Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 110/ШШ2023/0060

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч:”Ж” ХХК,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч,

Гомдлын шаардлага: ”Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0093030 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” тухай  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гомдол гаргагчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “Ж” ХХК-аас Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0093030 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргасан.

2. Хариуцагчаас гаалийн хяналт шалгалтын явцад “Ж” ХХК-ийн Оросын Холбооны Улсын “Т” компаниас худалдан авч импортоор оруулж ирсэн хийжүүлсэн ундаа нь  Хүнсний нэмэлт MNS CAC 192:2015 Монгол Улсын стандартын шаардлага хангаагүй нь шинжилгээний дүнгээр тогтоогдсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг хурааж, арван мянган нэгжтэй тэнцэх төгрөг буюу 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3. Гаалийн улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 0093030 дугаартай шийтгэлийн хуудсыг “Ж” ХХК эс зөвшөөрч, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гомдол гаргаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзсэн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлан маргажээ. Үүнд:

3.1. Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид гаалийн байцаагч Х.Ж явуулсан 4 нэр төрлийн ундааг шинжилсэн 23-2362 дугаартай шинжилгээний дүнгийн баримтад лабораторийн эрхлэгч Л.У, Д.С, хянасан ахлах шинжээч П.Б, ахлах шинжээч Б.Ц нар шинжилгээний дүнг химийн тоогоор илэрхийлэн гаргаж, гарын үсэг зурсан болохоос санал тайлбар хэсэгт 4 төрлийн ундаанаас ямар нэгэн химийн бодис илэрсэн, хэрэглэж болохгүй гэсэн тодорхой дүгнэлтийг бичиж ирүүлээгүй. Уг захиргааны зөрчлийг шалгасан гаалийн байцаагч Х.Ж хүсэлтээр хийлгэсэн 23-2362 дугаартай шинжилгээний дүнг үндэслэл болгосон, Оросын Холбооны Улсын Алтай муж, Бийск дүүрэг, Пригород тосгоны лабораторийн чанарын гэрчилгээний дүгнэлт болон ГОСТ28188-2014 шаардлагад тохирч байгаа, бусад мэдүүлэгтэй бичгийг авч үзээгүй. 

3.2. Оросын Холбооны Улсын Алтай мужийн  “Т” компани нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 390 дугаар гэрээгээр 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дүгээр тодорхойлолтоор дээр дурдсан 4 төрлийн ундааг улсын бүртгэлтэй ,,,,,,, тоот гэрчилгээтэй, ,,,,,,,, дугаар бүхий  регистртэй, “Н” ХХК-д нийлүүлсэн талаар мэдүүлэгт байсаар байхад энэ компанийн ундааг шинжилгээнд хамааруулахгүйгээр оруулж, одоо хүртэл зарагдаж байгаа нь гаалийн байцаагч нар нэг талыг баримталж ажиллаж байгаатай холбоотой байна.

Гэтэл 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр адилхан Оросын Холбооны Улсын Алтай мужийн  “Т” компани “Н” ХХК-д нийлүүлсэн ундааны талаар Гаалийн Ерөнхий газарт “Ж” ХХК-ийн өмнөөс гомдол гаргахад “Н” ХХК-ийн импортолсон бараа бүтэгдэхүүнийг дагалдаж ирсэн Оросын Холбооны Улсын эрх бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээ болон шинжилгээний бичгийг үндэслэн гаалийн хяналт, бүрдүүлэлт хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна гэсэн хариу өгсөн.

Гаалийн улсын байцаагч тал бүрээс нь бодитой үнэлгээ өгч, шалгалт хийгээгүй байж “Ж” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулиар 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсанд гомдолтой байна гэжээ.

4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

4.1. Лабораторийн шинжилгээний дүнг бүхэлд нь үгүйсгээгүй, будагч бодис гэдгийн тэмдэглэгээнд “итгэмжлэгдээгүй болно” гэсэн тайлбартай шинжилгээний дүнг гаргасан байна. Иймд шинжилгээний хариугаар бүхэлд нь бус тухайн будагч бодисын хувьд итгэмжлэгдээгүй гэж үзэж байгаа.

4.2. Хариуцагчаас шинжилгээний дүнгээр хийжүүлсэн ундаануудаас химийн хоёр бодис илэрсэн гэж үзэж байгаа. Энэ талаар тайлбар хийхэд, Евразийн Эдийн Засгийн Холбооны Хүнсний аюулгүй байдлын хорооноос хүнсний аюулгүй байдлыг баталж “Е” гэх код өгдөг байна. Хүнсний нэмэлтийг натурал, синтетик, артикль /зохиомол/ гэж гурав ангилдаг байна. Мөн тухайн хүнсний нэмэлтийг Оросын Холбооны Улсад 2010 оноос тухайн ундаанд натурал, синтетик гэх хүнсний нэмэлтийг хэрэглэдэг гэж хариу өгсөн. Тиймээс тухайн хүнсний нэмэлт бодисууд нь ундаанд агуулагдаж байгаа нь аюултай зүйл биш бөгөөд уг хүнсний нэмэлтийг хэрэглэсэн тохиолдолд хүнсний сав баглаанд гаж нөлөөний талаар бичсэн байхыг шаарддаг. Үүний дагуу ундааны сав баглаанд гаж нөлөөний талаар бичсэн байдаг гэв.

4.3. Евразийн Эдийн Засгийн Холбооноос олгосон тухайн хүнсний бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ байгаа. Уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч компанид бүтээгдэхүүний чанарын гэрчилгээний талаар хэлэхэд тухайн бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ нь Оросын Холбооны Улс болон Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэх хариу өгсөн.

4.4 .”Ж” ХХК-ийн  оруулж ирж байгаа бүтээгдэхүүнийг өмнө нь  бусад компаниуд тухайн үйлдвэрээс нь оруулж ирсэн. Нэг үйлдвэрийн адилхан нэр төрлийн бүтээгдэхүүн оруулж ирсэн байхад манай компанийн барааг шаардлага хангахгүй гэж үзсэнд гомдол гаргасан. Уг гомдлын хариуг Гаалийн Ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх аюулгүй байдлын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01-2/2046 дугаар албан тоотоор хариу өгөхдөө хууль зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй  байна гэсэн гэв.

5. Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1. Гомдол гаргагч компани нь Оросын Холбооны Улсын компанитай ундааны зүйл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан,  тухайн ундаануудыг гомдол гаргагч компани үйлдвэрлээгүй. Тиймд энэхүү хэрэгт гомдол гаргагч компанийг буруутгаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн бүтээгдэхүүнийг гомдол гаргагч компани нь гэрээний дагуу төлбөрөө шилжүүлж, гаалийн бүрдүүлэлтийг зохих ёсоор хийж, үүний үндсэн дээр үйлдвэрлэгч компани барааг илгээсэн. Хэрэв тухайн бүтээгдэхүүнээс зөрчилтэй бараа илэрсэн бол тухайн үед уг барааг үйлдвэрлэгч компанид буцаах зэргээр арга хэмжээ авахгүйгээр шууд гомдол гаргагч компанийг буруутгаж, 10 000 000 төгрөгөөр торгож байгаад гомдолтой байна.

            5.2. Хариуцагч талаас “Ж” ХХК-ийг тухайн бүтээгдэхүүнийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа ч зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэдгийг хариуцагч тал нотлох үүрэгтэй, энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно.

5.3. Евразийн Эдийн Засгийн Холбооны Хүнсний аюулгүй байдлын хорооны чанарын гэрчилгээг нотлох баримтаар үнэлэхийг хүсэж байна. Мөн “Н” компани мөн төрлийн бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэхдээ уг чанарын гэрчилгээг үндэслэсэн нь хууль зөрчөөгүй гэх холбогдох газрын албан тоот байгаа.

5.4. 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шинжилгээний  дүгнэлт гарсны дараа мөн адил гаалийн улсын байцаагч дүгнэлт бичих ёстой байсан. Зөвхөн зөрчлийн хэрэг нээснээр  зөрчлийг тогтоох боломжгүй гэж үзнэ.

5.5. Шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл хэсгийг буруу баримталж хэрэглэсэн тул уг шийдвэр хууль ёсны эсэх  нь эргэлзээтэй байна.

5.6. “Ж” ХХК-ийг зөрчил гаргасан гэж үзэх тодорхой үйлдэл, эс үйлдэхүй  байхгүй байхад зөрчил гаргасан гэж үзэх нь   эргэлзээтэй. Иймд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэв.

6. Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа:

6.1.Ж” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Оросын Холбооны Улсын  “Т” компаниас  импортоор оруулж ирсэн хийжүүлсэн ундаанд хорио цээрийн хяналт шалгалтыг хийж, хаяг шошготой танилцах явцад ундааны хаяг шошгод оросоор “Уг ундаанд агуулсан будагч бодис нь хүүхдийн анхаарал болон хөдөлгөөнд сөргөөр нөлөөлнө.” гэж бичсэнийг үндэслэж дээж авч, шинжилгээнд хамруулхад 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 23-2362 дугаар бүхий шинжилгээний дүнгээр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хүнсний нэмэлт MNS САС 192:2015 Монгол Улсын стандартад  заасан шаардлагыг хангахгүй болохыг тогтоосон. Шинжилгээний дүнгээр хийжүүлсэн ундаанд нэмэхийг зөвшөөрөөгүй хүнсний нэмэлт болох Е102 буюу олон улсын нэршил тартразин, Е122 буюу азорубин бодис илэрсэн болохыг, мөн Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2-тимпортлох хүнс нь зохистой дадал, эсхүл энэ хуулийн 10.2-т заасан хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлснийг баталгаажуулсан үйлдвэрийнх байх;” гэж заасныг зөрчсөнийг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу  холбогдох арга хэмжээг авсан болно.

6.2. Хүнсний нэмэлт MNS САС 192:2015 Монгол Улсын стандартын В хавсралтаар хүнсний ангиллын тогтолцоог зааж өгсөн ба тухайн хийжүүлсэн ундаа нь 14.0 бүлгийн “сүүн бүтээгдэхүүнээс бусад ундаа” нэршлийн  /14.1/ “спиртгүй зөөлөн ундаа”-ны төрлийн /14.1.4.1/ хийжүүлсэн, усанд суурилсан амтат ундаанд хамрагдана.

Хүнсний нэмэлт MNS САС 192:2015 стандартын 78 дугаар хуудаснаас эхлэн тодорхой нөхцөл, шаардлагын дагуу ашиглахыг зөвшөөрсөн нэмэлтүүдийг хүнсний бүтээгдэхүүний ангилал болон нэрээр зааж өгсөн болно.

Энэхүү стандартын 270- 271 дүгээр хуудсанд /14.1.4/ усанд суурилсан амтат ундаа, “спортын”, “хүч тамирын”, “электролитийн” болон  бусад тусгай зориулалтын ундааны ангилал болон /14.1.4.1/ хийжүүлсэн, усанд суурилсан амтат ундаанд хэрэглэхийг зөвшөөрсөн хүнсний нэмэлтүүдийн жагсаалт дотор  23-2362 дугаартай шинжилгээний дүнгээр илэрсэн Е102, Е122 бодисууд байхгүй болох нь тогтоогдсон болно.

6.3. “Ж” ХХК-ийн гаргаж өгсөн, Оросын Холбооны Улсын  “Т” компанийн лабораторийн чанарын гэрчилгээ гэх хуудас нь тухайн үйлдвэрийн дотоод хяналт хийх зориулалттай лабораторийн дүнгийн хуудас ба тухайн бүтээгдэхүүний физик, химийн аюулгүйн үзүүлэлтүүдийг бүрэн тусгаагүй зөвхөн амт, үнэр, өнгө, савны дүүргэлт, ундаанд агуулсан СО2 буюу нүүрсхүчлийн хийн хэмжээний талаарх мэдээлэл нь голцуу мэдрэхүйн үзүүлэлтүүдийг агуулсан, эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийг агуулаагүй байсан учир тухайн барааны чанарыг батлах баримт бичиг гэж үзээгүй болно.

6.4. Зохистой дадал, удирдлагын тогтолцоог нэвтрүүлснийг баталгаажуулсан үйлдвэрийнх байхыг нотлох гэрчилгээ нь Оросын Холбооны Улс, Монгол Улсад ямар загвартай байдгийг Оросын Холбооны Улсын “С” ХХК, “П “ХХК-д олгогдсон загвар гэрчилгээнүүдийг орчуулгын хамтаар мөн Монгол Улсад “Ш “ХХК, “С” ХХК-д олгосон гэрчилгээний загваруудыг нотлох баримтаар тус тус хавсарган хүргүүлсэн болно.

Харин “Ж” ХХК-ийн гаргаж өгсөн бичиг баримт нь Евразийн Эдийн Засгийн Холбооны орнуудын дунд хэрэглэгддэг, бүтээгдэхүүнийг шаардлагад нийцсэнийг илэрхийлэх ба энэхүү спирт агуулаагүй ундаа нь техникийн нөхцөл болох баримт бичиг ТР/ТС 029 2012 шаардлагыг хангасан байна гэсэн болно.

6.5. “Ж” ХХК нь энэхүү хийжүүлсэн ундааг зориулалтын бус тээврийн хэрэгслээр ачиж ирсэн ба энэ нь Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4 дахь хэсэгтстандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан зориулалтын агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх, эсхүл энэ шаардлагыг хангасан хуулийн этгээд, байгууллагатай гэрээтэй байх;” гэснийг зөрчсөн.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй MNS 4598:2020 Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага стандартын 10 дугаар зүйлийн 10.1-д “Ачааг тээвэрлэх явцад түүнийг бүрэн бүтэн, гэмтэлгүй хүргэх болон бороо, цас, тоос, шороо зэрэг байгалийн бусад нөлөөллөөс хамгаалахаар сайтар битүүмжлэгдсэн, түргэн муудаж гэмтдэг хүнсний зүйлийг тээхэд илч тусгаарлагч битүү тэвштэй эсвэл хөргөгч бүхий (рефрижератор гэдэг нь халуун, хүйтнийг тохируулах боломжтой) битүү бүрхүүлтэй, овор ихтэй, хүнд урт ачааг тээвэрлэхэд найдвартай бэхэлгээгээр хангасан байна.” гэж заасныг зөрчсөнийг нотлох тухайн барааг ачиж ирсэн Т616АВ142 “Скания” маркийн тээврийн хэрэгслийн бүхээг нь рефрижераторгүй болохыг мөн тухайн өдөр гадаа хүйтэн байсныг, ундааны хадгалалтын горим алдсаныг нотлох фото зургийг хавсаргасан болно. Иймд гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Гомдол гаргагчийн гомдлын шаардлага үндэслэлгүй байна.

2. Гаалийн улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0093030 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудаснаас үзэхэд эрх бүхий албан тушаалтнаас “Ж” ХХК-ийн  Оросын Холбооны Улсын “Т” компаниас импортоор оруулж ирсэн хийжүүлсэн ундаанаас дээж авч  Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид шинжилгээнд хамруулахад шинжилгээний дүнгээр тодорхой нэр төрлийн хийжүүлсэн ундаа нь Хүнсний нэмэлт MNS CAC 192:2015 Монгол Улсын стандартын шаардлага хангаагүй нь тогтоогдсон нь  тус компани хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон зөрчил гаргасан гэж үзээд зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хурааж, шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д зааснаар  10 000 000 төгрөгөөр  торгох шийтгэл оногдуулжээ.

3. Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.

4. Зөрчлийн хэргийн материалаас үзэхэд гомдол гаргагч “Ж” ХХК нь Оросын Холбооны Улсын “Т” компаниас худалдан авсан гэх “Милеста ананасовая”, “Милеста лимон спрайт”, “Милеста апельсиновая”, “Милеста  тархуновая”, “Милеста мохито клубничный”, “Черри сола”, “Милеста грушевая”  нэртэй 1.5 литрээр савлагдсан 950 боодол 5700 ширхэг хийжүүлсэн ундааг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр улсын хилээр импортолсон /импортлохоор мэдүүлсэн/ байх ба гаалийн хяналт шалгалтын явцад гаалийн улсын байцаагчаас дээрх ундааны тодорхой нэр төрлөөс тус бүр 2 ширхэг ундааны дээж авч,  Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид шинжилгээнд хамруулахад  дээрх хүнсний бараанаас 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 23-2362 дугаартай шинжилгээний дүнгээр “Милеста ананасовая” ундаанаас 9.30 мг/кг, “Милеста апельсиновая” ундаанаас 20.49 мг/кг, “Милеста  тархуновая” ундаанаас 12.76 мг/кг  хэмжээтэй Е102, “Черри сола” ундаанаас  Е122 төрлийн будагч бодис илэрсэн зэрэг үйл баримт тогтоогджээ.

5. Хүнсэнд хэрэглэгдэх будагч нь Хүнсний тухай хуулийн 3.1.9-д  "хүнсний нэмэлт" гэж дангаараа бүтээгдэхүүн, эсхүл хүнсний үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж чаддаггүй, тэжээллэг чанаргүй, амт, үнэр, өнгө оруулах,  биежүүлэх, сийрэгжүүлэх, хадгалах хугацааг уртасгах болон технологи ажиллагааг хурдасгах зорилгоор хүнсний үйлдвэрлэлийн явцад зориудаар нэмдэг бодис, хольцыг;” гэж тодорхойлсноор хүнсний нэмэлтэд хамаардаг байх ба Хүнсний нэмэлт MNS CAC 192:2015 Монгол Улсын стандартаас үзэхэд Е102 нь тартразин, Е122  нь азорубин /кармозин/ нэршилтэй, будагч үүрэгтэй бодисууд байна.

6. Гаалийн хяналт шалгалтын явцад гаалийн улсын байцаагчаас “Ж” ХХК-ийн импортоор оруулахаар мэдүүлсэн ундааг шинжилгээнд хамруулсан нь Хүнсний бүтээгдэхүүний  аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-тХүнсний аюулгүй байдалд хяналт тавих эрх бүхий улсын байцаагч нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасны дагуу импортлох болон экспортлох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний сүлжээнд ашиглах болон хэрэглэх эд зүйлсэд холбогдох хяналт шалгалт хийнэ.” гэж заасантай,  шинжилгээг Үндэсний лавлагаа лабораторид хийлгэсэн нь хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Стандартчилал, хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийн талаарх лабораторийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг удирдах, энэ хуулийн 15.3-т заасан лабораториудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний лавлагаа лаборатори ажиллана.”, 15.2-т “Үндэсний лавлагаа лаборатори дараах чиг үүрэгтэй байна:”, 15.2.1-д “хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдалд тандалт судалгаа, үнэлгээ, шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмжийг холбогдох төрийн байгууллагад тухай бүрд хүргүүлэх;” гэж заасантай тус тус нийцсэн байна.

7. Хүнсний нэмэлт MNS CAC 192:2015 Монгол Улсын стандартад “Энэ стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө” гэж,  0.3-т “Нэмэлт хэрэглэхэд тохиромжтой бус эсвэл хэрэглээг нь хязгаарлах  шаардлагатай бүтээгдэхүүний нэр төрөл эсвэл тухайлсан бүтээгдэхүүнийг энэ стандартаар тодорхойлно.” гэж заасан.

Энэхүү стандартын В хавсралтаар баталсан Хүнсний ангиллын тогтолцооноос үзэхэд 14.0-д заасан сүүн бүтээгдэхүүнээс бусад спиртгүй (зөөлөн) ундааны /14.1/  ангилалд 14.1.4-т зааснаар усанд суурилсан амтат ундаа “спортын”, “хүч тамирын”, “электролитын” болон бусад тусгай зориулалтын ундаа хамаардаг байх ба энэ төрлийн ундаанд 14.1.4.1-д зааснаар хийжүүлсэн, усанд суурилсан амтат ундаа багтдаг байна.

14.1.4.1 ангиллын хийжүүлсэн усанд суурилсан амтат ундаанд тэжээллэг, тэжээллэг бус эсвэл маш хүчтэй чихэрлэг амт оруулагч болон зөвшөөрөгдөх бусад хүнсний нэмэлт бүхий хийжүүлсэн, амтат ундаа хамаарна гэж тайлбарласан байх ба “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, 1 дүгээр хүснэгт , Тодорхой нөхцөл, шаардлагын дагуу ашиглахыг зөвшөөрсөн нэмэлтүүд, хүнсний бүтээгдэхүүний ангилал болон нэрээр” гэсэн хэсгээс үзэхэд хүнсний ангиллын 14.1.4 Усанд суурилсан амтат ундаа, “спортын”, “хүч тамирын”, “электролитын” болон бусад тусгай зориулалтын ундаа, мөн 14.1.4.1 хийжүүлсэн, усанд суурилсан амтат ундаанд нэмэхийг зөвшөөрсөн хүнсний нэмэлтийн будагч бодисын жагсаалтад Е102 буюу азорубин, Е122 буюу тартразин нэртэй будагч бодис тусгагдаагүй байна.

Хүнсний нэмэлт MNS CAC 192:2015 Монгол Улсын стандартаас үзэхэд Е102, Е122 будагч бодисыг 12.5 хүнсний ангиллын шөл ба тунгалаг шөлөнд дээд хэмжээ нь 50 мг/кг хүртэл нэмэхээр зөвшөөрөгдсөн байх ба  зөвхөн загасны цул, гол, татсан маханд хэрэглэнэ гэж тайлбарлажээ. /“Хүнсний нэмэлтийг дахин хянасан ерөнхий стандартын саналын тайлбарууд” хэсгийн тайлбар 99/

8. “Ж” ХХК-ийн импортоор оруулсан зөрчилтэй хийжүүлсэн ундаануудын хаяг, шошгод ундаанд дээрх төрлийн будагч бодис нэмсэн, агуулсан будагч бодис нь хүүхдийн хөдөлгөөн болон анхааралд сөргөөр нөлөөлөх талаарх мэдээллийг тусгасан байх ба хариуцагчаас тус компанийн импортоор оруулсан 5700 ширхэг ундаанаас “Милеста ананасовая”, “Милеста апельсиновая”, “Милеста  тархуновая”, “Черри сола” нэртэй хийжүүлсэн ундаанаас  Хүнсний нэмэлт MNS CAC 192:2015 Монгол Улсын стандартаар  нэмэхийг зөвшөөрөөгүй хүнсний нэмэлтийн Е102, Е122 төрлийн будагч бодис илэрсэн нь шинжилгээний дүнгээр тогтоогдсон, ингэснээр дээрх төрлийн ундаанууд нь  тус стандартын шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

9. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д зааснаар "хүнсний бүтээгдэхүүн" гэж Хүнсний тухай хуулийн 3.1.1-д зааснаас гадна савласан ус, бүх төрлийн ундаа, бохь, хүнсний нэмэлтийг ойлгох бөгөөд хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.-д “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах;” гэж заасан.

Хуулийн   3.1.12-т зааснаар "хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч" гэж хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид "иргэн" гэх/, хуулийн этгээдийг;” 4.1.6-д зааснаар "хүнсний сүлжээ" гэж хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах, экспортлох, импортлох, хоол үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар авах, өгөх үйл ажиллагааг;”, 3.1.3."хүнсний чанар" гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний стандарт, техникийн зохицуулалтын болон хэрэглээний шаардлага хангасан байдлыг;” тус тус ойлгохоор байна.

Хуулийн дээрх зохицуулалтаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч “Ж” ХХК нь чанар, аюулгүй байдлын хувьд холбогдох стандартын шаардлагыг хангасан хүнсний бүтээгдэхүүнийг импортоор оруулах үүрэгтэй бөгөөд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид тавигдах шаардлагыг зөрчиж, Хүнсний нэмэлт MNS CAC 192:2015 Монгол Улсын стандартын шаардлагад нийцээгүй дээрх төрлийн хийжүүлсэн ундаануудыг оруулсан зөрчил гаргасан  тогтоогдсон гэж үзэхээр байна. 

Энэ тохиолдол нь Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д заасан хүнс импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарах тул эрх бүхий албан тушаалтнаас “Ж” ХХК-ийг мөн зүйлд заасан зөрчил гаргасан гэж үзэж, зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хурааж, 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д заасантай нийцсэн гэж дүгнэлээ.

10. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори нь итгэмжлэгдээгүй тул тус лабораторийн хийсэн шинжилгээний дүнг шийтгэл оногдуулахад үндэслэл болгосон нь хууль бус гэж маргаж, үндэслэлээ шинжилгээний дүн бүхий баримтад энэ талаар тусгагдсан гэж тайлбарласан.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т “Итгэмжлэгдсэн төрийн, орон нутгийн болон хувийн өмчит лаборатори хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын тандалт судалгаа, дээжийн шинжилгээ хийхэд оролцоно.”, 15.5-д “Энэ хуулийн 15.1-д заасан Үндэсний лавлагаа лаборатори болон багийн ажиллах журмыг Засгийн газар батална.” гэж, Засгийн газрын 2013 оны 330 дугаартай “Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори ажиллах журам”-ын Хоёрын 2.1.1-д “энэхүү журмын 2.1.1-д заасан төрөлжсөн лаборатори нь үйл ажиллагааны чиглэлээр үндэсний хэмжээнд эсхүл бүс нутаг, олон улсын түвшинд итгэмжлэгдсэн байх;” гэж тус тус заасан.

Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн  2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 23-2362 дугаартай шинжилгээний дүнгийн баримтад “Шинжилсэн үзүүлэлтийн нэр, хэмжих нэгж” гэсэн хэсэгт тусгагдсан “будагч”, “сахароз” нэртэй бодисуудын өмнө (*) тэмдэглэгээ тавьсан байх ба “(*) Энэхүү үзүүлэлт нь MNAS-аар (Mongolian National Accreditation System), ILAC (International Laboratory Accreditation Cooperation)” итгэмжлэгдээгүй болно.” гэх тайлбартай байна.

Уг тайлбарын талаар болон шинжилгээ хийсэн Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн хими, хор судлалын лаборатори;нян судлалын лаборатори нь шинжилгээ хийсэн хугацаанд үндэсний хэмжээнд эсхүл бүс нутаг, олон улсын түвшинд итгэмжлэгдсэн эсэх талаар Стандарт, хэмжил зүйн газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 240 дугаартай албан бичгээр “Засгийн газрын 2013 оны 330 дугаартай “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ажиллах журам” -ын дагуу тус лаборатори Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC17025:2018 стандартын дагуу 2003, 2006, 2009, 2012, 2016, 2019, 2023 онуудад тогтмол итгэмжлэгдсэн байгууллага юм.

“Ж” ХХК-ийн дээж 2023 оны 04-р сарын 28 өдөр 7 төрлийн ундааны дээж 10 үзүүлэлтээр шинжилгээнд хамрагдаж 2023 оны 05-р сарын 09-ний өдөр шинжилгээний хариу баталгаажсан 2023 оны 05-р сарын 10-нй өдөр хэвлэгдсэн байна.

Тус шинжилгээний үр дүнгийн хуудас дээрх "(*) /од тэмдэглэгээ/ Энэхүү үзүүлэлт нь MNAS-аар (Mongolian national accreditation system), ILAC (International laboratory accreditation cooperation) итгэмжлэгдээгүй болно." энэ нь итгэмжлэл хоорондын хугацаанд өмнөх итгэмжлэлийн хүрээнд ороогүй шинээр үйл ажиллагаанд нэвтрүүлсэн, итгэмжлэлийн хүрээг өргөтгөхөөр зорьж буй шинжилгээний үзүүлэлтийг од тэмдэглээг зүүн итгэмжлэгдсэн үзүүлэлтийн хамт шинжилгээний дүнд бичдэг.

Дараагийн итгэмжлэлд хамрагдахдаа тус үзүүлэлтийг итгэмжлэлийн хүрээнд багтаан итгэмжлэгдэг. Энэхүү од тэмдэглээтэй үзүүлэлт нь Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC17025:2018 стандартад бүрэн нийцсэн аргын сонголт баталгаажуулалт, нотолгоо хийх, журмын дагуу бүрэн баталгаажиж, үр дүнгийн үнэн бодит байдлыг хянаж, баталгаажуулсны үр дүнд үйл ажиллагаанд ашиглагдаг болно. Тухайн шинжилгээнд орсон 2 үзүүлэлт 2019 оны итгэмжлэлээс хойш үйл ажиллагаанд нэвтэрсэн бөгөөд 2023 оны 05 сард итгэмжлэлийн дахин үнэлгээнд хамрагдан Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2023 оны 08 сарын 31-нna өдрийн А/140 тушаалаар Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC17025:2018 стандартын дагуу 4 жилийн хугацаатайгаар итгэмжлэгдэж итгэмжлэлийн хүрээнд багтсан үзүүлэлт болно.” гэх хариу ирүүлсэн тул  гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэгдээгүй лабораториор шинжилгээ хийгдсэн гэх маргаан нь үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс  хариуцагч шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу баримталсан нь уг шийдвэр хууль ёсны эсэхэд эргэлзээтэй гэж маргасан. Уг маргааны хувьд гаалийн улсын байцаагчаас шийтгэлийн хуудаст баримталсан “Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.14” гэсэн заалт хуульд байхгүй бөгөөд хуулийн зүйл заалтыг буруу баримталсан гэх гомдол гаргагч талын маргаан үндэслэлтэй боловч хариуцагчаас 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь заалтын дагуу шийтгэл оногдуулсан талаар тайлбарласан ба хариуцагчаас шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг “6 дугаар зүйлийн 6.14” гэж бичсэн нь техникийн шинжтэй  алдаа байх тул энэ нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, гомдол гаргагчийн гаргасан зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзлээ.

12. Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  “Ж” ХХК нь Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2-т заасан “импортлох хүнс нь зохистой дадал, эсхүл энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлснийг баталгаажуулсан үйлдвэрийнх байх;” гэснийг хангаагүй, тухайн хийжүүлсэн ундаануудыг зориулалтын бус тээврийн хэрэгслээр ачиж ирсэн нь Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4 дэх хэсэгт “стандарт,техникийн зохицуулалтын шаардлага хангасан зориулалтын агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх, эсхүл энэ шаардлагыг хангасан хуулийн этгээд, байгууллагатай гэрээтэй байх;” гэснийг зөрчсөн гэх нэмэлт тайлбар гаргасан.

Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны материал, шийтгэлийн хуудаснаас үзэхэд хариуцагчийн дээрх маргаан нь шийтгэлийн хуудасны үндэслэл биш байгаагаас гадна дээрх зөрчилтэй холбоотой асуудлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шалгаагүй, энэ талаарх баримтууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд авагдаагүй байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шалгаж тогтоогоогүй, маргаан бүхий шийтгэлийн хуудасны үндэслэлд үл холбогдох хариуцагчийн эдгээр маргаан нь үндэслэлтэй эсэхэд шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

13. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч “Ж” ХХК нь дээрх байдлаар Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчиж, хүнсний бүтээгдэхүүн импортолсон зөрчил гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсон байх ба түүнд Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь  мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна.”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино.” гэж заасантай нийцсэн байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр гомдол гаргагчийн шүүхэд гаргасан ”Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0093030 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1,  6.14 дүгээр зүйлийн 6-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Ж” ХХК-ийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0093030 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 104 750 төгрөгийг гомдол гаргагч “Ж” ХХК-д буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  М.РИЗА