Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2023/0725

 

 

 

 

 

 

 

 

 

Ж ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, өмгөөлөгч Я.С

Гомдлын шаардлага Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0093030 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 60 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн төлөөлөгч Т.Е

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Я.С

Хариуцагч Х.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 110/2023/0044/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч “Ж ХХК нь Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0093030 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.     

2. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 60 дугаар шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 6.14 дүгээр зүйлийн 6-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ж  ХХК-ийн шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0093030 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. ... “Ж ” ХХК нь Оросын Холбооны Улсын “Т” ХХК-тай ундааны зүйл худалдах, худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байжээ. Хэрвээ Оросын Холбооны Улсын “Тиера” компани нь “Ж ” ХХК-д зөрчилтэй гэх ундаануудыг импортлосон тохиолдолд уг ундаануудыг гаалийн улсын байцаагчаас импортлосон “Тиера” компанид буцаах, эсхүл нэн даруй устгах арга хэмжээ авагдах ёстой гэж үзэж байна. Тийм ч учраас Оросын Холбооны Улсын “Тиера” компанийн импортлосон ундааны төлөө Монгол улсын “Ж ” ХХК-г шууд буруутгаж байгаа нь хэрхэвч ч шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Хариуцагч талаас “Ж ” ХХК-г уг ундааг зориулалтын бус тээврийн хэрэгсэлээр тээвэрлэсэн учраас торгууль ногдуулсан гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг ундаануудыг Оросын Холбооны Улсын автомашинаар тээвэрлэсэн бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь зориулалт бус тээврийн хэрэгсэл гэдгийг хариуцагч нотлох баримтаар нотлож чадаагүй гэж үзэж байна.

3.2. Анхан шатны шүүх Евразийн Эдийн Засгийн Холбооны хүнсний аюулгүй байдлын хорооны чанарын гэрчилгээг нотлох баримтаар үнэлэх ёстой. Ийм бичгээр Өлгий суманд үйл ажиллагаа явуулдаг “Н” ХХК нь маргаан бүхий гэх ундаануудыг тээвэрлэж ирсэн асуудлаар “Ж ” ХХК нь Гаалийн ерөнхий газарт гомдол гаргаснаар тус газрын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01- 2/2046 дугаартай “Гомдолд хариу өгөх тухай” албан бичигт “Баян-Өлгий аймаг дахь гаалийн газрын Цагааннуур боомтод “Ж” ХХК-ийн импортоор оруулж ирсэн ундааны төрлийн бараанд зөрчлийн хэрэг нээж шалгаж байгаа болно. Харин “Н” ХХК-ийн импортоор орж ирсэн ундаанд лабораторийн дүгнэлт хийж өгөөгүй хил нэвтрүүлсэн тул шалгуулах хүсэлтэй байна” гэсэн таны гомдол мэдээллийг хянаж үзэхэд Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/226 дугаартай тушаалаар батлагдсан “Барааны сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-ын нэгдүгээр хавсралт “Лабораторийн магадлан шинжилгээнд хамрагдах барааны жагсаалт” Монгол Улсын шадар сайдын 2021 оны 20 дугаар тушаалаар батлагдсан эрсдэлийн түвшин тогтоох жагсаалтад ундаа нь “Дунд” эрсдэлтэй бараанд “Баримт бичгийн хяналт” болон “Биет үзлэг шалгалт хийнэ” гэж заасан. “Н” ХХК-ийн импортлосон бараа бүтээгдэхүүнийг дагалдаж ирсэн Оросын Холбооны Улсын эрх бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээ болон шинжилгээний бичгийг үндэслэн гаалийн хяналт, бүрдүүлэлт хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй байна" зөрчилд тооцоогүй байгааг анхаарч үзээгүй байна Энэ нь хууль шүүхийн өмнө иргэн бүр эрх тэгш байна гэсэн зарчимд нийцэхгүй байна.

3.3. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 “Стандарчилал, хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй үзүүлэлтийн талаарх лабораторийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг удирдах, энэ хуулийн 15.3-т заасан лаборатормудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний лаборатори ажиллана”, 15.3-д “Итгэмжлэгдсэн төрийн, орон нутгийн болон хувийн өмчийн лаборатори хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын тандалт судалгаа, дээжийн шинжилгээ хийхэд оршино” гэж тус тус хуульчилсан байна. Гэтэл Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатор нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 23-2362 дугаартай шинжилгээний дүгнэлт гаргасан боловч уг лаборатори тухайн үед итгэмжлэгдээгүй байсан байна. Өөрөөр хэлбэл уг лаборатори нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А\140 дугаартай тушаалаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд шинжилгээ хийхээр итгэмжлэл авсан нь Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 15.3-г ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Нөгөө талаас уг лабораториас ирүүлсэн шинжилгээний бичгүүдийн эх хувь хэрэгт авагдаагүй байгаа нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна. Уг ундааны будагч бодисын талаар 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр лабораторийн шинжилгээ гарсан байхад гаалийн улсын байцаагч албан ёсны дүгнэлт гаргах ёстой. Гэтэл хариуцагч талаас уг шинжилгээний дүгнэлтийн ар талд гар бичмэлээр ганц өгүүлбэр бичигдсэн нь уг нотлох баримт хууль ёсны эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Дээр дурдсан нөхцөл байдлууд нь анхан шатны шүүх уг лабораторийн шинжилгээг шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

3.4. Шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуульд байхгүй 6 дугаар зүйлийн 6.14 гэж бичигдсэн нь уг шийтгэлийн хуудас нь хууль ёсны эсэхэд эргэлзээтэй байна. Энэхүү алдааг анхан шатны шүүх Птехникийн алдаа” гэж зөвтгөж байгаа явдалд гайхаж байна. Гаалийн улсын байцаагчаас бусдын эрх, ашиг сонирхлын зөрчлийг хөндөж буй аливаа шийдвэр гаргахдаа уг бичиг баримтууд нь хууль, тогтоомжид бүрэн нийцсэн байх зарчимтай байна.

3.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 60 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.   Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

2.1. Гаалийн улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0093030 дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Ж ” ХХК-ийг ... хуульд заасан шаардлагыг зөрчиж 5700 ширхэг хийжүүлсэн ундааг импортолсон зөрчил гаргасан” гэж үзээд зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хурааж, шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гомдол гаргагч “Ж ” ХХК нь Оросын Холбооны Улсын Тиера компаниас худалдан авсан гэх  ... ............. нэртэй 1.5 литрээр савлагдсан 950 боодол 5700 ширхэг хийжүүлсэн ундааг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр улсын хилээр импортлохоор мэдүүлсэн байх ба гаалийн хяналт шалгалтын явцад гаалийн улсын байцаагчаас дээрх ундааны тодорхой нэр төрлөөс тус бүр 2 ширхэг ундааны дээж авч, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид шинжилгээнд хамруулахад дээрх хүнсний бараанаас 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 23-2362 дугаартай шинжилгээний дүнгээр М ундаанаас 9.30 мг/кг, М ундаанаас 20.49 мг/кг, М ундаанаас 12.76 мг/кг хэмжээтэй Е102, Ч ундаанаас Е122 төрлийн будагч бодис илэрсэн зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

2.3. Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

2.4. Анхан шатны шүүх “... Ж ” ХХК-ийн импортоор оруулсан зөрчилтэй хийжүүлсэн ундаануудын хаяг, шошгод ундаанд дээрх төрлийн будагч бодис нэмсэн, агуулсан будагч бодис нь хүүхдийн хөдөлгөөн болон анхааралд сөргөөр нөлөөлөх талаарх мэдээллийг тусгасан байх ба хариуцагчаас тус компанийн импортоор оруулсан 5700 ширхэг ундаанаас ...... нэртэй хийжүүлсэн ундаанаас Хүнсний нэмэлт MNS CAC 192:2015 Монгол Улсын стандартаар нэмэхийг зөвшөөрөөгүй хүнсний нэмэлтийн Е102, Е122 төрлийн будагч бодис илэрсэн нь шинжилгээний дүнгээр тогтоогдсон, ингэснээр дээрх төрлийн ундаанууд нь тус стандартын шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй ... эрх бүхий албан тушаалтнаас Ж ХХК-ийг зөрчил гаргасан гэж үзэж, зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хурааж, 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д заасантай нийцсэн гэж дүгнэж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй олгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.5. Учир нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч “Ж ” ХХК нь чанар, аюулгүй байдлын хувьд холбогдох стандартын шаардлагыг хангасан хүнсний бүтээгдэхүүнийг импортоор оруулах үүрэгтэй бөгөөд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид тавигдах шаардлагыг зөрчиж, Монгол Улсын стандартын шаардлагад нийцээгүй хийжүүлсэн ундаануудыг оруулсан зөрчил гаргасан тогтоогдсон гэж үзэхээр байна.

2.6. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо “... Оросын Холбооны Улсын Т ХХК-г импортлосон ундааны төлөө Монгол Улсын Ж ХХК-г шууд буруутгаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй” гэжээ.

2.7. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.9, , 3.1.11, 3.1.12, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, 58 дугаар зүйлийн 58.2, 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.1.1, 232 дугаар зүйлийн 232.1, 234 дүгээр зүйлийн 234.1, 234.1.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу тухайн бараа, тээврийн хэрэгслийг Монгол улсын буюу гаалийн нутаг дэвсгэрт Монгол улсын буюу гаалийн хилээр оруулж ирсэн хийжүүлсэн ундаанд гаалийн хяналт шалгалт гаалийн нутаг дэвсгэрт хийгдэж зөрчлийг илрүүлсэн байх тул Ж ХХК-ийг хуульд заасан шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон зөрчил тогтоогдож байх тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.

2.8. Түүнчлэн давж заалдах гомдолд ... Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатор нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 23-2362 дугаартай шинжилгээний дүгнэлт гаргасан боловч уг лаборатори тухайн үед итгэмжлэгдээгүй байсан ... Уг ундааны будагч бодисын талаар 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр лабораторийн шинжилгээ гарсан байхад гаалийн улсын байцаагч албан ёсны дүгнэлт гаргах ёстой ... анхан шатны шүүх уг лабораторийн шинжилгээг шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна” гэжээ.

2.9. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т Итгэмжлэгдсэн төрийн, орон нутгийн болон хувийн өмчит лаборатори хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын тандалт судалгаа, дээжийн шинжилгээ хийхэд оролцоно, 15.5-д Энэ хуулийн 15.1-д заасан Үндэсний лавлагаа лаборатори болон багийн ажиллах журмыг Засгийн газар батална гэж, Засгийн газрын 2013 оны 330 дугаартай Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори ажиллах журам-ын хоёрын 2.1.1-д энэхүү журмын 2.1.1-д заасан төрөлжсөн лаборатори нь үйл ажиллагааны чиглэлээр үндэсний хэмжээнд эсхүл бүс нутаг, олон улсын түвшинд итгэмжлэгдсэн байх гэж тус тус заасан.

2.10. Хэрэгт авагдсан Стандарт, хэмжил зүйн газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 240 дугаартай Засгийн газрын 2013 оны 330 дугаартай Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ажиллах журам -ын дагуу тус лаборатори Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC17025:2018 стандартын дагуу 2003, 2006, 2009, 2012, 2016, 2019, 2023 онуудад тогтмол итгэмжлэгдсэн байгууллага юм ... Тухайн шинжилгээнд орсон 2 үзүүлэлт 2019 оны итгэмжлэлээс хойш үйл ажиллагаанд нэвтэрсэн бөгөөд 2023 оны 05 сард итгэмжлэлийн дахин үнэлгээнд хамрагдан Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/140 тушаалаар Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC17025:2018 стандартын дагуу 4 жилийн хугацаатайгаар итгэмжлэгдэж итгэмжлэлийн хүрээнд багтсан үзүүлэлт болно албан бичиг авагдсан байх тул гомдол гаргагчийн лаборатори тухайн үед итгэмжлэгдээгүй байсан, анхан шатны шүүх уг лабораторийн шинжилгээг шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

2.11. Хэдийгээр хариуцагч Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0093030 дугаартай шийтгэлийн хуудаст ... 6 дугаар зүйлийн 14.6 гэж бичигдсэн байх боловч гомдол гаргагч нь хүнс импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

2.12. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 60 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

           ШҮҮГЧ                                                             О.ОЮУНГЭРЭЛ