Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1878

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Т, С.Э нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/02286 дугаар шийдвэртэй, Т.Т, С.Э нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Т ” ХХК-д холбогдох

 

8 425 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Т , нэхэмжлэгч С.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Т , С.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Бид “Т ” ХХК-тай 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 02-31-130 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах Алтай хотхоны 31 дүгээр байрны 130 тоот 56.7 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг нийт 70 875 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохирч, гэрээний 2.1-д заасны дагуу тухайн өдрөө нийт төлбөрийн 90 хувь 63 800 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 7 075 000 төгрөгийн төлбөрийг 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр бүрэн төлж дуусгасан бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр авсан. Бид тус орон сууцны талбайг мэргэжлийн байгуулгаар хэмжүүлэхэд нийт талбайн хэмжээ 56.7 м.кв байхаас 50.04 м.кв-аар тогтоогдож 6.66 м.кв дутсан. Иймд 6.66 м.кв талбайн үнийг илүү тооцож авсны зөрүү болох 8 325 000 төгрөг, “Т ” ХХК-аар хэмжилт хийлгэхэд төлсөн 100 000 төгрөг, нийт 8 425 000 төгрөгийг хариуцагчаас гаргаж өгнө үү. MNS6058:2009 стандартын дагуу 54.7 м.кв талбай бүхий орон сууцны үнэд 70 875 000 төгрөг төлсөн. Шинжээч “У ” ХХК-ийн дүгнэлтэд 49.89 м.кв гэсэн тул дутуу 4.81 м.кв-ыг 1 295 704 төгрөгөөр /70 785 000/54.7/ тооцоод 6 232 336 төгрөг нэхэмжилж шаардлагаа багасгаж байна. “Т ” ХХК-аар хэмжилт хийлгэхэд төлсөн 100 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Т ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Алтай хотхоны 31 байрны 130 тоот орон сууцыг хариуцагч “Т ” ХХК нь худалдан авагч Т.Т, С.Э нарт хүлээлгэн өгсөн. Талуудын байгуулсан гэрээний 1.2-т орон сууцны талбайг ханын ось тэнхлэгээс хэмжихээр тохиролцсон байгаа. Гэрээний үнэ бол гэрээний гол нөхцөл, нэхэмжлэлд ось тэнхлэгээс хэмжсэн 54.7 м.кв-ыг барьж нэг м.кв-ыг 1 250 000 төгрөгөөр тооцсон байгааг анхаарна уу. Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг доголдолтой байдалтай хүлээж авсан гэх боловч доголдол илэрсэн гэдэг зүйлийг нотолж чадсангүй. MNS6058:2009 стандарт үнэ тооцох механизм болж чадахгүй, 54.7 м.кв гэдэг нь эзлэхүүний талбай юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т ” ХХК-аас 6 232 336 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Т, С.Э нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Т, С.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т ” ХХК-аас 114 667 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Т, С.Э нарт олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Зохигчдын хооронд 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 02-31-130 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулж 130 тоот орон сууцыг нэхэмжлэгчид худалдсан. Гэрээгээр үнийг тохирохдоо 1м.кв-ыг 1 250 000 төгрөгөөр тохиролцож нийт 70 875 000 төгрөгөөр худалдсан. Өөрөөр хэлбэл, нэгж үнийг ось тэнхлэг бусад буюу 56.7 м.кв-аас бодсон. Энэ хэмжээндээ хүрээгүй гэж мэргэжлийн шинжээчийн дүгнэлт байхгүй. Гэтэл үнийг тодорхойлохгүй 54.7 м.кв-аас бодож нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь буруу гэж үзэж байна. Тус 54.7 м.кв гэсэн хэмжээ нь MNS6058:2009 стандартаар хэмжвэл гарах хэмжээ бөгөөд эндээс үнэ тооцоогүй зөвхөн ашиглалтын төлбөр тооцоход ач холбогдолтой дүн юм. Гэрээний үнэд нөлөөлөхгүй. Нэгэнт ось тэнхлэгээс хэмжсэн дүгнэлт үгүй тул энэ талаар гаргасан хариуцагч хүсэлтийг хүлээн аваагүйд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч Т.Т, С.Э нар нь хариуцагч “Т ” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн үнэд илүү төлсөн 8 325 000 төгрөг, хохирол 100 000 төгрөг, нийт 8 425 000 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны талбайн үнэд илүү төлсөн 8 325 000 төгрөгийг 6 232 336 төгрөг болгон багасгажээ./хэргийн 1-2, 203 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Т.Т, С.Э нар нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 156 айлын орон сууцны барилгын 31 дүгээр байрны 8 дугаар давхарт 130 тоот хаягт байршилтай MNS6058:2009 54.7 м.кв болон 56.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 70 875 000 төгрөгөөр захиалах, хариуцагч “Т ” ХХК нь орон сууцыг 2013 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна. /хэргийн 6-7 дугаар тал/.

 

            Иймд талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

            Нэхэмжлэгч орон сууцны үнэ 70 875 000 төгрөгийг төлсөн, хариуцагч 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр акт үйлдэн орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн талаар талууд маргаагүй. Харин нэхэмжлэгч нар орон сууцны м.кв-ын зөрүүг шаардах эрхтэй эсэх талаар маргажээ.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “гэрээний 1.2-т орон сууцны талбайн хэмжилт нь хананы ось /айл хоорондын тусгаарласан ханын гол дундаас, гадна ханын дотор ирмэгээс хэмжсэн хэмжилт/ тэнхлэгнээс хэмжсэн” гэж тайлбарласан байх боловч уг тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч биет байдлын доголдолгүй хөрөнгө худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй.

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд “Т ” ХХК-аас 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтийг нэхэмжлэгчээс ирүүлсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хариуцагч талын хүсэлтээр шинжээчээр “У ” ХХК-ийг томилж, улмаар маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээг 49.89 м.кв гэх дүгнэлт гарсан байна./хэргийн 12-14, 188-192 дугаар тал/

 

            Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууц хүлээн авахаас өмнө “Т ” ХХК-аар хэмжилт хийлгэж, улмаар 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр орон сууцны талбай дутуу байгаа талаар хариуцагчид бичгээр өргөдөл гаргасныг зөвшөөрөхгүй гэсэн агуулгатай хариу өгсөн болох нь гэрч Х.Э-ийн мэдүүлгээр тогтоогдож байна./хэргийн 35, 36, 173-174 дүгээр тал/ Үүнийг хариуцагч байгууллага үгүйсгэж маргаагүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхгүй.

 

            Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч нар нь орон сууцны м.кв-ын зөрүүний талаар шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хариуцагч талд мэдэгдсэн байна. Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Хариуцагч давж заалдах гомдолдоо MNS6058:2009 стандартаар дагуу хэмжвэл гарах байсан, мөн шинжээчийн дүгнэлт гаргахад хариуцагч талыг байлцуулаагүй гэх үндэслэлийг дурдсан байх боловч талууд гэрээндээ MNS6058:2009 стандартын дагуу тохирсон байна. Түүнчлэн, шинжээч “У ” ХХК нь дүгнэлт гаргахдаа хариуцагчийг байлцуулахаар 2 удаа холбогдсон талаар дурдсан байгаад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. /хэргийн 187 дугаар тал/.

 

            Иймд шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн гэж үзнэ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Т ” ХХК-аас 6 232 336 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Т, С.Э нарт олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/02286 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 668 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                     ШҮҮГЧИД                              Т.ТУЯА

 

                                                С.ЭНХТӨР