Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 72

 

Ю.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 47 дугаар магадлалтай, Ю.М-д холбогдох 201511000207 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Н овогт Ю-гийн М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан прокуророос Ю.М-ийн үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Ю.М-ийг хүний биед санаатай хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Ю.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Ю.М нь гэм хорын хохиролд хохирогчид 3,170,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 16,988,541 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч Д.Т-д мэдэгдэж, 3,685,300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтын “гэмтэл” гэснийг “хохирол” гэж, 3 дахь заалтыг “Шүүгдэгч Ю.М-д холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэж, 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.М-ээс хагалгааны төлбөрт 5,743,300 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Т-д олгож, 3,685,300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 9,988,541 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж, 6 дахь заалтын “хүчингүй болгосугай” гэснийг “хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ю.М, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар хамтран гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байсан бөгөөд давж заалдах шатны шүүхийн 47 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын В-д “Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.М-ээс хагалгааны төлбөрт 5,743,300 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Т-д олгож, 3,685,300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 9,988,541 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй учир дараах гомдлыг гаргаж байна. Хохирогч Д.Т нь 22,587,141 төгрөг нэхэмжилж бүх нотлох баримтуудаа хавтаст хэрэгт хавсаргасныг анхан шатны шүүх хэлэлцээд шүүгдэгчээс эмчилгээний зардлын 1,423,000 төгрөг, унааны зардлын 490,300 төгрөг, нийт 1,913,300 төгрөгийн хохирол гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. Харин шүүгдэгч Ю.М нь хэрэгт шалгагдах явцад 3,170,000 төгрөгийг төлж барагдуулсан байдаг. Давж заалдах шатны шүүх 7,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хэн ч, хэзээ ч, хаанаас ч хэдэн төгрөгийн ийм нэхэмжлэх буюу төлбөрийн хүсэлтийг үйлдүүлээд тамга даруулаад аваад ирэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх 7,000,000 төгрөгийг нэмж төлөх үндэслэлтэй гэж шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна. Хэн ч ийм нэхэмжлэх буюу төлбөрийн хүсэлтийг үйлдүүлэх боломжтой. Шүүгдэгч Ю.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бөгөөд уг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар дууссан байгаа” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан болон давж заалдах шатны шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд Ю.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ю.М нь 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр согтуугаар хохирогч Д.Т-г “согтуу байхад зураг дарлаа” гэсэн шалтгаанаар хавсарч унагасны улмаас хохирогч Д.Т-гийн зүүн өвдөгний гадна менискийн урагдал, зүүн өвдөгний үений битүү гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүх Ю.М-ийн үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцон Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хохирогчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуультай холбогдуулан Ю.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх зарчимтай нийцээгүй гэсэн үндэслэлээр хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр зүйлчилж, иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүх хэргийг үндэслэлтэй зөв зүйлчилсэн гэж үзэв.

Учир нь аливаа этгээдийн үйлдсэн гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд аль хуулийн ял хөнгөрсөн, эрх зүйн байдал нь дээрдсэн нөхцөл байдлыг авч үзэж хуулийг сонгох нь хууль буцаан хэрэглэх зарчимд нийцнэ.

Харин Ю.М-ийн үйлдсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа дууссан байхад Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд өөр хууль хэрэглэх шаардлага үүсэхгүй болно.

Давж заалдах шатны шүүх иргэний нэхэмжлэл буюу хохирогчид зайлшгүй гарах эмчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасан “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэсэн заалтыг баримталж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ю.М, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын “иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар” хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 47 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын Б-г “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Ю.М-ийн үйлдсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ю.М, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                     ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                     ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН