Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

                    

                   

 

 

                  

                        Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 

                           нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын  11-ний өдрийн 133/ШШ2019/00191 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн Цагаан гол гэх газар оршин суух, Сэлнээн овогтой Б. Мт холбогдох

Нэн ховор амьтан болох ирвэсийн түүхий эдийг хадгалж, тээвэрлэн улсад учруулсан хохиролд 22.400.000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг 2019 оны  07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ГАА ПГ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оын 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн 201401020569 дугаартай хэргийн шүүгдэгч Б.Мыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан ан агнуурын тухай хууль зөрчиж нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн гэм буруутайд тооцож, цоохор ирвэс агнасан үйлдлийг тусгаарлан шалгаж байгаа хэрэгт хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэн гэм хорын хохирлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна. Б.М нь ирвэсийг агнасан этгээд тогтоогдоогүй тохиолдолд Амьтны тухай хуульд зааснаар хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.7 дахь хэсэгт заасныг баримтлан 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн нутаг дэвсгэрт 2014 оны 01 дүгээр сард нэн ховор амьтан болох 7 настай, эр бодьгал цоохор ирвэс цээжин тус газраа 2 удаа ТОЗ-8 маркийн буугаар буудагдан агнагдаж, Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар экологи-эдийн засгийн үнэлгээ нь 11.200.000 төгрөгөөр үнэлэгдэж улсад учруулсан хохирлын дүгнэлтийг гаргасан байна. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасны дагуу улсад учирсан бодит хохирол 22.400.000 төгрөг байна. Цоохор ирвэс агнасан үйлдэлтэй гэмт хэрэг нь 2014 оны 01 дүгээр сард үйлдэгдэж, түүнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй хууль зүйн үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож цоохор ирвэс агнасан этгээд тогтоогдоогүйгээр хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор иргэн Б.М улсад 22.400.000 /хорин хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан болох нь бүрэн нотлогдсон байх тул хохирлыг барагдуулж хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй Б.Мт холбогдуулан гаргасан Б.М нь нэн ховор амьтан болох ирвэсийн түүхий эдийг хадгалж тээвэрлэн улсад 22.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэм хорын хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өмгөөлөгч Д.А миний бие нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Б.М нь 2014 оны 1-2 дугаар сарын үед буудуулж алагдсан нэн ховор амьтан болох 7 настай эр ирвэсийг тээвэрлэж хадгалсан гэмт хэрэгт холбогдон 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Мыг 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож гэм хорын хохирлыг цоохор ирвэс алсан хэргийг тусгаарлан шалгаж байгаа гэсэн үндэслэлээр хэлэлцэлгүй орхисон. Иймд аймгийн прокурорын газраас Б.Мт холбогдуулан гаргасан 22.400.000 төгрөгийн гэм хорын хохирол нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд Б.М нь хохирол төлөхөө илэрхийлсэн талаар бичсэн нь үндэслэлгүй бөгөөд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тухайн цоохор ирвэсийг алсан гэх гэмт хэргийг тусгаарлагдан шалгагдаж байгаа гэсэн үндэслэлээр гэм хорын хохирлыг хэлэлцээгүй болно.

Б.М нь үхсэн ирвэс олж тээвэрлэж хадгалсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тухайн цоохор ирвэсийг өөрөө алаагүй өөрөөр хэлбэл үхсэн байсан цоохор ирвэсийг тээвэрлэж хадгалсан нь байгаль орчинд яаж, ямар хэлбэрээр хохирол учирч байгаа болох нь ойлгомжгүй байна. Цоохор ирвэсийг алсан этгээд олдоогүй нь Б.Маас түүний учруулсан хохирлыг нэхэмжлэх үндэслэлгүй юм. Хэдийгээр Б.М нь үхсэн, алагдсан цоохор ирвэсийн түүхий эдийг тээвэрлэж хадгалсан үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл хэдий ч Б.Мын буруугаас байгаль орчинд хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй юм. Б.Мыг байгаль орчинд хохирол учруулсан гэж эрүүгийн шүүх дүгнээгүй бөгөөд тусгаарласан хэрэгт хохирлыг шийдвэрлэгдэх боломжтой гэж үзсэн. Гэтэл ирвэс алсан этгээдийг олж тогтоож чадаагүй нь Б.Мын буруу биш бөгөөд тухайн хэргийн хохирлыг төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ГАА ПГ нь хариуцагч Б.Маас нэн ховор амьтан болох 7 настай, эр бодьгал цоохор ирвэсийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 11.200.000 төгрөг бөгөөд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасны дагуу улсад учирсан бодит хохирол 22.400.000 төгрөг байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч цоохор ирвэсийг өөрөө алаагүй, алагдсан цоохор ирвэсний түүхий эдийг тээвэрлэж хадгалсан учир байгаль орчинд хохирол учруулаагүй гэсэн тайлбар гаргаж, маргасан байна.

 

 Б.М нь 2014 оны 1-2 дугаар сарын үед буудуулж агнагдсан нэн ховор амьтан болох 7 настай, эр, цоохор ирвэсийг 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэж, 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байх чингэлэгт хадгалж, байгаль орчинд 22 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээн мэдүүлж, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тогтоогджээ.

 

Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, эсхүл учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй. Амьтны тухай хуульд “ангийн гаралтай түүхий эд” гэж амьтны арьс, шир, үс, өд, эвэр, толгой, цус, өөх, тос зэрэг эд эрхтэнийг ойлгохоор заасан бөгөөд нэн ховор амьтан болох цоохор ирвэсийн түүхий эдийн зүйлийг хадгалсан тээвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор Б.Мыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон байна. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтоохоор заасан байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл  журмын дагуу явуулсан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 22 400 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 191 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.А давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД                                    Б.АРИУНБАЯР

                                                     Ч.ЭНХТӨР