Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 124

 

2017         09           13                                                     124

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Хохирогчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Хохирогч Д.Түмэнцэцэг

Шүүгдэгч Ю.Мөнхтөмөр нарыг оролцуулан,

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нохойрог хүгдүүд овогт Юндэнгийн Мөнхтөмөрт холбогдох эрүүгийн 201511000207 дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Нохойрог хүгдүүд овогт Юндэнгийн Мөнхтөмөр, Дорнод аймгийн Чулуунхороот суманд 1979 оны 04 сарын 20-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖН79042071/, дээд боловсролтой, байгаль хамгаалагч мэргэжилтэй, Дорнод аймгийн Дашбалбар суманд байгаль хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч Ю.Мөнхтөмөр нь согтуугаар 2015 оны 03 сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар баг, “Дун” хорооллын 01-10 тоот хашааны гадна иргэн Д.Түмэнцэцэгтэй “согтуу байхад нь зургийг нь авсан” гэх шалтгаанаар маргалдан улмаар хавсарч унаган иргэн Д.Түмэнцэцэгийн биед зүүн өвдөгний гадна менискийн урагдал, зүүн өвдөгний үений битүү гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ю.Мөнхтөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан мэдүүлэг үнэн зөв гэв.

            Шүүгдэгч Ю.Мөнхтөмөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “2015 оны 03 сарын 13-ны өдөр хөдөө байдаг Баатар гэх ахындаа 10 цагийн орчимд очиж ах Баатартайгаа хамт “Улаанбаатар”, “Ерөөл” нэртэй хоёр шил 0.5 граммын архи хувааж уугаад би гэр рүүгээ харихаар явсан. Гэртээ очиод байж байгаад ажил руугаа явж байхад эхнэр Мөнхцэцэг болон Түмэнцэцэг нартай тааралдахад намайг “согтуу байж ажил руу явж яах гэсэн юм бэ, гэртээ харьж амар” гэж хэлээд намайг аваад бид 3 манай гэр рүү явсан. Намайг хашаан дотор гэрийнхээ гадаа хэвтэж байхад Түмэнцэцэг миний зургийг гар утсаараа аваад байхаар нь “яах гэж миний зургийг аваад байгаа юм бэ, гар утсаа өг, би зургаа устгана” гэж хэлэхэд, “өгөхгүй” гээд зугтаахаар нь утсыг нь авах гээд хойноос нь очиход өгөхгүй болохоор нь би Түмэнцэцэгийг 1-2 удаа хавсарч унагаасан байх” гэжээ. /хх 52/

 

            Хохирогч Д.Түмэнцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2013 оны 3 сарын 13-ны өдөр эхнэр Мөнхцэцэгийнх хамт Мөнхтөмөрийг гэрт нь хүргэж өгсөн. Мөнхтөмөр гэрийнхээ үүдэнд газар хэвтээд өгсөн. Тэгэхэд нь эхнэр нь “чи зургийг нь авчих, маргааш өглөө архи нь гарахаар харуулъя, ямар үйлдэл гаргаснаа санадаггүй юм” гэхээр нь зургийг авсан. Мөнхтөмөр босож ирээд “чи зураг авлаа, чамайг ална, утсаа өг” гээд байхаар нь би зугтаасан. Миний араас хөөж ирээд намайг хавсарч унагаасан, би босох гээд хөл өвдөөд босож чадахгүй байсан.

            Мөнхтөмөрийн унагааснаас болж миний зүүн өвдөгний гадна менискийн урагдал, зүүн өвдөгний үений битүү гэмтэл гэсэн онош гарсан. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн боловч мөнгө төгрөгний боломжгүйгээс өнөөдрийг хүртэл хагалгаанд орж чадаагүй юм. Зөвхөн хагалгаанд гэхэд л 7000000 төгрөг орно гэсэн. Энэ гэмтлээс болж би маш их зардал гаргаж, хохирч байгаа. Дорнод аймагт эмчлэх боломжгүй гээд Дорнодын эмнэлэг намайг хүлээж авахаа болисон. Миний хөл улам хүндэрч байгаа учраас яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна.

                                                   

Мөнхтөмөр энэ хугацаанд надад 2800000 төгрөг өгсөн. Үүнийг би төлбөрөөс хасуулж тооцуулахгүй. Одоо би Мөнхтөмөрөөс эмчилгээ болон хагалгааны зардал, ажилгүй байсан цалингийн зөрүү нийт 22587141 төгрөг нэхэмжилнэ” гэв.

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 04 сарын 09-ний өдрийн 189 тоот дүгнэлтэд: “1.Д.Түмэнцэцэгийн биед зүүн өвдөгний үений битүү гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 31/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 сарын 03-ны өдрийн 313 тоот дүгнэлтэд: “1.Д.Түмэнцэцэгийн биед 2016.03.13-ны өдөр Ю.Мөнхтөмөрт зодуулсан үйлдлийн улмаас учирсан зүүн өвдөгний гадна менискийн урд эврийн сэмэрсэн урагдал, зүүн өвдөгний үений битүү гэмтэл нь мэс засалд эмчилгээ хийлгээгүй тохиолдолд одоог хүртэл бүрэн эдгэрэхгүй байх боломжтой, дээрх гэмтэл нь мэс заслын эмчилгээгээр бүрэн эдгэрдэг, мэс заслын эмчилгээ хийгдэж эдгэрсэн тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 2.Д.Түмэнцэцэгийн биед илэрч буй зовиур нь тухайн үед авсан гэмтэлтэй холбоотой, яаралтай мэс засал хийгдсэн тохиолдолд бүрэн эдгэрэх боломжтой, тухайн гэмтлийг эмчлэх, эдгэрэх дэглэм сахиагүй нь эрүүл мэндийг сарниулах хугацаанд нөлөөлөхгүй. 3.Д.Түмэнцэцэгийн зүүн өвдөгний гадна менискийн урд эврийн сэмэрсэн урагдал, зүүн өвдөгний үений битүү гэмтэл нь 2016.03.13-нд үүссэн байх боломжтой. 4.Мөнгөнгүүр эмнэлгийн 2015.04.03-ны өдрийн MRI шинжилгээний хариу, ГССҮТөвийн 2015.10.27-ны өдрийн MRI шинжилгээний хариу хоорондоо зөрүүгүй байна. Дээрх зургийн хариунууд хоорондоо тохирч байна. 5.Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖурсын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна ” гэжээ. /хх 82-83/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 сарын 12-ны өдрийн 618 тоот дүгнэлтэд: “1.Урьд гаргасан 189 тоот дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байна. Урьд бүрэлдэхүүнтэй гаргасан 313 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Д.Түмэнцэцэгийн умайг авахуулсан, бүсэлхийн 3/4, 4/5-р нугалмын жийргэвчийн цүлхийлт нь 2015.03.13-нд авсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна. 3.Д.Түмэнцэцэгийн биед зүүн өвдөгний гадна менискийн урагдал, зүүн өвдөгний үений битүү гэмтэл тогтоогдлоо. 4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 6.Дээрх гэмтэл нь мэс засал эмчилгээ хийлгэсэн тохиолдолд бүрэн эдгэрэх боломжтой бөгөөд эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 105-106/

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар: Хохирогч Д.Түмэнцэцэг /хх 15-19, 99-101/, Гэрч Т.Мөнхцэцэг /хх 20-21/, Г.Мөнх-Алдар /хх 22-23/, Д.Дамдиндорж /хх 26-27/, Б.Энхтүвшин /хх 24/, Г.Эрдэнэзул /хх 25/, насанд хүрээгүй гэрч Г.Гансувд /хх 24-25/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Ю.Мөнхтөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 44-51, 109-110/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, Өвчтний картын хуулбар /хх 30-38, 116-136/, Хохирлын баримтууд /хх 57-64, 137-167, задгай/, Хохирол төлсөн талаарх баримт /задгай 2 хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 95-97/, Эд зүйлийн үнэлгээ /хх 98/, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 35/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 53, 113/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 54, 114/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.

            Шүүгдэгч Ю.Мөнхтөмөр нь согтуугаар 2015 оны 03 сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар баг, “Дун” хорооллын 01-10 тоот хашааны гадна иргэн Д.Түмэнцэцэгтэй “согтуу байхад нь зургийг нь авсан” гэх шалтгаанаар маргалдан улмаар хавсарч унаган хохирогч Д.Түмэнцэцэгийн биед “зүүн өвдөгний гадна менискийн урагдал, зүүн өвдөгний үений битүү гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч Ю.Мөнхтөмөрийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн “...Би хашаан дотор гэрийнхээ гадаа хэвтэж байхад Түмэнцэцэг миний зургийг гар утсаараа аваад байхаар нь “яах гэж миний зургийг аваад байгаа юм бэ, гар утсаа өг, би зургаа устгана” гэж хэлэхэд өгөхгүй гээд зугтаахаар нь утсыг нь авах гээд хойноос нь очиход өгөхгүй болохоор нь би Түмэнцэцэгийг 1-2 удаа хавсарч унагаасан...” /хх 52, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх мэдүүлгийг давхар нотолсон хохирогч Д.Түмэнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...намайг барьж аваад 3 удаа хавсарч унагаасан, би босох гэсэн чинь миний хөл өвдөөд босож чадахгүй байсан...” /хх 17, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх,

Гэмт хэргийн үйл баримтыг нүдээр харсан, насанд хүрээгүй гэрч Г.Гансувдын “...хүмүүс шуугилдаад байхаар нь гэрээсээ гараад харахад Мөнхтөмөр ах Түмэнцэцэг эгчтэй маргалдаад хөөцөлдөж байгаад манай хашаанд ороод ирсэн. Мөнхтөмөр ах Түмэнцэцэг эгчийн толгойг дарж газар унагаасан. Тэгээд босож чадахгүй байхаар нь би Түмэнцэцэг эгчийг босгож өгсөн...” /хх 25/ гэх мэдүүлгүүд,

Мөн гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч Д.Түмэнцэцэгийн биед “зүүн өвдөгний үений битүү” гэмтэл учирсан талаар дүгнэсэн шинжээчийн 189, 313, 189 тоот дүгнэлтүүд /хх 31, 82-83, 105-106/, Өвчтний картын хуулбар /хх 30-38, 116-136/, Хохирлын баримтууд /хх 57-64, 137-167, задгай/, Хохирол төлсөн талаарх баримт /задгай 2 хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, зэрэг хуульд заасан  үндэслэл  журмын  дагуу  олж  авсан нотлох баримтуудаар  давхар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ю.Мөнхтөмөрийн үйлдсэн гэмт хэрэгт хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

            Харин энэ гэмт хэрэг нь 2015 оны 3 сарын 13-ны өдөр үйлдэгдсэн байх ба 2015 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамаарагдах тул шүүгдэгч Ю.Мөнхтөмөрт холбогдох хэргийг аймгийн Прокурорын газраас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн ирүүлснийг өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзнэ.

            Иймд шүүгдэгч Ю.Мөнхтөмөрийг хүний биед санаатай хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хэрэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

            Хохирогч Д.Түмэнцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохиролд эмчилгээний зардал, унааны зардал, хагалгааны зардал, ажилгүй байсан цалингийн зөрүү нийт 22558721 төгрөг нэхэмжилнэ /хх 166-167/...Мөнхтөмөрийн өгсөн 2800000 төгрөгийг энэ нэхэмжлэлээс хасаж тооцохыг зөвшөөрөхгүй...” гэжээ.

 

            Шүүх иргэний нэхэмжлэлийг хэрэгт цугларсан хотлох баримтын хүрээнд шалгаж дүгнэвэл: Хохирогч Д.Түмэнцэцэг нь хохиролд нийт 22587141 төгрөг нэхэмжилнэ гэх боловч хохиролтой холбогдуулж 20682841 төгрөгийн нотлох баримтыг ирүүлжээ.

            Нотлох баримтын хүрээнд хохирлыг тооцож үзэхэд, эмчилгээний зардлын 1423000 төгрөг, унааны зардлын 490300 төгрөг /нотлох баримтын шаардлага хангасан/ нийт 1913300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэстэй байна.

Гэвч шүүгдэгч нь хохирогчид 3170000 төгрөг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, мөнгө тушаасан баримт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийн төлбөл зохих 1913300 төгрөгийг барагдуулсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Харин иргэний нэхэмжлэлээс 2015 оны 03 сараас 2016 оны 09 сар хүртэлх цалингийн зөрүү 3173320 төгрөг, 2016 оноос 2017 оны ажилгүй байсан хугацааны цалин 4880221 төгрөг, эмчилгээний зардлын 8935000 төгрөг, нийт 16988541 төгрөгийн нотлох баримтын бүрдэл дутуу байх тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй байна.

            Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаас наториатын үнэ 23500, такси унааны хөлс 24000, Люксмед эмнэлгийн 180000, “ЭМЖЖ” ХХК-ний үзлэг 10000, Дондог, Ганхөлөг нарын унааны зардал 63200, хоолны зардал 150000, өмгөөлөгчийн зардал 1200000, утасны зардал 150000, нэхэмжлэлийн тооны зөрүү 1884600 төгрөг, нийт 3685300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлээс 4000м2 газар битүүмжилсэн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг өөрт нь буцаан олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Нохойрог хүгдүүд овогт Юндэнгийн Мөнхтөмөрт холбогдох эрүүгийн хэргийг аймгийн Прокурорын газраас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Нохойрог хүгдүүд овогт Юндэнгийн Мөнхтөмөрийг хүний биед санаатай хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

3. Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Ю.Мөнхтөмөрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Шүүгдэгч Ю.Мөнхтөмөр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, гэм хорын хохиролд хохирогчид 3170000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 16988541 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч Д.Түмэнцэцэгт мэдэгдэж, 3685300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс Дорнод аймгийн Дашбалбар сумын Улз багийн “Дун” хороололд байршилтай 4000м2 газар битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 05 сарын 23-ны өдрийн ”Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.

 

7. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖН79042071 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ