэсэн) 16.12 дугаар зүйлийн 1-т зааснаар Д-н өгсөн мэдүүлэг нь түүнтэй хүнлэг бус, хэрцгий харьцаж мэдүүлэг авсан болох нь өөрийнх нь мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдох тул нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлийг бий болгож байхад шүүх үүнийг шийдвэр гаргахдаа ашиглаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцох үндэслэл болно гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хангасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 1.7 дугаар зүйлийн 2-д “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг хуульчилжээ. Н. Бт холбогдох хэргийн тухайд хэргийн бодит байдлыг тогтоосон гэж үзэж, шүүхэд шилжүүлсэн. Шүүх нэг удаа нотолбол зохих байдлыг хангалттай тогтоогоогүй үндэслэлээр буцаасан боловч буцаасан шүүхийн тогтоолд заагдсан нэмэлт ажиллагаа хангалттай бүрэн дүүрэн хийгдэж ирээгүй. Шүүх бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүрэгтэй, эргэлзээтэй байдлууд үүссэн тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг хэрэглэх, тайлбарлахад эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг хэрэгжүүлэх бүрэн үндэслэл байсан. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар) хэрэгт хамааралтай нотлох баримт нэг бүрийг тал бүрээс нь бодитой нягт нямбай, бүрэн гүйцэд байдлаар хянах үүрэгтэй бөгөөд дээрх шаардлагыг хангаагүй тул шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож Н. Бт холбогдох хэргийг цагаатган хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Г.П давж заалдах гомдолдоо:

“... хохирогч болон Ч.Б гэдэг нэртэй хүнтэй ерөөсөө тааралдаагүй байхад цаг хугацаа нь ч зөрж, өмсөж явсан хувцас нь хүртэл зөрүүтэй. Бас Ж, Б нарын өмссөн хувцас нь байсан учир бид хоёртой цуг Д гэх залуу эрүүгийн төлөөлөгч дэслэгч З-д өгсөн мэдүүлэгтээ өөрийгөө хаацайлан өөрийн эрх ашгийн төлөө худал мэдүүлэг өгсний учир П миний бие болон Б бид хоёр руу худал мэдүүлэг өгч гүтгэсэн тул маш их гомдолтой байна. Гэрч А нь өгсөн мэдүүлэгтээ хохирогч болох Бийг өөрийн дэлгүүрт 22 цаг 26 минутын орчим утсаар ярьсан болон өөрөө дэлгүүрээ 00 цагт хаагаад Орос цэцэрлэг болон 3-16 дугаар байрны голын замаар явж байхад согтуу хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь би очоод харахад утсаар ярьсан хүн мөн байсан. Тэгээд би цагдаа дуудаж өгье гэж бодсон боловч хүний муу үзээд яахав гээд больсон. Би цүнхийг нь өөр хүн авч магадгүй гэж бодож маргааш эхнэр рүү нь залгаад өгье гэсэн утгаар аваад явсан гэх мэдүүлэг өгсөн байсан. Энэ хүн тухайн үед дуудлага болон ар гэрт нь мэдэгдэж болох байсан гэтэл иргэний үүргээ биелүүлээгүй биднийг харсан хажуугаар зөрсөн бараан өнгийн хувцастай гурван залуу урдаас ирж байсан гэж худал мэдүүлэг өгсөн байсан. Тэр үед Д Б, П бид гурав нь алаг эрээн болон хар хөх канттай цагаан өнгийн гадуур хувцастай явж байсан. Өөр хүн зөрж ерөөсөө өнгөрөөгүй. Гэрч Ж өгсөн мэдүүлэгтээ Б, Д, П бид гуравтай таараагүй. Тийм хүмүүс хүргэж өгөөгүй. Би уусан үедээ дуудлагын таксигаар гэртээ харьдаг гэх зэрэг худал мэдүүлэг өгсөн байдаг. Үүнд маш гомдолтой, хэргийг үнэн зөвөөр шударгаар шийдэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Г.Пгийн өмгөөлөгч Б.Д давж заалдах гомдолдоо:

“... Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Б.Ж-н мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа хийсэн хохирогч Ч.Бийн охин Б.Б оролцсон тэмдэглэлийг шүүх хэрхэн үнэлсэн талаар шийтгэх тогтоолд дурдаагүй байна. Тодруулбал: Гэрч Б.Ж мэдүүлэг /3 дугаар хх-ийн 163/ 2021 оны 06 дугаар сарын 02  "... Уг бичлэгийг үзэхэд миний өндөр, дээгүүрээ өмссөн куртиктэй их төстэй, манай орц руу орсон, бас би архи уугаад их согтохоороо хөл рүүгээ орчхоод явахдаа явдал дундаа уначих гээд байдаг... эдгээр шинжүүд байна ... би яг өөрийгөө гэж хэлж чадахгүй ... тухайн үед өмсөж байсан куртик маань одоог хүртэл байгаа. Цайвар шаргал өнгийн задгай энгэртэй, цахилгаантай, өмссөн үед тэлээнээс бага зэрэг доогуур хэмжээтэй",

гэрч Б.Ж /хх 165/ "... бичлэгийг сайн харахад хоёр эрэгтэй хүний голд түшүүлээд явж байгаа эрэгтэй хүнийг ар талаас нь харахад надтай адилхан өндөртэй, явж байгаа байдал нь адилхан, миний амьдардаг орцонд орж байсан. Тэрнээс биш царай зүсийг нь тодруулж хараагүй болохоор би мөн биш гэдгийг хэлж мэдэхгүй байна. Би архи уугаад их согтчихоороо явж чадахгүй уначих гээд байдаг юм. Хяналтын камерын бичлэгийг үзэхэд 3-6 дугаар байрны урд талын явган хүний шатаар бууж байхад ч голд нь явж байсан эрэгтэй хүн унах гэхэд хажуу талын хүн түшиж байсан ..." гэх мэдүүлгүүдийг шүүх хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт хийгээгүй.

/З дугаар хх 172-174/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1366 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 2-т заасан " ... орон сууцны гадна ... 2016 оны 04 дүгээр сарын 30-ны 00:25:46-аас 00:26:18 секундийн хооронд дэлгэцийн зүүн талаас хойшоо чиглэлтэй явж байгаа гурван хүний голд яваа эрэгтэй хүнийг хоёр захын хүн түшиж явсан , хүмүүсийн дүрс богино хугацаанд, хэт холоос жижиг хэмжээтэй дүрслэгдсэнээс үйл хөдлөлийн онцлог шинжүүд тодорхой дүрслэгдээгүй байх тул гурван эрэгтэйн голд яваа эрэгтэй биеийн өндөр намын хэмжээ, үйл хөдлөл тохирч байгаа эсэхийг тогтоох боломжгүй, дүрс бичлэг нь IR /хэт улаан/ гэрэлтүүлэгтэй, хар цагаан дүрслэлтэйгээс өмссөн хувцсыг өнгө загварыг тогтоох боломжгүй байна" гэснийг хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан үнэлээгүй. Хохирогч Ч.Бийг таньж олуулах ажиллагаанд эхнэр Д.Д, охин Б.Б нар оролцсон ба охин нь таниагүй./2 дугаар хх 93/ Өглөө орцноос гарч байгаа бараан өнгийн хувцастай залууг нүдэн баримжаагаар харахад алхаа, явдал нь 30-35 насны залуу хүн харагддаг. Хохирогч бүжиглэдэг, хөнгөн хөдөлгөөнтэй гэх боловч камерын бичлэгт байгаа залуутай адил байх боломжгүй. Гэтэл түүний эхнэр нь таньсан гэж шүүх үнэлээд байгаа дэндүү хийсвэр дүгнэлт болжээ. /хх-ийн 154/ Мөрдөн шалгах туршилт "Ч.Б 167 см, Н.Б 180 см, Г.П 163 см өндөртэй. Камерын бичлэг, сүүлд Ч.Б, Г.П, Н.Б нарыг оролцуулан хийсэн туршилтуудыг харьцуулан бодит үнэнд аль баримт үнэлэгдэх боломжтой эсэхэд шүүх дүгнэлт хийсэнгүй. Камерын бичлэгт Н.Б, Г.П нарын голд яваа эрэгтэй хүн Н.Боос өндөр харагдаж байна. Туршилтаар Н.Бын өндөр 180 см, Ч.Б 167 см өндөртэй байгааг тогтоогдсон. Эдгээр баримтуудыг нотолгооны ач холбогдолтой талаас нь үнэлэлт өгөөгүй юм. Хэрэг цагдаа дээр шалгагдаж байх үеэс Г.П тухай өдрийн явсан маршрутаа бүдүүвч зургаар бэхжүүлж, хэрэгт хавсаргуулсан.Г.Д-н мэдүүлгийг газар дээр нь шалгаж, маршрутыг тогтоосон боловч энэ үйл баримтыг шүүх үнэлээгүй. Түүний мэдүүлгээс "...шүүгдэгч нар хохирогчийн хүч хэрэглэн зодсон, өргөж явахдаа газарт унагаасан болох нь тогтоогдож байна..." гэж зөвхөн яллах талыг баримтлан үнэлж байгаа нь үндэслэлгүй. Г.Д-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан баримтыг шүүх хэрхэн үнэлсэн эсэх тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ мөн зүйлийн 2-т заасан " Шүүх ... хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг... үнэлнэ" гэснийг шүүх баримтлаагүй. Мөн зүйлийн 3-т "хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана" гэснийг шүүх хэрэгжүүлээгүй байна. Шийтгэх тогтоол нь бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр  үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул 307 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Б, Г.П нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо:

“... Хохирогч Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр эм тариа болон бусад зардал гэж 7.232.031 төгрөг, бөгжний үнэ 774.000 төгрөг, Хятад улсын Шилийн гол эмнэлэгт эмчлүүлэх зардал 60.000 юан буюу 23.220.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны байдлаар эм тариа бусад зардал 1.330.142 төгрөгийн хохирлын мөнгө нэхэмжилснээс бөгжний үнэ 774.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг дутуу шийдвэрлэсэн учир шүүгдэгч нараас нэмж гаргуулах хүсэлтэй байна. Хятад улсын Шилийн гол эмнэлэгт эмчлүүлэх зардал 60.000 юан буюу 23.220.000 төгрөгийг зардлаа гарсан үед жич нэхэмжлэх эрхтэйгээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан учир хилийн хориог цуцалж, нээгдэхээр эмчлүүлнэ. Шүүгдэгч Г.П нь хохирлыг хурлын өмнө өгнө гэж тайлбараа гаргасныг хохирогч Б.Б хүлээн авч хохирлоос тооцож, шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн боловч эд хөрөнгийн хохирлыг дутуу шийдвэрлэсэн гэж үзэж байх тул эд материалын хохирол болох бөгжний үнэ 774.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах асуудлыг шийдвэрлэж, 307 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

“... Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б, Г.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж хорих ялыг эдэлж дуссаны дараа зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон нь үндэслэлгүй байна.  Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял оногдуулж 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нийт эдлэх ялаас 2 жилийг хасаж эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн ба нэгэнт хорих ял оногдуулсан байхад зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж эдлэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд хуульд нийцэхгүй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 3, 4 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж ...” гэж өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Б тайлбартаа: ... давж заалдах гомдлоо дэмжиж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.П тайлбартаа: ... давж заалдах гомдлоо дэмжиж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т тайлбартаа: ... давж заалдах гомдлоо дэмжиж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.С тайлбартаа: ... давж заалдах гомдлоо дэмжиж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д тайлбартаа: ... давж заалдах гомдлоо дэмжиж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б тайлбартаа: ... хэргийг прокурорт буцааж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ч.Б тайлбартаа: ... өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д тайлбартаа: ... өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: ... давж заалдах гомдлоо дэмжиж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: ... Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Б, Г.П нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

              Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б, Г.П нарыг бүлэглэж хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол,

харин Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Г.П нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус 2 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгч Н.Б, Г.П нарт оногдуулсан 3 жилийн хорих ял, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл тус тус гаргасан байна.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.Б, Г.П нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Б, Г.П нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэж шүүхийн 60 дугаартай тогтоолоор “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр бүрэн тогтоогдоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай...” гэж дүгнэж, хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн тогтоолд заасан дээрх ажиллагааг бүрэн гүйцэд хийж гүйцэтгээгүй,  тодруулбал гэмт хэргийг хэн үйлдсэн, мөн тухайн цаг хугацаанд Н.Б, Г.П нар          аймгийн     сумын       дугаар орцонд оруулсан гэх хүн нь хохирогч Ч.Б мөн эсэхийг нарийвчлан шалгаж тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад     багийн     дугаар байрны гадна талын хяналтын камерт бичигдсэн хүмүүсийг таньж олуулах ажиллагаа хийх үед шүүгдэгч Г.П нь “...баруун талд нь явж байгаа малгайтай бараан өнгийн куртиктэй залуу нь Н.Б, зүүн талд нь явж байгаа цагаан өнгийн хувцастай залуу нь миний бие байна..." гэж /2 дугаар хх 87/,

шүүгдэгч Н.Б нь “...баруун талд нь явж байгаа малгайтай бараан өнгийн куртиктэй нь миний бие ... зүүн талд явж байгаа цагаан өнгийн хувцастай залуу нь Г.П байна...” гэж /2 дугаар х 89/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нь “ ... голд явж байгаа эрэгтэй манай нөхөр мөн байна. Тухайн үед өмсөж явсан куртик нь 2 талаараа өмсдөг куртик байсан ба нэг тал хар өнгийн нөгөө тал цайвар шаргал өнгийн куртиктэй байсан, куртикээр нь таньж байна...” гэсэн /2 дугаар хх 91/ байх боловч гэрч Б.Б буюу хохирогч Ч.Бийн охин нь “...би сайн мэдэхгүй байна...” гэж /3 дугаар хх 93/ тус тус мэдүүлсэн байна.

Мөн     аймгийн      сумын      багийн      тоотод амьдардаг гэх Б.Ж-д уг бичлэгийг үзүүлж, гэрчээр мэдүүлэг авахад “... уг бичлэгийг үзэхэд миний өндөр, дээгүүрээ өмссөн куртиктэй их төстэй, манай орц руу орсон, бас архи уугаад их согтохоороо хөл рүүгээ орчихоод явахдаа явдал дундаа уначих гээд байдаг юм. Эдгээр шинжүүд байна. Гэхдээ би өөрийгөө гэж хэлж чадахгүй...тухайн үед өмсөж байгаа куртик одоог хүртэл байгаа ... миний биеийн өндөр 180 см, 78 орчим кг жинтэй ...” гэж,

тэрээр дахин мэдүүлэхдээ “... бичлэгийг сайн харахад хоёр эрэгтэй хүний голд түшүүлээд явж байгаа эрэгтэй хүнийг ар талаас нь харахад надтай адилхан өндөртэй, явж байгаа байдал нь адилхан, миний амьдардаг орцонд орж байсан. Тэрнээс биш царай зүсийг нь тодруулж хараагүй болохоор би мөн биш гэдгийг хэлж мэдэхгүй байна. Би архи уугаад их согтчихоороо явж чадахгүй уначих гээд байдаг юм..." гэж тус тус мэдүүлжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх учиртай.

Тухайн үйл баримт болох үеийн хяналтын камерын бичлэг буюу “... гурван эрэгтэйн голд яваа эрэгтэй биеийн өндөр намын хэмжээ, үйл хөдлөл тохирч байгаа эсэхийг тогтоох боломжгүй, дүрс бичлэг нь IR /хэт улаан/ гэрэлтүүлэгтэй, хар цагаан дүрслэлтэйгээс өмссөн хувцсыг өнгө загварыг тогтоох боломжгүй” болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1366 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгах туршилт хийхэд хохирогч Ч.Б нь 167 см өндөртэй, шүүгдэгч Н.Б нь 180 см өндөртэй, Г.П 163 см өндөртэй талаарх баримт хэрэгт авагджээ.

Гэтэл хяналтын камерын дүрс бичлэгт 3 хүний дунд явж байгаа хүн нь биеийн өндрийн хувьд шүүгдэгч Н.Бтой ойролцоо харин шүүгдэгч Г.Пгээс нилээн өндөрдүү байгаагаар дүрслэгдсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэн үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал, 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, өөрөөр хэлбэл дээрх хяналтын камерын бичлэгт бичигдсэн хүмүүсийн дунд явж байгаа хүн нь хохирогч Ч.Б мөн эсэх, цаашилбал хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүгдэгч Н.Б, Г.П нар учруулсан эсэх зэргийг нарийвчлан шалгаж тогтоох,

Хяналтын камерын бичлэгт дүрслэгдсэн байрлалаар шүүгдэгч Н.Б, Г.П болон хохирогч Ч.Б нарыг явуулж дахин туршилт хийх /ингэхдээ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан куртикийг хохирогчид хоёр талаар нь өмсүүлэх/, гэрч Б.Ж /өөрт нь байдаг гэх цагаан шаргал өнгийн куртикийг өмсүүлж/-ийг шүүгдэгч Н.Б, Г.П нартай хамт явуулж туршилт хийж дүрсжүүлэх,

гэрч Б.Ж-тэй туршилт хийсэн бичлэг нь      багийн       дугаар байрны гадна талын хяналтын камерт анх бичигдсэн бичлэг дэх хүмүүсийн голд явж буй хүний өндөр, нам, өмссөн хувцас, бусад байдал нь тохирч байгаа эсэхийг шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоолгох, хэрэгт хавсаргагдан ирүүлсэн дүрс бичлэгийн хуурцгийн зөрүүг тогтоох зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцааж, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэл зэргийг хэлэлцэхгүй орхисныг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хэргийг прокурорт очтол шүүгдэгч Н.Б, Г.П нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Шүүгдэгч Н.Б, Г.П, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Т, О.С, Б.Д, хохирогчийн өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэл зэргийг хэлэлцэхгүй орхисугай.

3. Хэргийг Прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

               ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА

                                                                                                            С.УРАНЧИМЭГ