Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 209/МА2024/00004

 

З.Пүрэв-Өлзийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  11 дүгээр сарын 16-ны өдрийн 135/ШШ2023/01471 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч З.Пүрэв-Өлзийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Тэрбишид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх”  тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бэлгүүнзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бэлгүүнзаяа /цахимаар/, хариуцагч М.Тэрбиш, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие М.Тэрбиштэй 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 4406 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хорооллын 17 дугаар байрны 54 тоот 28 м.кв талбайтай, орон сууцыг худалдан авч нотариатаар батлуулан 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001017253 дугаартай гэрчилгээ авсан. Ингээд худалдан авсан байрандаа орох гэсэн боловч өнөөдрийг хүртэл суллаж өгөхгүй байгаа учир Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хорооллын 17 дугаар байрны 54 тоот 28 м.кв талбайтай, орон сууцыг албадан чөлөөлөхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие З.Пүрэв-Өлзийтэй өөрийн эзэмшлийн шинэ Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хорооллын 17 дугаар байрны 54 тоот 2 өрөө байраа 50,000,000 төгрөгөөр зарахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар батлуулсан боловч байр зарсан мөнгөө аваагүй.

З.Пүрэв-Өлзийгөөс байрны мөнгөө авъя гэж олон удаа нэхсэн боловч худлаа үнэн шалтгаан тоочиж нэг ч төгрөг өгөөгүй. Гэтэл байрны хөлсөө төлөөгүй байж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Миний хувьд гэрээгээр тохиролцсон 50,000,000 төгрөгөө авч байж байраа суллаж өгөх эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль бус учир зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т тус заасныг баримтлан нэхэмжлэгч З.Пүрэв-Өлзийгийн гаргасан Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хорооллын 17 дугаар байрны 54 тоот 28 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, Ү-2003004378 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч М.Тэрбишийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Пүрэв-Өлзийгөөс улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхийн 100190000941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бэлгүүнзаяа давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийж улмаар нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад үл нийцэж байна.

Хүүхдүүдэд нь мөнгөний хэрэгцээ гарсан учир өөрийн орон сууцыг худалдахыг хариуцагч зөвшөөрсөн байдаг, охины хамт орон сууцны гэрчилгээг Улаанбаатар хот руу авч явсан /шүүх хуралдаанд охин гэрчилгээ хаана байгааг асуугаад Улаанбаатар хот руу авч явсан талаар мэдүүлсэн/ байдаг бөгөөд үүнээс үзэхэд хариуцагч орон сууц худалдах, худалдаан авах гэрээг Улаанбаатар хотод байгуулахыг дэмжин зөвшөөрсөн гэдэг нь нотлогдоно.

Орон сууцны гэрчилгээ Улаанбаатар хотод ирсний дараа гэрээг байгуулах гэтэл нотариат гэрээг гэрчлэх боломжгүй гэсэн учир гэрээг Дархан-Уул аймагт байгуулахаар болж мөн өдрүүдэд буюу 2023 оны 06 дугаар сарын 11, 13, 14, 15-ны өдрүүдэд нэхэмжлэгч З.Пүрэв-Өлзий нь хариуцагчийн төрсөн хүү болох Т.Ариунболдод орон сууцны үнийг хуваан төлсөн нь баримтаар тогтоогдож байхад шүүх үндэслэлгүй дүгнэсэнд гомдолтой байна.

Талуудын хооронд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан “худалдах, худалдан авах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.3-т төлбөрийг бүрэн төлж дууссан” гэж, 3.4-т “Үл хөдлөх эд хөрөнгийг 2022.07.04 хүлээлгэн өгөх” гэж тус тус зааснаас үзэхэд гэрээ байгуулагдахаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн, худалдагч төлбөрийг хүлээн авсныг зөвшөөрсөн учир гэрээг баталгаажуулж улсын бүртгэлд гэрээ бүртгэгдсэн.

Хариуцагч нь орон сууцны төлбөрийг аваагүй байж үл хөдлөх эд хөрөнгийнхөө өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн бол өнгөрсөн хугацаанд буюу 2022 оны 07 дугаар сараас эхлэн нэхэмжлэгчийн эсрэг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах, шүүхэд хандах зэргээр тодорхой арга хэмжээ авах ёстой байсан боловч нэг ч удаа төлбөр төлөхийг шаардаагүй, шүүхэд гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүйгээс үзэхэд хариуцагч нь орон сууцны төлбөрийг хүүгээрээ дамжуулан авсан байна гэдгийг дүгнэж болохоор байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн орон сууцны үнийг төлөхгүйгээр өмчлөх эрхийг нь өөртөө шилжүүлэн авсан бол уг орон сууцыг бусдад худалдах, барьцаалах зэргээр мөнгө буюу хөрөнгө олох боломжтой байсан хэдий ч тийм үйлдэл хийгээгүй байгаа нь орон сууцны төлбөр төлөгдсөн гэдэг нь илэрхийлэгдэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

            5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх З.Пүрэв-Өлзийгийн нэхэмжлэлтэй М.Тэрбишид холбогдох өөрийн өмчлөлийн орон сууцаа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бэлгүүнзаяагийн давж заалдсан гомдлоор хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэ зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

3. Нэхэмжлэгч З.Пүрэв-Өлзий нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 17 дугаар байр, 54 тоотын 2 өрөө байрыг хариуцагч М.Тэрбишээс 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авч, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсныг нотолж, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 5/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 4/, гэрээгээр тохиролцсон байрны төлбөр 50.000.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /хх-ийн79-82/ зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

4. Хариуцагч М.Тэрбиш нь "орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон боловч нэхэмжлэгч З.Пүрэв-Өлзий нь худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон орон сууцны үнэ 50,000,000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй" гэж маргажээ.

            5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бэлгүүнзаяа дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдлын үндэслэлээ: 6.а. ...орон сууцыг худалдах санал, уг орон сууцыг худалдахыг зөвшөөрч орон сууцны гэрчилгээг авч явсан эсэх, гэрээний төлбөр буюу орон сууцны үнийг өөрийн хүү Т.Ариунболдод төлөхийг зөвшөөрсөн эсэхийг шалгуулах,

6.б. нэхэмжлэгч З.Пүрэв-Өлзий нь хариуцагчийн төрсөн хүү болох Т.Ариунболдод орон сууцны үнийг хуваан төлсөн нь баримтаар тогтоогдож байхад шүүх үндэслэлгүй дүгнэсэнд гомдолтой байна.

6.в. нэхэмжлэгч нь хариуцагчийн орон сууцны үнийг төлөхгүйгээр өмчлөх эрхийг нь өөртөө шилжүүлэн авсан бол уг орон сууцыг бусдад худалдах, барьцаалах зэргээр мөнгө буюу хөрөнгө олох боломжтой байсан хэдий ч тийм үйлдэл хийгээгүй байгаа нь орон сууцны төлбөр төлөгдсөн гэдэг нь илэрхийлэгдэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. /хх-124-125/

Хэргийн материалаас  судлахад :

7. Зохигч нарын хооронд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө /орон сууц/ худалдах , худалдан  авах гэрээ байгуулагдаж,  Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч З. Пүрэв-Өлзийг  дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг,1 дүгээр хороолол, 17 дугаар байр, 54 тоот хаягт байрлалтай 28.0 м/кв талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

Энэ нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-н “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж заасныг зөрчөөгүй.

Улмаар Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр нэхэмжлэгч З.Пүрэв-Өлзийд өмчлөх эрх үүсэж, хариуцагч М.Тэрбишийн өмчлөх эрх дуусгавар болжээ.

Энэ талаар талууд маргаагүй, харин тухайн үл хөдлөх эд хөрөнгийн худалдсан /гэрээний үнэ/ 50.000.000 төгрөгийг төлсөн эсэх, өөрөөр хэлбэл, худалдах,худалдан авах гэрээний үүргийг талууд биелүүлсэн эсэх талаар маргаж байна.

Тухайлбал,  нэхэмжлэгч З.Пүрэв-Өлзийгөөс хариуцагч М.Тэрбишийн хүү Т.Ариунболдын данс руу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 4 удаагийн шилжүүлгээр 50,000,000 төгрөг шилжүүлснээ худалдан авах байрны төлбөр төлсөн гэж тодорхойлдог бөгөөд энэ нь хэргийн 79-82 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

Харин хариуцагч М.Тэрбиш нь маргаж буй  орон сууцыг худалдан борлуулж, байрны үнэ төлбөрийг хүү Т.Ариунболдын данс руу шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байснаа шүүхэд гаргасан удаа дараагийн тайлбараараа үгүйсгээгүй байдаг.

Түүнчлэн талуудын хооронд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.1-т “Гэрээний зүйлийн үнэ: 50.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцов” гэж, 3.2-т “Төлбөр төлөх нөхцөл, хугацаа: 2022.07.04” гэж,  3.3-т “ ... төлбөрийг бүрэн төлж дууссан” гэж,   3.4-т “Үл хөдлөх эд хөрөнгийг 2022.07.04 хүлээлгэн өгөх” гэж тус тус тусгаж , харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд орон сууц  худалдах, худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө гэрээний үнэ 50,000,000 төгрөг төлөгдсөн гэж үзэхээр байна.

Дээрх үйл баримтаас дүгнэвэл  талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн,  нэхэмжлэгч З.Пүрэв-Өлзий нь худалдан авсан хөрөнгөө хүлээн авах, харин хариуцагч М.Тэрбиш нь хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

8. Иймээс нэхэмжлэгч З.Пүрэв-Өлзий нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар маргаан бүхий Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг,1 дүгээр хороолол, 17 дугаар байр, 54 тоот хаягт байрлалтай 28.0 м/кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч М.Тэрбишээс шаардсан нь үндэслэлтэй.

9. Хариуцагч М.Тэрбиш нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх бичгийн нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Түүний гарган өгсөн хэргийн 103-105 дугаар талд авагдсан ХААН банкны дипозит дансны хуулга нь орон сууц худалдах, худалдан авахаар шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг үгүйсгэж буй баримт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч М.Тэрбиш гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаагүй болно.

10. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд зааснаар үнэлж, дүгнэж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 135/ШШ2023/01471 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын "Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.Пүрэв-Өлзийгийн гаргасан Дархан сум, 16 дугаар баг,1 дүгээр хороолол, 17 дугаар байр, 54 тоот хаягт байрлалтай 28.0 м/кв талбайтай, орон сууцны зориулалттай, Ү-2003004378 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч М.Тэрбишийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай" гэснийг,

"Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар Дархан сум, 16 дугаар баг,1 дүгээр хороолол, 17 дугаар байр, 54 тоот хаягт байрлалтай 28.0 м/кв талбайтай, орон сууцны зориулалттай, Ү-2003004378 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч М.Тэрбишийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй" гэж,

 2 дугаар заалтын "...нэхэмжлэгч З.Пүрэв-Өлзийгөөс улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхийн 100190000941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж" гэснийг,

...нэхэмжлэгч З.Пүрэв-Өлзийгөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Тэрбишээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Пүрэв-Өлзийд олгож” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МЯГМАРСҮРЭН

 

                  ШҮҮГЧИД                                     Х.БАЙГАЛМАА

                                                    Л.АМАРСАНАА