Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 135/шш2023/01471

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2023/00653/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ***** хороо, *****, *****дүгээр гудамж, ***** оршин суух, ***** овогт ****** / Утас: *****/-гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ***** баг, ***** байр, ***** тоотод оршин суух, ***** овогт ****** /Утас: *****/-д холбогдох

 

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүнзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтангэрэл, хариуцагч *****, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ****** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

****** миний бие иргэн ***** гэдэг хүнтэй 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 4406 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** баг, **** хорооллын, **** байр, *****тоот **** м.кв талбайтай, орон сууцыг худалдан авч нотариатаар батлуулан 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай гэрчилгээ авсан юм. Ингээд худалдан авсан байрандаа орох гэсэн боловч өнөөдрийг хүртэл суллаж өгөхгүй байгаа учир иргэн ****** миний худалдаж авсан Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** баг, **** хорооллын, **** байр, *****тоот **** м.кв талбайтай, орон сууцыг албадан чөлөөлөхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

...Би ******тэй өөрийн эзэмшлийн шинэ Дархан хуучин хорооллын **** байр, **** тоот, **** байраа, 50 сая төгрөгөөр зарахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар батлуулсан би байраа зарсан мөнгөө авъя гэтэл элдэв шалтаг тоочиж нэг ч төгрөг надад өгөөгүй байна. Би ******гөөс байрны мөнгөө авъяа гэж олон удаа нэхсэн боловч худлаа үнэн шалтгаан тоочиж нэг ч төгрөг өгөөгүй өдий болж байна. Гэтэл байрны хөлсөө төлөөгүй байж намайг байрнаасаа гар би байрандаа ормоор байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Би байрны хөлсөө гэрээнд заасан харилцан тохиролцсон 50,000,000 төгрөгөө авч байж байраа суллаж өгөх эрхтэй.

Иймд би нэг ч төгрөг аваагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргаж эрүүл бус үйлдэл хийж нэхэмжлэл гаргасан. Би хэзээ ч зөвшөөрөхгүй... гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***** тоот гэрчилгээ, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, ХААН банкны 2022 оны 06 дугаар сарын 11, 13, 14, 15-ны өдрүүдийн мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтыг,

Хариуцагч талаас ****** эзэмшлийн ХААН банкны ******тоот дансны хуулга зэрэг нотлох баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч ****** нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан үндэслэлээр хариуцагч *****ийн хууль бус эзэмшлээс Улсын бүртгэлийн ***** дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын **** баг, **** хороолол, **** байрны, ***** тоот орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч ***** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч ****** нь орон сууцны үнэ 50,000,000 төгрөгийг өгөөгүй учир орон сууцаа чөлөөлж өгөхгүй гэж тайлбарлаж, маргасан болно.

3. Талуудын хооронд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр *****ээс түүний өмчлөлийн Улсын бүртгэлийн ***** дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын **** баг, ***** хороолол, **** байр, ***** тоот орон сууцыг 50,000,000 төгрөгөөр ****** худалдан авахаар тохиролцсон байна.

Дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу ******г дээрх орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтээс 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***** тоот гэрчилгээг олгожээ.

Зохигч талууд нь гэрээний хүчин төгөлдөр байдал буюу уг үл хөдлөх хөрөнгийг худалдсан талаар маргадаггүй ба харин тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ 50,000,000 төгрөгийг төлсөн эсэх талаар маргадаг болно.

4. Нэхэмжлэгч ****** нь ...Өмнө буюу 2022 оны 6 сард тухайн орон сууцыг худалдаж авахаар тохиролцож, улаанбаатар хотод нотариат дээр очиж гэрээ байгуулах гэсэн боловч тухайн үл хөдлөх хөрөнгө байгаа газрын нотариат дээр очих ёстой гэсэн учраас сүүлд нь Дарханд ирж 2022 оны 07сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулсан, төлбөрийг *****ийн хүү ***** 2022.06.11-2022.06.15-ны өдрийн хооронд төлж дуусгасан гэх тайлбарыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэйгээ холбогдуулан ХААН банкны 2022 оны 06 дугаар сарын 11, 13, 14, 15-ны өдрүүдийн мөнгөн шилжүүлгийн баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

Хариуцагч ***** нь ...******тэй 2022 оны 07 сарын 04-ний өдөр анх уулзсан. Манай хүү ***** хамт мөнгө өсгөдөг ажлыг хамтран хийдэг байсан. 50,000,000 төгрөг босгомоор байна гэж ирэхээр нь миний байрыг тавьж болно гэхэд ****** нь миний байрыг худалдаж авахаар болж, хотод очихоороо эгчээсээ 50,000,000 төгрөгийг манай хүү ***** болон надад өгчихнө гэсэн боловч тэр өдрөөс хойш өгөөгүй, би хүүгээсээ мөнгө авсан эсэхийг асуухад аваагүй гэсэн. Би байрны мөнгийг аваагүй учраас орон сууцаа чөлөөлж өгөхгүй. Энэ шилжүүлсэн гэх 50,000,000 төгрөг нь *****, ****** нарын хоорондын асуудал, ****** нь энэ мөнгийг шилжүүлсэнээс хойш *****оос мөнгө буцаана авч байсан гэх тайлбарыг гаргаж, эзэмшлийн ХААН банкны ******тоот дансны хуулга өгсөн.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар ******гийн эзэмшлийн ХААН банкны ***** тоот данснаас ****** эзэмшлийн ХААН банкны *****тоот данс руу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 20,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг*****, ***** гэх гүйлгээний утгаар,

Харин ****** эзэмшлийн ХААН банкны ******тоот данснаас ******гийн эзэмшлийн ХААН банкны ***** тоот данс руу 2022 оны 06 дугаар сарын 13-ний өдөр *****ашиг гэх гүйлгээний утгаар 10,800,000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ХОЗ эргэн төлөлт ****** гэх гүйлгээний утгаар 7,475,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ХОЗ эргэн төлөлт ***** гэх гүйлгээний утгаар 10,350,000 төгрөгийг, нийт 28,625,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

5. Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс буюу талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдснаас хойших хугацаанд нэхэмжлэгч ****** нь хариуцагч ***** болон түүний хүү ***** байрны үнийг /мөнгө/ төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ****** нь гэрээ байгуулахаас өмнө буюу 2022 оны 06 дугаар сарын 11-15-ны өдрийн хооронд орон сууцны үнийг төлсөн гэж байгаа боловч энэхүү үйл баримт нь ****** ХААН банкны ******тоот данснаас хуулгаар тогтоогдсон үйл баримтаар үгүйсгэгдэж байгаа ба хариуцагч ******гийн ***** руу дээрх шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг орон сууц худалдаж авахад зориулж шилжүүлсэн мөнгө, *****оос миний данс руу шилжүүлсэн 28,625,000 төгрөг нь тусдаа өөр зориулалтаар шилжүүлсэн мөнгө... гэж тайлбарласан боловч энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ****** нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, орон сууцны үнэ 50,000,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа болно.

Хэдийгээр талууд улсын бүртгэлд бүртгүүлж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***** тоот гэрчилгээг нэхэмжлэгч ******д олгосон боловч нэхэмжлэгч ****** нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул хариуцагч *****ийг хууль бусаар тухай орон сууцыг эзэмшилдээ байлгаж байна гэж үзэх боломжгүй юм.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******гийн гаргасан Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** баг, **** хорооллын, **** байр, *****тоот **** м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, ***** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *****ийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******гөөс улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхийн 100190000941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА