Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1879

 

 

 

 

 

 

 

 

 

“Свисс гарден” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01822 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Свисс гарден” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 154/01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хасалт хийсэн 14 473 673 төгрөгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Свисс гарден” ХХК нь 2014 онд Т.Баярсайхантай Хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж, тус гэрээний үндсэн дээр 1 000 000 төгрөгийн хөрөнгийг “Манай байшин” ХХК-д оруулж, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Гэвч дээрх гэрээ хэрэгжихгүй болсонтой холбоотойгоор Свисс гарден ХХК нь гэрээнээс татгалзаж, “Манай байшин” ХХК-ийн хувьцааг Т.Баярсайханд, Т.Баярсайхан нь 1 000 000 төгрөгийг “Свисс гарден” ХХК-д буцаан шилжүүлэхээр тус тус тохиролцсон. “Манай байшин” ХХК-ний хувьцааг буцаан Т.Баярсайханд шилжүүлэн “Свисс гарден” ХХК-ийг хувьцаа эзэмшигчээс хасах ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 154-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ч.Оюунбилэг нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 786 тоот захирамжийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 154/01 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор манай “Свисс гарден” ХХК-ийн Хаан банк дах 5133047271 тоот данснаас 14 933 673 төгрөгийн хасалт хийсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д заасныг үндэслэн “Манай байшин” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч тул гээд дээрх шийдвэр гүйцэтгэлийн арга хэмжээг авсан ба манай компани нь тус хэрэг маргаантай ямар нэгэн холбогдолгүй байсан. Уг тогтоол нь хуульд нийцээгүй “Свисс гарден” ХХК-ийн хууль ёны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, хувьцаа эзэмшигчийн эрх, ашиг сонирхолд халдсан гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасны дагуу холбогдох гомдлуудыг удаа дараа гаргасан боловч хангахгүй орхисон. “Свисс гарден” ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Манай байшин” ХХК-нь буцаан Т.Баярсайхан, Л.Сансартуяа нарт хувьцааг шилжүүлж, “Свисс гарден” ХХК нь тус компанийн хувьцаа эзэмшигчээс хасагдсан тул шийдвэр гүйцэтгэлийн арга хэмжээг авах хууль зүйн үндэслэл байхгүй болсон. Ийм байхад өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хүчингүй болгоогүй байна. Төлбөр төлөгч нь “Свисс гарден” ХХК биш юм аа, шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 44.1., 44.2., 50, 95.1.-ийг зөрчиж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан нь буруу юм. Мөн хуулийн 93.4 бол хувьцаа эзэмшигч өөрөө хариуцах тухай заалт бөгөөд өөрийн эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр хариуцна. “Манай байшин” ХХК буцаагаад өгсөн байсан, энэ тухай улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгуулахаар бүх баримтуудаа Сансартуяад өгөөд түүнд хөнгөмсөгөөр найдсан байсан. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж, 9.5.-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заасан тул “Манай байшин” ХХК-ийн төлбөрийг “Свисс гарден” ХХК хариуцахгүй юм. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 154-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ч Оюунбилэгийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 154/01 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгож, хасалт хийсэн 14 473 673 төгрөгийг “Свисс гарден” ХХК-ийн Хаан банкны 5133047271 тоот дансанд буцаан шилжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 786 дугаартай захирамжаар “Манай байшин” ХХК-иас 15 830 673 төгрөгийг гаргуулж Э.Төгөлдөрт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “Манай байшин” ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулахад шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул өмчлөл болон эзэмшилд байгаа эд хөрөнгийг тогтоохоор холбогдох бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад эд хөрөнгө тогтоогдоогүй. Төлбөр төлөгч “Манай байшин” ХХК-ийн арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн дансан дах мөнгийг тодруулахаар холбогдох бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад банкны дансны үлдэгдэлгүй гэсэн хариу ирүүлсэн. “Манай байшин” ХХК нь шүүхийн шийдвэртэй төлбөрөөс 1 000 000 төгрөгийг 2015 онд, 460 000 төгрөгийг 2018 онд, 500 000 төгрөгийг 2019 онд тус тус хэсэгчлэн төлж, үлдэгдэл төлбөрийг 4 жилийн хугацаанд төлөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн, хөрөнгө орлого тогтоогдоогүй байна. Төлбөр төлөгч “Манай байшин” ХХК-ийн талаар 2015 онд 3/16740 дугаартай албан бичиг, 2018 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас дэлгэрэнгүй лавлагааг авахад 100%-ийн үүсгэн байгуулагч нь “Свис гарден” ХХК- бүртгэлтэй болох нь тогтоогдсон тул 2018 оны 154/01 дугаартай төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлэхэд 14 933 673 төгрөг шийдвэр гүйцэтгэх газрын дансанд орж ирсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт “төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж, мөн Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компаний өр төлбөрийг давхар хариуцана гэж тус тус заасныг үндэслэн мөнгөн хөрөнгөөс хасалт хийсэн нь үндэслэлтэй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 786 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч Э.Т-ийн нэхэмжилсэн 15 597 750 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 154/01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хасалт хийсэн 14 473 673 төгрөгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нармандахын Лхагвадорж миний бие "Свисс гарден" ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Уг хэргийг хянан шийдвэрлээд гарсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01822 дугаартай шийдвэрийг дор дурдсан үндэслэлүүдээр эс зөвшөөрч, давж заалдах шатны журмаар гомдол гаргаж байна.

ТАЙЛБАРЫН ҮНДЭСЛЭЛ:

Нэг:     Зохигчийн хооронд үүссэн харилцааны талаар

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ч.Оюунбилэг нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 154/01 дугаар бүхий "Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх тухай" тогтоолоор төлбөр төлөгч Манай байшин ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч "Свисс гарден" ХХК-ийн харилцахданснаас 14 933 673 төгрөгийг суутгал хийсэн.

Хоёр:  Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй гэж үзэж буй үндэслэлийн талаар

2.1.    Талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсон.

Шүүгч 1 дэх үндэслэлээ "...төлбөр төлөгч “Манай байшин” ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч “Свисс гарден” ХХК-ийн харилцах дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулъ зөрчөөгүй байна.[1] гэж тайлбарлажээ.

2.1.1.    "Свисс гарден" ХХК-ийн дансыг битүүмжилсэн хэмээн буруу дүгнэлт хийсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д "Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно." гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл битүүмжлэх гэдэг нь тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн тухайн хөрөнгөтэй холбоотой хийх үйлдэлд тодорхой хэмжээнд хязгаарлалт тогтоох гэж ойлгож болохоор байна. Энэ нь "Свисс гарден" ХХК-ийн Хаан банк дах эзэмшдэг өөрийн данснаасаа зарлагын гүйлгээ хийх үйлдлийг шүүхийн шийдвэрт заасан үнийн дүнгийн хэмжээгээр хориглох үйл ажиллагаагаар хязгаарлагдах ёстой. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл "Свисс гарден" ХХК-ийн дансыг битүүмжлээгүй буюу шүүхийн шийдвэрт заасан үнийн дүнгийн хэмжээгээр суутгал хийсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн шүүхэд гаргасан "Тайлбар гаргах тухай", Хаан банкны албан тоот зэрэг баримтуудаас тодорхой харагддаг. Мөн шүүгч шийдвэртээ “.... 14 933 67З төгрөгийг төлбөрт шилжүүлсэн тухай Шуүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгджээ./хх-ийн 41, 46-р хуудас/.."[2] гэж дүгнэлт хийсэн боловч түүнийгээ яагаад битүүмжилсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаа нь хуульд нийцээгүй дүгнэлт болсон гэж үзэхэд хүргэж байна.

2.1.2. Хувьцаа эзэмшигчийг төлбөр төлөгч гэж үзэн, шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хувьцаа эзэмшигчид хэрэглэж болохоор хууяийг хэрэглэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 -д "Шийдвэр гүйцэтгэгч банк, эрх бүхий хуулийн этгээд дэх төлбөр төлөгчийн дансны үлдэгдэл мөнгөн хөрөнггшг битүүмжлэх тухай шийдвэр гаргаж, банк, эрх бүхий хуулийн этгээдэд даруй хургүүлнэ", твт хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д "Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, уцкэЛГ4 биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэт™,У түүнчлэн тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 -д "Гүйцэтгэх баримт бичигт энэ хуулийн 6.2.1, 6.2.2, 6.2.3, 6.2.4-тзаасан шийдвэрийгүндэслэн олгосонгүйцэтгэххуудас, энэхуулийн 6.2.5, 6.2.6-дзаасан шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг гаргуулах тухай шийдвэр хамаарна." гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан Шүүхийн гүйцэтгэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тужай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар зэрэг баримтуудаас төлбөр төлөгч нь "Манай байшин" ХХК болох нь тодорхой харагдаж байхад дээр дурдсан хууляйн заалтуудыг хувьцаа эзэмшигчид хамаатуулан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2.2.    Хувьцаа эзэмшигч компанийн өр төлбөрийг хариуцах ёстой гэж үзсэн.

Шүүгч "...Шийдвэр гүйцэтгэгчийг ажиллагаа хийж байх үед буюу 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 7/10498 дугаартай албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд “Манай байшин” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн тухай мэдээлэлд “Свисс гарден” ХХК 100%-ийн хөрөнгө оруулагч гэж бичигджээ. /хх-ийн 28, 32-р хуудас/... "[3] гэж буюу Компанийн тухай хуулийн 9.3, 9.5 дах заалтуудыг 2 дах үндэслэлээ болгосон.

2.2.1.    Компанийн тухай хуулийн 9.3, 9.5 дах заалтуудыг буруу хэрэглэсэн.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д "Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ", мөн зүйлийн9.5-д "Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нъ хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхархариуцна." гэж тус тус заасан. Дээрх хуулийн заалтуудыг Монгол Улсын Дээд Шүүх тайлбарласан ба үүнд, "Мөн зүйлийн 9.3-т заасан "эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ " гэж компанийн хүлээх үүргийг гишүүн өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээр хариуцахгүй бөгөөд гагцхүү компанид оруулсан хөрөнгө буюу эзэмшиж байгаа хувъцааг хариуцлага хүлээхийг хэлнэ."[4]; "Мөн зүйлийн 9.5-д заасан "компанийн өр төлбөрийг давхар хариуцна" гэдэг нь компанид оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нъ компанийн хөрөнгөд бүртгэгдэн, тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан байх ёстой  боловч ийнхүү зааглаагүй тохиолдолд компанийн төлбөрийг барагдуулахад хувъ нийлүүлэгчийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн өөрийн хөрөнгөд тооцогдон түүгээр компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлнө гэж ойлгоно. "[5] гэж тус тус тайлбарласан. "Свисс гарден" ХХК нь "Манай байшин" ХХК-ийн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг эзэмшдэг байсан ба дээрх хууль, Дээд Шүүхийн тогтоолзэргээс үзвэл "Свисс гарден" ХХК нь 1,000,000 төгрөгийн хэмжээнд л хариуцлага хүлээх ёстой байна. Гэхдээ энэ нь хувьцаа эзэмшигчийн данснаас шууд тус мөнгийг гаргуулан авч болно гэсэн үг биш юм. Учир нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дах заалтыг хэрэглэхийн тулд тус хөрөнгө нь компанид оруулсан хөрөнгө оруулалт байх ёстой байтал хувьцаа эзэмшигчийн хувийн дансанд байсан мөнгөн хөрөнгөд шууд халдсан шийдвэр гүйцэтгэгчийн үйлдлийг хуульд нийцсэн гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. Шүүхийн шийдвэрийг ерөнхийд нь үзвэл шүүгч нь төлбөр төлөгч этгээд гэдэгт хувьцаа эзэмшигчийг хамаатуулан үзэж, тэдгээрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан аливаа арга хэмжээг авч болохоор зогсохгүй эзэмшиж байгаа хувьцааны хувиар компанийн өр төлбөрийг тухайн хувьд хувилсан үнийн дүнгээр хариуцах ёстой хэмээн дүгнэлт хийн шийдвэр гаргажээ. Хэрвээ энэ мэт хувьцаа эзэмшигчийн эрхэнд илтэд халдсан шийдвэр гарах аваас Компанийн тухай хуульд заасан Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани гэх ойлголт Хязгааргүй Хариуцлагатай Компани болон өөрчлөгдөх нь зүйд нийцэж байх тул, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах нь зүйтэй болов уу. Дээр дурдсан тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж, энэ хэргийн талаар гарсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01822 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч “Свисс гарден” ХХК нь шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 154/01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хасалт хийсэн 14 473 673 төгрөгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

            Хэрэгт Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 786 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч “Манай байшин” ХХК нь нэхэмжлэгч Э.Төгөлдөрийн нэхэмжилсэн 15 594 750 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ./хэрийн 23-24 дүгээр тал/

 

            Дээрх захирамжийг төлбөр төлөгч сайн дураар биелүүлээгүй тул хариуцагч байгууллагаас шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 902 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 312 дугаартай “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх” тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.

           

            Төлбөр төлөгч “Манай байшин” ХХК нь 2015 онд 1 000 000 төгрөг, 2018 онд 460 000 төгрөг, 2019 онд 500 000 төгрөг төлсөн болон үлдэгдэл төлбөрийг төлөөгүй талаар талууд маргаагүй байна.

            Хариуцагч байгууллагаас “Манай байшин” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, эзэмшилд нь газар бүртгэлтэй эсэх, эрхлэх үйл ажиллагаа, хөрөнгийн хэмжээ, үүсгэн байгуулагчийн тоо, данс эзэмшдэг эсэх лавлагаануудыг авахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт, 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 3/26136 дугаартай албан бичгээр Чингэлтэй дүүргийн өмч газрын харилцааны албанд, мөн өдрийн 3/26139 дугаартай албан бичгээр Баянгол дүүргийн өмч газрын харилцааны албанд, мөн өдрийн 3/26153 дугаартай албан бичгээр Улсын бүртгэлийн төв архивын газарт, мөн өдрийн 3/26135 дугаартай албан бичгээр Хан-Уул дүүргийн өмч, газрын харилцааны албанд, мөн өдрийн 3/26140 дугаартай албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанд, мөн өдрийн 3/26137 дугаартай албан бичгээр Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанд болон нэр бүхий банкуудад албан бичгүүдийг хүргүүлж, холбогдох газруудаас “Манай байшин” ХХК нь дүүргүүдийн газрын мэдээллийн сангийн бүртгэлд эзэмшил болон өмчлөлийн газар, хөрөнгөгүй гэх хариуг болон улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг тус тус ирүүлжээ.

 

            Улмаар шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагааг явуулж, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 15280536/01 дугаар бүхий Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх тухай тогтоолоор “Манай байшин” ХХК-ийн 1605007329 тоот харилцах дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан 15 833 673 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд 100 000 төгрөг нийт 15 933 673 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүжлэхийг даалгаж 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр арилжааны банкуудад хүргүүлэхэд Богд, Чингис хаан, Ариг, Кредит банкуудаас “Манай байшин” ХХК нь данс эзэмшдэггүй тухай хариуг ирүүлсэн байна./хэргийн 36- 40 дүгээр тал/

 

            Мөн хариуцагч байгууллагаас 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 154/01 дугаар бүхий Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч “Манай байшин” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Свисс гарден” ХХК-ийн харилцах дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан 14 833 673 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд 100 000 төгрөг нийт 14 933 673 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхийг даалгаж арилжааны банкуудад хүргүүлсэн байх бөгөөд Хаан банкны 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 17/13032 дугаар бүхий албан бичгээр “Свисс гарден” ХХК нь 5133047271 тоот данс эзэмшдэг ба 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 14 933 673 төгрөгийг төлбөрт шилжүүлсэн тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгджээ./хэргийн 41, 46 дугаар тал/

 

            Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн талаарх зохих лавлагаануудыг авч, төлбөр төлөгч “Манай байшин” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Свисс гарден” ХХК-ийн харилцах дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж, төлбөрийг суутган авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, 50.3 дахь хэсэгт тус тус заасанд нийцжээ.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч дээрх ажиллагааг эс зөвшөөрч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид тус тус гомдол гаргасан байх боловч уг гомдол нь үндэслэлгүй гэх хариуг өгчээ. /хэргийн 11,12 дугаар тал/

 

            Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Манай байшин” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулан авахад тус компанийн үүсгэн байгуулагчийн тухай мэдээлэлд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Л.Сансартуяа нэмэгдэж “Свисс гарден” ХХК хасагдсан байх боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед “Манай байшин” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулагч нь “Свисс гарден” ХХК байсан болох нь 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 7/10498 дугаартай албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байна./хэргийн 50, 54-57дугаар тал/

 

            Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу “Свисс гарден “ХХК нь дээрх захирамжинд заасан төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулж байх үед “Манай байшин” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан тул тус компанийн өрийг 100 хувь хариуцах үндэслэлтэй.

 

            Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг хийх явцад “Манай байшин” ХХК-ийн үүсгэн байгуулагчаас “Свисс гарден” ХХК нь хасагдаагүй, хасалт хийлгээгүй байсанд шийдвэр гүйцэтгэгчийг буруутгах үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн байна.

 

            Мөн хуулийн 9.5.-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасны дагуу хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө нь төлбөр төлөгч компанийн хөрөнгөөс тодорхой зааглагдсан эсэх нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 154/01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хасалт хийсэн 14 473 673 төгрөгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай “Свисс гарден” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

            Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01822 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                     ШҮҮГЧИД                              Т.ТУЯА

 

                                                С.ЭНХТӨР

 

 


[1] Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01822 дугаар шийдвэрийн 5 дах талын 1 дэх цогцолбор

[2] Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01822 дугаар шийдвэрийн 4 дэх талын 3 дах цогцолбор

[3] Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01822 дугаар шийдвэрийн 5 дах талын 4 дэх цогцолбор

[4] Монгол Улсын Дээд Шүүийн 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоолын 12 дах хэсэг

[5] Монгол Улсын Дээд Шүүийн 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоолын 14 дэх хэсэг