Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00336

 

Т.Төгсбаяр, С.Эрдэнэжаргал нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Ундрах, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/02286 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1878 дугаар магадлалтай,

 Т.Төгсбаяр, С.Эрдэнэжаргал нарын нэхэмжлэлтэй,

Тайгам-Алтай ХХК-д холбогдох,

 8,425,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Төгсбаяр, нэхэмжлэгч С.Эрдэнэжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 Нэхэмжлэгч Т.Төгсбаяр, С.Эрдэнэжаргал, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгэ нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бид Тайгам-Алтай ХХК-тай 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 02-31-130 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах Алтай хотхоны 31 дүгээр байрны 130 тоот 56.7 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг нийт 70,875,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохирч, гэрээний 2.1-д заасны дагуу тухайн өдрөө нийт төлбөрийн 90 хувь 63,800,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 7,075,000 төгрөгийн төлбөрийг 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр бүрэн төлж дуусгасан бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр авсан. Бид тус орон сууцны талбайг мэргэжлийн байгуулгаар хэмжүүлэхэд нийт талбайн хэмжээ 56.7 м.кв байхаас 50.04 м.кв-аар тогтоогдож 6.66 м.кв дутсан. Иймд 6.66 м.кв талбайн үнийг илүү тооцож авсны зөрүү болох 8,325,000 төгрөг, Тоонтогранд ХХК-аар хэмжилт хийлгэхэд төлсөн 100,000 төгрөг, нийт 8,425,000 төгрөгийг хариуцагчаас гаргаж өгнө үү. MNS6058:2009 стандартын дагуу 54.7 м.кв талбай бүхий орон сууцны үнэд 70,875,000 төгрөг төлсөн. Шинжээч Уран-Асар ХХК-ийн дүгнэлтэд 49.89 м.кв гэсэн тул дутуу 4.81 м.кв-ыг 1,295,704 төгрөгөөр /70,785,000 /54.7/ тооцоод 6,232,336 төгрөг нэхэмжилж шаардлагаа багасгаж байна. Тоонтогранд ХХК-аар хэмжилт хийлгэхэд төлсөн 100,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Тайгам-Алтай ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ...Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр Алтай хотхоны 31 байрны 130 тоот орон сууцыг хариуцагч Тайгам-Алтай ХХК нь худалдан авагч Т.Төгсбаяр, С.Эрдэнэжаргал нарт хүлээлгэн өгсөн. Талуудын байгуулсан гэрээний 1.2-т орон сууцны талбайг ханын ось тэнхлэгээс хэмжихээр тохиролцсон байгаа. Гэрээний үнэ бол гэрээний гол нөхцөл, нэхэмжлэлд ось тэнхлэгээс хэмжсэн 54.7 м.кв-ыг барьж нэг м.кв-ыг 1,250,000 төгрөгөөр тооцсон байгааг анхаарна уу. Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг доголдолтой байдалтай хүлээж авсан гэх боловч доголдол илэрсэн гэдэг зүйлийг нотолж чадсангүй. MNS6058:2009 стандарт үнэ тооцох механизм болж чадахгүй, 54.7 м.кв гэдэг нь эзлэхүүний талбай юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/02286 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Тайгам-Алтай ХХК-аас 6,232,336 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Төгсбаяр, С.Эрдэнэжаргал нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Төгсбаяр, С.Эрдэнэжаргал нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тайгам-Алтай ХХК-аас 114,667 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Төгсбаяр, С.Эрдэнэжаргал нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1878 дугаар магадлалаар:  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/02286 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,668 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 1.Зохигчдын хооронд байгуулагдсан 2013.02.15-ны 02-31-130 тоот гэрээний зүйл ось тэнхлэгээр 56.7 м.кв, MNS6058:2009 стандартаар 54.7м.кв 70,875,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц. Гэрээний 1.2-т орон сууцны талбайн хэмжээ нь ось тэнхлэгээс хэмжсэн ... зөвшөөрсөн Т.Төгсбаяр гэжээ. Өөрөөр хэлбэл түүний нэгж үнийг 70,875,000:56.7=1,250,000 төгрөг байхаар тохиролцсон. Үүнийг нэхэмжлэгч маргадаггүй бөгөөд дээрх гэрээ нь өнөөдөр ч хүчинтэй байна. 2.Хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нь ось тэнхлэгээс зөрсөн гэж тогтоогдоогүй бөгөөд хоорондоо зөрүүтэй. Хариуцагчийн зүгээс дахин шинжээч томилох хүсэлт гаргасаныг хангаагүй орхисон. Дээрх нөхцөл байдлууд нь нэхэмжлэгч шаардлагаа нотлоогүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдалд халдсан явдал бөгөөд нэгж үнийг өөр байдлаар хөндлөнгөөс тооцсон явдал гэж үзлээ. Иймд шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.Төгсбаяр, С.Эрдэнэжаргал нар Тайгам-Алтай ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8,425,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайханы хяналтын журмаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай гомдлыг хангах хуулийн үндэслэлтэй байна.

1. Хэрэгт баримтаар нэхэмжлэгч Т.Төгсбаяр, С.Эрдэнэжаргал нар болон Тайгам-Алтай ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02-31-130 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ авагджээ. Гэрээний зүйл нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах Алтай хотхоны 31 дүгээр байрны 130 тоот хоёр өрөө орон сууц байна.

Орон сууц захиалгаар бариулах гэрээ гэж нэрлэсэн гэрээн нь бодит нөхцөлд бэлэн баригдаж байсан барилгаас 2 өрөө сууц худалдан авахаар гэрээ байгуулсан байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь маргааны харилцаанд нийцжээ.

Гэрээнд заасны дагуу орон сууцны үнийг нэхэмжлэгч тал 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр бүрэн төлж, өмчлөх эрхийн гэрчилгээг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр авсан байх ба талуудын хэн аль нь үүргээ биелүүлсэн байна.

Нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авахаас өмнө 2014 оны 3 дугаар сарын 17ны өдөр мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахад талбайн хэмжээ 50.04 м.кв гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны талбайг дахин хэмжихэд 49.89 мкв гэж тус тус өөр хэмжээтэй гарсан байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг .... орон сууцны нийт талбайн хэмжээ 56.7 м.кв байхаас 50.04 м.кв-аар тогтоогдож 6.66 м.кв дутсан тул талбайн үнийн зөрүү болох 8,325,000 төгрөг, шинжээчид төлсөн 100,000 төгрөг, нийт 8,425,000 төгрөг нэхэмжилсэн боловч MNS6058:2009 стандартын дагуу хэмжихэд 54.7 м.кв талбай байхаас 49.89 м.кв болж 4.81 м.кв дутуу гарсан тул илүү төлсөн 6,232,336 төгрөгийг зардал 100,000 төгрөгийн хамт гаргуулна гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-д Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэжээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-д зааснаар ... гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж заасан байна.

Талуудын байгуулсан гэрээний 1.2-т орон сууцны талбайг ханын ось тэнхлэгээр хэмжихээр тохиролцов гэж, мөн гэрээний 1.1д заасан хүснэгтэд 2 өрөө гэж, MNS6058:2009 стандарт орон сууцны талбай 54.7 м.кв гэж, орон сууцны ось тэнхлэг м.кв 56,7 мкв гэж, үнэ төгрөг 70,875,000 төгрөг гэж тус тус тодорхой заажээ.

Гэрээнд ось тэнхлэг, MNS6058:2009 стандарт гэж хоёр өөр хэмжилт зааснаас үзэхэд орон сууцны талбай тухайн хэмжилтээс шалтгаалан хоёр өөр байх боломжтой гэж үзсэн ба харин орон сууцны талбайн хэмжээгээр буюу орон сууцны үнийг 1 м.кв-ын үнээр тооцохоор тухайлан тохироогүй байна.

Өөрөөр хэлбэл орон сууцны үнийг 1 м.кв-ын үнээр нийт үнийг тооцох талаар гэрээгээр тусгайлан тохиролцоогүй гэж үзнэ. Иймд гэрээний зүйл болох орон сууц нь 2 өрөө, 70,875,000 төгрөгийн үнэтэй байна гэж гэрээний гол нөхцөлийг тохирсон гэж ойлгоно.

Дээрхээс үзэхэд хариуцагч худалдах-худалдан авах гэрээнд заасны дагуу нийтийн орон сууцны ердийн шаардлага хангасан ашиглах амьдрах боломж бүхий 70,875,000 төгрөгийн үнэтэй 2 өрөө сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгч гэрээний үүргээ биелүүлжээ.

Иймд нэхэмжлэгч гэрээгээр тохироогүй буюу орон сууцны талбай бага гэсэн үндэслэлээр доголдол арилгуулах шаардлага гаргасныг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хоёр шатны шүүх, хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн маргаанд ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын байгуулсан гэрээний үүрэг биелэгдсэн эсэх тухайд үндэслэл муутай дүгнэлт хийж, орон сууцны талбайн зөрүү үнэ гаргуулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1878 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/02286 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...хариуцагч Тайгам-Алтай ХХК-аас 6,232,336 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Төгсбаяр, С.Эрдэнэжаргал нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...Тайгам-Алтай ХХК-аас 6,332,336 төгрөг гаргуулах тухай Т.Төгсбаяр, С.Эрдэнэжаргал нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.гэж,

-шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...нэхэмжлэгч Т.Төгсбаяр, С.Эрдэнэжаргал нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тайгам-Алтай ХХК-аас 114,667 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Төгсбаяр, С.Эрдэнэжаргал нарт олгосугай. гэснийг ...нэхэмжлэгч Т.Төгсбаяр, С.Эрдэнэжаргал нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. гэж тус тус өөрчлөн хариуцагчийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайханы 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 114,670 төгрөг төлснийг захирамжаар буцаан олгосугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦОЛМОН

                                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                                                   ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ

                      Х.СОНИНБАЯР

                      Г.ЦАГААНЦООЖ