Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2019/01822

 

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2019/01822

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: С ХХК -ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: НШШГГ-т холбогдох

            шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 154/01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хасалт хийсэн 14.473.673 төгрөгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, нарийн бичгийн даргад Т.Дөлгөөн нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

                Манай С ХХК нь 2014 онд Т.Баярсайхантай Хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж, тус гэрээний үндсэн дээр 1.000.000 төгрөгийн хөрөнгийг Манай байшин ХХК-д оруулж, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон.

            Гэвч дээрх гэрээ хэрэгжихгүй болсонтой холбоотойгоор С ХХК нь гэрээнээс татгалзаж, Манай байшин ХХК-ийн хувьцааг Т.Баярсайханд, Т.Баярсайхан нь 1.000.000 төгрөгийг С ХХК-д буцаан шилжүүлэхээр тус тус тохиролцсон.

            Манай байшин ХХК-ний хувьцааг буцаан Т.Баярсайханд шилжүүлэн С ХХК-ийг хувьцаа эзэмшигчээс хасах ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 154-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ч.Оюунбилэг нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 786 тоот захирамжийг үндэслэн 2018 оны 12-р сарын 05-ны өдрийн 154/01 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор манай С ХХК-ийн Хаан банк дах 5133047271 тоот данснаас 14.933.673 төгрөгийн хасалт хийсэн.

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д заасныг үндэслэн Манай байшин ХХК-ийн 100 %-ийн хувьцаа эзэмшигч тул гээд дээрх шийдвэр гүйцэтгэлийн арга хэмжээг авсан ба манай компани нь тус хэрэг маргаантай ямар нэгэн холбогдолгүй байсан.

            Уг тогтоол нь хуульд нийцээгүй С ХХК-ний хууль ёны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, хувьцаа эзэмшигчийн эрх, ашиг сонирхолд халдсан гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-д заасны дагуу холбогдох гомдлуудыг удаа дараа гаргасан боловч хангахгүй орхисон.

            С ХХК нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Манай байшин ХХК-нь буцаан Т.Баярсайхан, Л.Сансартуяа нарт хувьцааг шилжүүлж, С ХХК нь тус компанийн хувьцаа эзэмшигчээс хасагдсан тул шийдвэр гүйцэтгэлийн арга хэмжээг авах хууль зүйн үндэслэл байхгүй болсон. Ийм байхад өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хүчингүй болгоогүй байна.

            Төлбөр төлөгч нь С ХХК биш юм аа, шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 44.1., 44.2., 50, 95.1.-ийг зөрчиж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан нь буруу юм. Мөн хуулийн 93.4 бол хувьцаа эзэмшигч өөрөө хариуцах тухай заалт бөгөөд өөрийн эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр хариуцна. Манай байшин ХХК буцаагаад өгсөн байсан, энэ тухай улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгуулахаар бүх баримтуудаа Сансартуяад өгөөд түүнд хөнгөмсөгөөр найдсан байсан.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж, 9.5.-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заасан тул Манай байшин ХХК-ийн төлбөрийг С ХХК хариуцахгүй юм.

            Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 154-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ч.Оюунбилэгийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 154/01 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгож, хасалт хийсэн 14.473.673 төгрөгийг С ХХК-ийн Хаан банкны 5133047271 тоот дансанд буцаан шилжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэв.

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 786 дугаартай захирамжаар Манай байшин ХХК-иас 15.830.673 төгрөгийг гаргуулж Э.Төгөлдөрт олгохоор шийдвэрлэсэн.

            Төлбөр төлөгч Манай байшин ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулахад шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул өмчлөл болон эзэмшилд байгаа эд хөрөнгийг тогтоохоор холбогдох бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад эд хөрөнгө тогтоогдоогүй.

            Төлбөр төлөгч Манай байшин ХХК-ий арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн дансан дах мөнгийг тодруулахаар холбогдох бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад банкны дансны үлдэгдэлгүй гэсэн хариу ирүүлсэн.

            Манай байшин ХХК нь шүүхийн шийдвэртэй төлбөрөөс 1.000.000 төгрөгийг 2015 онд, 460.000 төгрөгийг 2018 онд, 500.000 төгрөгийг 2019 онд тус тус хэсэгчлэн төлж, үлдэгдэл төлбөрийг 4 жилийн хугацаанд төлөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн, хөрөнгө орлого тогтоогдоогүй байна.

            Төлбөр төлөгч Манай байшин ХХК-ий талаар 2015 онд 3/16740 дугаартай албан бичиг, 2018 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас дэлгэрэнгүй лавлагааг авахад 100%-ийн үүсгэн байгуулагч нь Свис гарден ХХК- бүртгэлтэй болох нь тогтоогдсон тул 2018 оны 154/01 дугаартай төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлэхэд 14.933.673 төгрөг шийдвэр гүйцэтгэх газрын дансанд орж ирсэн.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.4-д төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж, мөн Компаний тухай хуулийн 9.5-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компаний өр төлбөрийг давхар хариуцана гэж тус тус заасныг үндэслэн мөнгөн хөрөнгөөс хасалт хийсэн нь үндэслэлтэй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан.

            Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                    ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч С ХХК нь шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 154/01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хасалт хийсэн 14.473.673 төгрөгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ мөн хуулийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 786 дугаартай шүүгчийн захирамжаар / шийдвэрээр / хариуцагч Манай байшин ХХК нь нэхэмжлэгч Э.Төгөлдөрийн нэхэмжилсэн 15.594.750 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна./хх-ийн 23,24-р хуудас/

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 786 дугаартай шийдвэр, тус шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 902 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 312 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /х.х-ийн 22-24-р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3/16740 дугаартай албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт, 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 3/26136 дугаартай албан бичгээр Чингэлтэй дүүргийн өмч газрын харилцааны албанд, мөн өдрийн 3/26139 дугаартай албан бичгээр Баянгол дүүргийн өмч газрын харилцааны албанд, мөн өдрийн 3/26153 дугаартай албан бичгээр Улсын бүртгэлийн төв архивын газарт, мөн өдрийн 3/26135 дугаартай албан бичгээр Хан-Уул дүүргийн өмч, газрын харилцааны албанд, мөн өдрийн 3/26140 дугаартай албан бичгээр Сонгино хайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанд, мөн өдрийн 3/26137 дугаартай албан бичгээр Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанд болон нэр бүхий банкуудад Манай байшин ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, эзэмшилд нь газар бүртгэлтэй эсэх, эрхлэх үйл ажиллагаа, хөрөнгийн хэмжээ, үүсгэн байгуулагчийн тоо, данс эзэмшдэг эсэх лавлагаануудыг авахаар тус тус хандаж хариу авсан байна. /хх-ийн 26-35, 37-40-р хуудас/

Төлбөр төлөгч Манай байшин ХХК нь шүүхийн шийдвэртэй төлбөрөөс 2015 онд 1.000.000 төгрөгийг, 2018 онд 460.000 төгрөгийг , 2019 онд 500.000 төгрөгийг тус тус хэсэгчлэн төлж, үлдэгдэл төлбөрийг 4 жилийн хугацаанд төлөөгүй талаар талууд маргаагүй болно.

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1., 44.2.1., 44.2.11., 44.2.13.-т заасан ажиллагаануудыг явуулж 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 15280536/01 дугаар бүхий Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх тухай тогтоолоор Манай байшин ХХК-ийн 1605007329 тоот харилцах дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан 15.833.673 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд 100.000 төгрөг нийт 15.933.673 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүжлэхийг даалгаж 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр арилжааны банкуудад хүргүүлэхэд Богд, Чингис хаан, Ариг, Кредит банкуудаас Манай байшин ХХК нь данс эзэмшдэггүй тухай хариуг ирүүлжээ./хх-ийн 36- 40-р хуудас/

Мөн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 154/01 дугаар бүхий Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч Манай байшин ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч С ХХК-ийн харилцах дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан 14.833.673 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд 100.000 төгрөг нийт 14.933.673 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхийг даалгаж арилжааны банкуудад хүргүүлэхэд Хаан банкны 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 17/13032 дугаар бүхий албан бичгээр С ХХК нь 5133047271 тоот данс эзэмшдэг ба 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 14.933.673 төгрөгийг төлбөрт шилжүүлсэн тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгджээ./хх-ийн 41, 46-р хуудас/

С ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дээрх ажиллагааг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.,44.4.-т заасны дагуу ахлах гүйцэтгэгчид , ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид тус тус гомдол гаргаж хариуг авчээ. /хх-ийн 11,12-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.-т Шийдвэр гүйцэтгэгч банк, эрх бүхий хуулийн этгээд дэх төлбөр төлөгчийн дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгийг битүүмжлэх тухай шийдвэр гаргаж, банк, эрх бүхий хуулийн этгээдэд даруй хүргүүлнэ гэж,

50.2.-т Төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх дансны дугаар, төрөл, данс эзэмшигчийн нэр болон бусад шаардлагатай мэдээлэл тодорхойгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч банк, эрх бүхий хуулийн этгээдээс шаардлагатай лавлагаа, тодорхойлолтыг гаргуулж, хэрэв төлбөр төлөгч данстай бол дансан дахь мөнгөн хөрөнгийг битүүмжлэх тухай шийдвэрийг хүргүүлнэ гэж,

50.3.-т Банк, эрх бүхий хуулийн этгээд шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авсан даруйд биелүүлж, төлбөр төлөгчийн болон шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрт заасан бусад этгээдийн нэр дээр бүртгэлтэй дансны мэдээлэл, дансанд битүүмжлэгдсэн мөнгөн хөрөнгийн талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдэнэ гэж тус тус заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь зохих лавлагаануудыг авч, төлбөр төлөгч Манай байшин ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч С ХХК-ийн харилцах дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчөөгүй байна.

Мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.4.-т Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж,

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж,

9.5.-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заажээ.

Шийдвэр гүйцэтгэгчийг ажиллагаа хийж байх үед буюу 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 7/10498 дугаартай албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд Манай байшин ХХК-ийн үүсгэн байгуулагчийн тухай мэдээлэлд С ХХК 100%-ийн хөрөнгө оруулагч гэж бичигджээ. /хх-ийн 28, 32-р хуудас/

Тус шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 08243 дугаартай захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Манай байшин ХХК-ийн дэлгэрэнгүй лалавлагааг авахад тус компанийн үүсгэн байгуулагчийн тухай мэдээлэлд 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Л.Сансартуяа нэмэгдэж С ХХК хасагджээ./хх-ийн 50, 54-57-р хуудас/

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 786 дугаартай шүүгчийн захирамжаар / шийдвэрээр / хариуцагч Манай байшин ХХК нь нэхэмжлэгч Э.Төгөлдөрийн нэхэмжилсэн 15.594.750 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг хийх явцад Манай байшин ХХК-ийн үүсгэн байгуулагчаас С ХХК нь хасагдаагүй, хасалт хийлгээгүй байсанд шийдвэр гүйцэтгэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 786 дугаартай шүүгчийн захирамжаар / шийдвэрээр / хариуцагч Манай байшин ХХК нь нэхэмжлэгч Э.Төгөлдөрийн нэхэмжилсэн 15.594.750 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.,44 дүгээр зүйлийн 44.1., 44.2.1., 44.2.2., 44.2.11., 44.2.13., 50 дугаар зүйлийн 50.2.,50.3., 93 дугаар зүйлийн 93.4. дүгээр зүйлд заасан шаардлагатай нийцжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон гуравдагч этгээд С ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, зохигчийн тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд НШШГГхолбогдох шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 154/01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хасалт хийсэн 14.473.673 төгрөгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                          

             ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт зааснаар НШШГГ-д холбогдох Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 786 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч М ХХК-нь нэхэмжлэгч Э.Т-ийн нэхэмжилсэн 15.594.750 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 154/01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хасалт хийсэн 14.473.673 төгрөгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Ч.ИЧИНХОРЛОО